Философич С.Молор-Эрдэнэ Далай ламыг монголд ирэхээс өмнө тулгарах эрсдэл, гарч болох сөрөг үр дагаварын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа сэрэмжлүүлж, бичиж, ярьж байсныг уншигч Та санаж байгаа бизээ.

Далай ламын манай улсад хийсэн айлчлалтай холбогдуулж БНХАУ-ын төрийн зүгээс албан ёсоор эсэргүүцэл үзүүлсэн бөгөөд харин үүнд С.Молор-Эрдэнэ бээр, “Монголын талаас дорвитой өндөр түвшний хариу тайлбар хийж, улс орны амьдралд гарах сөрөг үр дагаварыг арилгах хэрэгтэй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв.

Түүний “Далай лам бол Монголын тусгаар тогтнолын дайсан” гэсэн агуулгатай цуврал ярилцлагууд саявтархан нийгэмд шуугиан тарьж, сошиал орчинд хэлэлцүүлэг маргааны гол сэдэв болсныг ч бас мартаагүй биз ээ.

Тэгвэл бид энэ удаа уншигчдын хүсэлтээр “Эксперт ярьж байна” ярилцлагын буландаа түүнийг дахин урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өчигдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятадын талаас албан ёсоор уучлалт гуйлаа. Түүний тайлбарыг Та юу гэж үзэж байна, хангалттай хариулт өгч чадсан болов уу?

-Далай ламыг ирэхэд Монголын төр хүлээж аваад уулзаж байна гэдэг нь шашин, төр хоёулаа урьсан байна гэсэн үг. Яагаад хоёулаа урьсан бэ гэхлээр өнөөдрийг хүртэл Монгол Улсын төр нь шашнаасаа хамааралтай, шашинт төр гэдэг нь харагдлаа. Төрийн бүх үйл ажиллагаа шашинтай хамаатай, шашны бүх үйл ажиллагаа төртэй хамаатай гэж ойлгодог учраас сая Хятадад тодорхой хариулт өгсөнгүй. Товчхондоо, шашинт төртэй учраас Далай ламыг яагаад урьсан бэ гэдэгтээ дорвитой тайлбар өгч чадаагүй гэсэн үг.

Зүй нь бол Монголын төр Хятадын талд улс төрийн өндөр түвшинд хариулт өгөх ёстой байсан. Гэтэл өчигдрийн энэ хариулт бол хариулт биш. Улс төрийн хариулт биш, тэр тусмаа төрийн хариулт ч биш. Энэ бол зүгээр хувь хүний уучлаарай, за зүгээр шүү дээ л гэсэн хариулт байна.

Түвд, Хятадын нэг хэсэг гэдэг бол ойлгомжтой зүйл. Далай ламыг дахиж нутагтаа оруулж болохгүй гэж би бичсэн. Тэр бол харин биелэгдсэн байна. Энэ бол амлалт. Үндсэндээ Ц.Мөнх-Оргил сайдын уучлал гуйсан асуудал бол хариулт биш, зүгээр нэг амлалт болжээ. Хариулт өгч чадсангүй.

Амлалтаа биелүүлэх эсэх нь ч тодорхойгүй байна. Цаашдаа Далай ламыг шашны шугамаар ч оруулахгүй гэдгийг тодорхой болгох ёстой байсан. Энэ бол маш чухал. Улс төрийн өндөр түвшний хариултууд тов тодорхой байх ёстой. Найзуудын хоорондын хоосон яриа шиг байж болохгүй.

Далай лам орж ирж бидэнд ийм их хохирол учруулсны дараа сөрөг үр дагаврыг арилгах, хэн хэнтэй хариуцлага тооцох, цаашид дахин давтагдахгүй болгохын тулд төр ямар ямар арга хэмжээ авах гээд тов тодорхой байх ёстой. Урьсан, оруулсан, хүлээж авсан бүх эздүүд, албан тушаалтнуудтай хариуцлага тооцох ёстой.

-Бид яагаад улс орон даяараа Далай ламын тоглоом болчихвоо. Хятадаас уучлалт гуйж нэр нүүрээ бараад дээрээс нь эдийн засгийн ихээхэн хохирол амсах шиг боллоо. Үүний бодит шалтгаан юу вэ?

