1990 онд 8 настай байсан хүүхэд одоо гуч гарчээ. Монголын боловсролын дампуурлын золиос бологсод өнөөдөр нийгмийн бүхий л салбарт хүч түрэн орж ирж байна. Тэр дундаа төр засгийн албан тушаалуудад амьдралын туршлагагүй, мэдлэг боловсролын хувьд хов хоосон нөхдүүд олноор очицгоожээ. Тэд одоо юу хийж чадах бил ээ.

Дур хүсэл, бодол санаагаа ч ялгаж чадахгүй хүүхэд-залуучууд дарга царайлан сууцгаахаас хэтрэхгүй нь... Ардчилсан хувьсгалын буянаар Монголын боловсролын салбар дампуурсан. Үүний үрд мэдлэг боловсролын үнэ цэнэ үгүй болж, ромбо, диплом гэсэн “зэвтэй төмөр”, “цавуутай цаас” үнэд хүрсэн. Энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

Өнгөрсөн хориод жилийн хугацаанд Монголын боловсролын салбар өөрчлөлт, шинэчлэлт нэртэй туршилтуудын талбар болсон. Анхны хувийн их дээд сургууль байгуулагдаж мэдлэг боловсролгүйчүүдийг воган воганаар нь үйлдвэрлэж эхэлсэн.Ерөнхий боловсрол арван нэгэн жил, арван хоёр жилийн сургалтанд шилжиж байгаа нь энэ гээд бүгдийг харанхуй, хүчээр хүчиндэн хийцгээсэн. Одоо энэ бүхний горыг Монгол улс өөрөө амсаж байна. Өөрсдийнхөө сургасан, диплом гардуулсан залуучуудынхаа гарт одоо монгол улс сүйрч байна. Бид тэднийг өөрсдөө л бүтээсэн шүү дээ.

Ардчилсан хувьсгалыг хийгчид өөрсдөө олигтой мэдлэг боловсролгүй хүмүүс байсан учраас тэд мэдлэг боловсролын асуудал улс орны амин асуудал гэдгийг ухаарч чадаагүй. Нэг ангид хэдэн хүүхэд суулгачихад л боловсрол болчихдог гэсэн нимгэн төсөөлөлтэй хөнгөн шингэн хүмүүс энэ салбарыг удирдаж ёстой тоглох шиг болсон. Үүний цаана Монголын ирээдүйг балалж байгааг тэд ухаарч ойлгосон болов уу. Ойлгосон л байгаасай даа.

Ойлгосон ч байсан өнөөдөр нэгэнт оройтож дээ. Сүүлийн хориод жилийн турш боловсролын туршилтанд өртсөн олон мянган залуучууд өнөөдөр нийгмийн бүхий л салбарт урсан орж ирснээр нийгмийн бүхий л салбарыг замбараагүй болгож товчхондоо “хүнд өвчтэй” болгож байна. Яагаад монголын нийгмийн бүхий л салбар асуудалтай байгаагийн гол шалтгаан ерөөсөө бүрэн боловсорч чадаагүй хүмүүсээс болж байна. Тэд ажлаа мэдэхгүй алдаа гаргаж байна шүү дээ.

Монголын боловсролын яам нь хүртэл боловсорч чадаагүй хүмүүсээр дүүрчээ. Ядаж боловсролын салбараа улс төржилтөөс ангид байлгаж чадсан бол ийм зүйл болохгүй л байх байлаа. Гэвч нэгэнт оройтжээ. Нам дагаж, дарга нарын цүнхийг барьж гүйсэн нөхдүүд сайд, газрын дарга нар болоод улс орны амин чухал асуудлуудыг харанхуйгаар шийдэцгээж байна. Одоо тэгээд энэ бүхнийг яах вэ дээ. Ямар арга хэмжээ авах вэ?

Гарын үсэг зурах эрх бүхий дарга царайлсан мяраалаг залуусын толгойнд юу ч байхгүй гэдгийг өнөөдөр дээр дооргүй хүлээн зөвшөөрцгөөе. Тэдний хийж чадах зүйл бичиг цааш нааш нь цааш нь зөөх. Тэд бодлого боловсруулж, бие даан зөв шийдвэр гаргаж чадахгүй. Салбар салбарын яаманд мэргэжилтнүүд нэртэй “мэргэжилгүй” хүмүүс юу хийж чадах билээ. Боловсролын яамны мэргэжилтнүүд өөрсдөө мэргэжилгүй, цаашлаад мэдлэг чадваргүй хүмүүс. Тэдэнд монголын боловсролын салбарыг авч явах хөтөлбөр төлөвлөгөө байхгүй. Тэд сайдынхаа тушаалыг биелүүлж, намынхаа бодлогыг л үг дуугүй гүйцэтгэнэ.

Энэ бол зөвхөн боловсролын салбарт байгаа “халдварт өвчин” биш бусад бүхий л салбаруудад ч адилхан байгаа. Ерөөсөө Монголд болж байгаа ганц зүйл байхгүй байгаагийн гол шалтгаан бол энэ. Дахин боловсруулах, дахин мэдлэгжүүлэх хөтөлбөр боловсруулж түүнийг улс орон даяар хэрэгжүүлэх ганц л гарц харагдаж байна. Гэвч үүнийг хэрэгжүүлэх эрх баригчид нь өөрсдөө мөн боловсролгүй байгаа нь бас нэг том асуудал болон тавигдаж байна..