ТОВЧХОН

  • Тэд олон арван мянган хүнийг хулгайлж, хүчээр өөрийн цэрэгт элсүүлж, ачаа тээгч, секс боол болгодог.
  • Тэдний толгойлогч нь “Ариун сүнсний амьд хувилгаан” гэгдэгч Джозеф Кони
  • 2009 оны 12-р сард Конгод 300 гаруй хүнийг дахиад хөнөөв
  • Сонирхолтой нь Конийн гэмт бүлэглэл тийм ч олуулаа биш
/ Джозеф Кони/
Орчин үеийн хамгийн харгис хөдөлгөөн болох “Бурхны эсэргүүцлийн арми”-ийг /Lord's Resistance Army буюу LRA/ устгах шийдвэрийг дэлхийн олон нийт гаргалаа. Тус байгууллагын лидерүүд нь хүн амыг бөөнөөр устгаж, боолчилдог нь нотлогдсон юм.



Мөн жирийн цэрэг дайчдаас өгсүүлээд дээд тушаалтан хүртэл бүгд хүний мах иддэг харгис алуурчид аж. Тэд олон арван мянган хүнийг хулгайлж, хүчээр өөрийн цэрэгт элсүүлж, ачаа тээгч, секс боол болгодог. Хамгийн аймшигтай нь тэдгээрийн ихэнх нь бага насны хүүхдүүд байдаг.



НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн тус хөдөлгөөний үйлдлийг аймшигт араатны яргалал хэмээн тодорхойлсон. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “Бурхны эсэргүүцлийн арми”-ийг /БЭА/ эрс шүүмжилж, Төв Африкийн орнуудыг тэдний эсрэг хамтран тэмцэхийг уриалав.



Энэ харгис дайн 25 жил үргэлжилж байна. Үүний уршгаар олон арван мянган хүн амь үрэгдэж, 2 сая энгийн иргэн дүрвэжээ.



LRA-ийн түүх 1987 онд эхэлжээ. Үндэсний цөөнх ачоли омгийнхон Йовери Мусевинийн Засгийн газрын эсрэг бослого дэгдээснээр энэ аймшиг эхэлсэн юм. Мусевини 1979 онд хүний махан хүнстэн, хошууч Иди Аминий дэглэмийг авч хаясан гэдгийг бүгд андахгүй. Харин уг явдалд дургүйцсэн хэсэг хүмүүс ширэнгэн ой, шугуйд очиж, тэндээс тэмцлээ эхэлсэн байна. Улмаар энэ харгис хөдөлгөөн Уганда төдийгүй Конгогийн БНУ, Африкийн БНУ, Өмнөд Суданд тархжээ.





Хачирхалтай нь хүн амыг бөөнөөр хяддаг энэ армийн цэргүүд өөрсдийгөө христүүд гэж нэрлэдэг ба “Бурхны нэрийн өмнөөс” хийж байна гэж зарладаг. Тэдний толгойлогч нь “Ариун сүнсний амьд хувилгаан” гэгдэгч Джозеф Кони. Католикийн лам асан тэр өөрийгөө Бурхны газар дээрх элч хэмээн өргөмжилсөн.



Үнэндээ тэд Христийнхэнтэй ямар ч холбоогүй, харин ч хүнээр тахил өргөдөг эртний харгис онгон шүтлэгтнүүд мэт авирладаг. Зөвхөн албан мэдээгээр БЭА нь жил бүр мянга гаруй хүүхдийг хулгайлж, цэрэг, боол болгон, бэлгийн дарамтад байлгадаг. Хар арьстан толгойлогч өөрөө хүний мах идэх дуртай бөгөөд боол охидод нугасгүй нэгэн.



Тэр өөрийн зорилгоо “Библийн 10 дүрэм дээр үндэслэсэн шашны улс байгуулах” хэмээжээ. Гэтэл бурхны сургаалд бүү ал, бүү хулгайл, бүү завхайр гэж сургасантай түүний үйлдэл огт авцалддаггүй.



БЭА-ийн цэргүүд очсон газар бүртээ насанд хүрэгсдийг тарчилгаж алж, залуусыг нь боол болгодог. Дайтагч талын тосгодыг аймшигт автуулахын тулд хүүхдийн цогцсуудыг цавчин хэсэг хэсгээр нь Библийн судрын хуудсанд ороон хаядаг байна. Тус байгууллагын 2 дахь удирдагч нь Винсент Отти.