-Бид түүхэндээ үеийн үед Түвдийн шарын шашнаас болж хохирч явсан. Урагшаа хөгжиж чадахгүй, эрх чөлөө байхгүй, тусгаар тогтнол байхгүй, бие даасан улс болж чадахгүй, олон зуун жил Богд гэдэг түвд хүнээр дамжуулан түвдээс хамааралтайгаар амьдарч ирсэн. Монголын төр, шашин хоёрыг хоёуланг нь харийн хүн атгаж байсан. Гэсэн хирнээ энэ бодит байдлыг гуйвуулан тайлбарлаж, Монгол лам нараар гар хөл хийж орчин үеийн Монгол улс урагшилж хөгжихөд саад болсныгоо хэзээ ч хэлдэггүй.

-1939 оны хэлмэгдэл тэгэхлээр юу болж таарах билээ?

-1939 оны хэлмэгдэл бол Монголчуудын хэлмэгдэл болохоос лам нарын хэлмэгдэл биш. Улс орон хөгжих гэтэл түвдийн шарын шашин Монголчуудыг хооронд нь хэрэлдүүлж зодолдуулсан. Бидний хөгжлийг зуу, зуун жилээр хойш татах гэж оролдсон ийм л зүйл болсон.

Далай ламд ингэж их бууж өгсний бас нэг том шалтгаан бол төр тэр чигээрээ мухар сүсэгт идэгдсэнтэй холбож ойлгож болно. Албан тушаалтнууд бүгд мухар сүсэгтэй. Цаашлаад компаниудын захирлууд мөнгөтэй баячууд, феодалууд бүгдээрээ мухар сүсэгтэй байна шүү дээ.

-Ийм нөхцөл байдалд бид яах ёстой вэ?

- Мухар сүсгийг цаашид төрийн түвшинд ингэж гаарахгүй болгох арга хэмжээнүүдийг л авах ёстой.

-Ямар арга хэмжээнүүд байж болох вэ?

-Төрийн зүгээс авах арга хэмжээнүүд гэвэл хамгийн түрүүнд, төрийн бүх албан байгууллагууд, боловсролын бүх байгууллагууд, их дээд сургуулиуд, номын сангуудаас Далай ламын зургийг авч хаях. Үүнийг Үндсэн хуулийн цэц хийх хэрэгтэй. Яагаад гэвэл төр шашнаас ангид байна гэсэн Үндсэн хуулийн чухал заалтыг ноцтой зөрчиж байгаа учраас Үндсэн хуулиа сахиулах ажлыг хариуцсан байгууллага нь хийх ёстой. Шашин шүтэх эсэх нь хувь хүний өөрийн асуудал байх ёстой атал өнөөдөр төр нь шашнаасаа хамааралтай болчихсон байна. Гэртээ бол хүн ямар ч шашнаа шүтэж болно. Харин төр гэдэг зүйл шашнаас ангид байх ёстой.

Хоёрдугаарт, Монгол улсад сүм хийд нэрийн дор түвд хэл дээр уншиж байгаа бүх ном судруудыг Монгол хэлрүү орчуулах ёстой юм. Библи хүртэл орчуулагдаад Монгол хэл дээр байна. Энэ ажлыг Боловсролын яам хариуцаж хийх нь зөв.

Гуравдугаарт, хадаг нэртэй түвдийн цэнхэр даавууг хөдөө орон нутгийн уул ус бүхий л байгууламжуудаас авч, байгал орчноо цэвэрлэж авах явдал. Энэ ажлыг Байгаль орчны яам хийх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, Цагаан Сарыг буцааж ард түмний баяр болгох. Өнөөдөр Цагаан сар лам нарын баяр болсон. Төрийг төлөөлж буй хүмүүс албан тушаалтнууд өглөө уралдаж лам дээр очиж золгоно, лам нар өдөржингөө зурагтаар түвд хэл дээр ном уншина. Цаашид Цагаан сараар лам нар Гандангаа хаагаад өөрсдөө энгийн хувцсаа өмсөөд гэртээ харьж баярладаг болгох, цагаан сараар лам нар ямар нэгэн үйл ажиллагаа хийхийг хориглох ёстой. Яагаад гэвэл Цагаан сар бол ард түмний баяр. Цагаан сараар Гандан явж ламтай золгох биш, Чингисийн талбай дээр өндөр настнууд эсвэл төрийг төлөөлөх Ерөнхийлөгчтэйгээ, эсвэл Ерөнхий сайдтайгаа золгох хэрэгтэй.

