Ч.Ганхуяг /"Ард" санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал/

Сингапур болоод байхад бид бололгүй яахав…

Сингапур сайхан хөгжсөн улс уу? Тиймээ, маргаангүй. Бид тийм өндөр хөгжсөн улс болохыг зорих ёстой юу? Бас л маргаангүй. Тэрнээс ч илүү гайхалтай сайхан хөгжиж болно. Цаана нь Норвеги, Голланд, Швейцарь, Канад, Австрали, Шинэ Зеланд, Япон, Солонгос, Америк гээд зөндөө сайхан үлгэр болох улсууд байна.
Харин Сингапур оюуны бядтай тул хөгжсөн, сайхан байна. Тийм учраас бидэнд уул уурхай хэрэггүй, бид ч адил оюуныхаа хүчээр хөгжих ёстой гэдэг үгийг надад их хэлдэг боллоо. Би ер ойлгохгүй юм. Тэдэнд далайн боомт байна. Бидэнд алга. Тэнд газрын хэвлийн баялаг алга. Бидэнд байна. Гарааны нөхцөл ердөө энэ. Эндээс олсон мөнгөө хэрхэн зарцуулах вэ? Яаж нөгөө шагшраад байгаа гайхалтай оюуны хүчин чадал дээр тулгуурласан эдийн засгийг бий болгох вэ гэдэг дээр л маргалдмаар юм шиг.
Оюуныхаа чадлыг бид ашиглаж хөгжинө гээд тунхаглачингуут бидэн дээр хүмүүс гүйлдэж ирээд мөнгө төлөөд унах юм шиг ярих юм. Яг юуг, яаж, хэзээ хийх вэ. Тэрнийгээ хаана, яаж, хэнд зарж, хөрөнгөжин хөгжинө гээд байгаа нь тодорхойгүй. Нэгэнт мэдлэг, боловсрол, оюун ухаан хоосон агаараас ургаж бий болохгүй. Бидэнд цаг хэрэгтэй. Мөнгө хэрэгтэй. Дээрээс нь эерэг манлайлал, сайн санаа ороод ирвэл сэтгэлгээний өөрчлөлтийг хийж, иргэнийхээ боловсрол, төлөвшлийг нөгөө олсон мөнгөөрөө дэлхийн дээд стандартад аваачиж байж бид мэдлэг, боловсролд суурилсан эдийн засгийг босгож авна гэдэг нь жаахан юм ойлгох хэнд ч тодорхой байх.
Мал байхад болно доо гэдэгт
Саяхан нэг сайхан залуу мал, хэл, хил минь байхад Монголчууд баян гэж нэгэн билэгтэй үгийг хэллээ. Сонсогдохоосоо эхлээд санал нийлэхгүй байхын аргагүй сайхан чимэгтэй үг. Яалт ч байхгүй. Биднийг ч тэгж ярьж, хэлж өсгөсөн. Монгол 52 сая малтай, 149.7 мянган малчин айл өрхтэй. Бид маханд дуртай. Чоно шиг. Эдгээр тоо бол факт.
Гэхдээ мал биднийг өдий хүртэл аваад ирсэн гэдэг үг хараахан биш. Факт, баримт ярихад зарим нэг нь дургуй, дуртай байгаа хамаагүй шүү. Би ч таалагдах гэж үүнийг бас хийж байгаа юм биш. Зөвхөн хамтдаа фактыг эргэцүүлэх зорилготой. Ингэвэл бид үнэнийг байгаагаар нь хардаг чадвартай болно. Юмыг бодитоор нь ярьдаг болно. Тэгснээр бидний амьдрал арай энгийн, хялбар болоод зогсохгүй, магадгүй, элдэв зовлон бэрхшээл нимгэрэх байх. За, яриагаа үргэлжлүүлье.

Улсын төсвийн орлого 6.3 их наяд төгрөг, түүгээр бид 200 гаруй мянган тэтгэврийнхэн, халамжийнхандаа мөнгийг нь тавьж, 160 гаруй мянган төрийн албан хаагчдын цалинг нь өгч, 900 гаруй мянган хүүхдээ сургадаг. 80 орчим мянган ажилгүйчүүдийн арми байна. Эднийгээ бас л үүрч явах үүрэгтэй.

