Анх ялалт байгуулахдаа 70 орчим хувьтай байсан ерөнхийлөгч Пак Ген Хёгийн нэр хүнд 17 хувь хүртлээ унажээ. Яагаад түүний нэр хүнд нь унаад, өнөөдөр хугацаанаасаа өмнө огцроход хүрэв ээ?
Пак ерөнхийлөгч яг долоо хоногийн өмнө Солонгосын ард иргэдээс уучлал гуйсан. Түүний хэлэх үг, тавих илтгэлийг хянадаг, засдаг нэгэн эмэгтэй бий гэдгээ хүлээн зөвшөөрч, өршөөхийн аргагүй алдаа гаргасныг минь уучилна уу гэж ард иргэддээ хандан үгээ төгсгөсөн. Энэ бол одоогоор Пак Ген Хёгийн ард иргэддээ хандаж хэлсэн сүүлийн үг. Тэгэхээр Солонгосын ард түмний сонгосон ерөнхийлөгч нь ард түмнээ сонсдоггүй, харин авилгач эмэгтэйг сонсдог, түүгээр үйл хэргээ удирдуулдаг гэдгийг мэдсэн нь ийн бухимдах, түүнийг огцруулахыг шаардах эхлэл болсон тухай Солонгосын хэвлэлд бичиж байна.
Тэгвэл, Солонгосын ерөнхийлөгчийг буланд шахуулсан Чихвэ Сун Сил гэгч тэр эмэгтэй хэн бэ? гэдэг асуудал олны анхаарлаас мултарсангүй. Германд амьдардаг, маш их хөрөнгөжсөн, Сөүл хотын хамгийн үнэтэй бүсэд олон тооны том хэмжээний газар эзэмшдэг гэдэг нь тогтоогдоод байна.
Мөн ерөнхийлөгчийн Хөх Ордон 4 хаалгатай. Түүний нэг хаалгаар нь зөвхөн тус улсын ерөнхийлөгч л нэвтрэх эрхтэйг хуульчилсан байдаг бол, Сун Сил гэгч тэр эмэгтэй тусгаар улсын ерөнхийлөгчийн эрх дархыг эдлэн тус хаалгаар нэвтэрдэг байсан ч ил болсон байна.
Аавынх нь амьд байх үеэс үерхсэн энэ эмэгтэй Пак Ген Хёг Солонгосын ерөнхийлөгч болох ар талын бүх ажлыг хариуцдаг байсныг прокурорынхон тогтоож эхэлжээ. Тэр ерөнхийлөгчийн нэрийг барин дарамталдаг байсан учир Солонгосын томоохон 60 орчим компани Чихвэ Сун Силд хандив нэртэй татвар төлж иржээ. Тэрбээр 77,9 тэрбум вонныг тэдгээр компаниудаас сааж чадсаныг хуулийнхан илчиллээ. Хамгийн сүүлд SK группээс 80 тэрбум вонн хандивлахыг тулгасан байж байгаад, энэ хэрэг сөхөгджээ. 2020 онд Солонгост болох Өвлийн олимпоор далимдуулан К-спорт гэсэн сан, "Mir " ТББ байгуулж, дээрх мөнгийг татсан байна. Ийм л хүнээр удирдуулж, залуулан, Солонгосын ард иргэдээ дарамтанд учруулж буй тул ард иргэд босож эхэлжээ.
Хамгийн гол нь Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллага нь маш хүчирхэг, хараат бус үйл ажиллагаа явуулж чаддаг болохоо тунхаглалаа. Тэд ерөнхийлөгчийн эрх мэдэлд үйлчилсэнгүй. Мөн мөнгөнд ч захирагдсангүй. Дээр нь Солонгосын прокурорын байгууллага хүчирхэг, хамгийн гол нь хараат бус гэдгээ бодитоор харуулж чадлаа. Тэд нэр хүндтэй. Прокурорын байгууллага дуудсан тохиолдолд Солонгосын хамгийн баян компанийн захирал ч, аль ч шатны улс төрч үг дуугүй, ямар ч тайлбаргүй очдог хэв маягийг тогтоожээ, тэнд.
Тэд мөнгөнд худалдагддаггүй, эрх мэдэлтэнд үйлчилдэггүй, зөвхөн хууль цаазандаа үнэнч ажилладаг гэж Солонгос улсад олон жил ажиллаж, амьдарсан Батсайхан дүү маань онцоллоо. Яг одоогоор Солонгосын 77 их, дээд сургуулийн оюутнууд авилгач ерөнхийлөгч Пак Ген Хёг огцруулах хөдөлгөөнд нэгдээд байна. Солонгосын ард иргэд ч ийм авилгалч, ард иргэдийнхээ эрх ашгийг уландаа гишгэсэн ерөнхийлөгчтэй дахин нэг хонохыг ч хүсэхгүй байгаагаа илэрхийлж, гудамжиндаа гарч, жагсаалд нэгдлээ.
Пак Ген Хё-гийн хувьд, хувь заяагаа хүлээн ерөнхийлөгчийн Хөх Ордондоо "хагас" хорионд оржээ. Ордноос гадуур ямарваа нэг арга хэмжээнд түүнийг оролцуулахыг хоригложээ.
Сун Силийг баривчлан шалгаж байна. Хэрэг нь тодорхой болмогц, улсад учруулсан хохирлыг төлүүлж, үйлдсэн эздийг нь хэрэгтний ширээний ард суулгана гэж хэвлэлийнхэн бичиж байна. Дээр нь багахан давс цацахад, сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг, үүссэн асуудлыг улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор биш, улс орны эрх ашгийн үүднээс шийдвэрлэж чаддаг гэдгээ дэлхий нийтэд үлгэрлэлээ. Манайханд ч гэсэн, хэвлэлийнхэнд, шүүх прокурорынхонд, цагдаа, хүчний байгууллагад, ТББ-дад ч солонгосчуудаас сурах, суралцах зүйл ихээхэн анзаарагдлаа. Эрх мэдэлтний даварсан буруу үйлдлийг контрольдож, хазаарлаж байж л, түүнийхээ эцсийн дүнг үзэж байж сая гэрэл гэгээтэй золгоно. Ийм л хачиртайгаар нийтлэлээ өндөрлөе.
Нийтлэлч Ц.ЭНХБАТ