Бондын зарцуулалтын талаар ярихаас биш эргэн төлөлтийн талаар нэг ч эрхэм өнөөдрийг хүртэл ам нээсэнгүй. Улсаа ломбардаж байж оруулж ирсэн энэ их мөнгийг юунд зарцуулах нь хэдэн сарын турш тодорхойгүй байлаа. Мөнгө нь Монголын талын дансанд орж өрийн тоолуур ажиллаад эхэлсэн талаар ах намынхан амаа чилтэл ярив. Харамсалтай нь, эрх баригчдын инээдийг хүргэхээс хэтэрсэнгүй. Ямартаа л өвлийн улиралд бонд арилжсан нь алдаатай бодлого гэж ах намынхан уцаарлаж, арга нь барагдсан байдалтай учирлаж байх вэ дээ.
Өнгөрсөн долоон хоногт Засгийн газрын тэргүүн мэдээлэл хийхдээ бондын хөрөнгөнөөс ердөө л 347 сая ам.доллар үлдсэн гэдгийг хэлсэн. 1.5 тэрбум ам.доллараас үлдсэн нь тэр. Бусдыг нь нэлээд хэдэн төсөл, хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөчихсөн.
Зарим нэгнийх нь хөрөнгийг шилжүүлсэн хэмээн зарласан юм. Гол нь халамжийн шинжтэй зүйлд зарцуулаагүй, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан гэдгийг Н.Алтанхуяг сайд тодотгосон. Тухайлбал, цахилгаан станц барихад 50 сая, "Гудамж" төсөлд 200 сая, "Шинэ төмөр зам" төслийг хэрэгжүүлэхэд 200 сая орчим ам.доллар, зургаан аймгийн төвийг нийслэлтэй холбоход 570 тэрбум төгрөгийг зарцуулахаар болжээ.
Мөн ноос ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд 68.8 сая, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихэд 27.7 сая ам.долларыг гаргахаар төлөвлөсен аж. Төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг харахын тулд мэдээж тодорхой хугацаа шаардлагатай.
Хамгийн гол нь өрийн тоолуур хэзээ ч зогсохгүй. Бас эвдэрч, гацахгүй гэдгийг эрх баригчид маань мэдэж л байдаг байгаа. Өнөө маргаашаа харж, хэдэн төгрөгөө янз бүрийн зүйлд зарцуулсан болж харагдах биш эргэн төлөгдөх нөхцөлийг нь давхар тооцоолж баймаар.
Алдарт бондын эхний 500 саяыг дөрвөн жилийн дараа эргүүлэн төлнө. Чингис бондын 500 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, таван жилийн хугацаатай бондыг жилийн 4.125 хувийн хүүтэй, нэг тэрбум ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 10 жилийн хугацаатай бондыг 5.125 хувийн хүүтэй авсан. Хүүг хагас жил тутамд нэг удаа төлөх бөгөөд эцсийн төлөлт 500 сая ам.долларын үнэт цаасны хувьд 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр, нэгтэрбум ам.долларын үнэт цаасны хувьд 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд хийхээр байгаа.
Эхний таван жилд төлөх жилийн хүүгийн хэмжээ 71.9 сая ам.доллар, 2013 оны зургадугаар сард бондын эхний хагас жилийн хүүгийн төлбөрт 35.85 сая ам.доллар төлөх тухай ах намынхан тодотгоод буй. Тэгвэл энэ мөнгө өнөөдөр бидэнд бий билүү.
Дэмий л толгой эргэсэн олон тоо хэлж, чухам л бүтээн байгуулалтад зарцуулаад байгаа гэхээс өөр үггүй суугаа. Бондыг дансанд орсны дараахан Ерөнхийлөгч иргэн бүр хариуцлагатай байхыг анхааруулж, хүн бүр энэ өдрөөс эхлэн өртэй гэдгээ санаж, улсаа харийн оронд барьцаалчихсан байгаагаа сайтар санаж явахыг сануулсан юм даг. Муугаар хэлэхэд, өрөө төлж чадахгүй бол харь нутагт клончлогдох аюултай. Гол нь энэ үг бүх хүнд хамаатайг хариуцлагатайгаар мэдэгдсэн юм. Тэгэхээр 2013 оны зургадугаар сард төлөх 35.85 сая төгрөгийг хаанаас гаргах уу.
Монгол Улсын сейпэнд энэ хэмжээнии мөнгө бий юу, Сангийн сайд аа. Бондын үлдэгдэл 347 сая ам.доллараас шилжүүлэхчихнэ дээ гэж сэтгэлээ тайвшруулж сууна уу. Орж ирсэн мөнгөө эхнээс нь хүүнд нь зарцуулаад эхлэх нь хир зүйтэй алхам юм бол, Н.Алтанхуяг сайд аа.
Лав л оновчтой хувилбар биш байх. Тийм биз эдийн засагчид аа. Нэг л мэдэхэд, 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хүүгийн хэмжээ 71.9 сая ам.доллар нэхэгдэнэ. 2016 оны сонгуульдаа сохорч, урдахаа сөхөөрөх завгүй гүйж байх зуур өрийн албан бичиг угтаад байж байх вий.
Магадгүй төрд эргэлт гарч, Засгийн эрхэнд ах намынхан гарвал өмнөх Засгийн газрын өрийн дарамтын талаар үнэн худал нь мэдэгдэхгүй улстөржсөн асуудал л байнгын ажиллагаатай парламентын гол сэдэв болж хувирна.
Аваагүй гэж хэлэхгүй ч арга замыг нь олоод төлчих байсан гэж тэр үед томрох вий. Яана даа, эрх баригчид минь, алсын хараатай л амьдраарай даа.
Д.Дорж
Эх сурвалж: