МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс манай сайт цуврал болгон нийтэлж байна.

Ги дө Мопассан
Рөне дө Бурнөваль гэдэг энэ залууг би мэддэг байлаа. Аятайхан харьцаатай хэдий ч нэг л уйтгартай, бүгдийг үл тоомсорлосон, их эргэлзэнгүй, ёжтой, дээдсийн бялдуучлалын тухай нэг үгийг л тод гэгч нь байнга давтан хэлнэ. Тэрбээр “Үнэнч хүн гэж ерөөсөө байдаггүй. Эсвэл тэд адгийн хог шаарнууд л байдаг юм” гэж хэлдэг байв. Тэр Курсиль хэмээх овогтой хоёр ахтай ч тэдэнтэйгээ ерөөсөө уулзалдахгүй. Овог нь ондоо болохоор тэднийг би өөр өөр эцгийн хүүхдүүд юм байх гэж боддог байлаа. Гэрт нь болж өнгөрсөн хачин явдлын талаар хааяа нэг өгүүлэвч тодорхой зүйл ярьдаггүй байсан юм.

Надад энэ залуу таалагдсан тул бид ч удалгүй найз нөхөд болцгоолоо. Нэгэн орой би тэднийд оройн хоол идэж суухдаа “Та эхийнхээ хэд дэх нөхрөөс төрсөн юм бэ?” гээд санаандгүй асуучихаж билээ. Тэр цонхийсноо улайгаад, хараажаар эвгүй болж хэсэг дуугүй суулаа. Улмаар нэг л их уйтгартай инээмсэглэснээ “Найз минь, миний ярих зүйл санааг чинь зовоочихгүй бол өөрийн хачин гарал үүслийнхээ тухай ярьж өгье. Би таныг ухаантай хүн гэж боддог. Тэгэхээр үүнээс болж бидний нөхөрлөлд элдэв хир буртаг суухгүй байх гэж найдаж байна. Эс тэгвэл би таныг найзаа гэж үзэхээ болино” гэлээ. Миний ээж болох хатагтай Курсиль гэж хөөрхий нэг өрөвдөлтэй эмэгтэй байсан юм. Нөхөр нь түүний эд хөрөнгөнд болж суужээ. Амьдрал нь гэж тэр чигээрээ зовлон байлаа. Хөдөө нутгийн боловсон хүмүүс гэгдэх бүдүүлгүүдийн нэг, миний эцэг нэртэй тэр этгээд дэндүү турьгүй, цайлган ээжийг минь насан туршид нь зовоож байжээ.

Гэрлээд сар бололгүй л гэрийн үйлчлэгч хүүхэнтэй явалдаж эхэлсэн гэдэг. Тэр ч бүү хэл фермийн охид, хүүхнүүдтэй бүгдтэй нь амрагласан гэнэ лээ. Эхнэрээсээ хоёр ч хүүхэдтэй, намайг оролцуулбал гурав болох ч энэ нь түүнд огт саад болсонгүй. Хөөрхий, муу ээж минь юу ч гэхгүй, хогшил доогуур гүйлдэх хулганын гөлчгийн гаргах дуутай адил хүүхдүүд нь бужигнах энэ байшиндаа л сууна. Айдас, хүйдэс хурсан нүд нь бүлтэгнэн хүмүүсийг санаа зовсон байдалтай харж, мартагдсан, анзаарагдамгүй, чичирсэн нэгэн эмэгтэй болж хувирсан байлаа.

Гэхдээ ээж минь царайлаг, даруухан, саарал шаргал үстэй нэгэн байсан бөгөөд байнгын зовлон зүдгүүрээс болж шаргал үснийх нь өнгөнд сор суусан мэт харагддаг байв.
Ноён Курсилийн ордонд байнга ирдэг хүмүүсийн дунд дээр үеийн морин цэргийн нэгэн офицер байжээ. Тэрбээр бэлэвсэн, нэг л эргэлзэнгүй мөртлөө зөөлөн намуун, сүр хүчтэй, асуудлыг хурдан түргэн шийдэх чадвартай нэгэн аж. Түүнийг ноён Бурнөваль гэх бөгөөд би нэрийг нь авсан байгааг та харж байгаа биз дээ. Тэрбээр туранхай бие өтгөн живэр сахалтай. Би түүнтэй их адилхан. Энэ хүн юм их уншсан, тухайн үеийн нийгмийн ангийнхтай ердөө ч адилгүй нэгэн байв. Элэнц эмээ нь Жан Жак Руссогийн найз нь байсан, тэрхүү эртний харьцаанаас нэгэн зүйл хоцорч үлдсэн гэж ярилцдаг юм байна лээ. Тэрбээр Нийгмийн гэрээ, Шинэ Елойз болон бидний эртний зан заншил, атгаг санаа, хоцрогдсон хууль, оюун ухааны тухай бичсэн гүн ухааны номнуудыг цээжээр мэднэ.

