Хүү минь олон жил гадаадад суралцаж сургуулиа амжилттай төгсөөд Монголдоо ирсэн юм. Мэдээж сайн сургууль төгссөн болохоор боломжийн ажилд орсон. Сайхан ханьтай болж, удахгүй мэндлэх хөөрхөн үрээ угтаж авах гэж хоног тоолон хүлээж байсан өдрүүд нь дөнгөж саяхан юм шиг л санагдаж байна.
Шинэ байр бэлдэж, өлгий, тэргийг нь хүртэл захиалаад хөл газар хүрэхгүй гүйх хүүгээ хараад би ч битүүхэндээ догдолж, эмээ болох өдрөө хүлээж байсан юм. Бэр маань хэвлий дэх үрээ эрүүл саруул бойжуулах гэж өвөлжингөө утаанаас хол сувилалд амарч, зундаа агаар салхинд гарч, сар бүр эмчийн хяналтад орж, эрүүл саруул хөөрхөн үрийнхээ 4D эхогоор авсан зургийг өхөөрдөн харж үртэй болох өдрөө догдлон хүлээж байлаа. Нөхөр маань ч ачаа харна гэж хөөр болоод...
Бэр маань хүүгээ нэр төртэй том эмч зөвлөгөө өгч, эх барьж авдаг, сүүлийн үед хүн бүр л очиж төрөөд байгаа төлбөртэй эмнэлэгт төрүүлэхээр шийдсэн байсан юм. Амаржих цаг ч болж нөгөө төлбөртэй эмнэлэг дээрээ очтол "Маргааш ирж хэвт, нөгөөдөр төрүүлнэ" гэлээ. Тэр гайт өдөр өвдөлт өгдөг тариа тариулж төрөх юм болов. Монголын нэртэй эмч охиныг минь төрүүлж байгаа даа гэж бодож байсан болохоор муу юм ч санагдсангүй, гадаа нь хүлээж байв. Гэтэл нөгөө сүрхий эмч нь бэрийн минь өмнөх бүсгүйг төрүүлчихээд л яваад өгсөн байж. Нэг залуухан эмч бүсгүй үлдчихсэн, ус нь аль хэдийнэ гарсан байхад. төрүүлж чадахгүй л байлаа. Тэр залуу эмчийг бэрийн минь хажууд тогтохгүй гарч орох бүрд нь бид "Яаж байна" гэж асууна.
Асуух бүрд л тэр эмч "Төрж чадахгүй байна" гэхээс өөрийг хэлэхгүй байв. Туршлагатай эх баригч нь одоо болохоо байлаа хайчилж хурдан гаргая гэхэд нь шийдвэр гаргаж чадахгүй байсаар сүүлдээ хүүхэд бүтээд ирэхээр толгойг нь хүчээр татаж гаргадаг багаж хэрэглэлээ. Тэр багажаар хоёр удаа сорлоо. Сорох бүрд төрөх гэж байгаа ач хүүгийн минь толгойноос тэр багаж нь мултарч ингэж тэгсээр цаг нэлээд алдсан. Сүүлдээ өөрөө чадахгүй болохоороо эрэгтэй эмч дуудаж ахиад л хүчтэй татсан бололтой, ач хүүг минь тэр дор нь гаргаад ирлээ. Бид ч байдал бишидсэнийг мэдсэн даруйдаа төрөхийн өрөөнд гүйгээд ортол бэрийн маань царай хөхөрчихсөн, уйлаад, чичирчихсэн хэвтэж байв. Толгой дээр нь хүүг нь сэхээх гээд бөөн хүн шавсан ийм л дүр зураг биднийг угтсан даа. Хөгжилтэй оронд хүүхэд нь болохгүй бүтэхгүй төрвөл эхэд нь мэдэгдэхгүй бушуухан аваад гардаг байтал хүүхэд нь үхэж байгааг харуулаад л зогсож байгаа эмч нарыг юу гэж ойлгох вэ. Сэтгэлийн тэнхээ багатай, сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй ээж таарсан бол дороо л савны халуун болоод галзуурахаар байдал тэр эмнэлгийн төрөх өрөөнд биднийг уггсан юм.
