С.Молор- Эрдэнэ: Ардчилсан намынханд ариун цэврийн цаас хэрэгтэй, бас нүүрийг нь савангаар угааж өгмөөр байна
Улс төр судлаач, инженер болон философийн шинжлэх ухааны доктор С.Молор-Эрдэнэтэй нэгэн лекцийнх нь дараа уулзаж ярилцлаа.

-  Таны  лекцийг сонслоо. Их сонирхолтой юм. Лекцийн сэдэв иргэний боловсролын талаар байсан, яагаад заавал энэ сэдвийг сонгосон юм бэ?
- Иргэнийн боловсролын тухай боддог юм. Саяын лекцэнд доктор, профессороос авахуулаад ажилгүй хүмүүс ч  ирж сууж байна. Миний хувьд иргэд л чухал болохоос тухайн хүн хэн байх нь хамаагүй. Намайг лекцээ явуулж эхлэхэд зарим хүн иргэдээ ялгаж сургаач гэж байсан. Яг үнэндээ бүгд адилхан байж хэн нь хэнийгээ гэх юм.  Хүн сурахад эртэднэ, оройтно гэж байхгүй шүү дээ.Тэр хүн  ирж таашаал авч мэдэхгүй зүйлээ мэдэж, сонсч авах хэрэгтэй байна. Энэ л их чухал. Ерөнхийдөө өөрсдөө иргэний боловсролтой байж улс төр, сонгууль  гээд нарийн ширийн зүйл яригддаг. Боловсролгүй хүнтэй  юугаа ярих билээ дээ.

- Тэгэхээр таны боловсролын хэмжээ хангагдсан гэж үү?

- Би боловсролоор ханасан хүн. Инженерийн салбарт Германд доктор, философийн чиглэлээр доктор хамгаалсан. Боловсрол хүнд маш хэрэгтэй. Хүмүүс яагаад боловсрол гээд байдаг гэхээр  тийм хүн чинь аливаа зүйлийг боддог болдог, юманд шүүмжлэлтэй хандана, эргэлзэнэ. Яагаад шүүмжлэлтэй хандаж байгаа гэхээр юм бүхнийг хүлээн зөвшөөрөөд хуйларч гүйгээд байхгүй, яагаад эргэлзэж байна гэхээр өөрийгөө үнэлэх хэт нэг хүнийг даган баясч, үгэнд нь үнэмшиж гүйхгүй, би ч бас өөрийн бодолтой хүн шүү эргэлзэж сурах. 

Том босс гэдэг юм уу, том улстөрч ороод ирэхээр тэр л хүний зөв гэсэн ойлголт явдаг. Тэр хүн 100 хувь алдвал яахав. Юманд эргэлзэж сурахыг л би боловсрол гэж ойлгодог. Уншиж сурах, уншаад ойлгож сурах, уншсан зүйлийнхээ тухай цаасан дээр бичиж сурах, мэдэж авсан зүйлийнхээ тухай богинохон хугацаанд ярьж сурах. Ерөнхий гол зүйлээ ярьж сурах. Үндсэн эдгээр зүйлс хаягдсан байна. А4 цаас өглөө. Уншсан зүйлээ бичээдэх гэхээр чадахгүй. Энэ сэдвийн талаар ярь гэхээр байдаггүй. Ийм  хэмжээний боловсролгүй  болчихсон байна, манайхан.

Боловсролтой байхын тулд интернэт ухах, хэдэн бодлого бодоод боловсролтой болсон гэж андуурах хэрэггүй шүү дээ.

- Та сайхан ярьж байгаа хэрнээ өөрөө  их алдаатай бичих юм. Саяын лекцийн тэмдэглэлийн алдааг чинь засч суулаа.

- Яг ямар дүрмээр гэдэг юм. Түүнийг алдаа гэж хэлэх байх. Гэхдээ дүрмийг хүн зохиодог. Тэр хүмүүс дүрмийг төгс зөв гүйцэд зохиосон гээд байдаг. Дүрэм зохиож байхдаа алдсан, дутаасан, буруу хийсэн зүйл байж болно. Энэ дүрмийг засч өөрчилж өнөөдрийн орчин үеийн амьдралд нийцүүлж шинэ дүрэм зохиох ёстой.

- Ямар дүрэм зохионо гэж ?
- Монгол  хэлэнд нэр үг, үйл үг хоёр ялгагдахаар.

- Таныхаар яаж бичих ёстой юм?

