“XXI зуун гарсаар их гүрнүүдийн анхаарлыг соронз мэт татаж буй бүс нутаг бол Дундад Ази билээ. Бүс нутагт ашигт малтмал, нефть, хийн баялаг ордууд нээгдсээр байгаа болон олон улсын харилцаанд гарсан өөрчлөлтүүдэд Дундад Азийн газар зүйн байрлалын ач холбогдол, эндхийн "стан" улсууд дахь авлигад идэгдсэн сул засаглал гээд их гүрнүүдийн ашиг сонирхлыг өдөөх хүчин зүйлс маш олон.”

Геополитикийн хувьд онцгой байр суурь эзлэж байгаа улс нь Казахстан. Бүр 1990 онд л оросын тэрс үзэлтэн, Нобелийн шагналт Александр Солженицын: «Оросын уудам газар нутгийг коммунистууд ямар ч ухаангүйгээр хэсэгчин хуваасан юм. Жишээ нь Казахстан… 1936 он хүртэл Казахстан ЗСБНОУ-ын автономит улс гэж явсан. Дараа нь Холбооны улс болгосон. Холбооны улс болгохдоо өмнөд Сибирь, өмнөд Приурал, мөн цөлөгдсөн оросууд болон үндэстнүүдээс бүрдсэн оросын төв хэсгийн уудам хоосон нутгаас таслаж өгсөн билээ» гэж бичиж байжээ.

Крым хойгийг Украинаас буцааж авсны дараачаас Солженицыны дээрх үгийг оросууд байнга дурсах болсон юм. Оросын Шинэ барууны хүчний лидер Егор Просвирин «Орос үндэстний төр улсыг сэргээн босгох тухай ярихдаа бид Казахстанд өгсөн хойд нутгуудыг буцаах тухай ярьж байгаа" хэмээн ярив. Түүний тайлбарлаж байгаагаар бол хойд Казахстан нь газар зүй, хүн ам зүйн хувьд яалт ч үгүй Сибирийн үргэлжлэл ажээ. Орос нутгаа буцааж авахдаа ямар арга хэрэглэх талаар тэр нөхцөл байдал яаж өрнөхөөс хамаарна гэв. Хамгийн хурдан шийдэх арга нь Крымд явуулсантай адил тайван замаар санал асуулгаар шийдэж болох юм байх. Үгүй гэвэл хүч хэрэглэж болно, казахстанд арми гээд байх юм алга гэж тэр мэдэгдлээ. Тэдний гаргасан газрын зургийг анзаарвал казахстаны одоогийн нутгийн хойд болон зүүн урд хэсгүүд орост хамаарах бололтой юм.

Оросын либераль намын тэргүүн, Думын гишүүн В.Жириновский илүү түрэмгий санааг илэрхийлсэн. Тэрээр ирээдүйд Дундад Азийн бүх улсанцруудаас бүрдсэн «Дундад Азийн Холбооны тойргийг» оросын харъяанд байгуулах тухай ярьжээ. В.Жириновскийн энэхүү санаархлыг эсэргүүцэх маягтай нотыг казахын гадаад харилцааны байгууллагууд ёс болгон гаргасан ч хэн ч тоогоогүй юм. Статистискийн дүн мэдээгээр 2012 оны эхэнд казах үндэстнүүд нийт хүн амын 64,6% эзлэж, газар нутгийн 95% хувьд нь тархан суурьшсныг казахын албаныхан байнга дурдах болсон нь Жириновский мэтэд өгөх аядуу хариулт нь бололтой. Гэхдээ оросын барууны үзэлтнүүдтэй зэрэгцээд Хакасын автономит тойргийнхон казахстанаас нутгаа буцааж авах яриаг өрнүүлэх болсон нь тэднийг улам сандаргаж байна. «Түүхчид 70 жилийн өмнөхөн Дорнод Казахстан буюу уулын Алтай оросын бүрэлдэхүүнд байсныг мартаад байх шиг байна. Казахстаны нутаг бага байсан. Ишими муж (Омскоос тастаж өгсөн) Караганда зэрэг нь тэдний унаган нутаг биш. Нийтдээ 5 мужийг Казахстанд шилжүүлснээр Казах ССР-ийг бий болгосон» хэмээн Хакасийн Дээд зөвлөлийн хуралдаан дээр Владимир Штыгашев мэдэгджээ.

