“Дэд сайд гэдэг улс төрийн албан тушаалтан” гэж Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян хэлж байв. Үнэнийг л хэлж. Сайддаа мэдэгдэлгүйгээр Интерпол руу захиа бичиж, өөрийн намын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдсон төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүсч байв. Энэ хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд өнөөдөр ч эцэслэгдэн шийдээгүй явна.

Мөн хэдхэн хоногийн өмнө Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа телевизээр согтуу гарсан тухай шуугиан ч дарагдаагүй байна. Түүнийг арай ч согтуу ярилцлага өгөөгүйд итгэж байгаа ч эрүүл саруул хүн шиг төр засгийнхаа бодлогыг тайлбарлаад, өөрийнхөө хэлж ярьж буйг үндэслэлтэйхэн шиг ойлгуулчихаж чадаагүй нь үнэн.

Гэтэл өнөөдөр энэ мэт бүтэлгүй дэд сайд нарын эгнээ нэгээр нэмэгдэв бололтой. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нар нийлэн бусдыг зодож, гэмтээж, халуун цай цацсан мэдээлэл дуулдаж эхлэв. Цагтаа дэд сайдын суудлаар шагнуулж улс төрд шинээр орж ирж байсан Н.Номтойбаяр шиг “би буруугүй” гэж буй ч хохирогч байна гэдэг ямар нэг асуудал байгаагүйг үгүйсгэсэн хэрэг бол биш.

Үүнээс гадна сайддаа зөвлөж туслах нь битгий хэл, гай, дараа болдог дэдүүд ч бий. Зарим нь урьдын сайдын гар хөл болон ажиллах үүрэгтэй бол, зарим нь өөрийгөө олонд таниулж дараагийнхаа шатанд гарах сурталчилгаа хийх зорилготой, нөгөө хэсэг нь намынхаа ажлыг амжуулах даалгавартай. Яамдууд дээр очоод дэд сайдууд яг юу хийж гийгүүлсэн, ямар гавъяа байгуулсан гэдгийг ажилтнуудаас нь асуувал уг нь хэлээд л өгнө. Угаас дэд сайдад овойсон их эрх үүрэг ч байхгүй.

Засгийн газрын тухай хуулинд “Дэд сайд нь сайдад улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах, сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах, сайдын даалгаснаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах, сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх үүрэгтэй” гэж бий.

Сайдын зааварчилгаагаар ажиллах, хэрэгтэй, хэрэггүй хурлын оройд чимэг болон суух, гадаадын томилолт авч төсвийн мөнгө зарцуулах, ажил шалгах нэрээр урьдчилсан бэлдүүлсэн маршрутаар жип хөлөглөн давхилдаж тэр бүхэнд нь ажил танилцуулах нэртэй ажил цалгарддагыг бүгд мэднэ. Улсад хэрэггүй албан тушаалтан бий болсон түүхийг 2000 оноос эхэлсэн гэж үздэг. Тухайн үеийн намын дарга Н.Энхбаяр сонгуульд ялалт байгуулсныхаа дараа намд их хэмжээний хандив өгч, ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн бизнесмэнүүдийг шагнах зорилгоор дэд сайд гэсэн албан тушаалыг сэргээж, үр дүнд нь бизнесмэнүүд “улс төрийг чи сонирхохгүй бол улс төр чамаар оролддог юм байна” гэцгээгээд л улс төр лүү хошуурсан.

Жил гаруйн өмнөх тооцооллоор л нэг дэд сайдад төрөөс жилдээ цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардалд 11 сая, нийгмийн даатгалд нэг сая 200 мянга, бичиг хэргийн зардалд 200 мянга, тээвэр, шатахуунд 6 сая 600, гар утас, шуудан харилцаанд 780 мянга, ном хэвлэл авахад 259 мянган төгрөг гээд нийт 20 сая төгрөгийг зарцуулдаг гэх тоо бол цаасан дээр буусан дүн болохоос биш нарийн харж, төрд орсон нэр нүүрээрээ хувийнхаа ажлыг бүтээж олсон ашиг орлогыг нь тооцоолбол хөөрхөн тоо гарна. Уг нь засагт дэд сайд гэх суудал байх шаардлагагүй гэдгийг одоогийн Засгийн газрын тэргүүнээс эхлээд хэлж л байсан.

“Хэрэв Ардчилсан нам олонх болсон бол дэд сайдын суудал байхгүй” байсан гэх үг нь хамтарсан засгийн нэг үр дагавар нь засгаа нураалгачихгүй амыг нь барьж байх зорилготойгоор өөр намын “хүнийг нь тэжээдэг” ёсыг л харуулсан хэрэг. Ийм өөрсдийнхөө төлөө, өөр нэгний төлөө ажилладаг “хүүхдүүд”-ийг бидний татварын мөнгөөр тэжээх шаардлага байгаа гэж үү. Тэднийг чөлөөнд нь гаргаач.


Б.ЭНХ
news.mn