Хэрээс хэтэрсэн хөтөлбөр, хэрэгжүүлэх бололцоогүй байгууллага, хэрэггүй гэж үзэх хандлага.

Хөгжмийн хичээлийн сургалтын цөм хөтөлбөр болон сурах бичиг нь цаасан дээр бичснээрээ хэрэгждэг бол үнэхээр баярлах байна. Хэрэгжүүлж чадвал бид бүгд хөгжмийн мэргэжлийн анхан шатны мэдлэгийг бага боловсролоороо олоод авчихна. Хүсвэл сонгоод нарийн мэргэжил эзэмшээд суралцана. Мэдээж суурь сайтай тул нэг их түвэггүй багш оюутны жилүүд өнгөрч дэлхийн хэмжээний сайн уран бүтээлчид төрөх нь тийм ч ховор тохиолдол байхаа болино. Боловсон соёлтой үзэгчидтэй, тэд хоорондоо хэн нэгэн жүжигчний хувийн амьдралын талаар бус мэргэжлийн, үзэгчдэд хүргэж байгаа уран бүтээл талаас нь харж ойлгоод ярилцаад сууж байх болно. Тухайн улсын хөгжлийг сонгодог урлагаар нь хэмждэг гэдэг дээ.

Эцэг эхчүүд бид хүүхдээ юу сурч ямар мэдлэг олж авч байгааг анзаарч тэдэнд тусалж дэмжиж байх үүрэгтэй хүмүүс. Та хүүхдэдээ доорх мэдлэг чадвар байгаа эсэхийг нэг хараарай.
1 дүгээр ангид: Хэмнэлийн багцуудыг сонсож, тоглох, зурах, дуулах, хөгжимдөх, өөрөө хийж сурснаа үзүүлэхээс гадна хүчтэй сул хувийг зөв илэрхийлж хөгжимдөх
2 дугаар ангид: Хөгжмийн бүтээлийн уран илэрхийллийн аргыг ойлгох, таних ялгах, тодорхойлох, зогсоцыг илэрхийлж хөгжимдөх
3 дугаар ангид: Хөгжмийн зохиолын хурд, хүчний нийлэмжээр дуулах, хөгжимдөх
Одоо хэрэгжиж байгаа бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн сургалтаар таны 3 дугаар ангийн хүүхэд хөгжмийн ноот хараад дуулчихна. Харин 5 дугаар ангидаа хөгжмийн ноот хараад 2 хоолой салган дуулахаас гадна өөрийн хөгжмийн зохиолоо бичиж тоглуулаад, хамт олонтойгоо харилцан ярилцана. Бас мажор минорын хөг эгшиглэгээ, интервал, гурван дуу зэргийг сонсоод ялгадаг бас дуулж чаддаг болсон байна. 3 дугаар ангиасаа эхлэн бишгүүр хөгжим тоглоод сурчихсан байна. Бага сургуульдаа эдгээрийг гүйцэд сураад төгсөнө.
Дийлэнх нь буюу зууны наян хувь нь сураагүй байгаа. Яагаад бид ийм боловсрол мэдлэгийг олж авахгүй, өгөхгүй байна вэ? Учрыг та мэдэх үү? Гэтэл дуу хөгжмийн багш бэлтгэдэг их сургуулийн хичээлийн хөтөлбөр бас адилхан байх юм.
СУИС- ийн Дуу хөгжим, дидактик хичээлийн сургалтын хөтөлбөр http://enkhtuvshinmusic.blogspot.com/2014/06/blog-...
Хөгжмийн боловсрол, Дуу хөгжим дидактикийн багш М.Энхтүвшин
Сургалтын хөтөлбөр
Хичээлийн нэр: Хөгжим, дидактик
Хөтөлбөрийн зориулалт: Бакалаврын өдрийн сургалт
Кредит: 3
Хамрах хүрээ, судлах улирал: Бага ангийн багш мэргэжлээр бакалаврын зэргийн боловсрол олгож байгаа сургуулиудад мэргэжлийн суурь хичээл болгон VII улиралд үзнэ.
Хөгжмийн онолын бүлэг сэдвийн хүрээнд

Мэдлэг:
  • Нотны зөв бичлэг /зурлага/-ийг мэдэх
  • Нотны байрлалыг мэдэх
  • Нотны нэршлийг мэдэх
  • Нот тус бүрийн хэмжээг мэдэх / бүтэн, хагас, 4т, 8т, 16т /
  • Нотны задаргааг мэдэх

Чадвар:
  • Нотны өнгийг ялган сонсох
  • Нотны зурлагыг зөв цэвэр бичих
  • Нотны дүрсийг ялган таних
  • 4т, 8т, 16т нотны хэмнэлийг тагтклах
  • Хүүхдийн дууны нотноос ялган таних
  • Хэмнэлээр цохих явцдаа паузыг оролцуулан тоглох