- Нэр үгийг томоор бичдэг, эхний үсэгний дээр зураас тавьдаг ч юм уу. Энэ бол нэр үг. Үйл үгийг хэвээр нь бичээд яваад байж болно. Хоёрдугаарт, эгшиг гийгүүлэгчийг гээхгүй. Яагаад гэвэл үгийн бүтэц алдагдана. Гуравдугаарт, үгийг араас нь дагаж байгаа дагаврыг тусад нь бичвэл зүгээр. Мэдлэг гэхэд -ийн нь тусдаа байж болно. Одоо ингээд бичээд ирэхээр текст маш эмх цэгцтэй харагдаж эхэлнэ. Давхар нэг ашиг нь интернэтэд үг хайхад амар болно. Үндсэн үг нь эгшиг гээгээд өөрчлөгдөхгүй. Яг англи хэл дээр байдаг шиг. Мөн үгүй гэдэг үгийг дандаа тусад нь бичдэг. Залгагдахаар халамжгүй гэж байхад үүнийг тусдаа бичихээр халамж үгүй болно.

- Та монгол хэлийг ингэж бичнэ гэж үзэж байхад үүнийг зохиосон болон одоо мөрдөж байгаа дүрэм таныхаар өөрчлөгдөнө гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна л даа.
- Шинэ зүйл гэдэг ямагт хэл ам, хэрүүл шуугиан дэгдээдэг. Хуучинтайгаа зууралдах гэсэн хэсэг байхад, шинийг хүлээж авах хэсэг бий. Хэл бол нийтийн өмч болохоос хоёр гурван хүний өмч биш шүү дээ.  Ц.Дамдинсүрэн, Б. Ринчен гэдэг хүмүүсийн өмч биш. Тиймээс төрийн хяналтанд явах ёстой гэж хувьдаа би үздэг.

- Тантай санал нийлэхгүй байна. Хэн дуртай нь монгол хэлний дүрмийг өөрийнхөөрөө бичнэ гэж байж болохгүй байх. Нөгөө талаар та монгол хэл, бичгээр ингэж оролдохын оронд Молор- Эрдэнэ гэдгээрээ байвал  дээр зүгээр биш үү?

- Нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Би  заавал улс төрч болох гээд л, эсвэл УИХ-ын гишүүн болох сонирхол үнэндээ байхгүй. Энэ нийгмийг урагшаа хөгжих ёстой, хийсэн алдаануудаа хүлээн зөвшөөрөх, бас алдаагаа засах ёстой гэдэг дээр нь ажиллаж яваа хүн шүү дээ.  Ардчилсан хувьсгал Монгол Улсын эсрэг байсан юм байна. Бүхий л сайн сайхан зүйлсийг эвдэж хэмхэлсэн, зарсан, үрэн таран хийсэн. Ийм зүйлийг бид хийсэн шүү , уучлаарай гэж хэлэх ёстой. Үүнийг л хүлээж байна.

- Гэхдээ та өнөөдөр ардчиллын буянаар  өөрийнхөө лекцийг уншиж, бусадтай санал бодлоо илэн далангүй хуваалцаж байна. Та надтай уулзахаасаа өмнө Ардчиллын ордонд лекц уншаад гарсан. Энэ таны үгүйсгээд байгаа ардчиллын ач тус биш гэж үү?

- Ардчиллын ач тус биш. Би тухайн үед дээд сургуульд сурч,  Германд лекц уншиж явлаа. Монгол Улс намайг дээд сургуульд явуулсан. Мэдлэг, боловсролыг надад социализм олгосон. Өөрөөр хэлбэл, таван жилийн төлөвлөгөө намайг боловсролтой болгосон. Өнөөдөр би таван жилийн төлөвлөгөө гэсэн нэртэй лекц уншлаа.

- Тийм үү. Иргэд яаж хүлээж авч байна?
- Бөөн баяр байна. Тэд бид баларсан юм гэсэн. Гэхдээ  яахав, Ардчиллын ордонд орж ирчихээд ардчиллыг муулна гэдэг бол чонын үүрэнд ороод гараад ирсэн гэсэн үг.  Энэ ч бага хэрэг. Би  АНУ-ын танхимаас хөөгдөж байлаа.  

- Яагаад хөөгдсөн юм бэ?
- Тэр өдөр гай таарч “ Пан монголиа”-гийн эзэн, үндсэрхэг үзэл ярьсан нь тэр байранд таарчихсан. Би ямар лекцээ болилтой биш. Нөгөө лекцийг маань видеогоор татаад шууд хөөгдсөн. Уг нь тэнд тогтмол явуулах гээд гэрээ байгуулсан байсан юм.

