Тодорхой утгаараа бид Дэлхийн талаар Марсыг мэддэгээсээ багыг мэднэ. Манай гаригийн ихэнх амьдралын хэлбэрийг одоо хүртэл нээгээгүй, тэдгээр нь хүнд ямар ач холбогдолтой нь нууц хэвээр үлдэж байна. Энэ бол бидний мэдлэгийн маш ноцтой цоорхой. Ийм түвшинд харанхуй бүдүүлэг байснаараа бид хүрээлэн буй амьд орчлонгоо хэзээ ч ойлгож чадахгүй, хайрлан хамгаалж чадахгүй. Хэрэв хүн төрөлхтөн устах юм бол арван мянган жилийн өмнө алдагдсан тэнцвэртэй байдал Дэлхийд эргэн сэргэнэ. Хэрвээ хорхой шавьж алга болчих юм бол Дэлхий оргүй хоосонд эзлэгдэнэ?

Эдвард О. Вилсон – Харвардын их сургуулийн биологийн профессор, биологийн төрөл зүйлээр дэлхийн том эрдэмтэн, “Бүтээхүй: Дэлхийн амьдралыг аврах дуудлага“ номын зохиогч (Edward O. Wilson. The Creation: An Appeal to Save Life on Earth. 2006).

Манай гариг дээр өмнө нь таван удаа амьдрал устаж байжээ. Тэдгээрээс нийт амьд организмын 54 хувь нь мөхсөн Пермийн үе (245 сая жилийн өмнө)-тэй л өнөөгийн амьдралын хэлбэрүүд мөхөж буй хурдыг харьцуулж болно гэдгийг мэргэжлийн биологчдоос мэдэхгүй нь цөөхөн.

Эдвард Вилсон жил бүр манай гаригийн 30000 төрөл зүйл, өөрөөр хэлбэл нэг цагт гурав орчим төрөл зүйл устаж байна гэж 1993 онд бичиж байлаа. Биологийн төрөл зүйлийн өнөөгийн хямрал (“нийтийн зургаа дахь мөхөл”) үнэн хэрэгтээ Вилсоны бодсоноос хавьгүй ноцтой, илүү түргэн хурцдаж байгаа гэсэн дүгнэлтэд тэр үеэс хойш олон биологч хүрээд байна.

Зургаа дахь үеийн бөөнөөрөө мөхөх үйл явцад хүмүүсийн үйл ажиллагаа буруутай. Энэ нь зогсох буурах нь ч бас эргэлзээтэй. Яагаад гэвэл энэ зууны эцэс гэхэд хүний тоо 9-10 тэрбумд хүрнэ. Ийм тохиолдолд homo sapiens-ийн хувьд ганц л сонголт бий. Эсвэл юу ч болоогүй мэт мөхөл рүүгээ явна. Эсвэл өөрөө бүрэлдэхүүн хэсэг нь болсоор байгаа даян дэлхийн экосистемд хандах хандлагаа өөрчилнө.

65 орчим сая жилийн тэртээ 10 км орчим диаметртэй сүүлт од Дэлхий дээр унахад агаар мандал ихээр бохирдож, гадаргын хэм удаан хугацаагаар эрс буурснаас фотосинтез удааширч ихэнх амьд организм мөхсөн байдаг.

Зургадугаар үеийн үй олноор мөхөх үйл явц арав орчим мянган жилийн тэртээ хөдөө аж ахуй бий болохоос эхэлжээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэлхий даяар түгсэн нь Дэлхий оршин буй 3-5 тэрбум жилийн хугацаан дахь хамгийн том экологийн өөрчлөлтийг дагуулав.

Хүн тэсч амьдрахын тулд өөр бусад амьтадтай харилцан хорших шаардлагагүй болж, тэднийг оронд нь юу ч өгөлгүйгээр ашигладаг боллоо. Урьд өмнө нь экосистемийн боломжоор тодорхойлогдож байсан хүн ам зүйн хязгаарлалтууд аяндаа үгүй болж, хүмүүс маш хурдтайгаар үржиж төлжиж эхэллээ.