Ийнхүү орост нутаг буцаах асуудал өрнөхийн сацуу хятадын эсрэг үзэл Дундад Азид хүчийг авч байна. “Хятад нь Тажик, Киргиз, Казах улсуудтай одоог хүртэл хилийн маргаантай байгаа бөгөөд шийдвэрлэх явцад дандаа газар авч салж байгаа. Сүүлийн арваад жилд Дундад Азид хятад дипломатын, эдийн засгийн болон цэргийн хүрээнд нөлөөллөө эрс ихэсгэж байгаа юм.” Бараг тэгээс эхлэсэн хятадын нөлөө одоо оросын уламжлалт нөлөөллийг давах түвшинд ирж байгаа нь дундад азийн улсууд дахь үндэсний үзэлтнүүдийг тайван суулгахаа больжээ. Тэд хятадын нөлөө улс төр, эдийн засаг төдийгүй соёлын төвшинд хүчтэй байна гэж үздэг. 2013 оны 2 сарын 7-д Алма Атыд хятадын цагаан сарыг тэмдэглэсэн явдал нь үндэсний үзэлтнүүдийн ундууцлыг төрүүлэв. Лалын шашны ёсоор казахууд хавар шинэ жилээ тэмдэглэдэг ёс аажмаар алдагдах вий гэж тэд болгоомжилж байна.

“Дундад Ази руу чиглүүлж буй хятадын бодлого нь 4 үндсэн хүчин зүйлд хөтлөгдөж байгаа юм”.

Нэгд, Бээжин дотоодын тогтвортой байдал, нэгдлийг хангахын тулд энэ бүст онцгой анхаарч байна. Шинжаан уйгар нь эдгээр улсуудтай газар зүйн байрлал ойр, шашин нэгтэй. Энэ хэсэгт ужгирсан үймээн самуун гаргахгүйн тулд "вакцинжуулалт" хийх шаардлагатай ажээ. Бээжин «Гурван хар хүч» нэрлэсэн терроризм, сепаратизм, экстремизмын эсрэг дотоодын тэмцлээ амжилттай байлгахын тулд гадаад нөлөөллийг хумих ёстой. Хоёрт, Бээжингийн санааг хамгийн ихээр зовоож байгаа хүчин зүйл нь уйгур үндэсний цөөнх Дундад Азийн улсуудын иргэдтэй ойр харилцаатай, садан төрлийн холбоотой байдаг. Лондонгийн олимпд эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтөөр казахстаны нэр дээр оролцож түрүүлсэн 2 тамирчин Зульфия Чиншанло, Майя Манеза нар нь уугуул казахууд биш байсан нь илэрч бас нэг маргаан дэгдээсэн юм. Тэднийг Шинжаанаас "зээлдчихсэн" байж л дээ. Сандарсан казахууд хоёр тамирчныг амлалтаар булж байж нэгийг нь иргэнээ болгож авсан. Иргэн болсон уйгар нь казахстаны паспортаа үзүүлж байж бухимдлыг намжаасан ажээ.

Гуравдахь хүчин зүйл нь: Дундад Азид нөлөөллөө өргөжүүлснээр бусад их гүрнүүдийн нөлөөллийг бууруулдах ач холбогдолтой. Түлхүүр механизм нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага. Дөрөвдэх хүчин зүйл: дотоодынхоо эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулангаа бүс нутаг дахь эдийн засгийн сонирхлоо урагшлуулах сонихрол. 2010 он гэхэд хятад бүс нутгийн орнуудтай хийсэн худалдааны эргэлтээрээ ОХУ-ыг давж гарчээ. Одоо бол стан улсуудын стратегийн түнш нь БНХАУ болон хувирч байна. Хятадууд 2006 оноос Казахстанаас нефтийн хоолой, 2009 Туркменистанаас хийн хоолой татснаар бүс нутгийн эрчим хүчний гол худалдан авагч болж чадлаа.

