Монголын ардчилсан холбоог санаачлан, үүсгэн байгуулагч, Ардчилсан хөдөлгөөний анхны удирдагчдын нэг Чимидийн Энхээ олон жилийн турш ардчилсан хөдөлгөөний түүхийг судалж, энэ талаар нэлээдгүй зүйл гаргасан билээ.
Түүний “Ардчилсан хөдөлгөөн дэх шинэ коммунизмын үе” гэсэн судалгааны шинэ бүтээлээс өөрийнх нь хүсэлтээр дараахь хэсгийг ннйтэлж байна.
1.Оршил
1989 оны 11 сарын сүүлээр Залуу уран бүтээлчдийн зөвлөлгөөнд оролцсон хэсэг залуус МАХН-ын үйл ажиллагааг шүүмжилж, ардчиллын төлөө шинэ байгууллага байгуулжээ гэсэн ам дамжсан яриа цахилгаан шиг түгж, нийгмийг цочруулав.
Орост эхэлсэн өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр МАХН ч бас Монголд нэлээд өөрчлөлт хийхийг оролдсон боловч хүссэн үр дүнд хүрэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болоод эхэлсэн, боловсрол өндөртэй сэхээтнүүд нийгмийн тогтолцоог өөрчлөн байгуулах биш, үндсээр нь эргүүлэх, ардчилсан тогтолцоонд шилжүүлэх алхмуудыг зоримог хийж эхлэх шаардлага гараад байгааг олж харсан үе учраас шинэ байгууллагыг ихэд сонирхож, асууж сураглаж эхлэв.
1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр мөнөөх шинэ байгууллагынхан цуглаан хийж, Ардчилсан холбоо гэдэг шинэ байгууллага байгуулснаа албан ёсоор зарласан нь нийгмийн дэмжлэгийн давалгааг хаасан хаалтыг зад тавьж, залуучууд түүн рүү хошуурах болжээ.
Чухамдаа энэ өдрөөс эхлэн Ардчилал, Ардчилсан хөдөлгөөн гэсэн үг жинхэнэ утгаараа монгол хэлний үгийн санд байраа эзэлж, С.Зориг, Э.Бат-Үүл, Д.Нинж, Г.Бошигт, Ц.Элбэгдорж, Дарь.Сүхбаатар нарын нэрийг мэдэхгүй хүн байхгүй болсон гэхэд болно.
Гэтэл энэ үеэр мөнөөх байгууллагынхантай нэгдэх сонирхлоо илэрхийлж, уулзсан сэхээтэн залуучуудын дунд “Ардчилсан холбоо чинь шинэ коммунист байгууллага юм байна.”, “Ажилчин ангийн эрх ашгийг илэрхийлнэ гэж байна.”, “Социализм, коммунизмын үзэл санааг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ гэнэ” гэсэн яриа тархаж эхлэв.
2. Шинэ коммунизм гэж юу вэ?
Коммунизмд хүрэх зам заавал хувьсгалт хүчирхийллийн аргаар тавигдах албагүй, коммунистууд тайван замаар, сонгуулийн аргаар засгийн эрхийг авч болно гэсэн онол гарсны дараа олон орны коммунист намууд нууц байдлаас гарах боломжтой болов.
Гэхдээ хэдийгээр эдгээр намууд сонгуульд оролцох боломжтой болсон ч гэлээ парламентад суудал авах боломж хаалттай, ард түмний дэмжлэг авах найдлага хол хэвээр байлаа.
Үүнд хэт хатуу, ортодокс коммунист үзэл баримтлал нөлөөлж байгааг мэдэрсэн зарим намууд үзэл баримтлалаа зөөлрүүлж, ардчилсан тогтолцоонд нийцүүлэх арга замыг эрэлхийлж, эцсийн дүндээ коммунистууд засгийн эрхийг авсан ч гэлээ ардчилсан тогтолцооны суурийг хөндөхгүй гэдэгт бусдыг үнэмшүүлэхийг хичээх болжээ.
Энэ нь шинэ коммунист үзэл бүрэлдэхэд ихээхэн нөлөөлсөн бөгөөд яваандаа улстөрийн хувьд коммунист үзэл суртал ноёрхсон боловч эдийн засгийн салбарт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг зах зээлийн эдийн засагтай хослуулсан, төрийн болон хувийн өмчийн харилцан хамааралд үндэслэсэн тогтолцоо хэмээн нарийвчлан тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл, нэг намын үзэл суртал, удирдан чиглүүлэх үүргийн дор эдийн засгийн хувьд стратегийн, томоохон сапбаруудаа төрийн өмчид авч, жижиг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны зэрэг салбарт төрийн хяналт бүхий хувийн өмчийн давамгай байдлыг хангах замаар хөгжих үзэл баримтлалыг “шинэ коммунист үзэл баримтлал” гэж нэрлэх болсон хэрэг. Үүнийг манай өмнөд хөрш Хятадад анх удаа Дэн Сяопины удирдлага дор амжилттай хэрэгжүүлсэн билээ.
