Түүнийг Батбаярын Төрмөнх гэдэг. Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн. Сүүлийн тав, зургаан жил хүүхдийн номын зураачаар ажиллаж байгаа ч өөрийгөө энэ чиглэлээр суралцаж яваа хэмээн даруухан тодорхойлсон юм.

Тэрбээр саяхан Монгол ардын болон дэлхийн олон үндэстний оюун санааны охь болсон үлгэр, домог, гайхамшигт түүхүүд зураг чимэглэлтэй багтсан "365 үдэш" номоо хэвлүүлжээ. Уг номыг Монсудар хэвлэлийн газрын "Жангар" хүүхдийн номын редакциас эрхлэн гаргасан байна.
Яагаад номоо "365 өдөр" гэж нэрлэсэн бэ. Өдөр бүр нэг үлгэр гэсэн санаа байна уу, номынхоо талаар яриагаа эхлэх үү?
Ер нь бол хүүхэд сайн муу, сайхан муухай гэх мэт анхны ойлголт, төсөөллөө үлгэрээс олдог. Бас хүүхдийн хүсэл мөрөөдөл бүүр бага насанд нь эхэлдэг. Энэ үе бол эцэг эхчүүдийн хүүхдэдээ маш их анхаарал хандуулах үе юм.Мөн л энэ үедээ хүүхдүүд үлгэр сонсож, уншуулах их дуртай байдаг. Бид эцэг эхчүүдийг орой бүр хүүхдэдээ үлгэр уншиж өгч байгаасай гэсэндээ энэ нэрийг өгсөн. Үдэш бүр таваас арван таван минутын жаахан л цагийг үр хүүхдэдээ чин сэтгэлээсээ зориулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үдэш бүр хүүхдүүд үлгэр сонсоосой гэж "365 үдэш" номоо бүтээсэн.
Ажиглаад байхад хүүхдэд зориулсан чанартай ном зохиол ховор санагддаг. Таны номны онцлог юу вэ?
Би энэ номон дээрээ зураач редактороор гурван жилийн хугацаанд орчуулагчийн баг болон арваад зураачтай хамтран ажилласан. Зуун хорин монгол үлгэр, дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд мөн олон үндэстний үлгэр домог түүхүүд багтсан. Мөн номонд маань шүлэг, дуу, оньсого багтсан. Номын маань онцлог гэвэл сар өдрийн тэмдэглэгээтэй, мөн хагас бүтэн сайнд уншиж өгөх үлгэр нь арай урт, баяраар унших үлгэр болон дөрвөн улиралд ямар ямар үлгэр уншуулах вэ гэдэг тал дээр илүү нухацтай хандсан. Ном унших чинь маш их эмх цэгцтэй мэдлэг олгодог л доо. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ алдаг оног үлгэр уншиж өгөөд явах биш энэ тал дээр илүү хариуцлагатай, нухацтай хандаасай гэж бодож байна.
Хүүхдийн ном зохионо гэдэг амар ажил биш гэдэг нь ойлгомжтой. Жишээ нь хүүхдийн сэтгэхүйд тохирсон бүтээл хийхийн тулд тэдний сэтгэлзүйг судлах шаардлагатай болдог байх?
Бид байнга л судлаж байна. Тухайн номынхоо агуулга болоод зураг чимэглэлийн өнгө дүрс, текстийн агуулга гэх мэт шаарлагатай бүхнийг цэцэрлэг болон олон хүүхэдтэй ажиллаж байж гаргадаг. Хэрвээ та бүхэн анзаарсан бол манай эцэг эхчүүд ялангуяа аав нарын хувьд ажил ихтэй гээд гэртээ ирээд хүүхдээ эрхлүүлэх биш өөрийнхөө стресийг хүүхдээрээ тайлчихдаг юм шиг санагдсан. Би ч мөн адил аав хүн. Ажил ихтэй болохоороо хүүхдүүддээ их цаг гаргаж чаддаггүй. Аав нарыгаа хүүхдүүддээ үдэш бүр нэг үлгэрийг чин сэтгэлээсээ уншиж хүүхдийнхээ асуултад нь хариулж өгөөрэй гэж уриалмаар байна.
