01a818 image x800

Хубилайн дээд эрх мэдлийг Хятадад хэдийгээр хүлээн зөвшөөрөөд байсан ч монголчуудын ертөнцөд Өгөдэйн ач хүү Хайду тэргүүтнүүд ихээхэн эсэргүүцэж байлаа.

Мөнхийг их хаанаар өргөмжлөгдөх үед Хайду өрсөлдөгч бүлэглэлийн бага ноёдын тоонд багтаж байсан ч аюул занал учруулахааргүй, цаазлах шаардлагагүйд тооцогджээ.

Түүгээр ч үл барам түүнд Ил голын хөвөөнд багавтар эзэмшил өгсөн байлаа. Монголд Тулуйн удмын ноёд давамгайлах байр суурьтай байгаа нь Хайдуд нэг их таалагдаж байгаагүй хэдий ч одоохондоо тэднийг эсэргүүцэх хүчин чадал өөрт нь байхгүй гэдгийг ойлгодог байв.

Тэгээд ч тэрээр Өгөдэйн улсыг нэгтгэх ажлыг гол зорилгоо болгожээ. 1269 он гэхэд тэрээр Трансоксани, Кашгарын эзэн ноён болсон бөгөөд түүний засаглалыг ихэнх садан төрөл болон Цагаадайн удмын зарим ноёд хүлээн зөвшөөрөөд байв. Тэрээр хэсэг хугацаанд Хубилайн их хааны эрх мэдлийг илт эсэргүүцэхгүйг хичээдэг байсан агаад бүр 1274 онд л Хайду өөрийгөө бие даасан хэмээн зарлаж чадахуйц хүч чадалтай болсонд тооцжээ.

Хайдугийн анхны алхам нь Хубилайн төлөөний амбан захирагчдыг Кашгар, Ярканд, Хотанаас зайлуулах гэсэн оролдлого байлаа. 1276 онд тэрээр уйгуруудын идүүд хангаас хараат нь болохыг шаардах зорилгоор Уйгурын төв Куча-Турфаныг довтлон эзлэв.

Хубилай үүнд нэн даруй хариу барьж өөрийн хүү Номгоны захиргаан дор шуурхай баг цэргийг Төв Ази руу илгээснээр асар удалгүй Кашгар, Хотанд их хааны эрх засаглал дахин сэргэжээ. Гэвч эрч хүчээр дүүрэн Хайду өөрийгөө ялагдсанд үл тооцон Мөнхийн хүү болон Хубилайн бусад ач дүү нартай хүчин хавсран монгол руу яаран ирж 1277 онд хуучин нийслэл Хархоринг эзлэн авсан аж.

Энэ үйл явдал монгол ноёдод гүнзгий нөлөө үзүүлж өөрийгөө монголчуудын талыг баримтлагч хэмээн тооцож, Хубилайн хятадчилах бодлогыг эсэргүүцэж байсан хүн бүр Хайдуг өөрийн удирдагчаа гэж үзэж байлаа.

Нөхцөл байдал ноцтой болж буйг ойлгосон Хубилай өөрийн шилдэг жанжин Баяныг Монгол руу илгээснээр 1278 онд Хайду болон холбоотнууд нь бут цохигдож, Хархорин Хубилайн мэдэлд эргэж оров.

Гэвч Хайду Баруун Монгол болон Туркестаны ихэнхийг хяналтандаа байлгаж, Хятад болон баруун зүгийн хант улсуудын (Перс, Кипчак) хоорондын зам харилцааг хаасаар байлаа. Хубилай бусад бүх ажил хэргээ зогсоон Хайдугийн бослогыг дарахад хамаг хүчээ төвлөрүүлэх шаардлагатай болсон нь илт байв.

Гэвч Хубилай үүнд бэлэн биш, түүний хүч нөөц нь Төв болон Дорнод Монгол руу үе үе довтолгоон зохион байгуулах гэсэн Хайдугийн оролдлогыг няцаах төдийд л (1287-1288,1293) хүрэлцэхүйц байжээ.

Эх сурвалж: Г.В.Вернадский “Монголын эзэнт гүрэн”

“МОНСУДАР” хэвлэлийн газраас монголын түүхтэй холбоотой тэр дундаа эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулан цувралаар уншигчиддаа хүргэх бодлого баримталж байгаа билээ.

Тус цувралын дараагийн боть болох Евро Азийн үзлийг үндэслэгчдийн нэг Г.В.Вернадскийн “Монголын эзэнт гүрэн” хэмээх энэхүү номонд Их монгол улсын засаг захиргаа, цэргийн бүтэц, зохион байгуулалт, хууль цаазын онцлог түүнчлэн Чингисийн дараах хаадын амьдрал, үйл ажиллагааг товч боловч ойлгомжтойгоор авч үзэн шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгснөөрөө онцлогтой юм.

Та энэхүү номыг Интерном номын их дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.