Google компани албан ёсоор санамсаргүй илгээх болоогүй байсан зурвасаа илгээчихсэний дараа засах сонголтыг албан ёсоор Gmail-д нэвтрүүллээ.

Та өнөөдрөөс эхлэн “undo send” буюу илгээлтийг буцаах гэсэн горимыг тохиргоо цэснээс сонгож болох нь. Тодорхой хугацааны дотор та илгээсэн зурвасаа устгаж болох бөгөөд шалгаж амжилгүй зурвас илгээнэ гэдэг явдал гарахгүй.


Одоогоос зургаан жилийн өмнө анх компани “undo send” үйлчилгээг нэвтрүүлж байсан ч зөвхөн Google Labs дотроос сонгодог нэмэлт программ байсан билээ. Мөн алдаа гаргадаг учир олон нийтэд шууд дэлгээгүй хэрэг.

Харин одоо хэрэглэгч тохиргоо цэснээс Undo Send гэсэн сонголтыг идэвхжүүлэн, 5-30 секундийн хугацаанаас сонгох юм. Ингээд Gmail таны цахим шууданг сонгосон хугацаанаас тань хамааран 5-30 секунд хүлээж байгаад илгээнэ гэсэн үг.


Энэ хооронд та шийдвэрээ өөрчлөхийг хүсэж undo товчлуурыг дарснаар цахим шуудан цааш явахгүй юм. Одоо Google-ээс хүсэхэд энэ сонголтыг Андроид систем дээр дэмждэг болоосой.

Сонирхуулахад үүнтэй төстэй илгээсэн цахим шууданг өөр захидлаар солих үйлчилгээ Microsoft Outlook дээр байдаг хэдий ч зөвхөн илгээсэн болон хүлээн авсан хэрэглэгчид заавал Microsoft Exchange цахим шуудангийн үйлчилгээг ашигладаг тохиолдолд хэрэглэж болдог.
Эх сурвалж: gogo.mn