- Таны лекцийн тэмдэглэлийг харахад та хуучин үеэ санагалзсан, ялангуяа маркисизм, ленинизм, социалист нийгэмд таатай ханддаг гэдэг нь анзаарагдаж байна.
- Тийм ээ.  Тэр үед бид маш их зүйлийг хийж бүтээсэн. Бидэнд социализмыг босгоход их хүнд байв. Өнөөдөр  өөр хэрэг, бүх зүйл өөрчлөгдсөн. Тэр үед бүгд хөдөөнөөс ороод ирсэн. Бичиг үсэг байхгүй, юу ч ойлгохгүй. Ихэнх нь буддын шашинд  тархиа угаалгачихсан байлаа. Ийм л хүмүүсийг Улаанбаатарт авчраад байранд амьдруулаад, аж үйлдвэрийн комбинатад ноос угаадаг цехэд ажилчин болгоод, сарын эцэст халаасанд нь мөнгө хийж өгөөд, хүүхдийнх нь нүүрийг савангаар угаагаад цэцэрлэг яслид өгөөд амьдруулж байв. Гэр бүлгүй хүнийг нь нэг хүүхэнтэй танилцуулаад энэ чиний эхнэр шүү гэж байсан. Ингэж  хүний нийгмийн хамгийн анхдагч суурийг тавьсан гэсэн үг. Хүн төрөлхтөн аль хэдийнэ явчихсан хойно бид араас нь анх удаа орос ах нарын ачаар бусдад танигдсан. Ингэж зовж бүтээсэн зүйлээ бид  өөрсдөө устгаад хаячихсан гэж үздэг.

- Оросын боловсрол л ноёрхсон үеийг та хэлж байна уу?

- Үгүй ээ, Оросын боловсрол биш.  Хүн төрөлхтний боловсрол байхгүй юу. Харин бид яг тань шиг ингэж үзээд бүтээсэн зүйлээ алдсан юм. Оросын муухай юм гэж үзээд устгачихсан чинь хүн төрөлхтний үнэт зүйл байжээ. Би өөрөө Германд 20 жил амьдарсан хүн, хүн төрөлхтний боловсрол гэдгийг мэднэ. Нөгөө Оросуудын зааж байсан зүйлийг Германд ч заадаг юм билээ.  

- Одоо Оросоос татгалзаад үндэсний зүйл рүүгээ орох гээд хичээж байна.
- Оюунлаг үндэстний зүйл гэж манайд байхгүй. Материаллаг үндэстний зүйл бий. Жишээ нь дуулах,бүжиглэх, бидний  яриад байдаг нөгөө язгуур урлагаа л хэлнэ. Бид дэлхийн тавцанд гаргаж ирэх оюунлаг зүйлийн талаар ярьдаггүй.  

- Таныхаар бол манайд үндэсний зүйл гэж байхгүй гэж үү?

- Их хэцүү асуулт байна. Ганцхан л зүйл байгаа байх. Одоо та бидний ярьж байгаа монгол хэл. Өөр тийм гэх зүйл алга байна.

- Үндэсний бахархал байхгүй гэдэг нь муухай сонсогдож байна.
- Бахархах  зүйл байвал бахархаж таарна. Монгол хүн болж төрснөөрөө бахархаж байгаа нь нэг ялгаа болохоос үндэсний бахархал биш. Миний хувьд монгол хэлийг үндэсний гэж ойлгоно, Монгол гэдгээрээ бахархдаггүй юм аа гэхэд нэг их гутраад байдаггүй. Яахав ийм нэг үндэстэн байна. Хэдэн зуун жил гадуур дотуур тэнэж явсан, Хятадаас хөөгдсөн.  Түвдүүд орж ирээд шашин гэж тархи угаасан. Харин оросууд орж ирж биднийг “ од” болгосон. Бид  тэдэнд  үргэлж баярлах хэрэгтэй. Тэр арван хэдэн мянган ам долларын өрийг нь  төлж чадахгүй. Бид төлж дийлэхгүй, тийм л байсан.  Мөнгөөр үнэлэх юм бол  ёстой баларна биз дээ.

- Амьдарч байгаа цаг үеэ хүлээн зөвшөөрдөггүй хүнийг  шизотой гэдэг юм билээ. Та ч гэсэн энэ нэрийг зүүгээд амжсан байх аа?

