МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс манай сайт цуврал болгон нийтэлж байна.
Би багын найз Симон Радевинтэй арвантаван жил уулзаагүй. Тэр миний хамгийн дотны, чин зүрхний анд минь байв. Хамтдаа бид олон үдшийг хөгжилдөн өнгөрүүлж, сэтгэл зүрхнийхээ нандин бүхнийг хуваалцаж, бүхий л бодлоо чөлөөтэй ярилцдаг байж билээ. Бид бие биенээсээ алхам ч холддоггүй байлаа. Хамтдаа амьдарч, аялалд явж, мөрөөдөлдөө автан, яг ижилхэн зүйлд татагдаж, ижил ном уншиж, бүх зүйлийг яг адил мэдэрч, бие биенээ харцаараа л ойлгож, энэ байдал үүрд үргэлжлэх мэт санагдана.
Тэгж байтал нэг л өдөр Парисаас манай нутагт сүйт залуу хайж ирсэн охинтой найз минь гэрлэсэн юм. Тэр охин туранхай, цагаан гартай, тунгалаг боловч тэнэг мэт харцтай, яхир чанга дуутай байв. Хаа сайгүй хэдэн мянгаараа л гэрлэж байдаг хүүхэлдэйнүүдийн адил тэрхүү бүсгүй эцэст нь ийм ухаалаг залууг сонгож чадлаа гэж үү? Үүнийг хэрхэн ойлговол зохилтой вэ? Магадгүй, найз маань өөрт нь үнэнч, эелдэг зөөлөн, сайн бүсгүйн гарт урт удаан амьдрах аз тохиосон гэж найдаа биз. Тэр энэ бүхнийг цайвар үст бүсгүйнхээ тунгалаг харцнаас олж харсан гэдэг юм. Харин одоо тэр урьд нь хэзээ ч хөгжилтэй, цовоо эр хүн байгаагүй мэт болж өөрчлөгджээ. Найзын минь амьдрал тун сэтгэл татам байсан учир бүх зүйлээс залхаж, ахин юу ч ойлгохыг хүсэхээ больсон биз ээ. Үүнийг би хэрхэн мэдэх вэ? Үргэлж итгэл найдвар дүүрэн, баяр хөөртэй инээж явдаг байсан найз минь хөдөөний нэгэн хэвийн амьдралд дасал болоо юм болов уу? Хүн арвантаван жилийн дотор өөрчлөгдсөн ч байж болох...
Галт тэрэг нэгэн жижигхэн өртөөн дээр ирж зогсов. Намайг галт тэрэгнээс буутал маш биерхүү, улаан хацар, том гүзээтэй эр над руу гараа дэлгээд “Жорж” хэмээн чангаар дуудлаа. Би түүнийг таньж ядан мэндлэхдээ “Симон, чи огт жин хасаагүй байна шүү” хэмээн бувтналаа. Тэрбээр инээмсэглэх зуур:
- Сайхан амьдрал, элбэг дэлбэг ширээ, тухлаг сайхан шөнө. Амьдрал ийм байхад илүү юуг хүсэх вэ дээ гэв. Түүний малигар боловч эелдэг царайд ямар нэг онцгой зүйл байгаа эсэхийг сонжив. Зөвхөн нүд нь л өөрчлөгдөөгүй бололтой. Гэвч би нүд рүү нь сайн харж чадсангүй. Харин дотроо “Хүний нүүрний хувирал бодол санааг нь илтгэдэг гэдэг үнэн бол энэ царайг хармагцаа л бүхнийг ойлгодог байсан сан. Харин одоо тэгж чадахаа больсон бололтой” гэж бодлоо.
Анд минь тун баяртай, найрсаг харагдах авч үүнийгээ үгээр илэрхийлэхдээ тун маруухан аж.
Симон гэнэт:
- Энэ хоёр надтай явж байгаа юм. Охин арвантаван настай, бараг л нас бие гүйцэж байгаа. Харин хүү арвангуравтай гээд зүүн талд нь ичингүйрэн зогсох сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүнийг заав.
