-АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-ыг Засгийн газраас хөөх шийдвэр гаргалаа-



Хагас жилийн өмнө хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэж, хамтдаа Монгол Улсын эдийн засгийн хямралын эсрэг тэмцэхээ мэдэгдэж байсан МАНАН-ын зам өнгөрөгч баасан гарагийн оройноос эхлээд салж байна. Нэг ёсондоо түүх давтагдаж байна гэсэн үг. 2008 онд хамтарч ажиллаж байсан АН-ынхан 2011 онд гэнэтхэн л Засгийн газраас гарснаа мэдэгдэж МАН-ыг хаяж байсан шиг 2016 оны сонгуулийн өмнө дахиад л МАН-аар тоглож орхилоо. Энэ удаад бүр хөөгдөж байна. Хаягдаж үлддэг гэдгээ мэдсээр байдаг атлаа хамтарч ч хашрахгүй юм, тэд.

Мэдээж энэ эцэслээд гарчихсан шийдвэр биш. Гэхдээ л АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж энэ шийдвэрийг гаргасан учраас АН-ын бүлэг ч дагах нь зүйн хэрэг. Харин нөгөө талд МАН хөөгдөх үү гэдэг нь мөн л ярианы сэдэв болох учиртай. МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдааныхаа үеэр яагаад хөөгдсөн бэ гэдгээ ярилцахаар АН-ын дарга З.Энхболдыг хуралдаа “урьж” мэдээлэл авахаар болжээ. Мөн Удирдах зөвлөлөө ч хуралдуулах юм байна. Ингэснээр АН-ын хөөх шийдвэрийг хүлээж авах уу, аль эсвэл тэмцэх үү гэдгээ шийднэ гэсэн үг.

Гэвч эхнээсээ л хамтрагч шиг байж чадаагүй МАН-ыг эргэж Засгийн газартаа АН-ынхан урина гэдэг юу л бол. Тиймээс Засгийн газрын байр суурь ганхах нь ээ гэсэн дүгнэлт хийх болоод байна. Хэдийгээр энэ шийдвэрийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эзгүйд гаргасан ч гэсэн АН-ын Гүйцэтгэх зөвлөлд бүх фракциас гишүүд байдаг учраас АН-ын албан ёсны шийдвэр гэж хэлж болох юм.


Л.Эрхэмбаяр: Өөх ч биш булчирхай ч биш ингэж явахаар салсан нь дээр

АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийн талаар өнгөрөгч баасан гарагт Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ардчилсан нам, МАН-ын хооронд 2014 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-г цуцлах нь зүйтэй гэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр гарч байгаатай холбогдуулан Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг долдугаар сарын 10-ны дотор шийдвэрлэхийг холбогдох эрх бүхий хүмүүс, ҮЗХ-ны гишүүдэд үүрэг болголоо. Ер нь бол МАН ажил хийнэ гэж хамтарсан. Харамсалтай нь тэд нэг л ажлыг хийлээ.

Тэд зургаан сайд, долоон дэд сайд авч, өнгөрсөн зургаан сарын хугацаанд 600 гаруй төрийн албан хаагчийг ажлаас хоморголон халсан зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсаар ирлээ. МАН өнгөрсөн хугацаанд УИХ-ын чуулганы нийт хугацааны 63 хувьд нь зөвхөн Засгийн газрын сайд огцруулах асуудлыг өргөн барьж, ажил хийлгэхгүй байсан учраас бид хамтаръя гэсэн санал тавьсан.

Гэвч тэд хамтрахдаа засаг огцруулах асуудлыг тавьдагаа өөрчилж, төрийн албан хаагчдыг халах ажлуудыг хийсээр ирлээ. МАН-ыг бид эдийн засгийг сайжруулах, иргэд, ард түмнээ ажил үйлсэд уриалж хамт явна гэж итгэж урьсан. Өөрсдөө ч тэгж амлаж байсан.

Харамсалтай нь тэд төрийн бодлого, хэрэгжүүлсэн ажлыг мушгин гуйвуулж, ард түмний санаа сэтгэлийг мунхруулсан гүтгэлгээс өөр зүйлийг хийсэнгүй. Ардчилсан нам 2012-2014 онуудад их бүтээн байгуулалтын ажлуудыг хийснийг олон түмэн мэдэж байгаа. МАН-тай хамтарснаас хойш улс орны бүтээн байгуулалтад дорвитой ахиц, өөрчлөлт орсонгүй. МАН 2016 оны сонгуулийн үйл ажиллагаагаа зарлаж, төрийн ажлыг цалгардуулж, түмэн олныг хуваан талцуулах болсон. МАН 2000-2012 оны хооронд бүтэн нэг үеийн турш улсыг удирдаж, УИХ-ын олонхийг бүрдүүлж байсан ч нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалт, цэгцтэй бодлого байсангүй. Өөх ч биш булчирхай ч биш ингэж хамтарч байснаас АН хариуцлагаа үүрсэн шиг үүрч, МАН сөрөг хүчин шиг байж, 2016 онд ард түмнээрээ дүнгээ тавиулах нь зүйтэй гэж АН-ын гүйцэтгэх зөвлөл үзсэн болно” гэсэн мэдэгдэл хийсэн юм. АН-ын гаргасан шийдвэр нийгэмд хоёр өөр ойлголт өгсөн. Нэг хэсэг нь АН-ынхан хамаг зорилгоо биелүүлж аваад МАН-ыг жийлээ. Оюутолгойг хөдөлгөж авсан, Гацууртын орд, Тавантолгой дээр хүртэл ашиглалаа хэмээн дүгнэж байна.