3. Ардчиллын шуудайнаас цухайсан шинэ коммунизмын шөвөг
Монголын ардчилсан холбоо анх байгуулагдах үедээ ямар нэг үзэл баримтлалын тухай ярьдаггүй байлаа. Тэд нийгмийн эрс өөрчлөлтийг гол зорилтоо болгож, ийм өөрчлөлтийг дэмжиж байгаа бүх хүмүүс ирж нэгдэхэд нээлттэй байхаар байгууллагынхаа зохион байгуулалтыг хийсэн байна.
Тиймээс тэр үеийн гишүүдийн дотор өөрчлөн байгуулалтыг түргэтгэх талыг баримтлагчид, шинэ коммунистууд, зүүний болон зүүн төвийн социалист, либерал, шинэ ба уламжлалт консерватив үзлийг баримтлагчид ч байсан байж магадгүй.
Харин эдний дотроос шинэ коммунистууд тодрон гарч давамгайлсан байр суурийг эзэлсэн нь С.Зориг МоАХ-нд орж ирсэнтэй холбоотой юм. С.Зориг өөрөө коммунизмын онолын судлаач учраас шинэ коммунист үзэл санааны тухай гайгүй мэдлэгтэй байсан нь ойлгомжтой.
Гэхдээ түүний шинэ коммунист үзэл санааг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар дэмжээгүй бол ганцаараа энэ үзэл баримтлалыг МоАХ-нд тулгаж чадахгүй байсан нь ч бас маргаангүй.
С.Зориг шинээр байгуулагдсан Ардчилсан холбоог шинэ коммунист үзэл санаатай байгууллага гэж харж байгаагаа хамгийн анх 1989 оны арванхоёрдугаар сарын 8-нд буюу анхны цуглаанаас хоёр хоногийн өмнө, шинэ байгууллагын тухай сургаар сонирхож ирсэн эдийн засагч залуучуудтай уулзахдаа хэлсэн юм.
-Монголын нийгэмд өнөөдөр сталинизм, цэдэнбализм ноёрхож байна. Бид үүнийг өөрчилж, Маркс, Лениний үндэслэсэн коммунист нийгмийг жинхэнэ утгаар нь байгуулахыг зорьж байгаа юм гэж тэр хэлж, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр дэмжсэн байна.
Чухамдаа энэ үеэс шинэ коммунист үзэл санаа Ардчилсан хөдөлгөөний гол туг болж, 1990 оны хоёрдугаар сард хуралдсан МоАХ-ны анхдугаар их хурлаас баталсан мөрийн хөтөлбөрт “МоАХ нь… нийгмийг хөгжүүлэхдээ… марксист-ленинист арга зүйг бүтээлчээр хэрэгжүүлэх…” хэмээн оруулснаар оргилдоо хүрчээ.
Энэ их хурлаар байгуулагдсанаа зарласан Монголын ардчилсан намын анхны дарга Э.Бат-Үүл тэр үед “Ардчилал” сонинд өгсөн ярилцлагадаа “…Бид хөгжингүй социализмыг өндөр хөгжилтэй капитапизмаас дээгүүр нийгмийн шат гэж тодорхойлж байна.
Калиталист нийгмийн байгуулал Монголчуудын эрх ашигт нийцэхгүй, ийм нийгэм байгуулах аливаа оролдлогыг МоАН дэмжихгүй…” гэж хэлсэн нь сонины шарласан хуудсанд дурайгаад үлджээ.
4.Яах гэж ингэв?
МоАХ-ны удирдлага бүгдээрээ шинэ коммунист үзэл санааг дэмжсэн үү гэвэл үгүй. Үүнийг Г.Бошигт, “малыш” Ц.Энхтүвшин, Дарь. Сүхбаатар, Ч.Энхээ, Б.Билигт нар ил далдаар эсэргүүцсэн байдаг.
Гэвч тэдний эсэргүүцэл амжилтад хүрээгүйн учир нь Ардчилсан холбооны үйл ажиллагааг яаж санхүүжүүлэх вэ гэсэн асуудал гарснаас үүдэлтэй. С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар ардчилсан хөдөлгөөний үйл явцыг Хятадаар дэмжүүлэх найдлага өвөрлөж байсан байдаг.
