Америкийн тэрбумтан Дональд Трамп 2016 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгджээ. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийг тодруулах сунгаа явуулах бөгөөд сонгогдсон гишүүн албан ёсоор ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болох юм.
“Жэб Буш, Марко Рубио нарт ямар ч ойлголт байхгүй. Тэд яаж улс орон удирдах юм бэ?” хэмээн тэрбээр намынхаа өрсөлдөгчдийг хатуухан шүүмжлээд авчээ.
Трамп өмнө нь сонгуульд өрсөлдөж байгаагүй ч хэзээ нэгэн цагт нэр дэвших болно гэдгээ хэлж байсан юм. 2011 онд тэрбээр сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж байсан ч удалгүй бодлоо өөрчилжээ.
Дональд Трампын хувийн хөрөнгө 8,5 тэрбум ам.доллараар хэмжигддэг бөгөөд тэрбээр сонгуулийн кампанит ажилд багагүй мөнгө зарцуулах магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Тэрбээр Бүгд найрамдах намын сунгаанд ялах хангалттай олон дэмжигчидтэй ба өрсөлдөгчдийнхөө талаар хэлсэн шүүмжлэлтэй үгээрээ өөртөө итгэлтэй байгаагаа өчигдөр харуулж чадлаа.
Дональд Трамп иргэдийн өмнө үг хэлэхдээ нийгмийн болон эрүүл мэндийн хөтөлбөр, одоогийн ерөнхийлөгч Барак Обамагийн цагаачлалын тухай бодлогыг шүүмжлээд "Харамсалтай нь америк мөрөөдөл булшлагдлаа. Хэрвээ намайг ерөнхийлөгчөөр сонговол би дахин сэргээж, сайн сайхан, хүчирхэг бүхнийг бүтээх болно. Бид Америкийг дахин агуу орон болгоно" гэв.
Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг энд дарж уншина уу.
эх сурвалж: gogo.mn