Өмнө нь ямар бүтээлүүд дээр ажиллаж байсан бэ?
Би одоогоор зурагт ном болон активит төрлийн 50 гаруй номон дээр ажиллсан байна. Анх хүүхдүүдэд зориулж будах болон гүйцээж зурах номон дээр түлхүү ажиллаж байсан. Манай аав ээжүүд зурагт ном, зурагтай номоо нэг л сайн ялгахгүй байх шиг санагддаг. Олон үлгэртэй номыг л хүүхдийн ном гэх хандлагатай байдаг.
Яруу найрагч Ц.Хулан "Үлгэр ярьж чаддаг эмээ, өвөө үгүй боллоо" хэмээн халаглаж байсан. Та юу гэж бодож байна?
Зөвхөн эмээ өвөө нь уншиж өгөх юу байх вэ. Аав ээжийн үүргийг бултуулж болохгүй шүү. Энэ бол үнэн ишлэл байна. Бид уг нь хотжиж байгаа соёлтой улс. Үр хүүхдээ илүү анхаарч тэднийгээ мэдэрч баймаар байгаа юм.
Та хүүхдүүддээ үлгэр ярьж өгдөг үү?
Тэгэлгүй яахав. Ер нь бол хүүхдүүддээ үлгэр уншиж өгдөг хүн олон болсон. Хүүхдэдээ үлгэр унших цаг тохирчихсон гээд уулзалтаа зогсоогоод явдаг хүмүүс ч бас байна. Хүүхдээ хүндэлж байна шүү дээ. Маргааш уншиж өгье, дараа болъё гээд л хойш тавиад байж болохгүй. Болсон болоогүй олон үлгэртэй өөрт нь зориулагдаагүй ном авч өгчихөөд л боллоо гэж хандаж болохгүй л дээ. Энэ бол бидэнд тулгамдаад байгаа асуудлын нэг юм.
Үлгэр сонсож өссөн хүүхэд юугаараа өөр байдаг юм бэ? Давуу тал нь юу вэ?
Үлгэр өөрөө ид шидтэй, дүр дүрслэл ихтэй, хүүхдэд өөрт нь тухайн үлгэрийн талаар дэлгэрүүлэн бодох боломж олгодог. Тийм болохоор төсөөлөн бодох чадвар нь илүү хөгжинө. Мөн хүүхдийн тархинд хүсэл мөрөөдлийн цучил асаж хүүхэд мөрөөдөж эхэлдэг. Би том болохоороо гээд л. Манай номонд дэлхийн сонгодог зохиолууд багтсан. Гэхдээ маш багасгасан хэлбэрээр. Энэ нь хүүхдийн унших хүслийг төрүүлнэ. Нэг нүүрэнд дэлхийн сонгодог зохиол бүхлээрээ багтахгүй шүү дээ. Жижигхэн хэсгээс л хүүхэд илүүг уншихыг хүсэх учиртай юм л даа. Хүүхдүүд номонд маш их дуртай. Энэ чинь ид шидтэй гэж боддог байх. Ямар нэг юмны тухай ойлголт өгөөд сэтгэлийг нь хөдөлгөөд байддаг болохоор амьд гэж хардаг болов уу гэж би боддог юм.
Youtube болон хүүхдэд зориулсан апп дээр үлгэрүүд зөндөө л байна. Яагаад заавал ном бичих болов?
Монголчууд бид өвлийн урт орой, зуны шөнийн одтой тэнгэрийн доор үр хүүхдүүдээ тойруулж суулгаад үлгэр туульс хайлж, элдэв сонин сайхныг ярьж өнгөрүүлдэг уламжлалтай байсан тухай бахархан дурсах дуртай. Гэтэл сүүлийн үед амьдрал хэцүү болсон, ажил төрөл нэмэгдсэн зэрэг шалтгуудаас болж хуучны тэр сайн сайхан хэвшил заншлууд үгүй болсон талаар энд тэндгүй л ярьцгааж байна. Мэдээж, бүх зүйл хуучнаараа үргэлжлэх ямар ч аргагүй учраас өнгөрсөн хуучирснаа орхиж, хэрэгтэй тустай уламжлалт зан үйлээ цаг үеийн хэрэгцээ шаардлагын дагуу шинэчлэн, сайжруулж байж бид цааш хөгжих учиртай. Хүүхэд чинь таны халуун дулаан хайрыг мэдэрч, танин мэдэхүй, уран сэтгэмж, домог, үлгэрийн ертөнцөөр тантай хамт аялах, та өөрөө үр хүүхдийнхээ баяр баясгалан, гэрэлтсэн нүдийг нь олж харахаас илүү аз жаргал бий гэж үү.