Зохицуулах зөвлөлийн нэг хурал дээр:
-..Бид хоёр их гүрний дунд хавчуулагдаж байна. Орос бидэнд туслахгүй учраас одоо Хятадын Коммунист намтай сайн харилцаатай болохгүй бол бид үндсэндээ ертөнцөөс тусгаарлагдана.
Ингэвэл бид ямар ч дэмжлэггүй болж, Монголын ардчилал сөнөхөд хүрнэ гэж хэлсэн билээ. Гэвч хятадууд шинээр өрнөсөн Ардчилсан хөдөлгөөнийхнийг сонирхож байгаагаа үзүүлэхийг яараагүй юм.
5.Шинэ үзэл баримтлалын хар мөр
Ардчилсан хөдөлгөөн шинэ коммунист үзэл баримтлалын тугийн дор үйл ажиллагаа явуулаад удаагүй боловч энэ нь ардчиллын өрнөлтөд нэлээдгүй гай тарив. Үүнд:
А.Монголын ардчилсан холбоо, Монголын Ардчилсан нам өөрсдийгөө коммунист үзэл баримтлалыг дээдэлсэн, ажилчны эрх ашгийг хамгаалсан байгууллага гэж ил зарласнаас болоод ардчилсан тогтолцоог бий болгох хүсэлтэй сэхээтэнлэг залуучууд тэдэнтэй нэгдэхээс татгалзаж, өөр байгууллага байгуулж эхэлсэн юм.
Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо зэрэг нь ингэж үүссэн.
Б.Энэ үзэл баримтлалыг авсан явдал нь МоАХ, МоАН-ыг дотоод зөрчилдөөнд хүргэж, коммунист үзэл санааг эсэргүүцэгчдийг зайлуулах хөдөлгөөн өрнөсөн юм. Үүнд Ч.Энхээ, Г.Бошигт, Б.Билигт, Д.Баасан лам нарын зэрэг олон хүн өртөж, зарим нь холбоо, намаас, зарим нь удирдах болон зохицуулах зөвлөлөөс их бага хугацаагаар шахагдсан. Мөн энэ арга хэмжээнд Дарь.Сүхбаатар, Д.Нинж нар ямар нэг байдлаар өртжээ.
В.Хүмүүсийн дунд Ардчилсан холбоо, намын ард МАХН-ын зарим удирдах албан тушаалтан байгаа, ерөөс Ардчилал гэж яриад байгаа залуус нарийн дээрээ юугаа ч мэдэхгүй, бусдын тоглоом болж яваа гэсэн цуурхал тарахад энэ нь түлхэц болсон.
6.Шинэ коммунизмын шувтарга үе
Ардчилсан хөдөлгөөнд үүрлэсэн шинэ коммунизмын үзэл санааг хамгийн их сулруулсан үйл явдал нь Хятадын Коммунист нам зөвхөн МАХН- тай л намын харилцаатай байна, өөр бусад улстөрийн хүчнүүдтэй харилцаанд орохгүй гэдгээ үйл ажиллагаагаараа илэрхийлж,
Ардчилсан холбоо, намын зүгээс гаргасан хүсэлтэд хариу өгөөгүйгээс гадна ирсэн төлөөлөгчид нь зөвхөн МАХН-ынхантай уулзаад буцдаг жишиг тогтсон явдал юм. Мөн энэ үеэр Польшийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийнхэнтэй холбоо тогтоосон нь санхүүжилтийг Хятад, Оросыг давуулаад гуравдагч орнуудаас авах боломжтой гэдэгт тэднийг үнэмшүүлсэн байдаг.
Хамгийн гол нөлөөлсөн зүйл нь хамтран ажилласан байгууллагуудын нөлөө байлаа. Шинэ дэвшилт холбоо, Үндэсний дэвшлийн намыг үндэслэгчдийн нэг Г.Ганхуяг хожим ярихдаа:
-…Бид эхлээд шинэ коммунист Ардчилсан холбоо болон намтай харьцах хэрэг байна уу гэж их ярьсан. Гэхдээ ардчилсан хөдөлгөөнд тэдний эзлээд байгаа байр суурь, нэр нөлөөг нь ашиглах хэрэгтэй гэсэн санаа давамгайлсан юм.
Тэгээд, залуу улсууд гэдгээр нь С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат- Үүл гурвыг онилж, тэдэнд ухуулах, ойлгуулах замаар коммунист үзэл баримтлалаас нь салгуулах гээд үзэхээр болсон.