-Чиний хүүхдүүд юм уу? гэж би асуулаа.
Тэрбээр инээмсэглэн,
- Тийм ээ гэв.
- Чи хэдэн хүүхэдтэй болсон юм бэ?
- Тав. Нөгөө гурав нь гэртээ үлдсэн.
Ингэж хэлэхдээ түүний царайд баяр хөөр, бахархал тодров. Харин би Симоны умгар гэртээ хүүхэд хийж өнгөрүүлсэн тэр шөнүүдийг дотроо төсөөлөв. Хэдийгээр буруутгах аргагүй авч тэр их дур хүсэлд нь эвгүйцэн, өрөвдөх сэтгэл төрж, хөөрхий найз минь яг л торонд орсон шувуу шиг санагдаж билээ.
Бид машинд сууж тосгон дундуур явлаа. Уйтгартай, нам гүм газар. Гудамжинд хоёр гуравхан нохойноос өөр амьтан харагдсангүй. Замд тааралдсан мухлагийн эзэн малгайгаа авч ёслоход Симон түүнтэй гар даллан мэндчилнэ. Мухлагийн эзэн эндхийн бүх хүн нэрээр нь мэддэг гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Би зүүдлэх мэт гүн бодолд автав. Тэрхүү бодол минь бүхэлдээ энэ оршуулгын газар шиг хотын тухай байлаа.
Бид явсаар урьд нь зогсоол байсан нэгэн цэцэрлэгийн дундуур гарч, жижигхэн цамхаг шиг байшингийн өмнө зогсов.
- Энэ миний оромж гэж Симон магтаалын үг сонсохыг хүсэх мэт байшин руу заалаа.
- Сайхан юм аа гэж би хэлэв.
Салхивчаар нэгэн бүсгүй харагдах бөгөөд зочин хүлээн авахад бэлтгэж зөөлөн буйдан тавьж, зочдод зориулсан мэндчилгээний үг бичжээ. Тэр бүсгүй миний арвантаван жилийн өмнө сүмд харж байсан шаргал үстэй, эелдэг охин байхаа нэгэнт больсон байлаа. Харин эв хавгүй нааш цааш түнтэгэнэх тарган хатагтай болж, хөдөөний бусад тарган эмэгтэйчүүдийн адил гаднаас нь хараад насыг нь тааварлахын эцэсгүй болжээ. Эмэгтэй хүн гэдгийг нь илтгэх учиртай найрсаг зан, гоо үзэмж, итгэл найдвар гэх зүйлс түүнээс харагдсангүй. Ер нь бол тэр жирийн л нэг эх хүн, мах цуснаас бүрдсэн гэрийн буг. Түүн шиг эмэгтэйчүүд үр хүүхэд, хоолны жор бүхий номноосоо өөр юунд ч санаа тавьдаггүй биз ээ. Тэгээд эзэгтэйн урилгаар дотогш ороход гурван хүүхэд нь өлмий дээрээ эгнэн зогсож байв. Тэдний ийнхүү зогсохыг хараад хотын даргын өмнө жагссан гал сөнөөгчид санаанд орлоо.
- Энэ нөгөө гэртээ үлдсэн гурав байх нээ гэж намайг хэлэхэд Симон инээмсэглэн:
- Жон, Софи, Гонтрон хэмээн танилцуулав.
Зочдын өрөөний хаалгыг нээн ортол буйдан дээр саажилттай болсон нэгэн хөгшин сууж байлаа.
Хатагтай Радэвин урагш гарч ирээд:
- Тэр миний өвөө. 87 настай гэв.
Тэгээд хөгшний чихэн дээр чангаар:
- Аав аа, энэ хүн бол Симоны найз гэж хашгирлаа. Настан надтай мэндлэхийг хичээн “Уа, уа, уа” хэмээн хашгирснаа гараараа даллав.
- Эрхэм ээ, та тун эелдэг юм гэж би хэлээд сандал дээр суулаа.
