Сан Антонио Спүрсийн ерөнхий дасгуулагч, бидний андашгүй Грег Попович хэн нэгэн тоглогчоо тэнгэрт тултал нь магтах байтугай, хэвлэлийнхэнтэй аятай сайхан нээлттэй байх нь ховор хатуу самар аа. Гэхдээ долоо хоногийн эхээр Тим Данкан зодог тайлахаа зарласны дараа, яхир өвгөн 19 жил өөрийнх нь дор тоглосон залуугийн талаар нээлттэй ярьлаа.
“Түүнийг орлох боломжгүй ээ. Бүтэшгүй зүйл. Бид бүгдээрээ онцгой. Хүн бүр хоорондоо өөр. Гэхдээ тэр маш олон хүний хувьд маш чухал нэгэн нь байсаар ирсэн. Гайхалтай хэрэг шүү. Түүнийг ингээд байхгүй болчихно гэж бодохоор, бэлтгэл рүү алхах, тоглолт руу явах, автобусандаа суух гээд л бүх зүйл төсөөлөхөд бэрх санагдаж байна.
Чи Тиммиг сагсан бөмбөгийг цагираганд тохсон анхны хүн болчихсон юм шиг цээжээ дэлдэхийг олж харахгүй. Өнөө үед бараг хүн болгон л тэгдэг болж. Тэр тэнгэр рүү хуруугаараа заахгүй. Тэр камернууд руу онгирч харахгүй. Тэр зүгээр л тоглодог. Бид энийг зөндөө олон жил харчихсан болохоор, бараг улиг болчихож. Гэхдээ түүний энэ хэв маяг үргэлж дурсагдах ёстой онцгой зүйл юм шүү.”
Даруухан зан төлөв, тогтмол үр ашигтай тоглолтоосоо болж “Биг фундаментал-Бат Суурь” гэж хочлогдсон Данкан Спүрсийг биежүүлсэн гэж хэлж болно. Тэд аварга том одуудыг агуулсан гялгар баг байгаагүй ч, жил бүр аваргын төлөө хүчтэй өрсөлдсөөр ирсэн. Попович Сан Антониог 5 аваргын цомд хөтөлсөн, бүгд Данкан багийн бүрэлдэхүүнд байхад. Кареерийнх нь төгсгөлд нөөх нь голдуу байсан гэх мэт өөрийн айхтар магтуулдаг тактикийн оюун ухааныг үл хэрэгсэж, Попович Данканы түүхийг ийн базжээ.
“Би ерөөсөө даруухан загнаж байгаа юм биш. Надтай хамт өссөн хүмүүс намайг мэднэ. Тим Данкан байгаагүй бол би энд ингээд зогсож байхгүй. Би Америкын хаа нэгтээ Будвайзер лигт илүүдэл жинтэй, зөнөж үхэх гэж байгаа хэрнээ сагс тоглочихсон, аль эсвэл дасгалжуулчихсэн явж байх байсан биз. Гэхдээ тэр миний энд зогсож байгаагийн шалтгаан юм. Тэр багийн ажилчид, дасгалжуулагчид гээд зуу зуун хүний амьдарлыг энэ олон жил залгуулсан мөртлөө нэг ч үг ган хийлгэж байсангүй. Зүгээр л өдөр болгон ажилдаа ирдгээрээ ирсэн. Өглөө эрт ирээд, орой оройтож, багийн нэрсийн жагсаалтын эхнийхээс сүлийнх хүртэл хүн болгоны төлөө тэр хөдөлмөрлөсөн. Учир нь энэ л тэр бүх хүндлэлийн дунд түүний хэн байсан үнэн мөн.”
Данканыг Теодор Рузвэлтийн гадаад бодлогын “Бага ярьж, их хий. Чи хол явна.” парадигмын НБА дахь үлгэж жишээ гэж хэлж болно. Талбай дээр хэн нэгэнтэй “траш” ярих ч юмуу олны нүдэн дээр хэт өөрийгөө гайхуулахаас илүүтэй, Данкан ажлаа чимээгүй нугалсаар байлаа. Ингэхдээ үргэлж хамгийн том амыг ч дуугүй болтол тоглодог байлаа.
Тэр 15 удаагийн бүх одод, 2 удаагийн лигийн үнэ цэнэтэй тоглогч, 3 удаагийн финалын үнэ цэнэтэй тоглогч, магадгүй түүхэнд сагсан бөмбөг тоглосон хамгийн шилдэг хүчний довтлогч юм. Хэдий кареерынхаа сүүлийн 6 улирлын 5-т нь 30-аас доош минут дундчилсан ч, Данкан гайхалтай кареераа 19 оноо 10.8 самбар, 3 дамжуулалт, 2.2 хаалт гэсэн дундажтай дуусгаж байна.
Данканыг ирээдүйд баг дасгалжуулах болов уу гэхэд, Попович, “Ямар нэг байдлаар багтайгаа холбоотой байх саналыг эрх биш сонсох байх гэж би бодож байна, магадгүй хагас цагаар ч байж болох юм. Би бол түүнийг аль болох удаан багтай ойр байлгах талаар боломжтой бүхнийг хийх болно. Тэр энэ багийн хувьд тийм л чухал орон зайг эзэлж байгаа юм шүү дээ.”
Данкан Сан Антониогоор зогсохгүй сагсан бөмбөгийн ертөнцөд арилшгүй ул мөрийг үлдээжээ. Тэр 5 жилийн дараа буюу нэр дэвших эрхтэй болмогцоо эхний оролцоогоороо Алдрын танхимын гишүүн болох нь даамжиггүй юм.
Магадгүй хэдэн жилдээ Спүрстэй хамт байхгүй байж болох ч, түүнд сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн тогтмол амжилттай багийг авч явах дараа үеийн залуучуудад нөлөөлж, зааж зөвлөх цаг зөндөө байгаа…
Матт Фитзжералд, Бличер Репорт