Тэрбээр 2007 оны 10-р сард “Дарангуйллыг устгах, ард түмнийг боолчлохын эсрэг зогсох, олон намын ардчиллыг байгуулах, хүний эрхийг хавчин боохын эсрэг тэмцэх, Угандагийн иргэдийн нэр төрийг сэргээх, энх тайван аюулгүй байдлыг тогтоох, эв нэгдэл, тусгаар тогтнол, эдийн засгийн хөгжил” гэж тунхаглаж байсан нь итгэмээргүй.



Зарим тоймч БЭА-ийг Христийн үндсэрхэг үзэлтнүүдийн нэг хувилбар гэдэг. Харин АНУ-ын шинжээч Роберт Джерсони “Тэдэнд ямар ч улс төрийн хөтөлбөр, үзэл санаа байхгүй” гэсэн нь үнэний хувьтай. БЭА-ийн эсрэг тэмцдэг Угандагийн армийн хошууч Шабан Бантариза “LRA бол засгийн эрх мэдлийг гартаа авахын төлөө биш харин террор үйлдэж, нутгийн хүн амыг дээрэмдэх л цорын ганц зорилготой” гэжээ.



БЭА залуу цэргүүддээ замд талд тааралдсан болгоныг ал гэж сургадаг. Дээрэмдсэн юмыг нь авч явахыг хүсээгүйн төлөө амиа алдах энүүхэнд. “Бурхны армийнхан” хулгайлсан хүүхдүүдээрээ дарамталж, тэднээр аллага үйлдүүлэн, төрөлх омогтоо буцаж очих аргагүй болгодог. БЭА хүүхдүүдийг өөрийн армидаа “бие сэтгэлээр нэгтгэх”-ийн тулд хүнлэг сэтгэлийг нь нухчин дардаг. Ачоли бол орон нутгийн үндсэрхэг үзэлтнүүд.



Тэд “Хамаг баялаг зөвхөн биднийх. Ялагдагсдын хохь” гэсэн дүрэмтэй. БЭА зөвхөн хүүхдүүд, охид, залуу бүсгүйчүүдийг олзлон, боол болгодог. Амьд үлдээсэн хүүхдүүдэд хүний мах хүчээр идүүлдэг. Бүр өөрийн нь төрөл саданг шүү. Харин үлдсэн хүмүүсийг модонд хүлж байгаад шатаах зэргээр харгисладаг.



LRA нь Угандагийн хойд нутаг, Өмнөд Суданы өмнөд хэсэг, Конгогийн дорно хэсгийг эрхшээлдээ оруулжээ. Тэдний халдлагыг залхаан цээрлүүлэх багтай зүйрлэм. БЭА харин Христийн шашны төлөөлөгчдийг өрсөлдөгчөө гэж үзэн бүр харгислан алж, сүм хийдийг шатааж устгадаг.



1990-ээд оны сүүлийн хагаст LRA улам их харгислал үйлдэх болжээ. 1996 оны 10-р сард Угандагийн баруун хойд нутагт цагдаагийн хэсгүүд болон цэргийн хамгаалалт руу дайрч устгасан. Тэндхийн зөвхөн нэг суурингаас 150 сурагч охидыг секс боол болгон авч явсан байна.



LRA 1997 оны 1-р сард Угандагийн Ламвод 400 хүнийг хороосон. Ийм жишээ олон. 2002 оны 5-р сард ганц дайралтаар л тэд Суданы Дорнод Экваторын мужид 450 хүнийг алжээ. Зарим хүнийг гол, ангал руу шидэж байсан гэдэг. Тэд 2006 онд бүр зориг орж, Өмнөд Суданы нийслэл Жубагийн дагуул хот руу дайрсан байна. 2008 оны 12-р сард Зул сарын хядлага гэгчийг Конгод зохион байгуулж, олон католик сүмийг шатааж, 400 гаруй хүнийг хөнөөсөн гээд тэдний харгислалыг тоочоод баршгүй.



Дэлхийн улс орнууд БЭА-ийн эсрэг нэг бус удаа нэгдэн, том арга хэмжээ авч явуулж байлаа. НҮБ 2006 оны 1-р сард АНУ-ын удирдлаган дор тусгай ажиллагаа явуулжээ. Гэвч тэдний бэлдсэн Гватемалийн тусгайгийнхан ширэнгэн ойд БЭА-д бут цохиулсан юм. 2008 оны 12-р сард Уганда, Ардчилсан Конго улс, Өмнөд Судан хамтдаа ажиллагаа явуулсан ч бас бүтэлгүйтсэн. Эдгээр орон 2008 оны 6-р сараас холбоо тогтоон БЭА-ийн эсрэг тэмцэж эхэлжээ.