Казахад хятадын эсрэг үзлийн гол сурталч нь БНХАУ-д суух элчин сайд асан Мурат Мухтарович Ауэзов юм. «Азамат» хэмээх сөрөг намын удирдагч (со-председатель) гэгдэх энэ хүний Хятадын талаарх тэрслүү мэдэгдлүүд нь цаанаасаа удирдлагатай явагддаг байж мэдэхээр сэжүүрүүд байгаа юм. Учир нь энэ намын өөр нэг дарга Дарига Нурсултановна Назарбаева бол Ерөнхийлөгчийн ууган охин билээ. Улс төрийн технологид "good cop, bad cop" гэж нэрлэдэг дүр хуваарилах тоглолтыг тэд хятадтай харилцах харилцаан дээр хэрэгжүүлдэг болов уу. Өвгөн Назар хятадуудад хүргэх гэсэн үгээ сөрөг намын нэрээр гаргадаг байх тун магадлалтай.

“М.Ауэзов "хятадууд өөрчлөгдөж байна. Тэд их зантай болж, казахуудтай их дээрээс харж ярьдаг болсон. Намайг элчин байх үед хятадын нэг жижиг түшмэл ханцуйнаас татаад, нааш ир гэж дуудна гэж ер байгаагүй. Одоо жирийн явдал болжээ. Ханцуйнаас татахдаа зориуд хүмүүсийн нүдэн дээр, өөрийнхөө ажилтныг дуудаж байгаа мэт ханддаг болсон.” Гэхдээ энэ бол тэр түшмэл өөрөө хийгээд байгаа хэрэг биш. Зориуд цаанаас нь "наад казахуудаа байранд нь тавь" гэсэн тушаал заавар өгдөг болохоор л тэгэж байгаа юм. Хятадууд өөрийн сонирхлоо хөршийнхөөсөө ямагт дээгүүр тавьдаг" хэмээн дургүйцлээ илэрхийлж байна. Тэрээр "Хятадад “си юй” буюу баруун хязгаар гэсэн ойлголт байдаг. Си юй гэдэг бол хятад хүний хөл хүрсэн газар. Яг л тэнгэрийн хаяа гэсэн үг. Ойртох тусам холдоод л байна. Энэ бол хятадын гадаад бодлогын үндэс. Алдарт торгоны замаар наймаа хийж байсан хятадууд суурьшсан газраа, нутгийнхны саналыг үл хэрэгсэн, өөрсдийн нутаг гэж тооцдог байлаа" хэмээн түгшүүртэйгээр яриагаа үргэлжлүүлэв. М.Ауэзовын бодлоор "Хятадын дотоод, гадаад бодлогын нууц хөдөлгүүрийг гадаад байтугай хятадуудын олонхи нь мэддэггүй" гэнэ. Хятад коммунист орон болоод удаж байгаа ч эртнээс нааш улстөрд нөлөөлж ирсэн нууц нийгэмлэгийн заавраар гол гол шийдвэрүүдээ гаргаж ирсэн юм байх. Энэ нууц нийгэмлэгийг “Хулсан төглийн өвгөд” гэж нэрлэдэг, тэдний зөвшөөрөлгүй хятадын гадаад бодлогод юуг ч шийддэггүй гэнэ. “Муратын гол болгоомжлол нь хятадуудын гадагшаа нэвтрэх явцыг Дундад Азид хэн ч зогсоож чадахгүйд оршиж байгаа ажээ. "Хятадад “Нин Цзюй ли” - Соёлоор дагуулах хүч гэх ойлголт бий. Энэ нь хятад хүн хаана амьдарч, ямар улсын иргэн болохоосоо хамааралгүйгээр сэтгэл зүрхэндээ Их Хятад орны төлөө амьдарч, ажиллана гэсэн үг" гэж тэр уртаар санаа алдан хэллээ.”