- Намайг нэг хэсэг маш их шизотой гэсэн. Энэ хочийг Ардын намынхан надад өгсөн байх.  Намайг хэн ч биш болгохыг зорьсон. Улс төрийн тавцанд  гарч ирээд үгүй хийхийг хичээсэн. Олон нийтэд энэ Молор- Эрдэнэ шизотой гээд амьтны доог болгож байв. Хүн харахаараа инээдэг тийм нэг баагий болгох гэсэн. Энэ нь бүтээгүй л дээ. Би  хий хоосон хийрхэл юм уу, улс төрийн амбицад автаж  хэрэгтэй, хэрэггүй хүн дагаж гүйгээгүй. Өөрөөр хэлбэл, цаад эрх ашиг байхгүй. Ер нь ард түмний эрх ашиг гэж байх ёстой гэсэн  сэтгэл  надад байсан. Цаад суурилж байгаа зүйл баттай учраас тэр зүйл чинь намайг хөтлөөд аваад явчихаж байгаа юм. Монгол гэсэн үндсэрхэг зүйл байгаа ч түүнийгээ би гаргах дургүй. Хэрвээ үүнийгээ гаргаж ирэхээр оюуны, онолын хүн биш, зүгээр нэг хийрхсэн нөхөр болчих гээд байгаа юм. Тэгээд ч монгол үндэстэн гээд ярих гэхээр охид бүсгүйчүүд маань гадаадын хүмүүстэй гэрлээд эрлийз хүүхдүүд төрүүлээд л явж байна. Түүнийг монгол үндэстэн гэж зарлах уу.

- Та үндэсний талаар ингэж боддог юм байж. Тэгвэл Монгол Улсын тусгаар тогтнолын талаар ямар бодолтой явдаг вэ?

- Тусгаар тогтнол гэсэн сэдэв рүү би орж ажиллаагүй, миний лекцэн дээр ч байдаггүй юм. Тулгамдсан асуудал биш гэж ойлгодог. Бид их азтай. Хоёр том гүрний дунд байж байна. Манай хоёр хөрш биднийг юунд дуртай, дургүйг сайн мэддэг учраас санаа зовдоггүй. Биднийг дэндүү сайн мэддэг учраас биднийг эвгүй байдалд оруулахгүй байх. Харин бид өөрсдийнхөө буруугаас болж хүний дургүй хүргэчих вий дээ. Энэ хоёрыгоо давж боддог юм болоод худлаа яриад хүний уур хүргэж магадгүй.  Тэднээс  мэдлэг боловсролоос илүү байж цэцэрхэх хэрэгтэй. Тусгаар тогтнол гэхээсээ илүү монгол хүний өөрийн дархлаа дээр их зовдог.

- Ямар дархлаа?
- Мэдлэг боловсрол, биеэ даасан амьдралын чадвар. Хүнд молигодуулчихгүй, хүний хоол болохгүй,  манайхны зарим нь энд тэндхийн хэрэгтэй хэрэггүй шашин шүтэж толгойгоо угаалгаад, муу хүнтэй нийлж амьдралаа баллах, болсон болоогүй мөнгөтэй хүнийг дагаад амьдралаа үрдэг. Энэ бүхнийг хийхгүй байвал монгол хүний дархлаа сайн байна гэсэн үг. Газар нутгийн хувьд асуудалгүй.

- Та тэгвэл хэр дархлаатай хүн бэ?

- Энд сууж байгаа чинь дархлаатай байгаагийн шинж. Хэрвээ дархлаагүй байсан бол гадаад оронд ажиллаж амьдраад л явж байгаа. Би улс эх орондоо өртэй. Намайг социализмын Монгол орон хүн болгосон. Гадаадад суралцсан таван жил биш, арван жилийн сургууль, цэцэрлэг гээд бүгд. Ерөөсөө  намайг  социалист систем хүн болгосон болохоос миний аав, ээж намайг хүн болгоогүй шүү дээ.

- Арай л хатуу хариулт санагдаж байна.

- Яагаад гэвэл аав, ээж хоёр өглөө надтай цуг гараад орой хамт орж ирдэг байсан. Тэр хоёртой өдөржингөө тааралддаггүй. Яагаад ингэж хэлж байна гэхээр ихэнх зүйлийг төр даадаг байж. Ээж, аав миний бүх зүйлийг төлж чадахгүй,төлөөгүй.

- Аав, ээж хоёр тань танд гомдох байх даа, ингэж ярихаар?
- Аав, ээж хоёр намайг хүмүүжүүлээгүй.

- Яагаад?
- Намайг багш нар хүмүүжүүлэх болохоос аав, ээж хоёр чадахгүй шүү дээ. Ямар туршлагаар, ямар мэдлэг боловсролоор хүмүүжүүлэх юм.