Төсвийн буюу татвар төлөгчийн мөнгө манай улсын торгон хилийг манах цэрэг, бидний аюулгүй байдлыг хангах цагдаа, эрүүл байлгах эмч, дээгүүр нь явах зам, хэрэглэх дулаан, шатахуун, бүр амьдарч байгаа байрны үнэд хүртэл ордог. За даа, сайн ярьвал Монгол Улсад аж төрж байгаа хүн бүр, өдөр тутам, их бага хэмжээгээр бүгд энэ тогооноос хишиг хүртэнэ. Муулж байгаад л хүртэнэ. Наад зах нь нөгөө ад үзэгдэх болсон хүүхдийн, эхийн мөнгө, оюутны мөнгийг төсөөлөх чадвар багатай хэн ч ойлгоно.
Харин тэрхүү орлогыг хэн бүрдүүлдэг вэ? Хариултыг графикаас харна уу.
Гайхалтай. Нөгөө ад үзэгдэж, муугаа үзэж дуусдаггүй уул уурхай биднийг сүүлийн 30 жил чирж, үүрч ирсэн. Бид яагаад ийм өөдгүй юм бэ? Бид хэзээ байгаа юмыг байгаагаар нь харж сурах юм бэ? Бид хэзээ талархал мэдрэх, хэлэх чадвараа гээчихвээ? Хэзээ бид уул уурхайн эдийн засагтай улс гэдгээ хүлээн зөвшөөрөх вэ? Яагаад арлын Япон, далайн боомттой Сингапурыг шүтэж амьдардаг байж, хөлсөө урсган эдийн засгийн шуурганд биднийг авч яваа хэдэн бизнесүүдээ, уул уурхайн компаниудаа, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаа хүлээн зөвшөөрдөггүй улс вэ? Бидний хүний ёс, жудаг хаашаа алга болчихвоо?
Америк гэж шагшилдана. Өнгөн дээрээ. Цаад гүн утгыг нь бодохыг ч хүсэхгүй. Тэнд хүн боломжийг эрэлхийлэн уйгагуй хөдөлж байж, амжилтанд хүрснээр өөрөө сайхан амьдарч, нийгмээрээ хөгждөг тогтолцоотой. Бүгд тэр зарчмаар явдаг тул амжилттай яваа хэдийгээ дагана, сонсоно, судлана. Тэд хэдээрээ үндэстнээрээ бахархана. Бид ч хэдэн орчуулгын номыг нь уншина, түүнийгээ тоть шиг давтах дуртай. Нутагшуулж ойшоохгүй шүү.
Далимдуулаад, та хэдийнхээ өмнөөс нийт Монголын уурхайчиддаа ихээс ихэд гялайлаа, та бүхэндээ талархаж явдаг шүү гээд хэлчихье! Жинхэнэ эгэл жирийн ГАВЬЯАТ, АЛДАРТНУУД та нар мөн шүү. Хэдий та нах алдар нэрийн хойноос явдагггүй ч манай төр засаг та бүгдийг тамирчид, хошин шогчид, дуулаач, уяач, малчдынхаа нэгэн адил авч үзэн шагнан урамшуулдаг, ард нийт нь талархан хүлээн авдаг цаг ирнэ. Тэр цагийг бид хамтдаа авчирна.
Хүлээх тухай.
Цаг хугацаа хамгийн үнэтэй баялаг. Хүний амьдрал хосгүй, ганц. Дэлхий нийт зогсохгүй урагшилна. Хэнийг ч, юуг ч хүлээхгүй. Хүчтэй нь, хурдтай нь, мөнгөтэй нь иргэдээ сайхан авч явна, тэднийгээ өмөөрөн хамгаална, хамтын нийгэмлэгт эрх мэдлээ эдэлнэ. Бусдыг бөхөлзүүлнэ, нэр хүндтэй оршино. (Тэгээд хаана ч визгүй зочилно) Харин буурай хөгжилтэй нь тэдний тавьсан нөхцлөөр амьдралаа зохицуулна. Бид энэ зовлонг мэднэ. Энэ бол байгалийн шалгарлын хууль үйлчилж байгаагийн хамгийн тод жишээ.
