Та бүхэнд Германы Süddeutsche Zeitung сонины 2015 оны 1 сарын 2-ний дугаарт хэвлэгдсэн Себастиан Шөпп-ийн "Баян орны ядуу иргэд" нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Гадаа хүйтэнд хүмүүс дагжин чичирч байхад дотор халаагуур чинээндээ тултал xaлж, пүн хийсэн дулаахан байна. Европод яг энэ мөчид хүмүүс шинэ ухаалаг утсаараа эсвэл зул сарын баяраар бэлгэнд авсан өөр бусад зүйлээрээ тоглож cyyна. Эрчим хүчний үнэ буурч, түрийвчинд үлдэх мөнгөний хэмжээ нь ихэссэн болохоор бэлэг нь урьд урьдынхаасаа илүү том, тансаг байсан байх л даа. Дэлхийн нэг өнцөгт худалдан авахын баяр хөөрийг авчирч байгаа зүйл нь дэлхийн нөгөө өнцөгт бүхэл бүтэн улсын нийгмийн тогтолцоог ганхахад хүргэж байна. Венесуэл улс түүхий эдийн үнэ унаснаас болж төлбөрийн чадваргүй болох вий, дээр нь газрын тосны борлуулалт дээр суурилагдсан нийгмийн загвар нь нуран унах вий хэмээн түгшиж байна.

Энэ хоёр зүйл бол хоорондоо салшгүй холбоотой юм. Өндөр хөгжилтэй орнуудын эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд дэлхийн бөмбөрцгийн Өмнөд хэсэгт оршдог ихэнх улс орнууд Умардын орнуудад зөвхөн түүхий эд, байгалийн баялагаа нийлүүлдэг тогтолцоо бий болсон. Тэд зөвхөн газрын тосоор хязгаарлагдахгүй Умардын баян улс орнуудын хэрэгцээт зүйл болох Гондурасын кавендиш гадил жимснээс өгсүүлээд гар утас үйлдвэрлэхэд хэрэглэгддэг Конгогийн колтан, цаашлаад Нью-Йорк, Франкфуртын санхүүгийн биржийнхнийг хөөpлийн байдалд оруулдаг цагаан нунтгийн түүхий эд болох Боливийн кока навч хүртэл хэрэгцээтэй гэсэн бүх зүйлийг нийлүүлдэг.

Түүхий эдийн борлуулалтын орлогыг зөвхөн цөөн тооны элитүүд хуваан хүртдэг.

Түүхий эд нийлүүлэгч орнуудын эдийн засгийн загварыг мэргэжлийн хүмүүс „экстрактивизм" гэж нэрлэжээ. Энэ нь „газраас ухаж гаргаж авсан эсвэл модноос түүж авсан зүйлээ арилжиж амьдрах" гэсэн утгатай үг юм. Экстрактивизм нь эрт дээр үеэс буюу колоничлолын үеэс угшилтай феодалын нийгмийн бүтээгдэхүүн болох „жижиг элитүүд"-ийг баяжуулдаг муу талтай юм. Ард иргэдийн дийлэнх нь байгалийн баялгийг уурхайгааc yxaн гаргаж ирэx эсвэл байгальд ургасан түүхий эдийг түүх, тариалангийн талбайгaac ургац хураах г.м. ажлуудыг гүйцэтгэж хоногийн хөлсөөр голоо зогоодог, тодорхой сурсан мэргэжилгүй цагийн ажилчин хүмүүс болж хувирдаг. Харин дэлхийн баян орнууд энэхүү бүтээгдэхүүнийг нь амандаа орсон үнээpээ худалдаж авдаг.

Түүхий эд нийлүүлэгч улсуyдaд их орлого орж ирдэг боловч тэдний эдийн засгийн бүтэц нь тухайн орны баячуудыг улам баян болгоход чиглэсэн байдаг юм. Тэд үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд байгуулж хөгжүүлэх сонирхолгүй байдаг байна. Эдгээр улс орнуудын засгийн газар нь гэрээт худалдан авагчид (клиентелизм), нэг хүний дэглэм (авторитари дэглэм) ба хээл хахууль дээр тогтдог. Эдгээр орнуудын засгийн газар aрдчилсан бүтэцтэй байх нь тун ховор. Экваторын Гвинэйгээс өгсүүлээд Сауди Араб, Казакстан хүртэл дийлэнх улсуудад дарангуйлагчийн засаглал ноёрхож байна.

Газрын баялгаа зарж амьдардаг өрөөсгөл эдийн засагтай (монокултуртай) орнуудад үнийн хэлбэлзэл маш эмзэг тусдаг байна. Үүнээс болж эмх замбараагүй байдал үүсч, ядуурал бий болж ард иргэд нь ядуурлаас зугтан дүрвэж Европын улсууд руу гарцгаадаг. Европчууд үүнд нь дургүйцдэг. Үнэн хэрэгтээ эдгээр цагаачид Умардын улс гүрнүүдийн оролцоотой бий болсон бүтцээс зугтаж байгаа хэрэг юм. Колоничлож байсан улсуудынхаа нийлүүлсэн түүхий эдийн ачаар одоогийн өндөр хөгжилтэй орнууд өдий зэрэгт хүрсэн ба түүхий эдийн энэхүү урсгал нь чиглэлээ одоо ч өөрчлөөгүй байна.