Тавдугаарт, даншиг нэртэй Богдоос гаралтай, лам нарын наадмыг хориглох. Энэ нь бас л түвдээс гаралтай бүх юм нь түвджсөн ийм арга хэмжээ шүү дээ. Түвдээс тусгаар тогтноё гэвэл баяр наадмуудаа энэ мэтчлэн Монгол болгох зайлшгүй шаардлагатай байна.

-Таныхаар төрийн түвшинд ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна. Тэгвэл хувь хүмүүс юу хийх вэ?

-Хувь хүмүүс хамгийн түрүүнд төрийн алдааг ухамсарлах хэрэгтэй. Хэрвээ ламаас түвд нэр авсан бол тэр нэрээ сольж Монгол болгох хэрэгтэй. Үүнд төрөөс шуурхай дэмжиж Иргэний бүртгэл зэрэг байгууллагууд тусгай үйлчилгээ үзүүлэх. Улс даяараа Монгол нэртэй болох хөдөлгөөн өрнүүлэх явдал.

Ээж нар хүүхэд залуучуудыг ямар нэгэн байдлаар дарамтлаж лам руу авч явахыг хориглох. Ингэсэн тохиолдолд зохих хариуцлагыг тооцдог болох. Ламаар ном уншуулах гэсэн үйлчилгээг хуулиар хориглох.

Лам нар зөвхөн сүм хийддээ л үйлчилгээ явуулна, айлуудаар явж болохгүй гэсэн хууль дүрмийг батлах. Сүм хийдээсээ гадуур энгийн хувцастай явах. Лам нар эмнэлгийн үйлчилгээ явуулахыг хориглох гэх мэт. Эдгээр ажлыг хууль, цагдаа, хүчний байгууллагууд хариуцаж хийх хэрэгтэй. Ингэж байж бид түвдээс тусгаар тогтнож Монгол болно. Бүх юмаа Монгол болгоё.

-Нийгмийг бухимдуулж буй маш олон асуудал байхад та яагаад ингээд Далай лам, мухар сүсэг гээд онцгойлон тэмцээд байдаг юм бэ? Утаа, авилгал, ядуурал, эдийн засгийн хямрал гээд яг хоолой дээр тулсан асуудлууд зөндөө байна шүү дээ?

-Аливаа улс орон хөгжихөд мэдлэг боловсрол, шинжлэх ухаан хоёр шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл манайд энэ бүхний оронд мухар сүсэг бүгдийг эзлээд нийгмийн хөгжил дэвшлийг тэр чигт нь боомилж байна. Жишээлбэл, сая асуусан утааны асуудлыг шийдэх ёстой ШУТИС, ШУА мухар сүсэгт эзлэгдсэн. Утааны эсрэг шинжлэх ухаанч шийдэл боловсруулах нийгмийн үүргээ умартаад Далай ламыг шүтээд сууж байгаа. Ороод харвал нил Далай ламын зураг байгаа шүү дээ.

Авилгал ч мөн том мухар сүсэгээс үүдэлтэй. Нэг ламын гадаа том жийпээ зогсоогоод явж ороод авилгаар олсон хэдээсээ ламд ахиухан хэдэн төгрөг өгч ном уншуулаад тэгээд одоо баригдахгүй, ар нь бат гэж боддог улсууд өчнөөн байна.

Бүр их авилгал авсан нь Дарамсала явж мөргөж, Далай ламын гэрт нь очиж хэдэн мянга доллар төлж нүглээ наминчилах тусгай үйлчилгээ авч байгаа. Ялангуяа манай экс ерөнхийлөгч, ерөнхий сайд нар их явж харагддаг. Ямар ч их авилгал авч, идэж ууж байсан дараа нь ламаар ном уншуулаад аргачихна гэсэн мухар сүсэгтэй.

Ядуурал ч мөн мухар сүсгийн асуудал. Муу заяа, хувь тавилан, амны билэг, муу амлах, болно доо гээд явж байвал болно, ламдаа даатгачихна гэх мэт гэнэн мухар сүсэг хавтгайрсан байна. Төр байгаа цагт болно доо, болно ч гэдэг юмуу. Гэтэл төр өөрөө ард түмэндээ туслах нь битгий хэл өөрөө нил мухар сүсэгтсэн нь харагдаж байна. Үүний тод жишээг Ц.Мөнх-Оргил сая харууллаа. Гадаад харилцааны сайд нь Далай багш гэчихсэн шүтчихсэн гүйж байсан. Ц.Мөнх-Оргилын бүр багш нь гэж байна шүү дээ. Уг нь дэлхийн том төрийн онолчид багш нь байх ёстой атал түүний багш нь Далай лам байх жишээтэй.

