ОХУ дэлхийн хамгийн том зэсийн уурхайдын нэг Эрдэнэт үйлдвэрийн эзэмшлийн хувиа худалдсан нь олон асуултыг араасаа дагуулж байгаа тухай олон улсын нэр хүнд бүхий Дипломат сэтгүүлд гарсан Эрдэнийн Лхагва, Сергей Радченко нарын нийтлэлийн орчуулгыг хүргэж байна.

2016 оны 7-р сарын 9 – "The Diplomat" The Mysterious Sale of Mongolia's Erdenet Mine

“Би өнөөдөр сайн мэдээ дуулгана. Сүүлийн үед зөвхөн сайн мэдээ явж байгаа”

хэмээн гартаа барьсан цааснуудаа байн байн эргүүлж тойруулах Монгол улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг цаас руугаа нэг харж, танхимд цугласан цөөн хэдэн сэтгүүлчид рүү нэг харж ярина. Арынх нь ханан дээрээс Чингис хааны дүр амирлангуй ажих аж. Сайханбилэгийн сайн мэдээ гэдэг нь Монгол улс одоо л нэг юм Оростой хуваан эзэмшдэг байсан зэс олборлолтын Эрдэнэт цогцолбороо бүрэн эзэмших болсон тухай мэдээ аж. Зөвлөлтийн нөлөө, сүр хүчнээс үлдсэн бас нэг бэлэг тэмдэг ийнхүү үгүй болов. 2016 оны 6-р сарын 28. Үүрд санаж явах... үүрд биш гэхэд үгүй ядахад маргааш өглөө хүртэл мартахааргүй санаж үлдэх “бахархалт” өдөр. 6-р сарын 29-ний өглөө Монголчууд саналаа өглөө. Шөнө дунд гэхэд бүх зүйл ойлгомжтой болов. Эрх баригч Ардчилсан нам гол өрсөлдөгч Монгол Ардын намтай халз тулсан сонгуулийн үр дүн гарчээ. Ардчилагчид санаанд оромгүй ялагдал хүлээж, парламентын 76 суудлын 65 нь Монгол Ардын намд очсон бол фракцын дайнд туйлдаж, “моралийн элэгдэл”-д орсон Ардчилсан намд ердөө 9 суудал хоцорсон юм. Сайханбилэг Монголчуудын эх оронч үзлийг өдөөнө гэж найдсан бол тэрээр даанч буруу тооцоолжээ. Эрдэнэтийг авлаа гэсэн амлалт түүний намд ч, өөрт нь тус болсонгүй. Сайханбилэг энэ улс төрийн хутгаанд парламентын суудал, ерөнхий сайдын байр сууриа алдав.

Сайханбилэг огцорсон ч асуултууд нээлттэй үлдлээ. Сонгуулийн урьд өдөр түүний сэтгүүлчдийн өмнө үзүүлсэн цаас юу байсан бэ? Эрдэнэтийг хэн, ямар шалтгаанаар, хэрхэн худалдаж авав? Монголын хамгийн том үйлдвэрүүдийг худалдсан наймаанаас хэн хожив? Геополитикийн хувьд бусад бүх үйлдлээрээ хөрш орондоо өөрийн эзлэх байр сууриа бататгахыг оролдож байж Владимир Путин яагаад Монгол улс дахь хамгийн чухал эзэмшлээсээ татгалзах болов?

Монгол хэлээр Эрдэнэт гэдэг нь эд баялаг гэсэн үг. Үлгэр домогт өгүүлснээр энэ толгойд хятад уурхайчид ажиллаж байгаад аянганд цохиулаад өнгөрсөн гэлцдэг. Оросуудад хувь илүү боломж заяажээ. Зөвлөлт, Монголын засгийн газар өнөөдрийг хүртэл дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэгд тооцогдсоор байгаа зэс, молибден олборлож баяжуулах хамтарсан үйлдвэрийг 1973 онд байгуулжээ. Боловсруулах үйлдвэрийн ажил 1978 оноос эхэлсэн байдаг. Эрдэнэт дан ганц үйлдвэр байсангүй, Ангараг гарагийн элс мэт улаан өнгийн аварга том орд газартай нь хаяа залгаж бөөгнөрсөн, үзэмж муутайхан угсармал байрнууд бүхий Монголын гуравдагч том хот болон өргөжсөн юм.

