Монголын толгой баячуудаас нэр бүхий нэлээд хэдэн хүн УИХ-д сууж байгаа. Тэдний ашиг сонирхол нь парламентад сууснаар өөрсдөө янз бүрийн хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барих.

Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулган эхлээгүй байхад “МСS”, “АПУ”, “Моннис”, “Таван богд”, “Номин”, “Женко”, “МАК” зэрэг компани өөрсдөдөө зориулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлуулахаар зэхэж байсан юм. Харин өдгөө эл хуулийг батлуулахаар УИХ-д суугаа компанийн боссууд үхэн хатан улайрч байна.

Хэрвээ энэ хууль батлагдвал тэд татвараас чөлөөлөгдөнө гэсэн үг. Гэхдээ дээрх хуулийг ихэнх гишүүд зөвшөөрч байгаа юм. Тэд үүнийг тайлбарлахдаа “Гадна, дотно гэлтгүй бүх хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллах их ашигтай хуулийн төсөл шүү дээ” хэмээн хэлж байсан.

Өнөөдөр гадаад валютын үнэ ханш галзууртлаа өсөж, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадах болсон нь зарим нэгэн эрх баригчдад бараг л олз болсон байна. Энэ л эгзэгтэй үеийг нөхдүүд далимдуулан өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх гэж улайм цайм оролдож байх юм.

Уг нь эл хуулийн төслийн гол зорилго нь анх гадны хөрөнгө оруулагчдыг татаж гаднаас орж ирэх валютыг нэмэхийн тулд гадаадын томоохон хөрөнгө оруулагчдыг тодорхой хэмжээгээр урт хугацаанд татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулна гэж ярьж байсан. Анх зөвхөн гадны хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэж байсан хуулийн төсөл нь сүүлдээ бүр хэдэн эрх мэдэлтнүүдийн компанийг татвараас бултуулах , гэсэн хуулийн төсөл болж хувирч байна.

Тэд эл хуулийг яаралтай батлуулж татвараас чөлөөлөгдөхийн тулд “Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой. Тиймээс экспортын бүтээгдэхүүний үнэ хоёр дахин унаж, мөн хэмжээ нь багассан учраас дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг яаралтай хамгаалах хэрэгтэй” гэж ярьж байгаа юм.

Харин зарим эдийн засагчийн үзэж буйгаар энэ хуулийн төслийн цаана хэн нэгэн эрх мэдэлтний өмч хөрөнгийг арвижуулах гэсэн “Захилгат хууль” явж байгааг онцолсон. Хэрвээ ихэнх гишүүд сайшаагдаж байгаа эл хуулийн төсөл батлагдвал “Дотоодын хөрөнгө оруулагч” гэх нэртэй “Шинэ эзэд”-ийн эрх ашиг бүрэн утгаараа хамгаалагдах юм.

Гэхдээ эл хууль нь жижгүүдийг “шахаж” “томчуудыг” дэмжсэн хуулиин төсөл болж батлагдах гэж байгаа нь харамсалтай. Тухайлбал “Таван тэрбумаас таван их наяд төгрөг хүртэлх хөрөнгө оруулалт хийсэн бүх компани 10 нэр төрлийн татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээнээс хамааран 8-18 жилийн хугацаанд татварын хөнгөлөлтөд хамрагдах” гэнэ. Тэгэхээр тэдний тавьж буй дээрх шаардлага нь амьдралд хэр нийцтэй юм бол гэдэг нь их сонин.

Өнөөдөр манай улсад тэр их хэмжээний хөрөнгө мөнгөтэй хүн гарын арван хуруунд багтахаар цөөхөн бий гэдгийг хүн бүхэн мэднэ. Нөгөө л бидний нэрлэж мэддэг “МСS”, “МАК”, “АПУ”, “Бодь”, “Женко” “Моннис” гэх цөөхөн хэдэн компани хөрөнгө бэлээрээ гайхуулж бизнесийн бүхий л салбарт өөр өөрсдийн гэсэн охин компанитай учраас “Хөрөнгө оруулалтын тухай хууль” нэрийн дор улсад татвар төлөхгүй хэмээн ийнхүү зүтгэж байгаа нь бусад жижиг компаниудыг зах зээлээс шахан гаргах тэдний нэг арга юм.

Тэд өөрсдийгөө ядуу буурай улс эх орныхоо ихэнх төсвийг бүрдүүлэхэд бид л тус болдог хэмээн их л омогшингуй байдаг тухайгаа олонтаа хэвлэлээр ярьж байсан. Тиймээс л тэд аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэгчээр охин компаниудаа татвараас чөлөөлүүлэх мэргэн санааг олж уг хуулийн төсөлд тусгажээ. Гэхдээ уг хуулийн төслийг хэлэлцэж байхад зарим гишүүн эсрэг саналтай байгаагаа УИХ-ын даргад уламжлаад авсан гэсэн.

Ямартай ч эл хууль батлагдсан тохиолдолд улсын төсөв хоосорч цөөн тооны хэдэн нөхөр арабын шейх шиг амьдрах нь тодорхой болж байна.

Р.Саруул Эх сурвалж: Өглөөний сонин