Сэтгэл өвдөөд байх юм. Биднийг Мүүн хэмээн нэгнээ үзэн ядаж байх хооронд, хэн нэгэн улстөрчийн хамсаатнуудаа өмгөөлөн шуугиан тарьж байгаа асуудалд анхаарлаа хандуулж, биесээ хэмлэж байх хооронд нийгмийн нэг хэсгийн маань амьдрал сүйрч, хар бараан амьдралдаа өвдөг сөхрөн үхлийг мөрөөдөх болжээ.

Сэтгүүлч М.Наранбаатар, хуульч, судлаач Х.Бат-Ялалт нарын хөндөн тавьсан нэвтрүүлгийг үзээд цээжинд бөөн хар юм хуралдчихлаа. Уйлмаар ч юм шиг... “Залуу байсан бол биеэ үнэлээд ч хамаагүй өрнөөсөө гарах юм сан гэж мөрөөддөг” гэдэг үг ямар аймашигтай сонсогдов оо... Яагаад тухайн эмэгтэй ийнхүү хэлэх болов. Зүүний үзүүрт арвай тогтохын адилаар хүний орчлонд ховорхон тохиох хүмүүний заяаг олж төрчихөөд бусдын аясаар амьдарч, шоронд орж ясаа амраах юмсан, үхэх юмсан гэх хүслийг тээж явна гэдэг ямар харамсмаар юм бэ.

Хоногийн зээлэнд дарлуулж байгаа тэдгээр наймаачдыг нэвтрүүлгийг санаачлагчид “ЗЭЭЛИЙН БООЛ” хэмээн тодотгожээ. Наймаа хийж, ар гэрээ тэжээх гэсэн тэдэнд хэн нэгэн буянтан тусалж буй нэрээр сайхан сэтгэл гарган мөнгө зээлдэгч эцэстээ асуудлыг нь хүндрүүлж амиа хорлох тухай бодтол нь дарамтанд оруулдаг байх юм. Итгэхэд даанч бэрх. Гэвч баримт нотолгоотой нэвтрүүлгийг үзээд итгэхээс өөр яах билээ. Өнөөдөр энэ нийгэмд Монголчуудын дийлэнх ихэнх хувь нь наймаа хийж, амьдралаа залгууж, үр хүүхдээ тэжээж буй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх тоолонд худалдан авагчид наймаачдыг шулаачид хэмээн хараан зүхдэг. Гэвч тэд ардаа ямар их дарамт шахалт, зовлон бэрхшээл дунд амьдардаг юм бэ!.

Тэсхийсэн өвлийн хүйтэнд даарч хөрөн гадаа зогсож буй тэд өөрийнхөө амьдралыг сүйрүүлчихээд бусдад мөнгө өгөхийн төлөө л зогсож байна гэж бодохоор харамсах сэтгэл төрөх. Наймаачдыг өрийн сүлжээнд оруулж, боолчилж буй энэхүү луйвар гаднаас орж ирж, Монголд нутагшаад 10 гаруй жил болж байгаа аж. Гэвч энэ олон жилийг ардаа орхин наймаачдыг туйлдуулж байхад хэн ч үүнийг анзаарсангүй. Харин нийгмийн нэг давхаргыг туйлдуулж буй энэхүү луйвар эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед улам бүр цэцэглэн хөгжиж, зээлдэгчид улам бүр туйлдаж, тэсрэхэд бэлэн болжээ.

Магадгүй нийгэмд гарч байгаа хулгай дээрмийн хэргийн гол суурь шалтгаан ХОНОГИЙН ЗЭЭЛ-ийн балаг ч юм билүү хэн мэдэх билээ. Жишээ нь: Зээлдэгч 10 сая төгрөгийг нэг сая, нэг саяар нь 10 хүнд зээлдэг байна. Ийнхүү мөнгө зээлдүүлэхдээ өдөрт 50 мянган төгрөг буцаан өгөх тохироог хийдэг аж. Аргагүйн эрхэнд зээл хүсч байгаа наймаачдад энэхүү нөхцөл боломжийн санагддаг. Тиймээс тэд ирээдүйд гарах эрсдлээ үл тоон зээлийг авч наймаа хийх оролдлого хийдэг ч бүтэлгүйтэж, орлого нь багасч, өр нэмэгддэг аж.