Симон инээмсэглэн орж ирээд:
- Хадам аавтай танилцаж байна уу? Хүн хэтэрхий хөгшрөхөөрөө ямар ч хэрэгцээгүй болох юм даа. Үр хүүхдэдээ садаа л болно. Тэр ямар ховдог гэж санана, найз минь. Хоол руу яг л үхэх гэж байгаа юм шиг дайрна. Түүнийг чөлөөтэй орхивол яаж иддэгийг нь чи лав төсөөлөхгүй дээ. Гэхдээ чи харна аа. Наадах чинь амттаны таваг руу бүсгүйчүүд шиг л нүдээ унагачих шахан гөлөрдөг юм. Тэгж суугааг нь харахаас өөр хөгжилтэй юм лав үгүй байх аа. Чи удахгүй харна аа.
Тэгээд надад өрөөг минь үзүүлж байтал оройн хоолны цаг болов. Шатаар хүмүүс пижигнэн гүйлдэхийг сонсоод би тийш эргэлээ. Хүүхдүүд бүгд эцгийнхээ араас жагсан явах нь намайг хүндэтгэж буй хэрэг биз ээ.
Миний өрөөний цонх тал газар руу харсан аж. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх нүцгэн тал. Халиурсан ургамал, үр тариа, бордоо, модод болон толгодын аль нь ч байхгүй. Амьдралын гунигт дүр зураг энэхүү байшинд ноёлжээ.
Оройн хоол болсныг илтгэн хонх жингэнэхэд би доош буулаа. Хатагтай Радэвин тун ёсорхуу байдлаар гараас минь барин галын өрөө рүү явав. Настаны буйданг эвхжээ. Тэрбээр ширээнд арайхийн суух агаад амттаны таваг руу сониучирхаж, тэсч ядсан харцаар харна. Тэгсэнээ толгойгоо арайхийн хөдөлгөж, бусдын таваг тийш гөлрөх аж. Симон гараа үрчин:
- Хөгжилтэй байгаа биз гэлээ. Хүүхдүүд түүний юун тухай ярьж буйг ойлгоод, ховдог өвөөгийнхөө үзүүлбэрийг надад харуулсандаа бахдан нэгэн зэрэг инээлдэв. Эх нь инээмсэглэн, мөрөө хавчлаа. Радэвин настан руу уран илтгэгч шиг хоолойгоор:
- Өнөө оройны амттанд цөцгийтэй будаа бэлдсэн гэж хашгирав. Хөгшний үрчгэр царайд гэрэл гийх мэт болж, толгойноосоо хөлийн ул хүртлээ хамаг биеэрээ чичирхийлэх нь хэлснийг ойлгоод, баяртай байгаагаа илэрхийлж буй нь тэр аж.
Биднийг хооллож эхэлмэгц Симон “Хар даа” гэж шивнэв. Өвгөнд шөл таалагдаагүй бололтой, идсэнгүй. Эрүүл мэндийнх нь төлөө идүүлэхээр хүчилж эхлэв. Тэгээд халбага дүүрэн шөл ам руу нь цутгатал тэр залгисангүй. Харин хажуу дахь хүмүүс рүүгээ үсчүүлэн ширээ рүү тургичихав.
Балчир хүүхдүүд эцгийнхээ баяртай байгааг хараад бүгд инээлдэн, “Энэ хөгшин нээрээ хөгжилтэй байгаа биз?” хэмээн хэлснийг нь давтацгаана. Оройн хоолны турш настанг хэн ч хайхарсангүй. Тэр хомхой харцаар таваг руу гөлийж, чичирхийлсэн гараараа тавагтайгаас шүүрэх, эс бөгөөс өөр рүүгээ ойртуулахыг хичээнэ. Тэд өвгөний хэр их чармайлт гаргахыг нь харах гэсэн мэт сууна. Хөгшин тэдэн рүү чичирхийлэн харахад үйл хөдлөл бүрээс нь энд ингээд сууж байгаадаа өршөөл хүсэх мэт санагдана. Тэгээд юу нь үл ойлгогдох зүйлийг амандаа үглэн, гунигтайгаар амны алчууран дээрээ шүлсээ гоожууллаа. Гэр бүлийнхэн нь бүгдээрээ энэхүү дур гутам тарчлааныг хөгжилдөн харцгаах аж.
