Түүх сөхөж үзвэл зөвхөн 17-р зуунд африкийн 12 сая иргэдийг Карибын тэнгис, Бразил, Мексик, АНУ-д хүчээр авчран, боол болгон худалдсан байна. Эдгээр боолуудын дийлэнх хувийг нь Карибын тэнгис, Бразил дахь элсэн чихэр тариалдаг колони руу илгээдэг байж. Африкаас ирсэн боолуудын дундаж наслалт бага байсан учраас үе үе боолуудыг шинээр авчирдаг байсан байна. 17-р зуунд Африкаас гарсан 12 сая боолуудын таван хувийг нь буюу 600 мянган хүнийг Америкт авчирсан байдаг. Америкт хүргэгдсэн африк иргэдийн дундаж наслалт харьцангуй өндөр байсан бөгөөд 1860 оны хүн амын тооллогоор 4 сая боол бүртгэсэн байна. Америкт африк иргэд илүү сайн идээшин дассаны гол шалтгаан нь хоол ундны чанар сайн, халдварт өвчин бага, ажлын ачаалал харьцангуй хөнгөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанартай байсантай холбоотой бөгөөд нэг жилд нас барсан хүмүүсийн тооноос шинээр төрсөн хүүхдийн тоо олон байдаг байжээ.

Умард Америк дахь боолуудын тоо Европын улс орнуудаас хурдацтай, түүнчлэн Англи улсынхаа хоёр дахин илүү байсан гэх түүхэн баримт бий. АНУ-ын хувьд боолчлол 1619-р онд тухайн үеийн Британийн колони Виржин мужийн Жемстаун хотод хамгийн анхны 20 африк хүн хөл тавьснаар эхэлжээ. Тэд тухайн үеийн хамгийн өгөөжтэй наймаа болох тамхины тариалангийн ажиллах хүч болон ирсэн юм. 17, 18-р зуунд Америкийн колони улс орнуудад Африк гаралтай америк боолууд шинэ нэгдсэн улсын эдийн засгийн суурийг босгоход онцгой үүрэг гүйцэтгэжээ.

Африкаас боол авчрах нь ядуу, орлого багатай Европ иргэдийг ажиллуулахаас хямд мөн үр ашигтай гэж Умард Америкт суурьшихаар ирсэн Европчууд үзсэн байна. Түүхчид 17-р зуунд 12 сая, 18-р зуунд 6-7 сая эрүүл чийрэг, хөдөлмөрлөх чадвартай эрчүүд, эмэгтэйчүүдийг Африкаас боол болгож авчирсан түүхтэй. Шинээр суурьшсан нэг газрын эзэн 50 хүртэлх тооны боолтой байсан гэх тооцоо бий. Боол хүн уншиж бичиж сурах эрхгүй, зан байдал, хөдөлгөөн бүрийг нь хязгаарлаж, хянадаг байсан юм. Боолууд хоорондоо гэр бүл болж, олон хүүхэд төрүүлэхийг газрын эзэд дэмждэг байсан ч эцэг эхийг үр хүүхдээс нь, ах дүүсийг биесээс нь салгаж худалддаг байжээ.

http://www.hiub.mn/