Зөвлөлтийн нам төрийн зүтгэлтэн, Дотоод явдлын Ардын комиссариат /сайд/ , ДЯЯ-ны сайд, Сайд нарын зөвлөлийн орлогч, ЗХУ-ын маршал, хөдөлмөрийн баатар, Лаврентий Павлович Берияг Оросын алдарт 100-гийн цувралын “Аугаа их хүүхэмсэг 100 эр” жагсаалтад оруулсан байдаг.
Энэ жагсаалтад хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдсон хүний нэр ч бий, хэд хэдэн эхнэр сольсон хүн ч бий. Өөрөө дурлаж явсан нь ч бий, өөртөө дурлуулж байсан нь ч бий. Харин Лаврентий Павлович Берия шиг нь хэд юм бол.
Яагаад.....Тийм ээ, тэр бол маньяк-дурлагч. Зүгээр л мунаг эр, бас алуурчин. Тэгсэн хэрнээ төрийн зүтгэлтэн.
1953 онд И.В.Сталиныг нас барсны дараа Берияг баривчилсан. Байцаалтын протокол нь энэ байна.
Асуулт: Ёс суртхууны хувьд гэмт хэрэг үйлдсэнээ та хүлээн зөвшөөрч байна уу?
Хариулт: Тийм зүйл байсаан. Би үүнд буруутай.
Асуулт: Таны ийм гэмт хэрэг эмэгтэйчүүдтэй, гадаадын тагнуулуудтай холбоотой гэдгийг та хүлээн зөвшөөрч байна уу.
Хариулт:Байж болох юм аа, би мэдэхгүй байна.
Асуулт: Таны заавраар Саркисов, Надария нар таны нууц амрагуудын жагсаалт гаргасан байдаг. Энд нийт 62 эмэгтэйн нэр байна. Энэ таны хамтран амьдрагчид уу?
Хариулт: Энд байгаа бүсгүйчүүдийн ихэнх нь миний хамтран амьдрагч
Асуулт: Эдгээрээс гадна Надарид 32 эмэгтэйн нэр хаяг байх юм. Энэ бас таны хамтран амьдрагч юм уу?
Хариулт: Тэд ч бас миний хамтран амьдрагч.
Асуулт: Та тэмбүүгээр өвчилж байсан уу?
Хариулт: Дайны үед, 1973 он шиг санагдаж байна. Курс эмчилгээ хийлгэсэн.
Ингээд цааш нь яллагч Бериягийн долдугаар ангийн охиныг хүчирхийлж хүүхэдтэй болгосон тухай асуусан байдаг. Харин Берия бүх зүйл сайн дурын үндсэн дээр зөвшилцөж болсон гэж хариулжээ.
Берия анх яаж эхнэр авсан тухай английн зохиолч Тадеус Уиттлин номдоо ингэж бичсэн байдаг. “Берия 1920-иод оны сүүлчээр тансаг тусгай вагоноор Сухумид ирж. Унтлагын өрөө, баар, зоогийн газартай тусгай галт тэргийг тусгай зам дээр тавьж. Гэтэл галт тэрэг рүү 16 орчим насны, дунд зэргийн нуруутай, тас хар нүдтэй охин ирэх нь тэр. Тэр охин Бериягийн төрсөн нутаг Мерхеули тосгоны тэндээс баривчлагдсан ахыгаа асуухаар иржээ. Үзэсгэлэнтэй бүсгүйг хараад Берия ахынх нь тухай лавлаж өгье, тэр болтол хүлээж бай хэмээн вагондоо оруулжээ. Унтлагын өрөөнд ормогцоо бүсгүйг шууд л тайчихыг тушааж, зугтаах гэхэд нь хаалгаа хааж. Тэгээд нүүр рүү нь цохиж орон дээр унагаад хүчиндэх нь тэр. Берия охиныг шөнөжин хүчирхийлж маргааш нь ажлаар хот руу явахдаа вагондоо түгжээд харуул тавьсан. Тэнд хэдэн хоног ажиллахдаа байнга ийм байлгаж байгаад авч явсан. Ингэж түүний эхнэр болсон жижигхэн охин бол Нина Теймуразовна байсан юм” гэжээ.
Харин Бериягийн хүүхнүүдийн тухайд Нина “Мөрдөн байцаагч нэг удаа Бериягийн бүсгүйчүүд гэж 760 эмэгтэйн нэр байна гэж хэлсэн. Ёстой мэдэхгүй. Илүүг мэдэхгүй юм даа” гэсэн байдаг. “Тэр өдөр ч шөнө ч ажил дээрээ л байдаг байсан. Хэдийд нь тэгэж хүүхнүүдтэй орооцолдож байхав. Миний бодлоор бол огт өөр зүйл байх аа. Дайны үед, дараа нь ч гэсэн Лаврентий тагнуул, сөрөг тагнуулын ажил хариуцаж байсан. Тэгэхээр тэр бүсгүйчүүд бол тагнуул, мэдээлэгчид л байсан байх” гэж Нина хэлжээ.