Тэгээд хөгшинд махнаас тун жаахныг таваглаж өгөхөд тэр бусад зүйлээс нь ч бас амжиж идэхсэн гэсэндээ яарч сандран үмхлэв.
Цөцгийтэй будаа идэх болоход өвгөн идэх гэж яарсандаа шүүрс алдлаа. Тэгтэл Гонтрон түүнд хандан:
- Та хэтэрхий их идсэн болохоор будаанаас өгөхгүй гэж хашгирав.
Хөөрхий настан уйлж эхлэв. Тэгээд бүр чангаар чичирхийлэн уйлахад хүүхдүүд инээлдлээ.
Эцэст нь түүнд хэтэрхий жоохон будаа өгөхөд нэг халбагадсанаа хамар, хоолойгоороо инээдтэй чимээ гарган, хүзүүгээ нугас шиг хөдөлгөн залгих нь их том зүйл залгиж байгаа мэт харагдана.
Ийнхүү идэж дуусмагцаа хөгшин ахиад идмээр байгаагаа илтгэн хөлөө дэвслээ. Хөөрхий хөгшнийг ийн зовоохыг харж суусан би царайчлангуйгаар:
- Түүнд ахиад жаахан будаа өгч болохгүй юм уу? гэхэд Симон:
- Үгүй дээ, найз минь. Түүний насан дээр их идвэл өвчин тусна гэлээ.
Би ахиж юм дуугарсангүй. Дотроо харин “Өө ёс суртахуун, өө учир шалгаан, өө мэргэн ухаан” гэх үгийг эргэцүүлж байлаа. Түүний насан дээр гэнэ шүү! Эрүүл мэндийнх нь төлөө гэх шалтгаанаар түүнд баяр хөөр бэлэглэдэг амтлах мэдрэмжийг нь хасаж байх ч гэж! Түүний эрүүл мэндийн төлөө! Байдгаараа чичрэх хөгшний зовлогын төлөө тэр юу хийсэн юм бэ? Түүнийг амьдралынх нь турш тэд үнэхээр ярьж байгаа шигээ хайрлаж байсан гэж үү? Амьдралынх нь турш уу? Хичнээн удаан тэд хайрласан юм бэ? 10, 20, 50 эсвэл 100 хоног уу? Яагаад? Түүний төлөө гэж үү? Эсвэл зүгээр л илүү удаан гэр бүлээрээ ховдоглон идэх дүр зургийг нь харан хөгжилдөх гэж түүнийг байлгаж байгаа юм уу? Энэ амьдралд түүнд өөр хийх зүйл байхгүй. Юу ч байхгүй. Түүнд ганц л хүсэл, баяр хөөр өгдөг ганцхан л зүйл үлдсэн. Яагаад эцсийн удаа ч байж магадгүй гэдгийг нь мэдсээр байж тэрхүү баяр хөөрийг нь ханатал амсуулж болохгүй гэж?
Оройн хоолны дараа бид нэлээд удаан хөзөрдөж суулаа. Өрөө рүүгээ унтахаар явахдаа би тун их, бүр туйлын ихээр гунигтай байв.
Би цонх руу очлоо. Хаа нэгтэйгээс итгэл найдвар өгөх мэт зөөлөн дуугаар хөөрхөн шувуухай шулганахаас өөр чимээ сонсдсонгүй. Энэ шувуухай шөнөөр ийн намуухан жиргэх нь өндгөө даран хэвтэх эмэгчиндээ бүүвэйн дуу дуулж өгч буй нь биз ээ. Би царай муутай эхнэрийнхээ хажууд хурхирах хөөрхий найзынхаа таван хүүхдийн тухай үргэлжлүүлэн бодлоо. Эх сурвалж www.wikimon.mn
Орчуулсан У.Хулан