- Ядаж гэрийн хүмүүжүүжил өгөх байлгүй дээ?
- Гэрийн хүмүүжил яахав дээ, аав ээждээ тусал, гэрийнхээ ажлыг хий л гэнэ, өөр зүйл байхгүй. Түүнээс биш намайг өмнөө суулгаж байгаад хайр дурлал гэдэг чинь ийм байдаг, амьдрал гэдэг ийм гэхгүй шүү дээ. Их л удаж битгий оройтоорой л гэдэг байсан.

- Таныг тэгээд хэн хүмүүжүүлсэн юм?

- Би маш их ном уншдаг байсан. “Робинзон Крузо” , А.Чехов, Жюль Вернийн зохиолууд, Монте  Кристо гүн гээд дэлхийн сонгодгуудыг уншсан. Хайр дурлал, амьдралыг номноос уншаад мэдээд авчихдаг. Тэгээд өөрсдөө дүр болоод явчихна. Заримдаа Корчаген, Монте Кристо гүн гээд л.

- Одоо та ямар дүртэй явна?
- (Нэлээд бодов) Одоогийн миний дүр  Молор-Эрдэнэ л байх. Ийм насан дээр хүн дуурайгаад хэрэггүй болов уу. Ерөнхийдөө Азийн хэдэн хүнийг хүндэлдэг. Улс орноо босгож ирсэн Дян Сяо Пин, Өмнөд Солонгосын Пак, Энэтхэгийн Ганди гэх мэт. Буурай орнуудын удирдагч нар тэмцсээр байгаад улс эх орноо өндөр хөгжилтэй болгож чадсан. Тэр эрчүүдийг үлгэр жишээ болгож явдаг.

- Ингэхэд таны амьдралын философи юу юм бэ?

- Би аливаа зүйлийг баталгаатай мэдэх ёстой гэж үздэг хүн. Дутуу дулимаг байж болохгүй. Өөрийнхөө санаагаар ярьж, хийж болохгүй. Мэдэж хийх ёстой. Хэрэгтэй, хэрэггүй зүйлд үнэмших хэрэггүй. Үнэмшлийн дархлаа хэрэгтэй. Хүслээ цөөл, хэрэгцээгээ хумь. Битгий олон зүйлийг хүс.  Би өнөөдөр гурилтай шөл идээд л сууж байна. Заавал солонгос, хятад хоол идэх гээд хэрэггүй. Тэр хоол яаж боловсроод бидний ходоодонд орж байгааг мэдэхгүй учраас тийм хоол хэрэглэдэггүй. Хятад хоол идлээ гэхэд ямар санамж миний биед байна. Харин гурилтай шөлөө идэхээр сайхан байдаг, сайн, муу хийснийг  дор нь мэдчихнэ.

- Та хүнийхээ хувьд хэр хүн бэ?

- Би хүн чанарынхаа хувьд гайгүй л гэж хэлнэ. Хүмүүсийн амьдрал дээшлээсэй гэж боддог. Угаасаа айлын том хүү болохоор дүү нараа асарна, тэтгэнэ гээд ажил ихтэй байлаа. Багаасаа ийм ажил хийсэн учраас хүүхэд байхдаа хамаг зүйлээ хүнд тараагаад өгчихдөг. Өөрөө хоосон үлддэг байв.

- Та хэрэгцээгээ багасга, олон зүйл битгий хүс гэж хэллээ. Бид ч гэсэн өнөөдөр хэрэгцээнийхээ боол нь болсон юм шиг санагддаг.
- Та яг зөв хэллээ. Бид  өнөөдөр хэрэгцээнийхээ боол нь болчихсон.

- Харин та?
- Миний олж байгаа мөнгө амьдралд бол хүрэхгүй. Гэхдээ яахав,  хажуугаар нь ном орчуулна, лекц уншсан мөнгөө хамж шимээд дөнгөж болгодог. Миний санхүү зөвхөн миний л хараат. Өөр хэнийх ч биш.

- Хүний хэрэгцээг дагаад хүний хүсэл явдаг байх л даа. Жишээ нь, та ямар хүслээ биелүүлэх юмсан гэж боддог вэ?

- Жаахан, жаахан хүсэл байна аа. Ерөнхийдөө хүслээ биелүүлчихсэн. Гэхдээ нэг сайхан судар бичих юмсан гэж мөрөөддөг. Энэ нь шашных биш л дээ. Монгол хүний оюун ухаанаар урласан судар номтой болохыг хүсдэг. Бас орой бүр караокед орж дуулж, бүжиглэх юмсан гэж боддог.

- Та түрүүн хэлэхдээ бусдын нөлөөнд орохыг хүсдэггүй гэсэн. Гэхдээ та Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай нөхөрлөж, намынх нь хүртэл гишүүн болж явсан хүн шүү дээ. Таны ар талд Энхбаяр байсан гэдэг. Тийм үү?

- Үгүй ээ, Н.Энхбаяр миний ард биш, хажууд л явдаг байсан. Түүнтэй ойртож нөхөрлөх нэг шалтгаан байсан юм аа.

- Ямар шалтгаан?

- Түүнийг би алдаагаа засахыг гуйсан. Монголын ард түмнийг идэвхгүй амьдруулсан, бүтээн босголтын ажлыг эхлүүлж чадаагүй, хэт их өөрийгөө шүтэн бишрүүлсэн,  урт дээл өмссөн, том том хөөрөг солилцсон, тэр муухай мухар сүсэгтэй тав, арван жилийг өнгөрүүлсэн. Энэ нь ард түмнийг өнөөдрийн гай руу чирсэн. Өөрөөр хэлбэл, идэвхгүй амьдрал руу түлхсэн. Ардчиллын хувьсгалыг дэмжсэн нь буруу зүйл биш шүү дээ.

- Та тэгээд энэ тухайгаа түүнд хэлсэн үү?

- Ёстой нөгөө бодоогүй явсан гэдэг шиг л зүйл болсон байна лээ. Эмх замбараагүй хачин үед Энхбаяр дарга хөнгөн шингэн явж байгаад л төрд гараад ирсэн хүн шүү дээ. Нэг их айхтар амбицтай, улс орноо хөгжүүлнэ гэсэн зүйл ярьж гарч ирээгүй. Угаасаа улс төрийн лидер хүн биш. Ерөнхийдөө гарч ирээд ийш нь юмыг  өгөөд, тийшээ ч цацаад л...

- Юу гэсэн үг вэ?
- Улс төрийн дамын наймаачин гэсэн үг. Улс төрийн ТҮЦ л ажиллуулсан хүн юм. Мань эр дээр очиж албан тушаал авсан хүн  түүнийхээ өрийг төлөөд явдаг байсан. Нэг тавиур дээр баахан албан тушаал тавьчихсан, за алийг нь авах вэ гээд л явдаг байлаа шүү дээ.

- Та тэр үед нь түүнийг таньдаг байсан юм уу?

- Тухайн үед Германд байсан л даа. Мэдээж улс төрийн хүн учраас улс төрийг ажиглана, харна. Бүх зүйлийг худлаа хийчихээр дургүй хүрдэг байсан. Гэхдээ Энхбаярт нэг онцлог байдаг юм.

- Ямар?

- Гол нь өөрийгөө 40 мянгатынх, тийм  учраас би тэртэй тэргүй сэхээтэн гэсэн ойлголттой. 40 мянгатынх гэхээр Монголд илүү хүн байж таарна, элит хэсгийнхэн гээд бодчихсон.  Өөрийнх нь энэ зан чанар хэзээ ч тавигдаагүй. Гадаад яваад ирсэн бусад боловсролтой хэсгийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Зүгээр л хүнээр тоглодог хүн байсан. Надаар ч гэсэн тоглоно доо гэж бодож байсан байх.

- Та  тэгээд “тоглуулсан” юм уу?
- Итгэл үнэмшилтэй, боловсролтой, үнэт зүйлтэй хүн гэдэг чинь тоглуулахгүй. Энэ нь миний мундагт  биш, миний философи л намайг аваад явчихсан. Хэзээ ч хүний хүүхэлдэй болохгүй, ёстой уучлаарай. Хүмүүс намайг тэгдэг юм. Чи дуугүй сууж байсан бол жагсаалтаар ороод ирсэн УИХ-ын гишүүн болох байсан гэдэг. Намайг бас ингэж доош нь хийж болохгүй биз дээ.

- Та Хөдөлмөрийн намын дарга. Хэдэн гишүүнтэй юм бэ?
- Сануулсанд баярлалаа.

- МАХН-ыг гэр бүлийн нам гэдэг. Танайхыг ч гэсэн тэгж сонссон юм байна.
- Намын болон өөрийн ажилдаа гэр бүлийнхээ хүнийг ер нь оролцуулдаггүй. Өнөөдөр монгол эрчүүд эхнэрийнхээ том хүү нь болсон байна. Эхнэр нь юу гэнэ, түүнийг л дагаж байна. Харин миний хувьд ийм асуудал байхгүй, би айлын нөхөр түүгээрээ байж байгаад л дуусна. Айлын том хүү байхыг хүсэхгүй.