Тэр миний эхэд хайртай, эх маань ч түүнд хайртай байсан юм шиг байна лээ. Тэдний харилцаа хэт нууц байсан тул хэнд ч сэжиг төрүүлээгүй аж. Хөөрхийлөлтэй, хаягдсан эх минь цөхөрснөөсөө болж түүнтэй холбогдсон байх гэж би боддог. Түүний эелдэг зан, чөлөөт сэтгэлгээ, хайрыг эрхэмлэдэг занд ч мөн болсон байх. Гэхдээ ээж минь аймхай нэгэн байсан болохоор хэзээ ч чанга ярьж зүрхэлдэггүй, бүхий л зүйлийг зүрх сэтгэлдээ чандлан хадгалж, хэнд ч сэтгэлээ нээлгүй өнгөрсөн дөө, хөөрхий.

Хоёр ах маань нь ч түүнтэй их л хатуу ширүүн харьцана. Ээжийг минь хайрлаж энхрийлэхгүй бөгөөд гэрт түүнийг байна чинээ ч үзэхгүй, ер нь л зарц маягийн санадаг байв. Хүүхдүүд дотроос нь би л түүнд хайртай, тэр ч бас надад хайртай байлаа. Удалгүй эх маань таалал төгслөө. Энэ үед би арваннайман настай байв. Цаашид өрнөх үйл явдлыг тодорхой болгох үүднээс хэдэн зүйлийг нэмж хэлье. Эхийг маань амьд үед нөхөр нь эд хөрөнгөө салгах гэж шүүгчээс зөвлөгөө авахад ээжийн маань тусын тулд шийдэгдсэн байна лээ. Нэгэн нотариатчин арга мэх, ухаан залиар гэрээслэх эрхийг ээж маань өөрийн хүслийн дагуу хийж чадсан гэсэн. Удахгүй тэр нотариатчийнд эх маань гэрээс үлдээсэн, түүнийг бидэнд танилцуулна хэмээн мэдэгдэв.

Үүнийг би яг л өчигдөр болж өнгөрсөн мэт санаж байна. Үнэхээр гайхалтай, түгшүүртэй, инээдтэй, хачирхалтай зүйл болсон юм. Энэ хорвоог орхин одсон ч эрх чөлөөг эрмэлзэн, бидний гаргасан зан авираас болж зовж насыг барсан ч гэсэн авсныхаа гүнээс эсэргүүцлээ илэрхийлсэн, эрх чөлөө рүү тэмүүлсэн дуудлага байсан билээ.
Өөрийгөө миний эцэг гэж боддог, яргачин шиг том биетэй тэр хүн, хорь, хорин хоёртой хоёр залуу болох миний ах нар тайван гэгч нь хүлээж байлаа. Оролцохоор уригдсан ноён дө Бурнөваль орж ирээд миний ард залрав. Тэрбээр ёслолын хувцас дотроо амьсгаадан, байдгаараа цонхийж, бууралтаж буй сахлаа байн байн имэрнэ.
Нотариатч хаалгаа дангинатал цоожлоод, агуулгыг нь мэдэхгүй гэрээсийн лацыг бидний өмнө задлан уншиж эхэллээ. Найз маань гэнэт дуугаа хурааснаа босож, ширээнийхээ нүднээс хуучирч үнгэгдсэн нэгэн цаасыг гаргаж ирээд дэлгэж удаан гэгч нь үнссэнээ “Миний хайрт ээжийн гэрээс энэ байна” гэв.

“Жан-Леорол-Жозеф-Контран дө Курсилийн хууль ёсны эхнэр миний бие эрүүл саруул, ой ухаантай Анн-Катрин-Жөнөвиэв-Матильд дө Круалюс сүүлчийнхээ хүслийг энд илэрхийлж байна”. Хамгийн түрүүнд Эзэн Тэнгэрээс, дараа нь хайрт хүү Рөнегээсээ үйлдсэн хэргийнхээ төлөө өршөөл эрье. Намайг ойлгож, уучлах сайхан сэтгэлтэй хүн гэж хүүгээ бодож байна. Бүхий л амьдралынхаа туршид би зовлоо. Миний эд хөрөнгөнд болж суучихаад нөхөр маань намайг дорд үзэн, үнэлж цэгнэлгүй, дарлаж байнга араар минь тавьдаг байв. Би үүнийг нь уучилна аа. Харин түүнд юу ч өгөхгүй.
Том хоёр хүү маань надад хайртай байсангүй. Надад эрхэлж, ээжээ гэж бараг тоодоггүй байв. Би харин тэдний төлөө хийх ёстой байсан тэр үүргээ гүйцэтгэж ирсээн. Одоо таалал төгссөн хойноо ч тэдэнд ямар нэгэн өр ширгүй нэгэн. Өдөр тутам чин сэтгэлээсээ нэг нэгнийгээ хайрлахгүй бол цусны холбоо гэж байх учиргүй. Ач тусыг мэддэггүй хүү гэдэг харь хүнээс ч долоон дор, буруутан болох ёстой. Яагаад гэвэл, төрсөн эхтэйгээ хайхрамжгүй хандах эрх түүнд байхгүй.