Үүнийг Да.Ганболд, Д.Батсүх хоёр ерөнхийд нь хийж Ж.Баасандаш, С.Бямбаа, Д.Нэргүй нарын хүмүүс шаардлагатай үед нь онолын талаас хүч нэмэгдүүлэх болсон. Энэ санаагаа Ардчилсан социалист хөдөлгөөнийхөнтэй ярьсан чинь тэд дэмжиж, Баабар, А.Ганбаатар, Д.Ламжав багш нарыг үүнд оролцоно гэсэн.
Тэгээд бид Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, голлон С.Зоригтой олон удаа уулзаж, худал үнэн шалтгаар дайлж цайлах завсраа ятгаж, ухуулсаар талдаа татаж чадсан юм даа,- гэсэн билээ.
Үүнээс үзэхэд хэрэв Ардчилсан хөдөлгөөн Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарынхаар өрнөсөн бол өнөөдөр Монгол Улс коммунист засаглалтай, шинэ коммунист нам, холбооны удирдагчид болох тэдний зургийг албан газар бүрт байрлуулсан улс байх байсныг харж болно. Чухамдаа ийм байдал хүрчихээгүй нь тэдний гавъяа биш, өнөөгийн ардчилсан тогтолцоо ч тэдний өмчлөөд байхаар бүтээгдэхүүн биш ажээ.
7.Шинэ коммунист үзэл санааны төгсгөл
Хэдийгээр С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар шинэ коммунист үзлээсээ ухрахад бэлэн болсон боловч аян шалтаг хэрэгтэй байв. Тийм шалтаг ч удахгүй олджээ. П.Нэргүй доктор МоАХ-нд 1989 оны арванхоёрдугаар сарын 27-нд анх зөвлөхөөр орж ирсэн.
Өөрөөр хэлбэл С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар анх холбоог шинэ коммунист үзэл баримтлалтай хэмээн ил ярьж эхэлснээс хойш 20-иод хоногийн дараа ирсэн гэсэн үг. Түүний ааш зан өвөрмөц, харьцаа хүнд учраас хүмүүс тийм ч сайн байдаггүй.
Нөгөө талаар улстөрийн үйл ажиллагаанд хатуу байр суурь баримтлах, хувьсгалын онолыг хэрэгжүүлэхийг зорьдог нь ардчиллын шинэ үсэгт дөнгөж тайлагдаж эхэлж байсан С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарт сүүлдээ төвөгтэй санагдах болсон учир ерөөс коммунист үзлийг авсны бурууг түүнд тохоод холбоо, намаас зайлуулах замаар өөрсдөө нэрээ бага ч гэсэн цэвэрлэж, сугарч үлдэхээр төлөвлөж, хэрэгжүүлсэн байдаг.
Өнөөдөр бол цагаандаа гарч, ерөөс холбоо, намыг шинэ коммунист үзэл баримтлал уруу түлхсэн гол буруутан нь П.Нэргүй хэмээн ил ярихаасаа ичихээ больжээ. Өөрсдөө буруу юм хийснээ мэдсэн ч “Уучлаарай, миний буруу байжээ.”
гэж шулуухан хэлчих хүн чанар дутаж, нэр цэвэр үлдэхийн тулд заавал хэн нэгнийг өөрсдийнхөө өмнөөс золиосолдог энэ байдал олон юманд илэрнэ. Үгүйдээ гэхэд коммунист үзлээсээ татгалзсанаасаа хойш ч гэсэн тухайн үедээ “коммунизмыг эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр нам, холбооноос хөөж, хэлмэгдүүлсэн хүмүүсийнхээ нэгнээс нь ч уучлал гуйгаагүй билээ.
8.Төгсгөл
Өнөөдөр Ардчилсан хөдөлгөөнд шинэ коммунизмын тухай хэн ч ярихаа больжээ. Тухайн үедээ Ардчилсан намынхныг “коммунистууд” хэмээн цоллож байсан социал-демократууд, Үндэсний дэвшлийн намынхан тэдэнтэй хэдийнэ нэгдэж, баруун төвийн үзэл баримтлалтай шинэ хүчирхэг намыг байгуулсан.
Гэхдээ энэхүү шинэ намын үйл ажиллагаанд хуучин коммунист байсан үеийн арга барил ямар нэг хэмжээнд үлдсэн юм биш байгаа гэж харагдмаар зүйл цөөнгүй бий. Гэвч энэ жижиг асуудал.
Хамгийн гол нь ардчилсан хөдөлгөөнийг шинэ коммунизмын замаар чирэх гэж оролдсон нэр бүхий хүмүүс өнөөдөр төрийн ямар өндөр албанд хүрч, ардчиллыг өмчилж байгааг бүгд харж байгаа тул тайлбар хийх нь илүүц биз ээ.
Ардчилсан Хөдөлгөөний анхны удирдагчдын нэг Чимидийн Энхээ