Африк, Латин-Америк, Ази тивийн дийлэнх орнууд газрын баялгаар баян боловч эдгээр улсуудад харин ч эсрэгээрээ ядуурал газар авсан байдаг нь зөвхөн өнгөц харахад ойлгомжгүй санагдаж болох юм. Үнэн хэрэгтээ бол ийм байхаас ч өөр аргагүй юм. „Латин-Америкийн эд баялаг нь Латин-Америкт шүглэсэн хараал юм." гэж өнгөрсөн зууны эцсээр дээр дурьдсан байдлыг сайжруулж өөрчлөхийн төлөө гарч ирсэн Уругвайн зүүний үзэлтнүүдийн нэг, агуу сэтгэгч, зохиолч Эдyардо Галеано бичиж байлаа. Венесуэлийн Уго Чавес мөн түүнтэй нэгэн адил үзэлтэй хүн байжээ. Тэрбээр газрын тосноос олсон орлогыг олон түмэнд хүртээж нийгмийн төслүүд мөн эрүүл мэндийн бүтцийг санхүүжүүлж байв. Үүнийхээ ачаар ч тэр сонгуульд найдвартай ялалт байгуулж иржээ.

Гэвч газрын тосны үнэ ханш унаж байгаа өнөө үед 2013 онд нас барсан удирдагч Уго Чавес ямар алдаа гаргасан нь тодорхой харагдаж байна. Тэрбээр хүнд хэцүү цаг үе ирэхэд хэрэглэх нөөц бэлдээгүй аж. Уго Чавес тухайн үед yндран орж ирж байсан орлогыг эдийн засгаа урт удаан хугацааны турш хөгжүүлэх юм уу эсвэл орчин үеийн боловсролын бүтэц бий болгож хөгжүүлэхэд ашиглаагүй байна. Одоо Венесуэл улс газрын тосноос урьдынхаасаа улам ихээр хараат болсон ба нийгмийн амар тайван байдал аюулд өртөөд байна. Латин-Америкийн өөр бусад олон орнуудaд дээрхийн адил бэрхшээл учраад байгаа билээ.

Hэгэнт түүхий эдийн нийлүүлэгчээр тунхаглагдан зарлагдсан улс орон энэ үүрэг хариуцлагаасaa тийм амар мултрах аргагүй юм. Энэ нь зөвхөн Оросуудад хамаатай үг бус. Эквадорын ерөнхийлөгч Рафаэл Корреа ч мөн „Үүнээс өөр арга зам хайж олохын тулд Эквадор улсад хөрөнгө мөнгө хэрэгтэй байна. Xэрвээ дэлхий нийт тус улсад газрын тос олборлоогүйгээс болж үүсэх зардлыг нь төлнө гэвэл байгалийн хамгаалалттай бүс дэх газрын тосоо олборлохгүй." гэсэн санал тавихдаа үүнийг тодоор ойлгох ёстой болсон. Дэлхийн бусад орнууд ядуу Эквадорд туслах гэж хуруугаа ч хөдөлгөөгүй. Корреа харин шарандаа ширэнгэн ойд газрын тос олборлох шийдвэр гаргажээ. Үүнийхээ төлөө тэрбээр байгаль хамгаалагчдын зүгээс маш хатуу шүүмжлэл сонсох болжээ.

Гэвч ядуу хүмүүсийг шийдвэрээсээ татгалзахыг шаардаж болох уу? Харин ч Умардын улсууд экстрактивизмыг зогсооход голлон хувь нэмрээ оруулах хэрэгтэй юм. Умардын орнууд хөгжил дэвшил гэдгийг материаллаг эд зүйлсийг эцэс төгсгөлгүй овоолж цуглуулахын нэр гэж ойлгодгоо, дэлхийн нөгөө хэсгийг өөрийн эдийн засaгт түүхий эд нийлүүлэгч төдийхнөөр хардгаа болих хэрэгтэй юм. Умардынхан өрөөсгөл эдийн засагтай дээрх улс орнуудад энэ бүтцээ өөрчлөхөд нь туслах эхний алхмуудыг хийж болох юм. Гэвч дассан зангаа өөрчлөх шинж огт харагдахгүй байна. Шинэхэн гар утаснуудаасаа удалгүй уйддаг болоод тэр юм уу даа…

Орчуулсан: Оно Бату

Орчуулгын эх сурвалж: Өмнөд Германы сонин (Süddeutsche Zeitung), 2015 оны 1 сарын 2

Эх сурвалж: www.golomt.org