- Монголд  энэ олон нам хэрэгтэй юм уу. Тодруулбал, танай нам хэрэгтэй юү?

-  Улс эх орноо хөгжүүлэхийн тулд  онолын ч юм уу, сонголт гэсэн утгаараа олон нам байна. Монгол орны байдал хэцүүдлээ, байгаль орчин  сүйрлээ гэхэд энэ удаа байгаль орчныг хамгаалах намыг сонгоно гэдэг ч юм уу. Олон нам хэрэгтэй. Нэгэнт энэ нам бүгдээрээ адилхан зүйл ярьж байгаа юм чинь онол, программ, хэлж байгаа үг нь хүртэл адилхан болохоор нэг нам байх хэрэгтэй.  Манай намын хувьд энэ хүн гараад ирвэл хөдөлмөрийн байр бий болгоод байж магадгүй гэж иргэд ойлгоод сонгуулийн нэг сонголт  болох юм.

- Та сонгуульд нэр дэвших гээд байгаа юмаа даа?

- Хэлж мэдэхгүй байна. Гэхдээ яг одоо байгаа хүмүүсийн дунд орж суугаад хэрэг байна уу. Тэгсний оронд номоо бичээд лекцээ уншаад явсан нь дээр байх аа.

- Улс төрийн тогоонд мэргэжлийн хүмүүс байвал илүү үр дүнтэй болов уу. Адаглаж л мэргэшсэн жолооч гэж байхад манайд мэргэжлийн улс төрч гэж байдаггүй шүү дээ?

-  Маш гоё сэдэв хөндөж байна. Яг үнэн. Улс төр гэдэг чинь хөнгөн шингэн яваад орчихдог зүйл биш. Би өөрөө улс төрд дуртай  биш. УИХ-ын  гишүүн болсон болоогүй амьдралаа  аваад явах чадвартай нөхөр байхгүй юу. Одоо манай Их хурлын гишүүдийн бүх зүйл нь дууссан. Машинаар шатахуун нь дуусчихсан. Амьдралынх нь эцсийн буудал нь Их хурал болсон нөхөд, хөөрхий дөө. Бүх хүсэл мөрөөдөл нь биелсэн гэсэн үг.

- Та өөрөө мэргэжлийн улстөрч мөн үү?
- Би Ардын намынханд нэг удаа хэлж байсан юм. Танай нам хуучин Намын дээд сургуультай байсан. Түүнийгээ буцааж байгуулаач, боловсон хүчнээ бэлдээч гэж.  Тэд миний хэлсэн үгийг тоогоогүй. Угаасаа тэдэнд хүний үгийг хүлээж авах чадвар байхгүй л дээ. Одоогийн дарга М.Энхболд бол зүгээр л намын албан хаагч. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн ажилчид гэсэн үг. Амьдрал нь намын гишүүн болчихсон. Нэрээ хэл гэхээр намын гишүүн гээд л яваад байдаг.

- Тантай яриад суухаар та Ардын намынханд багагүй тал засаад байх шиг?

- Ардын намынхныг дээр гэж боддог. Уг гарал үүсэл, хөгжлийн зам түүх, намтар нь улс эх орны хувь заяа, ажил амьдрал бүх зүйлтэй таардаг. Тэр үедээ энэ намыг социализмын үед байгуулсан юм гэхээр нам гэдэг утгаар нь биш, хүмүүжлийн байгууллага гэж байгуулсан. Дарга нь дампуу, ажлын цагаасаа хоцордог, үйлдвэрийнхээ ажилчдын цалинг аваад үрчихдэг нөхөр байж болохгүй гэсэн шаардлага тавьдаг, хянадаг, хүмүүжлийн байгууллага юм.

- Харин одоогийн намууд ямар байна?

- Жижигхэн бэлтгэгдээгүй арми гэсэн үг. Даргынхаа өмнөөс алалцаад хэрэлдээд  ямар ч үр дүн байхгүй. Дээрээ хурандаа, генералууд нь сууж байдаг. Ардын намынхан ихэнх нь хөгшид байхад Ардчилсан намынхан  МУИС-ын оюутнууд байх жишээтэй. Үндсэндээ энэ хоёр арми л сонгуулийн үеэр хоорондоо үзэлцдэг байхгүй юу. Нам гэж хэлэхэд хэцүү. Уг нь төрийн бус байгууллага байх ёстой. Би хэлээд байгаа шүү дээ. УИХ-д хүн гарч ирэхгүй бол намыг хаачихдаг байх хэрэгтэй. Сая их хуралд гарч ирж чадаагүй манай нам өнөөдөр үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй.