Газрын баялгаа хав дараад л сууж байя. Хаашаа яарах вэ? Юундаа яарах вэ? Биднийг үр хүүхэд, хойч үе хэрэгтэй бол гаргаж аваад ашиглаг гэнэ. Гайхамшигтай. Зөвхөн Монгол хүний уужим, гүндүүгүй сайхан сэтгэлээс гарах санаа. Гоё. Гэхдээ бүтэхгүй, явуургүй санаа.
Би өөрийгөө өртэй хүн гэж бодож явдаг. Бид бүхэн энэ улсдаа өртэй. Бидэнд энэ газар нутгийг бүхий л баялагтай нь, тусгаар тогтносон статустай нь, өөрийнхөө хувь тавиланг өөрөө тодорхойлох эрх чөлөөтэй нь хамтаар хүлээлгэн өгсөн баатарлаг өвөг дээдэстээ энэ үед амьдарч байгаа бид өртэй үлдсэн гэдэгт би бат итгэнэ. Тэд биднээс ихийг харсан, горьдсон, хүлээсэн байдаг байх гэж би боддог - бид тэдний үлдээсэн энэ улсыг хөгжүүлэх үүрэгтэй. Тусгаар тогтнолыг нь бэхжүүлэх үүрэгтэй. Байгаль дэлхийг нь хамгаалах үүрэгтэй. Хүн ардаа сайхан амьдруулах үүрэгтэй. Болвол хүн төрөлхтний МАНЛАЙД дахин аваачих ёстой. Хүлээлт, зорилгоо томоор төсөөлж бид чармайж ажиллах хэрэгтэй.
Бид үр хүүхдээ дэлхийн зиндааны мэдлэгтэй, чадвартай, сэтгэлтэй хүн болгож өсгөх ҮҮРЭГТЭЙ! Бидний үе өнгөрсний дараа тэр хэд мань Хятад, Орос, Америк, Европын үе тэнгийнхэнтэйгээ нүүр тулж өрсөлдөнө, хамт явна. Даяаршил бол тэлнэ, гүнзгийрнэ гэж тооцох хэрэгтэй. Дэлхий хавтгайрна. Ядуу зүдүү, өртэй, үймээнтэй улс үндэстнийг том гүрнүүд хуваан бутаргах ямар амархныг бид бэлхнээ харлаа. Украин, Ливи, Ирак, Серби, Косово, ИСИС, Абхази…. Энэ жагсаалт хөвөрнө. Дуусах болоогүй. Харин бидэнд тэгж алдах эрх үгүй! Дэлхийд газар нутгийн, байгалийн баялгийн дахин хуваарилалт явагдаж байгааг ойлгоцгоё. Геополитикийн том тоглоом үргэлжилнэ. Бид хүссэн, хүсээгүй…
Бид хойч үедээ ядуурал, хоосролыг бус мэдлэг боловсролыг, зовлон гашуудлыг бус аз жаргалтай элбэг хангалуун амьдралыг, асуудал биш шийдлийг, өнгөрснийг биш ирээдүйг өвлүүлэн үлдээх ёстой. Бидэнд тийм үүрэг байгаа. Боломж нь ч бидэнд байна.

21 дүгээр зууны эхний хагаст амьдарч байгаа цөөхөн бид хэрхэхийг бидний ирээдүй харж суугаа. Тэд биднээс ихийг хүлээж байгаа. Бидэнд алдах, цаг нөхцөөх эрх ҮГҮЙ. Бид өртэй хүмүүс. Бидэнд үүрэг оногдсон. Түүнийгээ нэр төртэй гүйцэтгэе! Монгол Улсынхаа төлөө, Эх орныхоо төлөө, гэрэл гэгээтэй ирээдүйнхээ төлөө!

Эх сурвалж: http://mongolianeconomy.mn