БЭА асар олон цэрэг бүхий, техник зэвсэг сайтай байнгын армийн эсрэг тулалдаж чадахгүй тул тэднээс зугтааж, Өмнөд Судан, Конго улсын хүрэхэд хэцүү уул, ой, модтой нутагт орогнодог. Тэндээс Уганда болон бусад орон руу халдлага үйлддэг байна. БЭА-ийнхан газар нутгаа сайн мэддэг, лагериа маш сайн нуудаг бөгөөд хамтарсан цэргийнхний бүслэлтээс голдуу зугтааж амждаг гэнэ.



Кони маш зальтай, тэрбээр өөрийн алуурчдад тулалдаж байгаа тухайн улсын цэргийн хувцсыг өмсгөн зугтаасан тохиолдолд нэг бус удаа гарсан. БЭА 2009 оны 8-р сард “Дэлхийн хатан хаадын Дарь эхийн сүм”-д баярын ёслолын үеэр халдаж, маш олон хүнийг хөнөөсөн.



Үүний дараа Суданы архиепископ Иоанн Креститель Одама олон улсад хандан тусламж хүсчээ. Гэтэл БЭА 2009 оны 12-р сард Конгод 300 гаруй хүнийг дахиад хөнөөв. БЭА олзлогдсон хүмүүсийг лагерьтаа тогтоон барьж байхын тулд цус нэгт омгийнхноо алахыг шаарддаг, эсвэл эрэмдэг болгодог. Хүмүүсийн уруул, чихийг голдуу тайрдаг гэнэ.



БЭА голдуу 12-16 насны жаахан хүүхдүүдээр армиа тогтмол сэлбэж байдаг учраас амь бөхтэй оршдог аж. Хүүхдүүдийг томчуудтай адилхан цэрэг болгон, тулаанд оруулдаг. Насанд хүрээгүй хүүхдийн үхлээс айх зөн мэдрэмж сайн хөгжөөгүй тул тэднийг удирдахад амар байдаг гэнэ. Тэгээд ч хүүхдүүд оргох нь цөөн байдаг аж.



АНУ 2001 оны 12-р сард LRA-г террорист байгууллагын жагсаалтад оруулжээ. Гэвч үнэндээ өрнөдийнхөн саяхан хүртэл энэ бүхнийг анзаараагүй мэт байсан шалтгаан тун энгийн. Тэр үед Судан бүхэл улс байсан юм. Одоо Судан хуваагдсаны дараа байдал өөрчлөгдөж байна. Тусгаар тогтнолоо зарлахаас ч өмнө Өмнөд Суданы удирдагчид БЭА-ийн командируудыг баривчлах боломжтой байсан.



Гэвч тэдэнд мөнгө, хүнс өгч, нэг ёсны татвар төлж, үүнийхээ ачаар БЭА-ийн дайралтаас өөрсдийгөө хамгаалж ирсэн гэдэг. Харин Өмнөд Судан улс байгуулагдсаны дараа LRA энэ улсын нутгийг ар тал болгон ашиглах аргагүй болжээ. LRA нь Арабын аль Баширын дэглэмийг дэмжин, иргэний дайныг аль болох удаан үргэлжлүүлэхийн тулд бүхнийг хийж ирсэн юм.




2005 онд Гааг дахь Олон улсын трибунал Джозеф Конийг хүн амыг бөөнөөр хоморголон устгасан, цэргийн гэмт хэрэгтэн гэж зарласан. Ер нь сүүлийн үед БЭА-ийн харгислал АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тэсвэрийг алдагдуулах болжээ. Тэрбээр 2009 оны 5-р сард тус гэмт бүлэглэлийг устгах, Хойд Угандад хууль ёсыг тогтоох захирамж гаргав. Харин 2010 оны 5-р сард АНУ-ын Сенат түүнийг баталсан. Гэсэн ч байдал нэг их өөрчлөгдсөнгүй.



Иймээс шинжээчид “АНУ аллага, дайнд өртсөн африкчуудад туслахаасаа илүүтэй Хартумын нэмэлт хүчийг устгах зорилго өвөрлөсөн бололтой. Яагаад гэвэл БЭА нь түүний холбоотон” хэмээн үзэж байна.



