татварАрд түмэн АН-д итгэж саналаа өгсөн. Харин ард түмний дэмжлэгийн хариуг АН-ынхан аятайхан барихаар бэлджээ. Шинэчлэлийн Засгийн газар татварын 17 хуулинд өөрчлөлт оруулж ард түмнээс ихээхэн хэмжээний татвар авахаар болов. Улс төржсөн бодлогынх нь үр дүнд эдийн засаг уруудаж 2013 оны төсөв сүүлийн жилүүдэд байгаагүй хэмжээнд хүрч тасарлаа. Ирэх жилийн төсөв ч хүндхэн байх дүр зураг гарч байна. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар ард түмнээс авах татварын хэмжээг нэмээд зогсохгүй урьд өмнө хэрэглэж байгаагүй олон “гоё” татваруудыг бодож олсонтой танилцана уу?

1. “Бэлэглэлийн татвар”. Шинэчлэлийн Засгийн газар иргэд хоорондоо үл хөдлөх хөрөнгийг худалдахдаа бэлэглэлийн гэрээ хийж улсад нэг ч төрлийн татвар төлдөггүй гэж үзсэн байна. Өмнө ийм асуудал сөхөгдөж, асуудал оруулж ирэхэд С.Батболдын Засгийн газар болиулж байсан. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар авна гэж мэдэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд үл хөдлөх хөрөнгө зарж байгаа, худалдан авч байгаа иргэдээс татвар авахаар боллоо. Энэ шийдлээ Шинэчлэлийн Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулахад “бэлэглэлийн татвар” чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн мэдэгдэж байна.

2. “Хотын татвар”. Улаанбаатарт ажиллаж, амьдарч байгаа иргэд, сурч байгаа оюутнуудаас татвар авахаар хуулийн төсөл бэлэн болгов. Мөн Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бүрээс хотын татварыг авна. Үүнийг нийслэлийн шилжилт хөдөлгөөнийг саармагжуулах, ачааллыг бууруулах шийдвэр хэмээн тайлбарлажээ. Хотын албан татвар төлөгч нь тухайн улиралд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулсан албан татварыг төлнө. Цагтаа хураамжаа төлөөгүй аж ахуйн нэгжийг Татварын ерөнхий хуульд заасны дагуу арга хэмжээ авахаар уг хуулинд тусгасан байна.

3. “Аймагуудын татвар”. Бүх аймгийн төв болон улсын чанартай хотод ажиллаж амьдарч байгаа иргэдээс татвар авахаар хуулийн төсөл бэлэн болгов. Бас л төвлөрлийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих гэсэн гоё тодотгол дагалджээ.

4. “Үйлчилгээний татвар”. Энэ нь аймаг, хотын татварын нэг хэсэг. Гэхдээ яг хотын татвар гэж ойлгоход хэцүү юм. Тухайлбал хотын аль нэг ресторан, дэлгүүр, хоолын газар, буфеть гэх мэт газаруудаар үйлчлүүлэх бүртээ татвар төлнө гэсэн үг аж. Өөрөөр хэлбэл дэлгүүрээс худалдан авалт хийх бүр дээр хотын үйлчилгээний татвар нэмэгдэж байх гэнэ. Жишээ нь “Архангай аймгийн төвд очиж зочид буудалд нь гурав хонолоо гэхэд гарсан төлбөр дээрээ нэмж тус аймгийн аж ахуйн нэгжээр үйлчлүүлснийхээ төлөө тодорхой хураамж төлнө” гэж Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал гэгч хэлжээ. Хотын аль нэг ресторан, дэлгүүр, зочид буудлаар үйлчлүүллээ гэхэд мөн адил Хотын албан татварын дагуу төлөх ёстой төлбөр дээрээ хураамж төлөх бололтой юм. Энэ хууль нь Улаанбаатар хот, бүх аймгийн төвүүд, Эрдэнэт, Дархан, Алтанбулаг зэрэг нийт 27 суурин газарт үйлчлэх юм байна. Ингэснээр орон нутгийн болон улсын төсөвт тодорхой хэмжээний эдийн засгийн дэмжлэг болно гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.

5. “Өв хөрөнгийн татвар”. Үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж байгаа үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөнөөс татвар авахаартатвар1 бэлтгэв. Гэхдээ энэ төрлийн татвар нилээд олон төрөлтэй гэж хуульд тусгагдаж байна.

6. “Бэлгийн малын татвар”. Үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн журамаар өгсөн ч татвар авахаар болж байгаатай адил мал бэлэглэвэл мөн татвар авах нь шударга ёсонд нийцнэ гэжээ. Дарга нарыг хөдөө орон нутгаар явахад малчид аль сайн гэсэн морио бэлэглээд сүйд болдог. Тэгвэл морио бэлэглэсэн малчнаас “морь бэлэглэлээ” хэмээн татвар аваад морийг нь авсан дарга өөрөө зүгээр өнгөрөх бололтой. Манай дарга нараас л гарах ухаан даа.