Хандлага:
  • Хувь хүн гоо зүйн мэдрэмжтэй болох
  • Хөгжмийг сонсоод түүнээсээ мэдрэмж таашаалыг авах
Үнэлгээний шалгуур:
  • Нотны нэр, байрлал, хэмжээг мэдэж байгаа эсэх
  • Хөгжмийн нэр томьёо /темп, пауз, хүчдэл, альтрац, октав, размер, гол 3 дуу/ - г мэдэж байгаа эсэх
  • Хэмнэлээр цохиж чадаж байгаа эсэх
  • Дуунд анализ хийж чадаж байгаа эсэх
  • Гол 3-н дууг тоглож чадаж байгаа эсэх

Бидний үлгэр жишээ авч даган дууриадаг гадаад улс орнуудад арай л өөр байх юм. Бидний ярьдагчлан тэр өндөр хөгжилтэй улс орнуудад бага боловсролыг хамгийн чухалд тооцдог. Учир нь бага насандаа хэн байх нь ирээдүйг нь тодорхойлоод өгдөг. Бид ч бас “хүн болох багаасаа” гээд мэддэг л дээ уг нь. Энэ зүйрлэлийг бид хүүхдээ загнах тулгах үедээ л хэлдэг хэллэг болгосоор уджээ.
Бага боловсролын сургалтын арга нь хүүхдийн сонирхлыг татаж сурах хүслийг нь өдөөж сэдэлжүүлэхээр хөгжмийн хичээлийг суурь болгон бусад хичээлүүдийг нь заадаг байх юм. Учир нь хөгжим хүүхдийн тархины хөгжилд сайнаар нөлөөлдөгийг нь ашигладаг юм байна. Хөгжим хэмнэл нь дэлхийн аль ч улс орны хүүхдэд хамгийн ойр ойлгомжтой дуртай зүйлс нь байдгийг хүн бүхэн мэднэ. 4-6 настнуудын суралцах явц бол биетэй нь нягт холбоотой байдаг. Ийм насны хүүхэд бодол санаагаа биеэр илэрхийлэх чадвартай байдаг. Тэдний хувьд тоо бол хэмнэл, харин үсэг бол дуу авиа байдаг.
Жишээ нь: Хэл бичгийн хичээлд: Бага насны хүүхдийг бичүүлж сургахад томоос жижиг рүү шилжих аргыг Японд хэрэглэдэг. Тэд ангидаа Моцарт, Дебюссигийн хөгжмийг тавьчхаад япон ханз бичүүлдэг. Багш ангийнхаа ханан дээр том том цаас хадаад дэргэд нь бийр будаг тавьдаг. Хүүхдүүд хөгжмийн хэмнэлд бүх биеэрээ хөдлөн байж энэ том цаасан дээр үсгийг маш томоор зурдаг. Тэдний бичгийг багш дүгнэдэггүй, харин бүх биеэрээ хөдлөхийг л шаарддаг. Дараагийн долоо хоногт өмнөхөөсөө арай бага хэмжээтэй цаасыг хананд хадаж, бийр өгөөд биеэрээ биш гараа сайн хөдөлгөж зурахыг шаарддаг. Гурав дахь долоо хоногт хүүхдүүд ширээндээ суугаад шугамгүй цаасан дээр зөөлөн балтай харандаагаар үсэг бичдэг ба зөвхөн гарынхаа бугуйнаас урагш хэсгийг л хөдөлгөнө. Сүүлийн долоо хоногт ердийн цаас, харандаа өгөөд үсгийг бичүүлэхэд маш нямбай, хурдан, цэвэрхэн бичиж сурсан байдаг. Ингэж бие, сэтгэл санаагаараа идэвхтэй суралцах нь тархины ой санамжинд нөлөөлж урт хугацааны санах ойг бий болгодог.
Математикийн хичээлд: Хөгжим хүний оюун ухааны олон арван давхаргад хүрснээр баруун, зүүн тархи хоёулаа зэрэг ажилладаг байна. Түүнчлэн мэдрэмж, уран сэтгэмж, мэдээлэл боловсруулалт зэргийг нэгтгэж өгдөг. Хөгжмийн хичээлээр дамжуулан хүүхдийн математикийн авьяасыг нээн хөгжүүлэх аргыг сүүлийн үед олон оронд нэвтрүүлж байгаа. Хөгжим тоглох нь дуу авиа, эгшгийн орон зай, даралтыг мэдэрч, хөгжмөөр дамжуулан хийсвэр орон зай дахь сэтгэлгээний хувилбаруудыг тооцно гэсэн үг. Мөн ноот чээжлэх нь математиктай ижил. Өгөгдсөн тоог дураар хасаж, нэмж болохгүйн адил ноотыг ч өөрчлөх боломжгүй байдаг. Энэ бол цэгцтэй, төвлөрөх ухаан юм.

Алдарт физикч А.Эйнштейн хийл хөгжмөөр тоглох дуртай байсан гэдэг. Мөн Оксфордын их сургуулийн хөгжмийн бүлгэмийн 70 хувийг математик, физикийн профессорууд эзэлдэг байна.

Боловсролын давалгаа ТББ






Боловсролын давалгаа ТББ