Зэсийг зах зээлийн ханшаас доогуур үнээр ЗХУ руу тээвэрлэж байсан нь хагас колоничлолын эдийн засгийн харилцаанд сэтгэл дундуур байсан Монголчуудын хувьд асуудал болдог байв. Зөвлөлтийн холбооны задрал энэ нөхцөл байдлыг өөрчилсөн юм. Хамтарсан үйлдвэрийн анхны хэлцлийг 1991 онд шинэчилж, Монгол 51 хувийг, Орос 49 хувийг эзэмших болжээ. Гэвч энэ нь мөн л хоёр талд харилцан ашигтай үйлчилсэнгүй. Оросын талын үйлдвэрт тавих хяналт асар буурсан байна. Монгол улс гэнэтийн ашгийн татвараа хүчингүй болгосон 2011 оныг хүртэл үйлдвэрийн ашгийн багахан хувь Оросуудад ногдож, үлдсэн 90 хувь нь татварт үлддэг байв. Москвагийн хувьд гэхдээ Эрдэнэт стратегийн ач холбогдолтой хөрөнгө байсаар ирсэн. 90-ээд оноос хойш Монголчуудын дунд эзэлж асан байр сууриа Хятадад бага багаар алдаж ирсэн Оросуудын хувьд Монгол дахь эдийн засгийн хүч нөлөөллийн тулгуур гурван багана нь Монголын төмөр зам, Монголросцветмет компани, түүнчлэн мэдээж Эрдэнэт үйлдвэр гэсэн хамтарсан үйлдвэрүүд юм.

Харин эдийн засгийн ач холбогдол талаасаа авч үзвэл эдгээр хөрөнгийг нэг талаар ачаа байсан гэж хэлж болно. Элэгдэж муудсан төмөр замыг засаж шинэчлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай ба энэ үүрэг нь түүний 50 хувийг эзэмшигч Оросын төмөр замд ногдоно. Говь нутаг дахь зэс, нүүрсний томоохон ордоос хувь хүртэхийн тулд Монгол дахь байр сууриа ахиулан хөшүүрэгдэх итгэл найдварыг Оросууд тээсээр явдаг. Энэ зуур Эрдэнэт болон Монголросцветмет урьдных шиг алдагдалтай биш ч маш бага ашигтай ажиллаж иржээ. 2015 онд гэхэд дээрх хоёр компанийн нийт ашиг дөнгөж 4.6 сая доллар гэж тайлагнажээ.


Фото эх сурвалж: https://www.erdenetmc.mn/

2011 оноос эхэлсэн зэсийн үнийн уналт Эрдэнэтэд хүчтэй цохилт өгч, ашиг нь багасч эхэлсэн юм. Хамтарсан үйлдвэрийг удирдахад тулгардаг хүнд суртал хийгээд үйл ажиллагааны амин чухал асуудлаар монгол удирдлагууд Оростой зөвлөхдөө хойрго ханддаг зэргээс үүдсэн бухимдал Москвад хуримтлагдаж ирээд байв. Орос талын удирдлагуудын дор хаяж эдийн засгийн мэдрэмжтэй хэд нь “бидэнд ер нь ямар ашиг байгаа юм бэ?” гэж асууж байсан бол тэднийг буруутгах аргагүй. Тийм болохоор Эрдэнэт үйлдвэрт 390 сая Монголросцветметэд нь 10 сая долларын үнэ өгөхөд бэлэн мөнгөөр солихоос татгалзаагүй гэж бодож болох юм.

Гэхдээ дахин хэлэхэд эдгээр хөрөнгийн Оросын талд өгөх бодит өгөөж нь байнга асуудалтай явж ирсэн ашиг орлого биш. Харин хүч нөлөөллөө хадгалах боломж, Орос Монголын бат найрамдалт харилцааны ид үеийг илэрхийлсэн түүхэн ач холбогдолд үнэ цэнэ нь оршдог. Оросын талын хувь эзэмшигч болох төрийн өмчит Ростех компанийн хувьд геополитикийн ийм чухал хөрөнгө оруулалтаа татахад Засгийн газрын зөвшөөрөл хэрэгтэй байсан байж таарна. Энэ нь чухамдаа Путины зөвшөөрөл гэсэн үг. Харин Путин зөвхөн мөнгө харж шийдвэр гаргадаг хүн биш юм.