Тодруулбал, мөнгө хүүлэгч зээлдэгчид нэг сая төгрөгийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцдог ч өдөр бүр 50 мянган төгрөгийг буцаан өгч байх нөхцлийг тулгадаг байна. Энэхүү нөхцөл зээл хүсэгчид боломжийн санагдаж, сэтгэлд нь багтдаг учраас зээл авдаг. Ингээд зээл авсаныхаа маргаашнаас эхлэн өдөрт 50 мянган төгрөгийг мөнгө хүйлэгчид буцаан төлж эхэлнэ. Худалдаачин хэрэглэж амжаагүй мөнгөө бага багаар ийнхүү өдөр бүр буцааж төлснөөр барааны нөөц нь багасч, бизнесийн эргэлт гэмтэж, алдагдал нь ихэссээр дахин санхүүгийн эх үүсвэр олох зайлшгүй шаардлагатай болдог. Энэ мэтчилэн бизнес эрхлэгч өөрийн бизнесийг аврахын тулд дараа дараагийн хүмүүсээс зээл хүссээр өрийн сүлжээнд торлогдож, энэхүү сүлжээнээсээ гарах гарцгүй болсон байдаг байна.

Тиймээс л тэд амьдралаас зугтаж, үхлийг мөрөөдөхөд эсвэл буруу зам сонгоход хүрдэг байх юм. Мөнгө хүүлэгч зээл хүсэгчид 1 сая төгрөг зээлүүлэхдээ хүүнээс гадна өдөр бүр мөнгө авна гэсэн нөхцлийг тулгадаггүй байсан бол зээлдэгч өрийн сүлжээнд торлогдож, мухардалд орж, амьдралаас зугтахгүй байх байсан биз. Гэвч мөнгөө л өсгөж, өөрсдөө баяжиж байвал бусдын амьдрал сүйрэх, гудамжинд гарах, амь нас нь эрсдэх нь мөнгө хүүлэгчид огт падлийгүй. Арай л дэндүү харгис сэтгэл.

Одоо яах вэ? Наймаа эрхэлж амьдралаа авч яваа эдгээр хүмүүсийг зөнд нь хаях уу... Амьдрал нь мухардчихаад үхэх үү? амьдрах уу? гэсэн хоёр л сонголтыг сэтгэлдээ тээж яваа тэдэнд амьдрах итгэлийг нь хэрхэн яаж бий болгох юм бэ?

Санхүүгийн энэхүү луйврын пирамидыг эвдэж, зохицуулалт хийсэн туршлага гадны улс орнуудад байдаг тухай хуульч, судлаач Х.Бат-Ялалт нэвтрүүлгийн үеэр хэлжээ. Тэрбээр “ОХУ-д санхүүгийн боолуудыг чөлөөлөхөд ерөнхийлөгч нь хүртэл бодлого боловсруулж, санхүүгийн луйвартай тэмцэж байдаг. Бусад улс орнуудад зээлийн акулууд хэмээн нэрлэж, мөнгө хүүлэх дээд хэмжээ хязгаарыг тогтоож, бүртгэлжүүлж, хяналтандаа авах замаар мөнгө зээлэгч нарыг элдэв дарамтнаас хамгаалах арга хэмжээг авч байна. Манай төр ч гэсэн энэ асуудлыг анхааралдаа авч, бодлого боловсруулах ёстой” хэмээн хэлжээ.

Түүний хэлсэн үгийг бодлого боловсруулагчид анхааралдаа авч, өрийн сүлжээнд торлогдон ЗЭЭЛИЙН БООЛ болчихоод байгаа наймаачиддаа авралын гар сунгана гэдэгт найдъя.

Н.Чинзориг