Япон хүн миний хувьд бол Монголын өвөл их хүйтэн хэцүү байдаг. Сурч дассан монгол хүнд ч бас амаргүй. Гудамжаар захаа босгосон хүмүүс халтиргаатай замаар уначихгүйг хичээн аажуухан алхана. Түүнээс гадна монгол нутгийн өвөл ойртох бүр гадаадын хүн миний хувьд тун их сэтгэл зовоодог нэг муухай юм бий. Тэр бол монголчуудын нус, цэр. Гадуур яваа хүмүүс хуруугаараа хамрын нэг нүхийг таглан нусаа нийнэ. Эсвэл цэрээ амаар хаяна. Бараг л эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуугүй хүн бүр ингэнэ. Энд тэндгүй шар, ногоон, цустай, цусгүй, нус цэрээ хамаагүй хаяна. Гэхдээ өвлийг бодвол урин цагт аюул нь бага.

Яагаад монголчууд нусаа ийм сүрхий техниктэй нийж чадна вэ? Хавар болсон олон улсын бөхийн тэмцээний үеэр Монголын нэг тамирчин өөрөөсөө метр гаруй зайтай байсан хогийн сав руу нусаа маш мэргэнээр нийж оруулсан билээ. Тэгэхэд нь, үзэгчдийн суудалд сууж байсан би болон миний ойр зэрэгцэн суусан Хойд Солонгосын тамирчин, Ираны бөх, бид гурав түүнийг хараад ёстой л мэл гайхан, цэл хөхөрч билээ. Нус цэрнээс гадна шүлсээ хаяхыг ёстой үзүүлээд өгнө. Нусаа гудамжинд нийж хаях гэгч Монголын уламжлалт ёс заншил юм уу ч гэж заримдаа бодмоор юм.

Миний хувьд шүлс хаях тун муухай санагддаг бөгөөд нус цэр бол түүнээс бүр ч муухай, соёлгүй санагдана. Энэ тухайгаа нэг танил монгол хүндээ хэлсэнд тэрбээр, "Монгол ч бас гайгүй. Чи Хятадад очиж үзсэн үү. Тэд бүр заваан” гэж билээ. Англид байхдаа монгол хүнтэй хамт гадуур явж байтал, нөгөө монгол маань сурсан зангаараа нусаа хүржигнүүлэн нийж хаядаг юм байна. Би тэгэхэд нь туйлгүй их ичиж түүнийг загнасан. Англичууд бидний аль нь монгол, аль нь япон гэдгийг сайн ялгахгүй учраас бүгдийг маань япон хүн гэж бодсон бол түүн шиг харамсалтай юм яаж байх вэ? Эсвэл бүгдээрээ Монголчууд гэж бодсон ч байж болно. Дассан, сурсан зүйлийг тийм амархан больж чадахгүй. Хэчнээн хичээвч, нэг л мэдэхэд нөгөөхөө хийчихсэн байж мэднэ. Тэгэхдээ буруу муухай зүйлийг заавал болих хэрэгтэй. Монголчууд өөрсдийхөө хээгүй зангаар бахархдаг. Зөв зүйл дээр ингэж болно.

Монголчууд сүүлийн жилүүдэд гадаадын олон орноор очих болсон. Тэгээд гадаад орны гудамжинд нус, цэрээ хаяж эх орныхоо нэрийг гутаах вий дээ гэж миний сэтгэл тун зовох юм. Уул нь надад нэг их хамаатай биш дээ. Гэхдээ л зарим нэг монгол хүний дургүйг хүргэхгүй байж чадахгүй нь ээ. Бас сүүлийн үед Улаанбаатарыг гадаадын зурагтаар харуулах боломж ихэслээ. Япончууд ч зурагтныхаа өмнө суугаад, монголчуудын нус цэрээ хаях "гайхамшгийг бишрэн байж” магадгүй. Дэлхий харж байхад, хүн бүр эх орныхоо нэр төрийн төлөө хичээнгүйлэх хэрэгтэй бус уу.

"Баруунаас мандах наран” номоос