Эх хэл гэдэг бол аливаа улс үндэстний оршин тогтнох, үндэсний онцлогоо харуулах нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хувь хүний боловсрол олж авах, нийгэмд өөрийн байр сууриа бий болгоход чухал үүрэгтэй байдаг. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд дохионы хэл нь тэдний эх хэл юм. Шинжлэх ухаанд дохионы хэл гэдгийг дактилология (dactylology or fingerspelling) буюу хурууны үсэг болон дохио зангааны хэл (Signed language) гэсэн 2 том бүрэлдэхүүн хэсэгт хувааж хараагаар хүлээн авах хэл (visual language)-ний нэг томоохон салбар болгон судалж ирсэн байна. Хүний гар хуруу нь дохиог илэрхийлэх гол хэрэгсэл болно.

Дэлхийн Сонсголын Бэрхшээлтэй Иргэдийн Холбооноос дохионы хэлийг сонсголын бэрхшээлтэй иргэдийн нэгдүгээр хэл хэмээн тунхагласнаар улс орон бүр өөрсдийн дохионы хэлийг бий болгон хөгжүүлж иржээ. 

Хэдийгээр монгол дохионы хэл нь монгол хэл шиг олон зуун жилийн төгс хөгжил, баялаг өв сангүй боловч аль тэртээ дөч гаран жилийн өмнө сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгох тусгай сургууль байгуулагдсан тэр цагаас монгол дохионы хэл бүрэлдэн бий болох үндэс суурь нь тавигдаж, өдгөө сонсголын бэрхшээлтэй иргэдийн харилцааны гол хэрэглүүр болж, дохионы сан, хэл зүй, өгүүлбэр зуйн тогтсон дүрэмтэй, бие даасан нэг хэл болон бүрэлдэж чадсан байна.