Казахуудаас дутахааргүй хятадаас болгоомжилж байгаа үндэстэн нь киргизүүд юм. Хятадууд Киргизстаны Жалал-Абадагийн нефтийн ордод хөрөнгө оруулсан. Тэр хавьд хэдэн жилийн өмнө гарсан үймээнийг ажиглагчид хятадын бодлоготой холбон тайлбарладаг ажээ. Энэ ордын нөөц их биш. Гол нь хятадын ямар нэг ашиг сонирхол тэнд байгаа гэж киргизийн үндэсний үзэлтнүүд хардаж байдаг. Одоо бол хятадууд Жалал-Абадад бэхжисэн, тэнд дахин үймээн дэгдвэл хятадууд иргэдээ, ашиг сонирхлоо хамгаалах нэрээр цэргийн хүчээр орж ирэх хууль зүйн бүх үндэс нь бүрдсэн гэж эсэргүүцэгчид ярьдаг байна.

Эх оронд нь хятадын эдийн засгийн шахалт хэрхэн нөлөөлж байгаа талаар Киргизийн Худалдаа, үйлдвэрлэлийн танхимийн тэргүүн Кубат Рахимов “РЕГНУМ” сайтад өгсөн ярилцлагадаа тодорхой дурджээ. Хятадын санал болгож байгаа “Торгоны шинэ зам” нэртэй аврага төслийг эдийн засгийн утгаар ойлгоход бэрх. “Үнэндээ бол энэ нь хятадын зүгээс Дундад Ази руу бүх чиглэлээр хийж байгаа давшилтад зориулагдсан дэд бүтцийн дагавар үйлчилгээ юм гэж тэр тодорхойлов. Энэ төсөл Киргизд хоёр эрсдэл авчирна:”

“ Бүс нутагт Узбекистаны тэргүүлэх байрлалыг бий болгоно. Ингэснээр Киргизийн үүрэг бараг алга болох юм. Энэ төмөр замыг нээвэл цорын ганц транзит улс нь Киргиз болно. Өнгөц харахад Киргизд ашигтай мэт. Гэтэл засаглалын сул дорой байдал, газар нутгаа хянах чадваргүй байгаагаас үүдээд хоёр дахь эрсдэл гарч байна.”

- Энэ нь киргизийн газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдахад хүргэнэ. Өмнөд нутгийн удирдлагад буй зарим төлөөлөгчид тусгаар тогтнох хүслээ сулхан илэрхийлж эхлэсэн нь үүний батлагаа. Тэгэхээр төмөр замын тусламжтайгаар Узбекистан руу гарцтай болсноор хятадууд бүс нутгийн тэнцвэрийг өөртөө ашигтайгаар эргүүлнэ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн харилцаа сайжирснаас бүс нутаг дахь салан тусгаарлах хүсэлтнүүдэд урам өгөх юм гэж Кубат дүнэж байна.

К.Рахимовын яриад байгаа үндэслэлүүд нь монголд царигийн талаар дэгдсэн маргааныг эрхгүй санагдуулна. Тэрээр төмөр замын асуудал дээр "Улс орны эдийн засгийн аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах ёстой. Юуны өмнө дотоодын төмөр замын ложистикийн сүлжээг хөгжүүлэх ёстой. Үгүй бол киргизийн нутаг бутрах магад. Киргизийн өмнө бий болсон тавигдах нөхцлийг шинжвэл: Нэг. Геополитикийн эрсдлүүдийг сайтар тооцох ёстой болж байна. Хоёрт, хилийн хэлэлцээр дуусаагүй, газар нутгийн маргаантай байгаа чиглэлд эхлэж төмөр зам тавигдах ёсгүй. Эхлээд Киргизийн дотоодод бүх бүс нутгуудыг холбоод зөвхөн үүний дараа л транзит замыг тавих боломжийг авч үзэх ёстой. Зөвхөн ийм дарааллаар... гэжээ.