Homo sapiens орчны эко системээс хамааралгүй амьдрагч анхны төрөл зүйл болж чадлаа. Тэрээр орчны эко систе-мээс хамааралгүй болсон төдийгүй, түүнд дайсагналаа. Өөр арга ч байсангүй. Яагаад гэвэл тариан талбай дээр улаан буудай тариалахын тулд өмнө нь тэнд ургаж байсан “хог”-ийг устгах хэрэгтэй. Амьтдын хувьд ч ялгаагүй. Зөвхөн гэрийн амьтад л халамж анхаарал хүртэж, үлдсэн зэрлэг амьтдыг бол устгах хэрэгтэй.

Эргэцүүлвээс дэлхий дээрх хүний үйл ажиллагаа эцсийн дүндээ мөнөөх сүүлт одны сүйтгэлээс ялгараад байх юмгүй аж. Эдвард Вилсоны бодлоор бол ялгаа нь хорт хавдар, зүрх хаагдах хоёрын ялгаанаас хэтрэхгүй. Азтай нь хорт хавдрыг эрт үе дээр нь эмчилж болдог.

“Нэгэнт асар ихээр хохирчихоод байна. Бид хэрвээ амьд организмын тал нь мөхөхийг идэвхгүй хүлээх юм бол бүх зүйл муугаар дуусна. Хүн төрөлхтөн устган сүйрүүлэгч идэвхээ бууруулахгүй бол энэ зуунд л амьд биетүүд үй олноороо мөхөн сүйрэх тэрхүү үйл явц одоохондоо эрт үе дээрээ байна.

Хэр их алдсаныг хэлэхэд хэцүү байна. Янз бүрийн бүс нутагт нөхцөл байдал янз бүр байна. Далай тэнгисийн арлууд дахь шувуудын хорин хувь нь аль хэдийн мөхсөн. Тэгэхдээ бүр хүний буруугаас болж шүү” хэмээн Эдвард Вилсон бичиж байна.

Биологийн устгал хурдаа авч байна. Бизнесийнхэн, улстөрчид энэ үйл явц хүнд тийм ч аюултай биш гэсэн үлгэрээр ард олныг тайвшруулж байна. Амьтад, ургамлууд хоорондоо уялдаа холбоотой. Тэд харилцан уялдаж амьдардаг учраас мөхөл нь ч харилцан уялдаатай. Энэхүү харилцан уялдаатай мөхлийн сүүдэр эрт орой нэгэн цагт хүн дээр тусахдаа л тусна.

Зарим нэгэн үл итгэгчид нэг төрөл зүйлийн мөхөл нөгөө төрөл зүйл бий болсноор нөхөгддөг гэж эсэргүүцдэг. Тэгдэг. Гэхдээ үүнд чинь хэдэн мянган жил хэрэгтэй. Гэтэл бид өдөрт нэлээд хэдэн арван төрөл зүйлийн амьтан, ургамал мөхөх тэр хурданд нэгэнт хүрчихээд байна. Бидний хэдхэн жилд устгаж үгүй болгосныг “нөхөхөд” байгальд сая сая жил хэрэгтэй.

Энэ бүхэн хувь хүнд ямар хамаатай юм бэ? Өнөөдөр шууд хамаатай болоод байна. Жирийн жишээ. Хүн төрөлхтөн үхлийнх нь тоо арван жил тутамд хоёр дахин нэмэгдэж буй хорт хавдрын эсрэг эмийг арга тасран эрсээр байна.

Байгаль орчныг хамгаалах дэлхийн холбоо (IUCN)-ны дүгнэлтээр бол хүн төрөлхтний олж таньсан нийт цэцгийн 73 хувь нь өнөөдөр мөхлийн ирмэг дээр байна. Тэдний ихэнхийнх нь анагаах чадварыг судлаа ч үгүй байгаа. Сүйрлийн кинонд эрдэмтдийн олсон хорт хавдар эдгээх эмийг устгах гэж оролдож буй “алан хядагчид” бидэнтэй харьцуулбал нялхсын тоглоомоор тоглож буй гэнэн хонгор хүүхдүүд билээ.