Ингээд ярилцлагаа магадгүй асуулгүй өнгөрөөсөн, таны хэлэхийг хүссэн санаагаар өндөрлөе?
Манайд "Авьяас"хөтөлбөр гэж байдаг. Гэхдээ энэ хөтөлбөрт хүүхдийн авьяасыг хөгжүүлэх тал дээр ажилласан ном цөөн. Жишээлбэл, хүүхдийн анхны зурах дадалд сургах буддаг, зурдаг зориулагдсан нэг ч ном хийгээгүй.Хүүхдийн зураг бол өөрийгөө илэрхийлэх захидал байдаг. Хүнд хэцүү дүр дүрслэлтэй буддаг номууд бол манайд зөндөө бий. Манай зах зээл дээр гадаадын, тухайлбал Диснейн үлгэрийн баатрууд болон таниагүй соёл шингэсэн хар зургууд бүрэн тархсан номнууд байгаа. Томчууд ч зурж чадахааргүй гоё зурагтай, будаг гарахааргүй гялгар цаастай. Хүүхэд шантрана, өөрийгөө авьяасгүй гэж бодно. Аав ээж нь ч манай энэ авьяасгүй ээ гээд л. Миний бодлоор хүүхдийн авьяасыг хөгжүүлнэ гэдэг энэ арай биш шигээ. Одон медалиар шагнах гэж байгаа юм шиг . Шагналтай уралдаан тэмцээнд л бэлдэж байгаа юм шиг. Авъяасыг их сайн ойлгох хэрэгтэй. Би харин ч хүүхдийн авъяас гэж юуг хэлдэг вэ гэж асуумаар санагддаг. Зөв хөгжүүлэх ном бүтээлээ бэлдээгүй байж хэрэгжүүлж байна гэхээр ойлгохгүй байгаа.
Мөн бид дараагийн цуврал "Танин мэдэхүйн 365" номоо бүтээх ажилдаа орсон байна. Хүүхэд багачууддаа зориулан монгол ардын туулиудаа энгийн ойлгомжтой үг хэллэгтэй болгон зураг чимэглэл ихтэй хэвлэн гаргаж байна.Хайлтын ном гэдэг ямар ч текстгүй том дэлгэмэл зурагтай олон түүхийг багтаасан зурагт ном гаргаж байна. Гэх олон ном хийж байна аа.

ҮЛГЭР БҮР ӨӨР ӨӨР ЕРТӨНЦ

"365 үдэш" номд монгол ардын болон дэлхийн олон үндэстний алдартай, сонирхолтой үлгэр түүхүүдээс түүвэрлэж хялбаршуулан оруулсан бөгөөд хүүхдийн сэтгэхүй, анхаарал төвлөрөлтөд тохирсон найруулгатай, үлгэрүүд нь ихэвчлэн богино хэмжээтэй билээ.

Үлгэр сонсож өссөн хүүхэд аливааг хайрлахын учрыг ухаарч ойлгон, үлгэрийг сонсонгоо үйл явдлыг нь төсөөлж, дотроо амилуулан зохиож боддог учраас сэтгэн бодох оюун ухааны цар хүрээ нь байнга тэлж байдаг. Монгол ардын үлгэрүүдэд орчин үеийн хүүхдүүдийн сонсож байгаагүй үгс олон байдаг тул үгийн утгыг тайлбарлан ярилцсанаар хүүхдийн тань өдөр тутмын хэрэглээний үгсийн сан арвижиж, эх хэлний мэдлэг нэмэгдэх болно.Мөн үлгэрээс гадна хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх оньсого, шинээр зохиосон дуу, шүлгээс түүвэрлэн оруулсан бөгөөд хүүхдийнхээ хүссэн үед оньсого таалцаж, шинэ дуу шүлгээс хамтдаа уншиж суралцаарай.