Нөгөө хэсэг нь энэ хоёр эргээд байр байрандаа очлоо. Ингэхээс өөр аргагүй. Нэгдээд ч улсаа хөгжүүлж чадахгүй хоёр юм байна. АН ялаа үүрээд гарсан нь дээр гэсэн дүгнэлт хийжээ. Л.Эрхэмбаяр генсекийн хэлсэнчлэн үнэхээр дорвитой зүйлийг эдгээр намууд нэгдээд хийж чадсангүй. Улстөрийн намуудын болон Сонгуулийн тухай хууль батлагдсангүй. Тавантолгой, Гацуурт зэрэг том ордууд ч урагшаа хөдөлсөнгүй. Улс орныг эдийн засгийн хямралаас гаргах ажлыг ч тэд хийж чадсангүй.

Тиймээс АН ганцаараа энэ бүх ялаа үүрээд, МАН сөрөг хүчин хэвээр үлдэх шийдвэр нь магад зөв байхыг үгүйсгэхгүй юм. Дээр хэлсэнчлэн эдийн засгийн хямралаас Монгол Улсыг гаргана гэсэн тэдний үг үйлдэл өнгөрсөн хугацаанд биелэлээ олсонгүй. Хэрэлдэж суухаар хамтдаа хэлэлцээд явах нь зөв гэж дэмжиж байсан ард түмнийхээ итгэлийг тэд биелүүлж чадсангүй. Ар хударгаар бие биеэ муулж, “АН муухай юм хийсэн. Бид цэвэрлэсэн, Ардын нам манайхыг муулахаас өөр ажил хийдэггүй” гэх мэтээр хэмлэлдсээр зургаан сарыг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд МАН-ын хэдэн ажилгүй залуус төрийн албанд томилогдож, АН-ын залуус гудамжинд “лааз өшиглөсөн” өөрчлөлт л гарчээ.

Том хуулийн төсөл батлагдсан нь тун цөөхөн байна. Үр дүн гараагүй, эрх мэдэл, ашиг олохын төлөөх ийм хамтрал цаашдаа хэрэггүй нь тодорхой юм. Тиймээс эртхэн зам замаа бодож тус тусын үүрэгт ажлаа хийх нь юу юунаас илүү өнөөдөр гаргаж болох зөв шийдвэр бололтой. АН ялаа үүрсэн шиг үүр. Амжилт гаргаж чадвал түүнийгээ ч гарга. МАН харин сөрөг хүчнээ хийгээд хоёулаа 2016 онд юу хийснээ ард түмэнд тайлагнасан нь зөв сонголт. МАНАН байлаа гээд Монгол Улсад өөрчлөлт ирсэнгүй, энэ хугацаанд.

Тиймээс цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө гэгчээр МАН сөрөг хүчний ажлаа хийж, АН эрх баригчаа хийж хэн хэнийгээ хардаж сэрдэж хэрэлдэхгүй явах нь зөв биз. Байр байрандаа л эргэж очсон шийдвэр учраас улс төрд тийм их хор хохирол ч учруулахгүй болов уу. Магад өөх ч биш булчирхай ч биш хамтрагчаа гаргахаар шийдсэн нь АН-ын зөв биз ээ.


Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу, эсвэл...

АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн мэдэгдэлд Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг авч үлдэх үүднээс долдугаар сарын 10 гэхэд бүтэц орон тоог хэвийн болгох ёстой гэсэн өгүүлбэр байгаа юм. Тэгэхээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохгүй бололтой. Зөвхөн МАН-ын гэх тодотголтой Засгийн газрын сайдууд, дэд сайдууд, Төрийн нарийн бичгийн дарга нар ажлаа өгнө гэсэн үг юм.

Харин тэр зайг ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, АН нөхөж ажлаа хэвийн үргэлжлүүлэх юм байна. эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ын нэр бүхий гишүүд, МАХН-ын гишүүн Д.Тэрбишдагва нар МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж энэ асуудлыг ч ярилцсан гэх мэдээлэл байна.

Д.Арвин нарын гишүүдийн уулзалт ажил хэрэгч болжээ гэдгийг л Гүйцэтгэх зөвлөлийн гэнэтийн шийдвэр батлаад байгаа юм. Хэдийгээр өмнөх өдрүүдэд хоёр нам бие биедээ мэдэгдэл шидэлцэж байсан ч эцсийн шийдвэрийг тэд Н.Энхбаяртай уулзаж гаргасан нь энэ бололтой. Зарим хэвлэлээр гараад байгаа шиг Шадар сайдын албан тушаалыг амлаж, Засгийн газраа хэвээр үлдээх шийдвэр гаргалаа гэж дүгнэхэд ч болохгүй зүйлгүй юм. Тиймээс наадмаас өмнө Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах ажил хийгдэх, дараагийн зургаан сайд хэн байх, Ерөнхий сайдаа хэвээр үлдээх үү гэх мэт олон “халуун” шийдвэрүүд гарах нь ээ. Баяр ёслол болохоор л улс төр бужигнадаг олон жилийн жишиг энэ удаад ч алдагдсангүй.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Өнөртогтох