Өнөөх Тадеус Уиттлин бичиж байна. “Бериягийн машин ямагт Улаан армийн театрын дэргэд зогсоно. Тэндээс холгүй эмэгтэйчүүдийн дунд сургууль байдаг байлаа. Хичээл тараад охид гарч ирнэ. Берия машины цонхоор тэднийг харж байгаад 14-15 насны царайлаг охин руу толгойгоороо дохино. Хурандаа Саркисов гэж өндөр, туранхай эр охин руу дөхөж очоод хамт явахыг тушаадаг. Энэ үест Берия машинаасаа дурангаар өөрийнхөө золиосыг тааламжтайгаар харж суудаг байж. Охин учрыг олохгүй, оллоо ч ямар ч авралгүй болохыг ойлгоно. Ингээд л машинд суугаад гүйцээ” гэжээ.
Ингээд хөөрхий учир мэдэхгүй сурагч охиныг хаашаа авч явах вэ. Мэдээж ажил руугаа.
Тэгвэл Бериягийн эхнэрийнх нь төсөөлснөөр тагнуул, нууц агент, мэдээлэгчтэйгээ уулздаг байлгүй дээ гэсэн ажлын өрөөнд нь юу болдог байв тэгээд.
Берия ширээнийхээ ард суугаад охиныг тайчихыг шаардана. Охин дургүйцэж зугтаахыг оролвол Берия ширээнээсээ ташуур гаргаж ирээд нүүр нүдгүй ороолгоно. Хашгираад, уйлаад ямар ч нэмэргүй. Хувцасаа тайлахыг дахиад тушаана. Охин бууж өгөхөөс аргагүй, тайчна. Тэгээд л диван дээр унагана, гүйцээ. Залуу онгон охидыг уйлуулан эзэмдэж, нулимсыг нь үнсч байх нь Бериягийн ганц таашаал байж” гэж бичсэн байна. Зохиолч өөрийн сэтгэмжээр дүрсэлж бичсэн байж болно, гэхдээ гол нь үнэн баримтууд байгаа нь чухал.
Өөр бас нэг баримт. Москвагийн сайхан бүсгүйн нэг Сергей Щирова дайны жилүүдэд дайсны 21 онгоц сөнөөсөн ЗХУ-ын баатар нисгэгч Сергей Щировын эхнэр. Югославын коммунист Броз Титог бүслэлтээс гаргалцаж явсан баатар нисгэгчийг нэг л шөнө машинтай хүмүүс барьж аваад явчих нь тэр. Яагаад. Яагаад гэвэл түүний сайхан эхнэр София нь Бериягийн эзэмдэх ёстой бүсгүйчүүдийн нэрсийн жагсаалтын 117 дугаарт бичигдсэнээс л тэр. Нөхөрт нь улс төрийн хэргээр 25 жил хорих ял өгөөд л болоо. 1953 онд Сталиныг нас барсны дараа 37 настай, өтөл өвгөн “болчихсон” нисгэгчийг ГУЛАГ-аас эргээд ирэхэд эхнэр нь өөр хүнтэй гэрлэчихсэн байсан гэдэг. Гэтэл зарим бүсгүй бол бүр ор сураггүй алга болдог байж.
Татар гаралтай хашаачин Раиса хожим нь “Бериягийн байшин руу ордог газар доогуурх нууц орц байсан. Тэндээс хамгаалагчид эмэгтэйчүүдийн хэсэглэчихсэн цогцос гаргаж хаядаг байсан. Газар доорхи хонгилд хожим нь хэдэн арван араг яс байсан” гэж ярьсан байдаг.
Юутай ч коммунизм байгуулж байна гэж ярьдаг байсан Зөвлөлтийн үед ийм нэгэн хүүхэмсэг, маньяк, мунаг алуурчин нам төрийн өндөрлөгт алба хашиж зөвлөлт төрийг жолоодолцож явж. Түүнийг өөрөө гадаадын тагнуул байсан гэдэг. Гэхдээ л энэ хүн 1953 он хүртэл төрийн эсрэг хэргээрээ ч, хүүхнүүдийн эсрэг гэмт хэргээрээ ч хуулиас зугтааж явж чадсан. Харин Сталиныг нас барсны дараа Никита Сергеевич Хрущёвын төрийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн үед энэ алуурчин өөрөө золиос болжээ. Түүнийг Кремльд баривчилж Москвагийн цэргийн тойргийн штабын доод хонгилд буудан алсан юм.
Аугаа хүүхэмсэг-алуурчин Лаврентий Берия гэж ийм хүн байж
Ц.Хас
Эх сурвалж: www.assa.mn