“К.Рахимовын бодлоор "Аливаа улсын төмөр зам Хятадын зах зээл рүү чиглэсэн тохиолдолд, эхлээд замын бүтээн байгуулалт гэх мэт эдийн засгийн богино хугацааны эерэг үр дүн гарна. Хятад баян учраас бодитоор хөрөнгө оруулж, худалдааны сайн түнш болно гэх мэт. Гэвч алсдаа Хятадын энэхүү нэвтрэлт нь “өргөтгөл” болж хувирах" ажээ.” Тэр цааш нь хятадын дотоод жишээ болох Цинхай-Түвдийн төмөр замыг аваад үз. Инженер, техникийн талаас нь авч үзвэл, энэ маш сонирхолтой төсөл. Гэвч асар том Хятад улс автономит Түвд рүү нэвтрэн орсны нийгэм, эдийн засгийн үр дагаврыг тооцохгүй орхиж болохгүй. Уг төмөр замтай холбоотойгоор Хятадаас ирсэн ажилчид буцаагүй. Боловсрол, мэргэжилгүй хар ажилчид Түвдэд хэдэн зуун мянгаараа суурьшин үлдсэн. Дараагийн жишээ Киргиз болж байна. “Хятад-Киргиз-Узбекийн төмөр замд Киргизүүд нарийн царигийг зөвшөөрлөө. Киргизийн хүн ам 5,5 сая орчим, үүнээс 500 мянга гаруй нь Орос, Казахстан болон бусад оронд ажиллаж, амьдарч байгаа. Гэтэл тэдэнтэй зөрөөд 250 мянган хятад ажилчин Киргизэд орж ирлээ.” Төмөр зам тавигдсаны дараа хил, гааль, цагдаа хичнээн шалгаж, чангалаад ч хятад иргэдийн тоо хагас саяд элбэг хүрэх магадлал байна. 500 мянган хятад Киргизийн хүн амын 10 хувь болно. Энэ бол болгоомжлох тоо гэдэг нь ойлгомжтой. Хамгийн гол нь хятадын төмөр замын бүтээн байгуулалт дээр их төлөв Чөлөөлөх армийн цэргүүд ажилладаг. Тэд харахад энгийн хувцастай, энгийн паспорттой ч цэргүүд байдаг. Дараагийн сэдэв бол төмөр замын цариг. Эдийн засгийн үүднээс авч үзвэл, дэлхий даяар ижил царигтай бол хэчнээн хэмнэлттэй вэ гэмээр. Гэтэл Энэтхэг, Пакистанд англичуудын тавьсан хамгийн өргөн цариг байдаг. Орост царигийн өргөн 1524 мм гэх мэтээр цэргийн стратегитай холбоотойгоор янз бүр байна.

“Хятадууд нарийн царигийг Казахстанд тавих гээд Казахын эрх мэдэлтнүүд, нэр нөлөө бүхий хүмүүст маш их хэмжээний мөнгө зарлагадсан ч бараагүй. Казахстаны эрх баригчид 4 тэрбум ам.долларын төслөөс татгалзан өөрсдийнхөө эрх ашгийн дагуу өргөн царигийг сонгосон юм.” Ер нь Хятадууд анх төмөр замаа олон салаална гэж амладаг ч өөрсдийнхөө зорьсонд хүрмэгц амлалтаа “мартдаг” хуучтай. Тэд Киргизээр дамжуулан нарийн царигийг цааш бусад стан улсууд руу “хорт хавдрын үсэрхийлэл” мэт тараахаар улайран хичээж байна гэх зэргээр нилээд ноцтой мэдэглүүдийг хийжээ.


ТОЙМ СЭТГҮҮЛ Г.МӨНХЧИМЭГ

Эх сурвалж: www.tsag.mn

- See more at: http://gashuun.mn/1629#sthash.kEmqdXVP.dpuf