Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суугаа АТГ-аас Монголыг хэрээд байгаа авлига гэгч нэр томъёог алга болтол ажиллахыг ард түмэн хүлээж буй. Гэвч энэ байгууллагын үйл ажиллагаа нам гүм. Бүр нам гүм ч гэж арай хэлж боломгүй юм аа. Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр энд тэнд ухуулах, таниулах ажил хийж яваа сураг чимээ хааяа нэг сонсогддог юм. Харин авлига өгч буй болон авлига авч буй хүмүүсийг илрүүлэх, илчлэх ажил нь арай л санаанд хүрэхгүй юм. Гэхдээ санаанд хүртэл ажиллах үе бий. Гэвч тэр нь Улс төрийн сонгуулийн үеэр идэвхждэг нь харамсалтай. Эсвэл энэ үеэр мэдээлэл өгдөг хүмүүсийн тоо нэмэгддэг байх тал ч бий. Харин Сонгуулийн бус жилүүдэд Алигын талаар мэдээлэл өгөх хүн олддоггүй биз. Учир нь ашиг сонирол байхгүй юм чинь гээд бодчихвол бурууддаг болов уу яадаг бол. Гэхдээ л тархи толгойд орж ирсэн бодлыг яалтай билээ. Би чинь хардах эрхтэй хүн юм чинь.

Хошуу нэмэрлэхэд Авлигатай тэмцэх газар сонгуулийн бус жилүүдэд мэдээлэлгүй бол хэвлэл мэдээлийн байгууллагын сэтгүүлчдийн эрж хайж, нөр их хөдөлмөр гарган олсон мэдээллийн мөрөөр шалгалт явуулж болохгүй юу гэсэн бодол байх юм. Тэгэхгүй бол жил бүрийн сонгуулийн өмнөх жилүүдэд тэмцэх ажлаа эхлүүлдэг давтамж чинь нэг л таалагдахгүй нь. Ийм ч учраас энэ байгууллагыг үнэлэх иргэдийн үнэлэмж, итгэх итгэл ч суларч байж болох.

Саяхан твиттер хуудсаар Зам тээврийн сайд А.Гансүхийг нэгэн иргэн “авлигач”-аар нь цоллож байсан. Хэрвээ сонор соргог байгууллага тухайн иргэний мэдээллийн дагуу шалгахад буруудахгүй ч байсан юм билүү гэж бодож байтал сайд өөрөө АТГ-т хандана билээ. Тэрээр өөрийгөө авлига аваагүй гэдгийг батлуулахын тулд шалгаж өгөхийг хүссэн байсан юм. Тэгвэл сайдын хойноос Нийслэлийн засаг дарга, баатар Э.Бат-Үүл өөрийгөө авлигачин биш гэдгийг батлуулахаар АТГ-т бичиг илгээв. Түүнийг АТГ-т хандсан талаар Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс ийнхүү мэдээлжээ. “Нэр бүхий зарим хүн хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан нийслэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ авлигад автсан гэх утга бүхий ярилцлага, мэдээлэл гаргаж байгаатай холбогдуулан, мэдээллийн үнэн бодитой эсэхийг тогтоолгохоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Мэдээллийн мөрөөр шалгуулах тухай” 1/3652 тоот албан бичгийг Авилгатай тэмцэх газарт хүргүүллээ. Уг албан бичигт “Нэр бүхий хэсэг хүмүүс миний болон хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа нийслэлийн нутгийн Захиргааны байгууллага, тэдгээрийн ажилтнуудын нэр төрд халдаж, нутгийн Захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудыг авлигын гэмт хэрэгт холбогдуулан сэрджээ. Монгол улсын иргэн хэвлэн нийтлэх, бусдыг хардах эрхтэй боловч энэхүү мэдээлэл нь үндэслэлтэй, холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад тухайлбал, Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагаар шалгуулж нотолсон байх ёстой байтал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан ямар ч баримт нотолгоогүйгээр бусдыг доромжилж, гүтгэсэн байна. Ийм учраас миний бие энэхүү мэдээлэлд дурьдагдсан авлигатай холбоотой асуудлыг шалган тогтоолгох хүсэлт гаргаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл” гэжээ. Уг албан бичгийн хамтаар зарим нэр бүхий хүмүүсийн хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлага, мэдээллийг хавсралтаар хүргүүлсэн байна” хэмээжээ.

Ямартай ч Монголд хэрсэн авлигыг цэгцлэхээр үйл ажиллагаагаа эхэлсэн АТГ маань өнөөдөр АН-ын угшилтай сайд, засаг дарга, дарга нарын авлига авсан эсэхийг баталдаг газар болж хувирч байгаа бололтой. Эдгээр хүмүүс ийнхүү хандсан хандаагүй нэгэнт л авлигатай тэмцдэг газар юм бол Хэвлэлээр гарч байгаа мэдээллийг шалгадаг л байх учиртай санагдах юм. Эсвэл О.Магнай шиг надад хэн нэгэн бичиг ирүүлэхгүй бол шалгахгүй гэж томордог газрын нэг юм болов уу.

Н.Чинзориг

Эх сурвалж: new.mn