7. “Үнэт эдлэлийн татвар”. Баячууд үнэт эдлэлээ үр хүүхэддээ өвлүүлэн үлдээсэн ч гэсэн татвар авах нь зөв тогтолцоо гэж үзсэн байна. Үүний сайн тал нь Монголд байгаа хөөрөг, гаанс, эмээл, хазаар, бурхан тахил гэх мэт үнэт зүйлс бүртгэлд орно гэж тооцоолжээ.

8. “Бэлэн мөнгөний татвар”. Хэрэв баячууд үр хүүхэддээ бэлэн мөнгө өвлүүлж үлдээхээс ч улс хувь хишигээ авах ёстой аж.

9. “Хувь хүний орлогын албан татвар”. Хувь хүний орлогын одоогийн албан татварыг бага байна хэмээн нэмэх ёстой гэж үзжээ. Тэгэхдээ хөгжингүй орнуудад энэ төрлийн татвар хувь хүний нийт орлогын 30-аас дээш хувийг эзэлдэг бол Монголд 5-8 хувьтай байдаг гэжээ. Мэдээж дэлхийн жишигт хүргэх нь.

10. “Малчдын татвар”. МАН-ынхан малчдаас татвар авахын эсрэг байдаг. Учир нь хүнд нөхцөлд газар нутгийг хамгаалан амьдардаг гэсэн тайлбар хэлдэг. Тэгвэл АН-ынхан авах ёстой гэж хуулийн төсөл бэлджээ. Малчин өрх, мал бүхий этгээдийн мал бүрээс татвар авах юм байна. Ингэхдээ малын тоог нэг хонины толгойгоор бодож тооцох аж. Харин үхсэн, алдсан малыг гамшгийн улмаас хорогдсон нотлох баримтыг үндэслэж татвараас хасч тооцох гэнэ.

11. “Утаа хаядаг машины татвар”. Нэг километр зайд явахад 120 грамм болон түүнээс их хэмжээний нүүрс хүчлийн хий ялгаруулдаг авто тээврийн хэрэгслээс хураамж авахаар хуулийн төсөлд тусгав.

12. “Азын дугаарын татвар”. Азын болон мөнгөн улсын дугаар хэрэглэж байгаа автомашины эзнээс татвар авдаг болно. Эсвэл ийм төрлийн улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулж төсөвт мөнгө төвлөрүүлнэ.

13. “Нийтийн зогсоолын татвар”. Улаанбаатар дахь нийтийн зогсоолуудаас татвар авахаар бэлтгэж байна.

14. “Байгалийн бохирдолын татвар”. Нийслэлд нүүрс түлсэн айл өрх, аж ахуйн нэгжүүдээс Улаанбаатарын агаарыг бохирдуулсан гэх үндэслэлээр ихээхэн хэмжээний татвар авахаар болов. Тэгэхээр Улаанбаатарын гэр хорооллын ихэнх айл өрх татвар төлөхөөр болж байна гэсэн үг юм.

15. “Хог хаясны татвар”. Хог хаясны хураамжыг нэмэгдүүлэхээр хуулийн төслүүдэд тусгасан байна. Хог хаядаггүй айл өрх, аж ахуйн нэгж гэж байхгүй учир бүгд л татвараа нэмүүлэх нь тодорхой юм.

16. “Гол ус бохирдуулсаны татвар”. Туул голруу бохироо асгадаг арьс ширний үйлдвэрүүд, голд машинаа угаасан этгээдүүдийг журамлахад энэ хууль хэрэг болох нь гарцаагүй. Мөн ус бохирдуулах бодисын хэмжээг килограммаар бодож татвар авах юм байна. Хоногт 50 шоометрээс их хаягдал ус гаргадаг аж ахуйн нэгжүүдээс татвар авна.

17. “Нүүрс олборлолтын татвар”. Нүүрс агаарыг бохирдуулж байна гэсэн их гомдол байдаг. Тэгвэл түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгжээс килограммаар нь тооцож татвар авна.

Эдгээрийн зарим нь ч боломжийн. Гэхдээ л ихэнх нь “арай л” гэмээр сонсогдож байна. Харин дээрх татваруудын хувь хэмжээг удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэж бөөн хэрүүл болох байх даа.

Ийнхүү Ардчилсан засаг ардчилсан хийгээд хөгжсөн орны жишигт улсаа хүргэхийн тулд тэдгээр орнуудад авдаг татварыг ч гэсэн авах ёстой гэж үзсэн байна. Ард түмнээс татвар авч болох бүхий л нүх сүвийг сайтар олсон байгаа биз. Тэд үүнийгээ “шинэчлэлийн бодлого” хэмээн тодотгож байна.

www.24tsag.mn