Гэмтэл, согог судлалын үндэсний төвд үүссэн асуудлаар өчигдөр өдөржин хуралдсан Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлын шийдвэр гарч, өнгөрсөн наймдугаар сард ГССҮТ-ийн даргаар томилогдсон Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.

Даргынхаа томилгоог хууль бус гэж үзсэн тус эмнэлгийн эмч, ажилтнууд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн эсэргүүцлийн арга хэмжээ эхлүүлж, ажил хаялт зохион байгуулж, 182 ажилтан халагдах өргөдлөө өгөөд байсан юм. Багагүй хугацаанд маргаан дагуулж, эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа доголдоход хүргээд байсан эл асуудлыг ямартай ч өчигдөр эцэслэж, талууд зөвшилцөлд хүрлээ гэж үзэж болохоор болов.

Сайдын зөвлөлийн хурлаас ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаярыг ажлаас нь түдгэлзүүлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэр гаргаснаа өчигдөр орой хэвлэлийнхэнд танилцуулсан юм. Гэхдээ тус эмнэлгийн шинэ даргыг томилох хүртэл Ц.Энхбаяр нь даргын албыг үргэлжлүүлэн түр хаших аж.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцсэн тус эмнэлгийн эмч, ажилтнуудын асуудлыг шийдвэрлэхээр Эрүүл мэндийн сайдын зөвлөл өчигдөр ГССҮТ-д ажилласан юм. Энэ үеэр ажил хаялт, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, ажлаас халагдах өргөдөл өгсөн эмч нартай зөвлөлийн гишүүд уулзаж, тэдний хүсэлт, шаардлага, тайлбарыг сонссон юм. Ингээд сайдын зөвлөлийн хурлын дараа, ГССҮТ-ийн эмч, ажилтнуудын дунд нууц санал хураалт явуулсан. Сайдын зөвлөлийн гишүүд ГССҮТ-д үүсээд буй нөхцөл байдлыг дүгнэхдээ, хэсэг бүлэг хүмүүсийн явуулга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн тул ийнхүү эмч, ажилтнуудын саналыг нэг бүрчлэн авахаар шийдсэн аж. Тодруулбал, ГССҮТ-ийн даргын томилгоог эсэргүүцэж, яаралтай цуцлахыг шаардаж буй нь бодитой эсэх, үнэхээр тийм шаардлага байгаа эсэхийг, эсвэл хэн нэгний зохион байгуулж буй явуулга, турхиралт байгаа эсэхийг тодруулахаар болсны дагуу шинэ удирдлага Ц.Энхбаярын томилгоог дэмжиж байгаа, үгүй эсэх асуудлаар тус эмнэлгийн эмч, ажилчдаас бүрдсэн 250 гаруй хүн нууц санал хураалтад оролцсон юм. Тэдний хувьд санал хураалтыг ил тодоор явуулах хүсэлт гаргасан ч зөвлөлийн гишүүд нууцаар явуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Эрүүл мэндийн сайдын зөвлөлийнхөн ч өчигдөр шийдвэрээ гаргахдаа эмч, ажилтнуудын өгсөн саналыг голчлон харгалзаж үзжээ.


www.times.mn