Би эрчүүдийн өмнө, тэдний шударга бус үзэл бодол, хүнлэг бус ёс зүй, бусармаг, атгаг санааных нь өмнө өвдөг чичирдэг байв. Эзэн Тэнгэрийн өмнө би одоо харамсан, өөрийгөө буруутгахаа болилоо. Үхсэн ч гэсэн би хэн хүнд бялдуучлалгүй, үзэл бодлоо илэрхийлэх зориг гарган, зүрх сэтгэлийнхээ нууцыг илчлэн гаргаж чадаж байна.
Ингэхээр хууль ёсоор надад олгосон бүх хөрөнгөө өөрийн хайрт, нууц амраг Пьер-Жерме-Симон дө Бурнөваль, дараа нь бидний хүү Рөнед очихоор үлдээж байна. Одоо энэхүү гэрээсийг сонсож байгаа Эзэн Тэнгэрийн өмнө, хэрвээ би нууц амрагтайгаа учирч гүн гүнзгий, чин үнэнч, энхрий зөөлөн, үл эвдрэх хайр гэдгийг мэдрээгүйсэн бол дэлхий ертөнцийг харааж зүхэх байлаа. Энэхүү ертөнцөд хүмүүс хайрлалцаж, нэг нэгнийгээ дэмжин, тайтгаруулж, хэцүү бэрх цагт хамтдаа уйлдаг юм гэдгийг ойлгож чадахгүй л өнгөрөх байсан юм. Миний хоёр том хүү ноён Курсилийнх, харин ганц Рөне минь л ноён Бурнөвалийн хүү. Хүн зоны Эзэн танд аав, хүү хоёрын хувь заяаг хүмүүс хичнээн шүүж тунгаасан ч хамаагүй түшин, үхэн үхтлээ нэг нэгнээ хайрлаж, намайг авсанд орсон ч хайрлуулж өгөөч ээ гэж л гуймаар байна. Энэ л миний хамгийн сүүлчийн хүсэл бодол минь. “Матильд дө Круалюс” гэжээ.

Үүнийг сонссон ноён Курсиль тэсэлгүй босоод “Галзуурсан эмэгтэйн гэрээс байна даа, энэ чинь!” гэж ориллоо. Харин ноён дө Бурнөваль урагш нэг алхсанаа шийдэмгий, чанга гэгчээр “Би Симон дө Бурнөваль байна. Энэхүү бичиг зөвхөн үнэн мөнийг өгүүлж байгаагаа баталж байна. Би түүнийг хэнбугайн ч өмнө хамгаалахад бэлэн. Өөрт байгаа захиагаар ч баталгаажуулна” гэлээ.
Тэгтэл ноён Курсиль түүн лүү дөхөж очив. Ингээд л барьцалдаад авах нь гэж бодлоо. Хоёулаа өндөр, нэг нь тарган, нөгөө нь туранхай чичирчихсэн зогсож байв. Ээжийн маань нөхөр ээрэн байж “Та бол өөдгүй новш!” гэв. Нөгөөдөх нь мөчөөгөө өгөлгүй ширүүн, хахир дуугаар: “Өөр газар уулзана, ноёнтоон. Таны зовоосон энэ эмэгтэйг тайван байлгах гэж бодоогүйсэн бол таныг аль хэдийнэ нэг тийш нь харуулчих байлаа” гэж хэллээ. Дараа нь над руу хараад “Та бол миний хүү. Надтай хамт явах уу? Таныг дагуулж явах эрх надад алга. Гэхдээ та надтай хамт явна гэвэл би өөрөө мэдчихье” гэлээ. Би юу ч хэлэлгүй гараас нь бариад хамтдаа гарсан. Би тэгэхэд ерөөсөө ч эргэлзээгүй юм.

Хоёр хоногийн дараа ноён Бурнөваль ноён Курсилийг халз тулаанд дуудаж хороосон билээ. Хоёр ах маань айхтар хэрүүл шуугиан гарах вий гэж эмээгээд ямар ч хэл ам хийсэнгүй. Ээжийн үлдээсэн хөрөнгийн талыг ах нартаа өгье гэхэд тэд зөвшөөрсөн юм. Ингэж л би жинхэнэ эцгийнхээ хууль ёсоор зөвшөөрсөн нэрийг авлаа. Таван жилийн дараа ноён Бурнөваль нас барсан ч би өнөөг хүртэл тайвширч чаддаггүй юм.
Тэрбээр босоод хэд алхсанаа, миний өмнө ирээд “Тэгэхээр эхийнхээ гэрээсийг хамгийн сайхан, хамгийн эрхэм, хамгийн мундаг зүйл гэж би боддог. Тийм биш гэж үү, найз минь” гэв. Би гарыг нь чанга гэгч атган “Тэгэлгүй яахав, найз минь” гэж билээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Орчуулсан Б.Алтангүл