Энэ жил нийслэл Улаанбаатар хот өнгө засаж гудамж талбай зам тээвэр гээд бүхий л зүйлээ зассан. Нийслэл хотын өнгө үзэмж хотын соёлоос авахуулаад ногоон байгууламжинд онцгой анхаарал хандуулан дүүрэг бүрийг цэцгийн мандлаар чимсэн нь үнэхээр сайшаалтай. Гэвч ногоон байгууламжийг сайжруулах ажлын хүрээнд цэцгийн мандал суулгахад 315 сая төгрөгийг зарцуулсан нь арай л хэрээс хэтэрсэн зардал мэт. Төв талбайгаас аваад есөн дүүрэг, нийтийн эзэмшлийн 64 гудамж талбайд хийгдсэн цэцэгжүүлэх ажилд дээр дурдсан хөрөнгө мөнгийг бүхэлд нь зарцуулсан.
Уг нь нийслэл хотод машин тэрэг олон тоосжилт их учраас ногоон байгууламж байгуулах нь зүй ёсны хэрэг. Гэвч 315 сая төгрөгөөр суулгасан цэцгэн мандал байгалийн жамаараа хатах нь хатаад хагдрах нь хагдраад уналаа. Нөгөө их сая төгрөг ингээд салхинд хийсчихэв ээ. Нэг наст цэцэг хэмээн нэрийдэх цэцэгс зун, намартаа ургаад дараа жил нь ургадаггүй. Тиймээс ирэх хавар дахин шинэ суулгац, үрсэлгээ тарьж ургуулдаг ба арчилгаа тордолгоог ч мөн л дахин хийнэ. Яахав, гандуу бүүдгэр өнгө ноёлсон нийслэл маань ганцхан зуны гангараандаа дахиад л хэдэн саяар нь зарцуулах ажил өрнөх нь.
Нэгэнт хийчихсэн цэцгийн мандлын хайс, хөрс шороо, усалгааны систем гээд багагүй хөрөнгө мөнгөөр хийсэн нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлуудыг дараа жил нь ашиглалгүй үлдээхгүйн тулд дахиад л цэцэг тарих нь мэдээж. Энэ талаар Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Хот тохижилтын газар болоод дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтсүүдийн холбогдох мэргэжилтнүүдтэй уулзахад ирэх жил талбайг нь ихэсгэн дахин тарина мэдээлж байсан нь дараа жил 315 саяаас илүү зардал гарна гэж байгааг тодотгох шиг. Өнгө өнгөөр алаглах цэцгийн мандлуудаар хот орчноо чимэглэх нь буруу биш л дээ. Наандаж л жуулчдын өмнө нүүр улайхааргүй болж дагаад хот орчны үзэмж сайжирна.
Гэхдээ ингэж их зардал мөнгө гаргаж байгаа юм чинь нийслэлдээ хэдэн жилийн настай цэцэгс ногоон байгууламж байгуулахад буруу гэх зүйлгүй. Ядаж л хэдэн жил цэцэг тарих мөнгөөрөө олон наст бут сөөг зэргийг тарьж ургуулбал багагүй хөрөнгө хэмнэж болмоор. Манай орны уур амьсгалд дасан зохицож ургах боломжтой өчнөөн төрлийн бут сөөг, цэцэгт ургамлууд байгаа.Зуны гуравхан сар өнгөөр алаглах цэцэгсээр чимэж байхаар жилийн дөрвөн улиралдаа байх ургамлаар нийслэлээ чимвэл энэ их хөрөнгө мөнгө үргүй зардал болохгүй шүү дээ. 315 сая төгрөг зарлагдан байж суулгасан нэг наст цэцгийн мандал өнөөдөр хатаж гандаад ганц ч алга.
Ганц зуны гангарааны цэцэг гандаж гундаж намартай золгоход өнгө алдсан цэцгийн дэлбээтэй өнөөх 315 сая салхинд хийснэ гэхээр харамсалтай биш гэж үү. Нэгэнт л ийм хэмжээний хөрөнгө мөнгө зарж байгаа юм чинь нилээд хэдэн жилийг үзэх бүтээн байгуулалт босговол ямар вэ. Зуны гуравхан сар 315 саяаар цэцэг суулгаж байхаар нийслэлдээ дутагдаад байгаа сургууль цэцэрлэг босговол ганцхан зуны гангараа биш л байх болов уу. Ядаж л сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй гэртээ суух хүүхдүүдэд нэг насны хөрөнгө оруулалт мэт санагдах юм.
С.Саранзаяа
Оллоо.мн