A5ed1b german flag 7664376100 x800

Knot.Com сайтад Америк сэтгүүлч Германчуудын ажлын арга барилыг өөрсөдтэйгээ харьцуулан бичжээ. Монголчууд бидэнд ч бас суралцах зүйлс их байгаа мэт санагдлаа.

Герман орон гэхээр олон Америк хүн Дэлхийн хоёрдугаар дайн, Гитлерийг дурсах байх.

Гэвч бидний ихэнх нь Герман бол Европын гол үйлдвэрлэгч, хөгжиж байгаа Ази руу хамгийн их бараа экспортлогч орон гэдгийг мэддэггүй.

Бид Волксвагены сурталчилгаанд гардаг Герман инженерийн ямар мэдлэг чадвартай тухай огт сонсоогүй.

Европын эдийн засгийн хөдөлгүүр болсон Германчууд Евро бүсийн орнуудыг 2012 оны хямралаар ганцаараа аваад гарсан түүхтэй.

Яг тэр үед Герман ажилчид бусдаасаа богино ажлын цагтай хөдөлмөрлөж байлаа.

Эндээс яагаад долоо хоногийн 35 ажлын цагтай (жилийн 24 хоногийн амралттай) хүмүүс ийм өндөр бүтээмжтэй байна вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Ажлын цаг бол ажлын л цаг байдаг

Герман соёлоор бол ажилтан ажлын байрандаа ажлаас өөр юу ч хийдэггүй. Facebook шагайх, оффисийн хов жив ярилцах, интернэтээр зугаацангаа даргыгаа ирэх үед худлаа эксел документээр дэлгэцээ солих бол байж боломгүй зүйл.

Мэдээж АНУ-д бол ийм үзэгдлийн хажуугаар дарга нь хөмсгөө зангидаад өнгөрнө. Харин Германд ийм үйлдлийг дарга, цэргийн хэн нь ч тэвчихгүй.

BBC-гийн "Намайг Герман болгоод өгөөч" нэртэй баримтат кинонд залуухан Герман бүсгүй ажилтан солилцооны шугамаар Англид очоод хэрхэн соёлын шоконд орж байгаа гардаг.

"Би Англид солилцоогоор очсон…Намайг оффис дээр байхад бүх хүн үргэлж хувийн асуудлаа ярилцаж байсан…Орой юу хийх гэж байна? гэх мэт…хажуугаар нь байнга л кофе ууцгаана…"

Тэр үнэндээ Англичуудын хэт задгай байдлыг хараад шоконд ордог. Түүний ярьснаар Германд Facebook байтугай хувийн мэйл шалгах ч зүй бус үйлдэлд тооцогддог гэнэ.

Зорилгод тулгуурласан, Шууд харилцах арга барил

Германд элдэв чимэггүй, шууд харилцах арга барил голлодог. Америкчууд бага ярьж, нийтээр нь өөдрөг сэтгэлгээг урамшуулсан уур амьсгал бүрдүүлж ажилладаг. Тэгэхэд Германчууд удирдлагатайгаа элдэв ёсорхолгүйгээр шууд харилцаж ингэхдээ элдэв чимэггүй, шулуун шударга (захирангуй) өнгөөр яриа өрнүүлж чаддаг гэнэ.

Америкчууд "надад үүнийг 3 цаг гэхэд хийгээд өгвөл сайн байна" гэдэг бол Германчууд "энэ надад 3 цагт хэрэгтэй" гэдэг байна.

Германчууд ажил дээрээ бүрэн төвлөрч, маш хичээнгүй ажилладаг нь өндөр бүтээмжийн нууц ажээ.

Германчууд ажил, амьдралаа салгаж чаддаг

Германчууд сайн ажиллаж бас сайн амьдарч чаддаг хүмүүс. Ажлын цагтаа чанартай ажиллаад бусад үед жинхнээсээ ажлаасаа холдож чаддаг байна.

Ийм хатуу, албархуу орчинд ажилдаг учраас ажлын дараа ажиллагсад хоорондоо уулзаж цаг нөгцөөх хэрэгцээ ч байхгүй.

Тэд ажил, амьдралын заагийг жинхнээсээ тогтоож чаддаг хүмүүс.

Германы засгийн газар яг одоо орой 6 цагаас хойш ажилтай холбоотой мэйл солилцохыг хориглох талаар хэлэлцэж байна.

Ерөнхийлөгч Обама ийм бодлого АНУ-д нэвтрүүлэх тухай төсөөлөгдөж байна уу?

Германчууд арвин баялаг чөлөөт цагаа Verein гэгддэг клубуудэд сонирхол нэгтнүүдтэйгээ зугаацаж үрдэг. Гол сонирхлын клубууд нь спорт, найрал дуу, хөгжим, ууланд авиралт, гэрийн тэжээмэл амьтан сонирхогчид зэргээр хуваагддаг гэнэ.

Хамгийн жижиг тосгонд ч ийм хэд хэдэн клубууд үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг нь сонин.

Оройн цагаар телевизийн өмнө суухаас илүүтэй иймэрхүү замаар Германчууд нийгмийн харилцаанд ордог байна.

Мөн Германы ажиллагсдын жилийн цалинтай амралтын хоног 25-30 байдаг нь өндөрт тооцогдоно.

Амралтаараа тэд гэр бүлээрээ далайн эрэг дээр, эсвэл шинэ газар оронд сар шахуу амарч чаддаг гэсэн үг.

Эцэг эх болохыг хүндэлдэг

Германд хэрэгждэг хүүхэд төрүүлэх амралт Америкчуудын хувьд мөрөөдөл. АНУ-д одоогоор ийм хууль байхгүй бол Герман хөгжингүй орнуудаас хамгийн шилдэг хуультай.

Гэхдээ ийм хуулийн сөрөг тал нь ажил олгогчид эмэгтэй ажилтан авахаас зайлсхийх үзэгдэл бий болгодог нь Германы удирдах түвшний албан хаагчдын дотор эрчүүд давамгайлдгаас харагдана.

Эхчүүд нь хүүхэд төрүүлэх 12 сарын хугацаанд тэтгэмж авахаас гадна хүсвэл гурван жил хүртэл цалингүй амарч болдог нь "унтаа" ажлын байр бий болгодог гэнэ.

Мөн амарч байх хугацаандаа хагас цагаар ажиллах боломж ч байдаг аж.

Гэхдээ энэ бүхэн нь гэр бүлийн санхүүгийн хэрэгцээгээр хязгаалагддаг нь тодорхой.

Үүнээс гадна төрөөс 14 сарын турш цалингийн 67 хувийг төлдөг нь гайхмаар хангамж.

Герман маягаар ажиллаад үз

Герман ажлын байрны соёл нь Америкчуудын дундажаас өөр ч бидэнд суралцах зүйлс их байна.

Тэдний ажилдаа хандах хандлага нь үнэхээр хүндлэл төрүүлнэ. Ажил, амьдралаа зааглаж чаддаг нь тэнцвэртэй, стрессгүй амьдралд хүргэж өглөө бүр эрч хүчтэй хөдөлмөрлөж эхлэх боломж олгож байна.

Ажилдаа төвлөрөхийн тулд Facebook-ээ хааж, элдэв анхаарал сарниулах хэрэглээнүүдээс түр татгалздаг байх хэрэгтэй.

Шууд харилцах арга барил нь ажлыг үр өгөөжтэй, хурдан болгож ил тод, нээлттэй харилцааг ажиллагсдын хооронд бий болгоно.

Герман маягаар ажиллаад үзвэл яасан юм бэ?

http://www.ikon.mn