Ингээд л өчнөөн сар догдлон хүлээсэн сайхан хүү минь тархи нь гэмтэлтэй, цус харвалттай, бүтэлтийн улмаас амьсгаагүй, зөвхөн зүрх нь ажиллагаатай төрлөө. Гурван кг 800 гр жинтэй хичнээн сайхан хүү төрсөн гэж санана. Энэ мөчөөс л эмнэлгийн сэхээний үүдэнд түгшин суух зовлонт өдрүүд минь эхэлсэн юм. Бидний гэрэл гэгээтэй амьдралыг нэгэн эмч, эмнэлэг орвонгоор нь эргүүлчихэв. "Даанч дээ, өөр газар төрүүлдэг байж, тэр эмч хоёрхон хүн байхад төрүүлээд явчихгүйдээ, мөнгө хэрэгтэй байсан бол бид өгөх л байсан шүү дээ, бэр маань яах гэж энэ эмнэлгийг сонгов доо, би өөрөө орж хажууд нь байхгүй яав даа" гэсэн харуусал, гомдол голыг минь зурсаар байна.
Ингээд хүүг минь уг эмнэлэг сэхээндээ долоо хоног байлгаад Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн сэхээн амьдруулах төв рүү Энхтуяа гэдэг алтан гартай эмчид хүлээлгэн өглөө. Эх нялхсын сэхээний эмч сувилагч нар чадвар муутай эмч нарын буруугаас болж миний ач шиг болсон хүүхдүүдийг эдгээх гэж ёстой л нойр хоолгүй зүтгэдэг юм билээ. Бид лалын шашнаас бусад бүх шашин, үзмэрч бариач, Монголын урдаа барьдаг эмч болгонтой уулзсаар байлаа. Харин тэр эмнэлгийн дарга нь, өөрөө төрөх дөхсөн нярайн эмч бидний зовлонг ойлгож чадвар муутай, хүнд сурталтай эмч нарынхаа бурууг өөрсдөдөө тохож өдөр шөнөгүй бидэнтэй хамт байж, чадах ядахаараа туслахыг хичээсэн. Тийм болохоор би тэр эмнэлгийн нэрийг энд дурдаж муутгахыг хүсэхгүй байна. Тэнд олон чадалтай, сэтгэлтэй эмч нар ажилладаг гэдэгт би итгэж байгаа.
Гэвч 14 хоногийн дараа шинжилгээний хариугаар хүү минь бүрэн саажилттай, тархи нь хөгжихгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог Монголд нэгээр нэмсэн гэдэг хариуг сонсож, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод сууж байна. Дөнгөж амьдралаа эхэлсэн хоёр хүүхдийн минь амьдрал орвонгоороо эргэчихлээ. Ийм амьдрал үзүүлэх гэж бид хүүгээ найман жил гадаадын нэртэй сургуульд сургаж, нүдний цөцгий мэт хайрлаж, ховорхон зөв сайн хүү болгож өсгөж хүмүүжүүлээгүй шүү дээ гэсэн гомдол өр зураад болдоггүй ээ. Юуг нь нуух вэ? Ийм хүүхдээр ч яах билээ дээ, одоо эмчилгээг нь зогсооё доо гэхээр манайд тийм хууль байхгүй, зөвхөн эмчлээд л, үхүүлэхгүй гаргах үүрэгтэй юм байна. Хүүхэд ямар байх нь хамаагүй байдаг юм байна. Хатуу харгис сонсогдож байгаа ч аргаа барсан шийдвэр, цөхөрсөн эмэгтэйн зүрхээ шаналган байж хэлсэн үг гэдгийг ойлгоорой.
