Өнгөрсөн зун би Монголд аялахаар ирсэн нэгэн европ хосын хөтөч орчуулагчаар ажилласан юм. 30 гаруй жил хамт амьдарсан тэр хоёр хөгшин баян чинээлэгтээ ийнхүү Төв Азийн өндөрлөгт ирсэн хэрэг биш, харин насаараа төлсөн тэтгэврийн хурмитлалаараа, амьдралын нар хэвийх үед дэлхийг тойрон аялахаар шийдсэн нь тэр байж...

Энэ жишээг бодох бүрт би хувийн тэтгэврийн сан хэчнээн чухал болохыг ойлгодог юм. Яагаад гэвэл эмээ, өвөө хоёр минь насаараа л нийгмийн даатгалаа улсад төлсөн хүмүүс. Бүх амьдралынхаа турш нийгмийн даатгал төлсөн хирнээ нэрийн дансандаа хэдэн төгрөг хуримтлуулснаа ч мэдэж амжилгүй мөнх бусыг үзүүлцгээсэн дээ. Харин миний хувьд нийтлэлийн эхэнд дурьдсан европ хос шиг төлсөн хуримтлалаараа хилийн дээс алхаж, хорвоо ертөнцийг өөртөө нээхсэн гэсэн хүсэл мөрөөдөл өвөрлөх болсон юм.

Хар ухаанаар тооцоод үзье л дээ. Би нийгмийн даатгалд сард 54,000 төгрөг төлдөг. Үүн дээр ажил олгогчоос багахан нэмэгдэл нэмэгдэнэ. Жилдээ миний тэтгэврийн нэрийн дансанд сайндаа л сая гаруй төгрөг төвлөрдөг гэсэн үг. Би 20 жил тасралтгүй ажиллаад, даатгал төллөө гэхэд ердөө л 20 сая төгрөг цуглуулах нь. Ингэхээр юун аялал, юун хуримтлал болох нь дээ. Бас нэг тооцоо байна.

Манай улсын хувьд 2014 онд нийгмийн даатгалын сангийн орлогын ердөө 69 хувийг буюу 959 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын сангийн шимтгэлийн орлогоос бүрдүүлж, нийт 242 200 тэтгэвэр авагчдад 725 тэрбум төгрөгийн өндөр насны тэтгэврийг олгожээ. Эндээс үзвэл нэг тэтгэвэр авагч сард дунджаар сарын дундаж цалингийн 50 хувьд ч хүрэхээргүй хэмжээний мөнгө буюу 249 600 төгрөгийн тэтгэвэр авчээ.

Гэтэл тэтгэврийн сангийн систем өндөр хөгжсөн орнуудад байдал эсрэгээрээ. Голландад иргэд нь сард 4825 ам.долларын тэтгэвэр авч байна. Энэ бол тухайн орны дундаж цалингийн 90 хувьтай тэнцүү тоо юм. Харин Шведэд бол 3352 ам.доллар байхад Германд 2078 "ногоон", Англид 1521 ам.доллар бол АНУ-д 1499 ам.доллар байх жишээтэй. Эндээс үзвэл тэтгэврийн насны монголчууд маань голланд хүнээс 37 дахин, америк, англичуудаас 12 дахин бага хэмжээний тэтгэврийг авч байна.

Нийгмийн даатгалын сан сайн хөгжсөн орны иргэд яагаад ийм өндөр тэтгэвэр аваад байгаагийн шалтгаан нь юу вэ? Энэ асуултын хариулт маш энгийн. Тэдгээр улсуудад иргэд нь зөвхөн төрийн даатгалын системийг хараад суух биш хувийн тэтгэврийн санд идэвхитэйгээр хамрагдаж, хуримтлалаа өсгөдөг байна. Ингэснээр тухайн хүн зөвхөн төрийн даатгалаас гадна өөртөө хуримтлал үүсгэж, түүнийгээ тэтгэвэрт гарахаараа авах, эс бөгөөс үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх ч эрхтэй.

Ийм л тогтолцоо манай улсад үгүйлэгдэж байна. Би ч ялгаагүй ийм санд нэмэлтээр хуримтлал үүсгэж , хэзээ нэг өдөр ханьтайгаа дэлхийг тойрч, эсвэл үндэстэн дамнасан томоохон корпорациудын хувьцааг худалдаж аваад, үр хойчдоо ч хөрөнгө оруулалт хиймээр байна.

Хөгжингүй орны иргэдийн хөлжсөн арга хэмээгдэж буй энэхүү хувийн тэтгэврийн сангийн талаар энгийнээр тайлбарлая. Ажил олгогч, ажилтан сайн дурын үндсэн дээр хувийн тэтгэврийн сантай гурвалсан гэрээ байгуулснаар тухайн хүн сар бүр өөрийн цалингаасаа тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулах боломж нээгдэх юм.

Ингэснээр таны нэрийн дансанд тодорхой хэмжээний мөнгө хуримтлагдах төдийгүй, тэтгэвэрт гарах насандаа мөнгөө бүгдийг бэлнээр нь эсвэл сар бүр гэх мэтээр авч болно.

Сайн мэдээ нь манай улсад цөөн хэдий ч хэд хэдэн компани ийм сан үүсгэн байгуулж, монголд хувийн тэтгэврийн сан хөгжих үндсийг тавьсан байна. Ихэнх нь ажилтнуудын сар бүрийн цалингийн 2-5 хувь, дээр нь ажил олгогч яг үүнтэй адил хэмжээний мөнгийг тус санд хуримтлуулж, мөн жил бүр тодорхой хэмжээний өгөөжийг олгодог аж. Тодруулбал та сард цалингаасаа 50.000 төгрөг хуримтлуулвал ажил олгогчийн зүгээс мөн адил 50.000 төгрөгийг нэмж хурмитлуулна гэсэн үг. Мөн хуримтлуулсан мөнгөөрөө өндөр ашигтай хувьцаа бондод хөрөнгө оруулж, эсвэл өндөр хүүтэйгээр банкинд хадгалуулах сонголтоо хийснээр мөнгөө давхар өсгөх боломжтой.

Жишээ нь, би сард 800 мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Манай компани хувийн тэтгэврийн санд нэгдвэл би цалингийнхаа дөнгөж таван хувийг л яг өнөөдрөөс эхлэн тэтгэврийн санд хуримтлуулснаар хуримтлалын өгөөжтэйгөө нийлээд арван жилийн дараа 19 сая, 25 жилийн дараа 216 сая төгрөгтэй байх нь. Ийм байхад тэтгэврээрээ хүссэн газартаа аялж, хүссэн хөрөнгө оруулалтаа хийхэд учрах саад үгүй байх нь ээ.

Харин ажил олгогчдын хувьд хувийн тэтгэврийн санд нэгдэх нь, өндөр үр бүтээлтэй чадварлаг боловсон хүчнийхээ урт хугацааны ашиг сонирхлыг хангах, нөгөө талаар нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй хэрэг юм.

Нэг ёсондоо хувийн тэтгэврийн сан гэдэг нь таны ирээдүйн санхүүгийн баталгаа, таны бизнесийн үнэт баялагийг хамгаалагч гэсэн үг ажээ.

http://edu.golomtbank.com/