Эрдэнэтийг зарах эцсийн шийдвэр 6-р сарын сүүлчээр Ташкентэд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр гарсан. Харин хэлэлцээрт зөвшөөрснийхөө хариуд Путин ямар амлалт авсан нь тодорхойгүй үлдэж байгаа юм. Мэдээж тэрээр ямар нэг хариу барьцгүйгээр Монголд Оросын нөлөөллийг тогтоогч гурван тулгуурынхаа хоёрыг тавиад туучихна гэж төсөөлөхөд бэрх. Эцсийн эцэст 400 сая доллар үнэндээ Оросын хувьд тийм ч их мөнгө биш. Эдийн засгийн хоригт орсон, хэмнэлтийн горимд байлаа ч ялгаагүй.

Энэхүү наймааны Оросын талын тохироо бүрхэг үлдэж байгаа бол Монголын талд асуудал өндрөө авч олныг хамарсан скандал болж хувирав. Сайханбилэг 6-р сарын 28-нд хийсэн мэдэгдэлдээ Эрдэнэт одоо 100 хувь Монголын компани болсон гэж дахин давтан мэдэгдэв. . Гэвч энэ нь сонсогдсон шигээ сайхан яриа хараахан биш байлаа. Оросын эзэмшлийн 49 хувийг Монголын төр бус харин “Монголын Зэс Корпораци” хэмээх Монголын хамгийн том арилжааны банкны нэг болох Худалдаа Хөгжлийн банкны халхавч компани авсан болох нь тогтоогдов.

Сайханбилэгийн сайхан билэгтэй яриа эндээс эхлээд билэггүй болж эргэв. Монголын томоохон хөрөнгө Монголчуудынх боллоо гэсэн сэтгэл хөдөлгөсөн мессеж сонгогчдод хүргэх гэсэн биш Путинг нэрээ нууцалсан олигархиар солилоо гэж үзэхэд хүргэж эсрэгээрээ үргээж орхив. . Монгол улсын стратегийн чухал хөрөнгийг нэг хувийн банк гол гаргасан ба Монголын Засгийн газар хэлцлээс нэг ч төгрөг хүртээгүйгээ тоож байгаа ч юм алга. Санаа зоволтгүй, Ерөнхий сайд өөрөө энэ гэрээг магтан сайшаасан шүү дээ!

Сөрөг хүчний намууд орь дуу тавин эсэргүүцэв. Хэлэлцээр хийгдсэн эсэхэд эргэлзээ үүсч эхлэв. Оросууд өөрсдийн хувиа эхлээд Монголын засгийн газарт санал болгох шаардлагатай ба гагцхүү засгийн газар онцгой эрхээсээ татгалзсан тохиолдолд гуравдагч этгээд оролцох үүд нээгдэх ёстой байв.

Эх сурвалжаас авсан мэдээллээр хоёр улсын засгийн газар хоорондоо зөвлөлдсөн боловч бүх зүйл нууцаар явагдсан аж. 6-р сарын 13-ны өдөр Монголын Гадаад Хэргийн Яам онцгой эрхээсээ татгалзсан нот бичиг Орос руу илгээсэн байна. Дараагийн хэдэн өдөрт наймаа батлагдаж, мөнгө даруй шилжсэн байгаа юм. Улаанбаатарын дундаж орон сууцанд хаягийн бүртгэлтэй аж ахуйн нэгж болох “Монголын Зэс Корпораци” 200 сая долларыг Худалдаа Хөгжлийн Банкнаас зээлж, үлдсэн 200 сая долларыг өөрсдийн тодорхойгүй эх сурвалжаас санхүүжүүлжээ. Тус корпорацийн захирал, найзууд нь “Түш” гэж дууддаг, 28 настай Цоожийн Пүрэвтүвшин ямар нэг тайлбар өгсөнгүй.

Пүрэвтүвшингийн талаар мэдэгдэж байгаа ганц зүйл нь тэрээр жирийн амьдралтай залуу хүн, Монгол Улсын Их Сургуульд Олон улсын эрх зүйн ангид суралцаж төгсөөд Худалдаа Хөгжлийн Банканд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн ажээ.

Нэн сонирхолтой нь тус фантом компанийг яаран сандран босгосон вэбсайт дахь холбоо барих хэсэг дэх хаягаар нь олох гэсэн оролдлого маань биднийг Блүүмберг Монголиа ТВ рүү хөтлөв.