ТӨСӨӨЛӨЛ БА ЗУРГУУД
Үлгэр бүрийн үйл явдал өрнөж буй газар орон, баатруудын зан төлөв, харилцааг ойлгож, төсөөлөн мөрөөдөхөд зураг маш чухал. Өнгө будгаар илэрхийлсэн сайн, муу дүрийн зураг дүрслэл нь хүүхдийг аливааг ургуулан бодох, ямар нэг зүйлд баригдалгүй чөлөөтэй сэтгэн бодож, өөрийн дотор амилуулсан дүрээр үлгэрээ төсөөлөн мөрөөдөх боломжийг бий болгодог. Үлгэрийн баатруудын аюулыг даван туулах эрэлхэг зориг, тусч энэрэнгүй сэтгэл, үзэсгэлэн гоо байдал, бахархмаар зан чанарыг мэдэрсэн бяцхан хүү, охин тань тэднийг даган дуурайж, үлгэр жишээ авна.
ЗӨВ ХЭВШИЛ, ХЭРЭГЛЭЭ
Хүүхэд бүр ээж аавтайгаа хамт байхыг хүсдэг. Гэр бүлийн аз жаргал бол халуун ам бүлээрээ байж, цагийг зугаатай өнгөрөөх билээ. Харин та энэ аз жаргалыг хүүхдэдээ бэлэглэж, үлгэрийн гайхамшигт ертөнцөөр хамтдаа аялан, хэзээ ч мартамгүй нандин түүхийг энэхүү "365 үдэш"-ээр бүтээх боломжтой.Уг номын хэрэглээ нь гоё сайхан үлгэр уншихдаа биш эцэг эх, хүүхдийн хоорондын холбоо, гэр бүлийн нандин цаг хугацааг бий болгох бөгөөд та бүхэн үлгэрээ хүүхдэдээ чин сэтгэлээсээ уншиж өгч, орой бүхэн багахан цагийг гэр бүлдээ зарцуулж зуршил болговол нэн сайн. Хэрвээ сэтгэлээсээ хичээж заншихгүй бол ном уншиж, хүүхэдтэйгээ хамт байх сайн зуршил тогтохгүй зүгээр л бэлгэдлийн зүйл болно.
Үлгэр бүрийн эхэнд сар, өдрийг тавьсан бөгөөд та энэ хуанлийн хоногийн дагуу алгасалгүй уншиж хэвшээрэй. Жил бүрийн эхний өдөр ямар гараг байхаас хамаарч харгалзах үлгэрийг сонгон унших, мөн зарим үлгэрийг уншихад арай их хугацаа зарцуулах тул ийм үлгэрийг амралтын өдөр уншвал тохиромжтой.
Аль үлгэрийг хэдэн удаа уншсан гэдгээ үлгэр бүрийн дээр тэмдэглээд явбал дараа нь хүүхэд тань ямар үлгэрт илүү дуртай байсныг, хамт өнгөрүүлсэн сайхан дурсамжаа эргэн дурсахад таатай байх болно.
Үлгэр унших явцад хүүхэд өмнө нь сонссон үлгэрийнхээ төгсгөлийг хэвээрээ байна уу үгүй юу гэдэгт итгэлтэй байхыг хүсдэг. Зарим үед "үгүй, ингэдэг юм" гэж өөрийнхөөрөө зүтгэж мэднэ. Ийм үед нь хүүхдийнхээ хэлсэн санаа, сэтгэгдлийг олзуурхан хүлээн авч, урамшуулж байгаарай. Хүүхэд тань нэг үлгэрийг хэчнээн удаа уншуулахыг хүссэн ч та дахин дахин уншиж өгч, түүний сонирхсон асуултад цааргалахгүй хариулт өгч байхыг хичээгээрэй.

Эх сурвалж: Time.mn