Эдийн засгийн хямрал ч мөн мухар сүсгээс үүдэлтэй. Хүн хүндээ туслаж, хайрлаж, бие биенээ түшиж явдаг гэсэн хүн ёсны морал алдагдаж, мухар сүсэг моралын дээр гараад суусан. Ядарсан зүдэрсэн хүнд тусалбал буянаа барна, холхон байх хэрэгтэй гэсэн мухар сүсэг. Өөрөө л болж бүтэж байвал ядарсан нэгнээ хохь нь, заяа нь тэр, муусайн юмнууд гэсэн хандлагатай болчихож. Нэг нэгэндээ туслах сэтгэл байхгүй болсон учраас бие биедээ итгэх итгэл байхгүй болсон. Хамтарч хийж бүтээх ямар ч боломжгүй. Бүгд хар амиа бодоод явдаг болсон. Мухар сүсэг хүнийг хүнлэг бус, зэрлэг араатан шиг болгодог.

-Та 5-6 жилийн өмнө бичсэн “Монголчуудын хар хайрцагны бодлого” номондоо Монголчуудын геополитикийн гол асуудлууд, тэр дундаа хөршүүдтэйгээ болон барууныхантай хэрхэн харьцах талаар маш сайн анализ хийж дүгнэлт, чиглэлүүдийг гаргасан байсан. Олон жилийн өмнөөс бичиж, анхааруулсаар байтал өнөөдөр Монголчууд ийм гэнэн алхам хийж нэр нүүрээ барж, эдийн засгийн хувьд ч ихээхэн хохирол амсаж байх юм?

-Энэ номыг уг нь сэхээтэн хүмүүс унших ёстой. Гэтэл манайд сэхээтэн хүмүүс байхгүй болжээ. Ийм сэдвээр өндөр түвшинд ойлгож ярилцах хүмүүс гарч ирэхгүй байна шүү дээ. Улс төрийнхөн бол өөрсдийнх нь үнэн царай харагдчихна гэж айдаг. Хэвлэл мэдээлэл угаасаа улс төрийнхны гарт байдаг учраас Монголд оюуны хүмүүс гарч ирэхэд маш хэцүү. Бараг л боломжгүй гэхүүдээ. Уг нь аливаа улс орны амин сүнсийг философичид нь авч явдаг. Платон, Аристотель, Күнз гээд эргэн тойрноо хар л даа. Монгол хүн тэгвэл яагаад философидож болохгүй гэж. Заавал гадны л хүнийг шүтээд, Монгол хүндээ үнэмшихгүй гэвэл бид хэзээ ч харийн бодлогыг давж нүүж, өөрийн эрх ашгаа хамгаалж чадахгүй.

Би номондоо нийгэм, улс орон, дэлхийн нийтийн хандлагыг судлаж дүгнээд бид хоёр хөрштэйгээ эвтэй байж, хамтрахгүй л бол урагшлахгүй гэдгийг гаргаж тавьсан. Хятад өнөөдөр дэлхийн тавцан дээр том тоглогч. Орос мөн адил. Ийм хоёр том хөрштэйгээ өндөр түвшинд л харицахгүй юм бол хэцүүднэ. Далай лам капиталистуудын даалгавраар ирж бид нарыг Хятадтай муудалцуулж чадлаа. Дараагийн аюул бол биднийг Оростой муудалцуулах. Монголын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн эсрэг явуулгууд биднийг нэн түрүүнд Орос, Хятадтай муудалцуулахад чиглэнэ. Тиймээс сонор сэрэмжтэй, хоорондоо эвтэй бас их чамбай байх хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд Хятадад өгсөн амлалт бол улс төрийн хариулт биш. Тиймээс улс төрийн түвшинд хариулт өгөхийн тулд Гадаад харилцааны сайдтай хариуцлага тооцон огцруулах хэрэгтэй. Тэгвэл жинхэнэ дипломат ёс болно.

Ярилцсан сэтгүүлч Р.Улам-Оргих

http://www.zuv.mn/