Хэлцэл хоёр жилийн турш үргэлжилжээ. Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Бүх процесс дээд зэргийн нууц байдалд явагдсан. Саад учруулах гадаад, дотоодын хүчин зүйлс байсан. Зөвхөн зах зээлийн хүчин зүйл биш. Орос, Казахстан, Хятадаас худалдан авахаар сонирхож байсан олон талууд бий” гэсэн тайлбар өглөө. Уг хөрөнгийг худалдсан Ростехийн захирал Сергей Чемезов Путиныг ятгаж хоёр удаа уулзаж ярилцсан талаар Орос эх сурвалжууд хэлсэн бол Дэд сайд Игорь Моргулов нарын Оросын Гадаад Яамны зарим албан тушаалтнууд эл наймааг шаргуу эсэргүүцэж иржээ.

Монгол улсын Ерөнхий сайдын амнаас гайхширч хоцорсон Монголчуудад хандан мэдэгдэл хийхээс дөрөв хоногийн өмнө буюу 6-р сарын 24-нд гэрээ үзэглэгдсэн байна. Ингээд хэдэн өдрийн дотор Орос Монголын хамтарсан ТУЗ-ийг тарааж 6-р сарын 27-ны өдөр “Монголын Зэс Корпорац”-ын захирал өнөөх “Түш” маань Сангийн яамтай хамтарсан тогтоол гаргаж, Эрдэнэтийн одоогийн удирдлагыг аливаа үйл ажиллагаа явуулах буюу аливаа эд хөрөнгө захиран зарцуулахыг түдгэлзүүлэхээр тогтоол баталжээ. Тус тогтоолд үйлдвэрийн байранд дөрвөн бие хамгаалагчийнхаа хамтаар морилон ирсэн Дүгрээгийн Цэрэнбадамыг түр хяналт тавих төлөөлөгчөөр томилжээ. Кино шиг өрнөж буй үйл явцыг гайхшран ажиглах тус үйлдвэрийн 6000 ажилтан хувь тавилангаа эргэцүүлнэ.

Монголын уул уурхайн салбар авилгад идэгдсэнээрээ алдартай. Гэрээ хэлцлийг үзэглээд урдаг, улс төрийн дотоод зодоон, байгалийн баялагт суурилсан үндсэрхэг үзлийн давалгаа нь олон хөрөнгө оруулалтыг үргээсэн. Англи-Австралийн Рио Тинто мэт хал үзсэн гаднын хөрөнгө оруулагчид Монголд бий. Монголын тодорхойгүй улстөр, хууль эрх зүйн орчноос айж үргэсэн олон ч бий. Авлига, үл ойлголцол, нууцхан хийсэн тохироонууд 2011 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсан энэ улсыг одоогийн эвгүй байдалд хүргэхэд нөлөөлсөн гэж дүгнэж болно.

Асуудлын гол нь ил тод биш уул уурхайн наймаанаас бүгд хохирдог. Тэр утгаараа Монголчууд гаднын хөрөнгө оруулагчидтайгаа нэг завинд суусан, эсвэл нэг тэмээн дээр сууж яваа гэж хэлж болох юм. Сонгогчид, Монголчууд улсынхаа хамгийн чухал хөрөнгийг хэрхэн захиран зохицуулж буйг мэдэх эрхтэй. Монгол компаниуд нээлттэй, шударга өрсөлдөх эрхтэй. Төр өөрөө хувийн ашгийн төлөө ашиглуулна гэдэг өрөвдөлтэй бөгөөд хуулийн ёсны дархлаа суларч буй хэрэг.

Сонгуулийн өмнөх өдөр хийсэн Сайханбилэгийн мэдэгдэл үндсэндээ “сайн мэдээ” гэхээсээ муу мэдээ байв. Мэдээлэлгүй олон нийт, иргэний нийгэм төдийгүй улстөрийн хүчнүүд дунд буруутгал, шүүмжлэлийн шуурга дэгдээсэн гэнэтийн шоок болжээ. Ардчилсан нам сонгуульд тийм их зөрүүтэй ялагдана гэж санасангүй. Тэдний сүүлийн хоромд хийсэн хэлцлүүдийг шинэ эрх мэдэлтнүүд нягтлан шалгаж, өөрчлөхөөр ажиллах магадлалтай агаад Монголын уул уурхайн салбар, сэхэж ядаж буй эдийн засагт дэндүү танил болсон ужиг зөрчил, сунжирсан маргаан дахин эхэлж магадгүй юм.

Э.Лхагва нь МонголTV телевизийн эрэн сурвалжлах сэтгүүлч, Сергей Радченко нь Английн Кардиффийн их сургуулийн олон улсын харилцааны профессор юм.

Орчуулсан Х.Уртаа

Эх сурвалж: http://www.trends.mn/n/5868