Энэ орчлонд хүн болох гэж ирчихээд амьдрах гэж түвхэлзтэл амьсгалж, бяцхан зүрх нь цохилон үхэлтэй тэмцэлдэх өөдсөн үрээ харахаар өр өвдөөд хэцүү байна. Очиж харахаас ч халширч дэмий л өлгий баривчийг нь хийгээд л сууж байна. Хүү бэр хоёр маань сар гаруйтай хүүгээ гэртээ авч гарлаа. Уйлах ч үгүй, хөхөө ч хөхөж чадахгүй, шприцээр сүүгээ ууж байгаа бяцхан үр минь үнэхээр эмчилгээгүй юм гэж үү. Эмч нар алдсан байгаасай, гадаадад очихоор эрүүл гэж хэлнэ дээ гээд л бас горьдлого тасрахгүй, ажлаа ч хийж чадахгүй, интернэтээр саажилттай хүүхдийг эмчлэх боломжийг судалж, ижил зовлонт эхчүүдийн сэтгэгдлийг уншсаар сууна даа. Ийм үрээ өсгөж бойжуулахын тулд ажилгүй болсон, гэр бүл нь салж сарнисан, зовлонт амьдралаа нууж, наашаа харж инээж цаашаа харж уйлж яваа зовлонт аав, ээжүүд олон байдаг юм байна. Интернэтээр үрээ алдсан эхийн харуусал, хамгийн гол нь ийм болж өсөж, адлагдаж яваа зрвлонт үрсийн эцэг эхийн сэтгэгдлүүд дүүрэн байдгийг ийм зовлон нүүрлэсэн үед л олж харж, ойлгож, сэтгэлдээ гунигтай сууж байна.
Би энэ тухай Эрүүл мэндийн яаманд ч мэдэгдсэнгүй. Хүүхэд өвчтэй байхад хэл ам хийгээд яах вэ гэдэг монгол зангаар хэл үг гаргаагүй юм. Тухайн эмнэлэг ийм тохиолдолд өөрсдийгөө хамгаалж бараг эхэд нь буруу өгөөд үлддэг гэсэн эхчүүдийн яриаг сонсоод итгэл минь алдарсан байсан. Гол нь би энэ тухай бичихдээ нэгэн эмнэлгийн, эмчийн мууг үзэх гэсэндээ бус, эмч нар минь ийм зовлонг айл гэрт битгий авчраасай, мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, ажилдаа хариуцлагатай хандаасай гэсэндээ бичлээ. Дахиж ээж аав, эмээ, өвөө нар бидэн шиг ийм зовлонг битгий амсаасай гэсэндээ зүрх өвтгөсөн гашуун зовлонгоо олонд дэлгэж байгаа юм. Эрүүл мэндийн яаманд хандаж тавих ганцхан хүсэлт л бидэнд үлджээ. Ирээдүй нь тодорхой болсон ийм хүнд хэлбэрийн саажилттай хүүхдийг... Хэдий харгис сонсогдож байвч, эцэг эхийнх нь хүсэлтээр... Би энэ үгийг үнэхээр хэлж чадахгүй нь. Гэхдээ ач хүүгээ ийм болсныг нь эмчээс дуулж, очиж харж ч чадахгүй өлгий, баривчийг нь хийж суугаа цөхрөнгөө барсан эмээ өөр юуг Эрүүл мэндийн яамнаас, эмнэлгээс, эмч нараас хүсэх вэ.
Хүү чинь эрүүл саруул инээд цангинуулан аав, ээжээ баясгахгүй, өөрийгөө ч мэдрэхгүй, амьд байгаагаа ч ойлгохгүй, насан туршдаа амьтай голтой төдий л байна, ямар ч аргагүй гэж хэлж байгаа эмч нараас хүсэх зүйл надад үлдсэн гэж үү. Ийм болгосон эмнэлэг гадаад дотоодод эмчлүүлж эцсийн найдвараа барах гэсэн эцэг эхийн хүсэлтээр нөхөн олговор, тусламж олгож байсан тохиолдол бий болов уу. "Биднийг уучлаарай танай хүүхэд эмчилгээгүй болжээ" гээд л өнгөрдөг юм болов уу. Сайн л бол эмчдээ хариуцлага тооцлоо, ажлаас нь халлаа гэж хэлээд л болоо юу. Өндөр төлбөр авч үйлчилснийхээ эцэст ийм алдаа гаргачихаад чимээгүй яваад байх юм болов уу. Төлбөр гэснээс одоо хүү бэр хоёр маань Монголын шилдэг гэсэн мэдрэлийн эмчид үзүүлэхээр, шинжлүүлэхээр сарын цалингаа бараад явдаг болсон.
Ш.ШҮР
medee.mn