Гадаад хэлийг төрөлх хэлээсээ дутахааргүй чадварлаг сурч, сурсан хэлээрээ багшилж, бусдад гадаад хэл сурах аргыг зааж буй эрхмүүд хэл хурдан сурах аргуудаас зөвлөж байна. Энэ талаар “www.smartlanguagelearner.com сайт мэдээллээ. Эдгээр эрхмүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс бөгөөд гурваас дээшгүй хэлийг төгс эзэмшсэн байна.

Арон Книгт: Үгийг хоршуулан цээжил

Phrase Mix” сайтыг санаачлагч Аарон Книгт Британийн иргэн бөгөөд хоёр жилийн дотор япон хэлийг “төгс” эзэмшиж, одоо японы дунд сургуульд англи хэлний багшаар ажиллаж байна. Тэрбээр өөрийн хөтлөн явуулдаг сайтаараа дамжуулан хурдан хугацаанд гадаад хэлийг төгс сурах аргыг нэрлэсэн байна.

“Гадаад үгийг дангаар нь сурах хэрэггүй. Ямар ч үгийг хамт ашиглах боломжтой үгтэй нь хоршуулан цээжлэх нь цаг хугацаанд хэмнэлтэйгээс гадна үр дүнтэй” хэмээн зөвлөжээ.

Алберт Уолфе: Орчинд нь тааруулж үгээ цээжил

Хятадын Гуанжугийн “Peizheng” коллежид тэрбээр уран зохиол, түүхийн хичээл заадаг байна. Алберт 1999 оноос хятад хэлийг судалж, жилийн дотор хятадуудтай чөлөөтэй харилцдаг болжээ. 2012 онд тэрбээр “Хятадад ирээд удаагүй европ хүүхдүүд надаас хятад хэл яаж сурах вэ гэж асуудаг байсан. Байнга ингэж асууна. Үнэнийг хэлэхэд, би хэл сурахад бүх зүйлээ зориулсан учир тэдэнд юу гэж зөвлөхөө мэдэхгүй байсан” гэж ярьж байжээ.

Алберт удаан хугацааны турш судалгаа явуулсны үр дүнд гадаад хэл сурах хамгийн үр дүнтэй арга нь “үг цээжлэх” гэдгийг олж мэдсэн байна.

“Чи угаалгын өрөөнд орсон бол толь, суултуур, гарын алчуур гэх мэт үгийг цээжил. Суугаад үг цээжлэхгүй. Харин орчинд нь тааруулж үгээ цээжил. Тэнгэр рүү хар даа. Солонго эсвэл нар гарсан байгаа. Иймэрхүү маягаар үгээ цээжил. Үг сурсан цагт хэл сурах оройтохгүй”.

Андрей Клейн: Цээжлэхийн хажуугаар богино өгүүлэг унш

Германы зохиолч, хэл сурч буй хүүхдүүдэд зориулан “Learn Out Live” блогийг ажиллуулдаг.

Гадаад хэл сурч чадахгүй гэсэн айдсаа орхи. Учир нь чамд зорилго байвал чи гадаад хэл заавал сурч чадна. Үг цээжлэхийн хажуугаар богино өгүүлэг унш. Энэ бол үр дүнтэй арга. Би энэ аргаар франц хэлийг сурсан. Чиний уншиж буй өгүүлэг дотор цээжилсэн үг чинь байгаа. Мэдэх тусам мэдэхийг хүсдэг нь бидний араншин”.

Анна Мерретт: Хоршоо үг цээжлэх хэрэгтэй

Хэл шинжлэлийн талаар “Telegraph” сонинд нийтлэлээ гаргаж байсан Анна өнгөрсөн оноос Орост англи, франц хэл заах болжээ.

“Хэл сурах амаргүй ажил. Хэлийг ууж эсвэл идэж болохгүй. Би 17 настай байхдаа франц хэл сурч байлаа. Багш минь их ууртай. Тэрбээр асуултад нэг өгүүлбэрээр хариулахыг огт зөвшөөрдөггүй байсан. Бид дан үг цээжлэх ёсгүй. Хоршоо үг цээжлэх хэрэгтэй. Учир нь бид нэг үгээр ярьдаггүй биз дээ”.

Бен Ухатели: Шинэ үгийг хөгжилтэйгээр цээжил

Бизнесмэн, зохиолч тэрбээр 2013 оны гуравдугаар сард Британийн “ВВС” агентлагт “Гадаад хэл хамгийн хурдан хугацаанд сурах” лекц тавьж байжээ.

“Шинэ үгийг хөгжилтэйгээр цээжил. Мөн тархиа шинэ үг хүлээн авахад бэлдүүл. Зорилгоо ухамсарлуул. Цээжилсэн үгээ өгүүлбэрт оруулан, байнга ашиглах хэрэгтэй”.

Бенни Ливас: Гадаад найзтай бол

Fluent in 3 Months блогийг хөтлөн явуулдаг.

“Гадаад найзтай бол. Энэ бол шилдэг арга. Бүү ич. “anki http://ankisrs.net/”, “Memrise.com” гэх мэт үг цээжлэхэд зориулагдсан программ, сайтуудыг ашигла. Ойлгосон, ойлгоогүй ч бай байнга унш. Энэ арга хэлний чадварыг нэмэгдүүлнэ”.

Коринне МкКаи: “ВВС”, “CNN”-ийн мэдээг сайн сонс

Америкийн орчуулагчдын холбооны тэргүүн. Хэл сурах талаар 10 гаруй ном гаргажээ.

“Сайн сонс. “ВВС”, “CNN” зэрэг алдартай агентлагуудын мэдээг сайн сонс. Мөн дуу сайн сонс. Хэл сурахад сонсгол хамгийн чухал”.

Катерине Уентворт: Давтлага, уйгагүй хөдөлмөр чухал

Women Learn Thai” блогийн үүсгэн байгуулагч. 2011 онд “Тайланд хэл сурах арга” номоо гаргаж байжээ. Тайландын үндэсний их сургуульд англи хэл заадаг.

“Хэл сурахад байнгын давтлага, уйгагүй хөдөлмөр чухал. Байнга унш. Уншиж буй зүйлээ тод, чангаар хэл”.

Флора Петерсон: Үг цээжил

Хэл сурах цахим “Babbel.com” сайтын ерөнхий инженер. Тус сайтыг 17 сая хүн дагадаг байна.

“Бүх хүчээ дайчилж 2000 үг цээжил. Дараа нь цээжилсэн үгээ өгүүлбэрт оруулж, цээжил. Үг цээжил. Энэ бол миний зөвлөгөө. Үг бол түлхүүр гэдгийг бүү март”.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn