1990-ээд оноос монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх ажил нэлээд эрчимтэй явагдаж эдүгээ гучаад жилийн нүүр үзжээ. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газрын тогтоолоос авхуулаад “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-1, 2”, “Үндэсний бичиг үсгийн баяр”, "Уран бичлэг, монгол бичгийн үзэсгэлэн”, “Сургууль, аймаг, улсын хэмжээнд зохион байгуулах олимпиадууд”, “Монгол бичгийн сурах бичиг, хичээлийн хөтөлбөр, гарын авлага, заах аргазүй” гээд олон үйл ажиллагаа, хийсэн ажлыг дурдаж болно. Гэхдээ ямар зорилготой, ямар үр дүнд хүрэхийн тулд дээрх ажлуудыг зохион байгуулж, хийж байгаа билээ? Ямар үр дүнд хүрсэн бэ? гэдгээ одоо эргэн харах цаг нэгэнт болжээ.

МУ-ын ЗГ-ын тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-т:

“... Монгол бичгийг хадгалан хамгаалж, эзэмшин хэрэглэж, төгс төгөлдөр болгох нь хүн төрөлхтний өмнө монголчуудын хүлээсэн үүрэг мөнхэмээн бахархаж омогшихгүй байхын аргагүй сүржин байдлаар зорилгоо тодорхойлжээ. Товчхондоо бол монгол бичгийг монгол хүн бүр сурч эзэмшин, хөгжүүлнэ гэсэн үг.

Гэтэл өнөөгийн байдлаар баттай тоо баримт байхгүй ч монгол улсын хэмжээнд авч үзвэл өнөөдөр монгол бичигт сурч боловсорсон хүний тоог монгол хэл бичгээр мэргэшсэн болон монгол бичгийн олимпиадад медал, шагнал булаацалдсан цөөн хэдэн хүмүүсээр хязгаарлагдана гэвэл хилсдэхгүй. Гучаад жил өнгөрчихөөд байхад монгол хүн бүр биш юмаа гэхэд ядаж ЕБС-ийг төгссөн хүмүүс нь монгол бичиг сурсан байх ёстой гээд эргэлзээ төрж магадгүй, гэхдээ дараах асуултанд хариулаад үзээрэй. Та монгол бичиг мэдэх үү? Таны эргэн тойрны хүмүүс дунд хэр олон хүн монгол бичиг мэдэх вэ?

Бодит байдал, үр дүн ийм л байна. Ийм байхад цөөн хэдүүлээ, тэрүүхэн тэндээ уралдаж тоглон, бие биенээ шагнаж урамшуулан бүгд монгол бичиг сурсан мэт ярьж түүндээ итгэн өөрсдийгөө хуурсаар л байх уу?

Монгол бичгийг хүн бүр сурах ёстой. Хэрэглэх орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Сурахад юу саад болж байна вэ? Шалтгааныг нь олж залруулах хэрэгтэй.

Монгол бичгийг нийтийн хүртээл болгож, хөгжүүлье гэвэл, энэ тэргүүнд:

  • Монгол бичгийг хэрэглэх орчин нөхцөлийг бий болгох. Кирил бичгийг хэрэглэж байгаа цагт монгол бичгийн хэрэглээ хязгаарлагдмал, бэлгэдэл төдий байх болно. Үнэхээр л монгол бичгийг хэрэглэхийг хүсэж байгаа бол дангаар нь хэрэглэх шаардлагатай. Тэгж байж л хэрэглэх орчин нөхцөлийг бий болгоно. Мөн техник технологи хөгжиж бүх зүйл цахим болж байхад энэ чиглэл рүү хандсан ажил хийхгүй бол монгол бичиг гоё сайхан харагдаж, сүржигнэхийн нэгэн хэлбэр хэвээр байх болно.
  • Монгол бичгийн сурах бичгийг сайжруулах- Өнөөгийн байдлаар ЕБС-д монгол бичгийг 6-9-р ангийн хичээлээр үзэж байгаа. Гэтэл сурах бичгийн агуулга нь зарим талаараа нэгдүгээр ангийн хүүхдэд тохирох агуулгатай. Энэ нь монгол бичиг сурах идэвх сонирхлыг бууруулж байна. Сурагчийн нас, сэтгэхүйд тохирсон, сонирхолтой сурах бичиг хийх шаардлагатай.

Үргэлжлэл бий...

Н.Даш