Сонирхолтой нь Конийн гэмт бүлэглэл тийм ч олуулаа биш. Олон орны цэргийнхэн хамтарсан ажиллагаа явуулсны дараа 500 хүртэл цэрэгтэй үлддэг гэнэ. Харин оргил үедээ БЭА-ийнхан 9000 хүрэх нь бий. Энд мэдээж, олзлогдсон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг оруулсан байх.



Энэ удаа дэлхийн олон нийтийн шийдвэр үр дүн өгөх болов уу? Өмнөх хамтарсан ажиллагаа БЭА-ийг нэлээд цөөрүүлдэг ч бүрэн устгаж байгаагүй. Тэд аливаа цохилтын дараа дахиад л хүмүүсийг олзлон авч, хүчээ нэмсээр байдаг. Африканский холбоо саяхан БЭА-ийн эсрэг бүс нутгийн тусгай арми байгуулахыг санал болгосон.



НҮБ-ын Аюулгүйн зөвлөл аргаа барж, “БЭА-ийн цэрэг дайчдыг хэвийн амьдралд оруулах хөтөлбөр” хэрэгжүүлэхийг хүсч байна. Гэвч хүмүүсийг хоморголон цуст хядлага хийхээс өөр амьдрал мэдэхгүй тэдгээр цэргүүд амгалан тайван амьдарч чадах болов уу? БЭА-ийнхан энэ талаар “Хэрэв бид зэвсгээ хураалгавал сайндаа л Угандагийн бөөнөөр хорих лагерьт шаналж тарчилж үхэх биз” гэж байна.



Үнэхээр ч Угандагийн Засгийн газар 1996 оны 9-р сараас БЭА-ийн эсрэг тэмцэх нэрийн дор ачоли омгуудыг бөөнөөр хорих лагериудад хүчээр хорьж эхэлсэн. Одоо бараг нэг сая гаруй хүмүүс энд бий. Тэд өдөрт 150 хүн нас бардаг гээд төсөөл дөө.



Зарим тоймчийн үзэж буйгаар ийм үүзэгдэл Африкт хэвийн явдал гэнэ. Цагаан арьст колоничлогчид болох англичууд, францчууд эндээс явсны дараа негр омог аймгууд хоорондоо дайсагнан, тулалдсаар байгаа билээ.



Иймээс Африкийн газар нутаг дээр өрнөсөөр байгаар цуст зөрчлүүдийн хариуцлагыг тэд л хүлээх гэнэ. Англи, Франц улсууд шугам тавьж байгаад тивийн газар нутгийг хувааж, шинэ орон улсуудыг байгуулж, зөрчилдөгч омог аймгуудыг суурьшуулснаар Пандорагийн хайрцгийг нээжээ. Ачоли үндэстэн л гэхэд дөрвөн улсын хилээр тусгаарлагдан, хуваагдсан байна.



Иймээс Хар тивд цуст хядлага дахиад олон жил үргэлжлэх төлөвтэй. БЭА шиг цуст хөдөлгөөнийг устгах ганц арга бол ачоли болон бусад үндэстэн ястны уламжлалт нутгийн хилээр тусгаар улс орнуудыг байгуулах хэмээн шинжээчид үзэж байна. Хэрэв үндэстэн ястан тус бүрд хөршүүдийн зүгээс ямар ч халдлага, довтолгоо ирэхгүй гэсэн баталгаа өгвөл олонх нь ширэнгэн ойгоос гарч ирэн, өөрсдөө ч цуст ажиллагаагаа зогсоох юм.



Гэвч НҮБ энэ талаар санаа тавихгүй байна. Учир нь өнөөгийн нөхцөл байдалд олон оронд ашигтай. Яагаад гэвэл дайн дажин, зөрчилт үед бохир уснаас ашиг олох хүсэлтнүүд олон бий. Өрнөдийн шунахай сувдаг хүмүүс зэр зэвсгийг дайтагч талуудад зарж, үлгэрийн мэт ашиг орлого олсоор байгаа.



Тэгээд оронд нь цуст алмааз болон үнэтэй үүлдрийн мод, алт, тантал зэрэг байгалийн баялгийг үнэгүй шахам тэднээс авч байна.

Орчуулагч Ашим

http://shizo-huyagaa.blogspot.com/