- Сөрөг хүчин үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нь ийм байдалд хүргээд байгаа юм болов уу?
- Сөрөг хүчин гэж Монголд байхгүй. Улс төрийн онолоор нь хөөгөөд үзвэл  манайд онолоо дагаад явж байгаа нам  нэг ч байхгүй. Ардчилсан нам гэхэд зүүнийх, Ардын нам консерватив нам байх ёстой байтал бид социал демократ гээд гүйгээд байдаг. Намууд өөрсдийнхөө онолчийг бэлдээгүй. Ардын намын хууччуул нь шинэ хүмүүстээ байраа тавьж өгч чадаагүй. Намын дээд сургуулиа үргэлжлүүлж чадаагүй учраас залгамж халаа нь зогсчихсон.

- Ардын намынхан залгамж халаагүй болсон гэж үү?
-  М.Энхболд дарга болж байна аа гэдэг чинь хүнгүй болсны шинж. Хаа байсан үлгэр дууссан хойно М.Энхболдыг гаргаад ирж байгаа байхгүй юу.  Хүмүүс бараг мартчихсан байгаа шүү дээ.

- Та арай дэндүүлээд байгаа юм биш үү?

- Үнэндээ бол харамсалтай санагддаг. Уг нь Монголын сор болсон сэхээтнүүдийн нам байх байсан юм. Ардчилсан нам бол хэзээ ч сэхээтэнтэй байж чадахгүй. Ерөнхийдөө тэдний хөтөлбөр нь анархист, хулигаан, болж өгвөл  хүн шантаажилдаг хэсэг бүлэг хүмүүсийн л нам. Цагдаад жаахан дургүй, хууль хяналтынхныг үздэггүй ийм хүмүүс.

- Хэрвээ таныг энэ хоёр намын аль нэгийг сонго гэвэл...?
- Хэцүү асуулт байна. Эхлээд бүх намуудыг хоёр хуваах хэрэгтэй. Аль нь зүүнийх, аль нь барууных вэ гэдгийг ялгаад нэгтгэх нь чухал. Ингээд ээлжлээд төр бариад явчих шаардлагатай. Эцсийн эцэст нам чинь зорилго биш. Улс эх орноо хөгжүүлэх гэж байгаа болохоос нам гэдэгтээ огтхон ч биш юм. Намтайгаа дуусах биш, улс эх оронтойгоо дуусах хэрэгтэй. Хэрвээ би нэгийг нь сонго гэвэл Ардчилсан намыг сонгоно.

- Яагаад?
- Улс төрийнхөө онолыг бодоход Ардчилсан намд мэдлэг боловсролтой  сэхээтнүүд хэрэгтэй болчихсон. Тиймээс шаардлагатай газар нь очоод нүүр гарыг нь угаагаад, хувцас хунарынх нь шороог  гөвөөд өгмөөр байна шүү дээ.  Ардчилсан нам гадаад орнуудад нэр хүндтэй болсон. Ардчилал гэдэг ганц сайхан брэнд үгээрээ л амь зогоож байна. Ерөнхий сайд гэж нэг их инээж ханиасан  л хүн  байдаг юм билээ.

- Эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байвал ямар байдаг юм бол оо?
- Намуудаа болиод, улс төрийн товчоотой болоод, Сайд нарын зөвлөл, төлөвлөгөөний комисстой болчих хэрэгтэй. Хуучин бүтцүүдээ сэргээмээр  санагдаад байдаг юм. Бид өөрсдийнхөө аж амьдралд таарсан улс төрийн бүтцээ босгож ирсэн. Гэнэт гараад ирсэн зүйл биш. Нам байхгүй бол амар болно. АНУ гэхэд хоёр намтай байна. Яг одоо улс төр гэхээсээ илүү бүтээн босголт руугаа анхаарах хэрэгтэй. Бүтээн босголтод хэрэгтэй шинэ Пакийг олох шаардлагатай. Амьдралд шалгагдаад ажиллаж байсан яамдыг буцааж сэргээх хэрэгтэй. Усны яам гэж байлаа.

- Та буцаад өнгөрсөн үе дээр очъё гээд байгаа юм уу?
- Хуучин цаг үеэ санагалзлаа гэж намайг буруутгаж болно. Гэхдээ өнгөрсөн үеийг харахаар бидний амьдралд таарсан ахуйн улс төр явж байсан юм гэж бодогддог. Гадаад орнуудын хиймэл дүр бидэнд таарахгүй байна. Энэ бөөн хар юмыг яаж цааш нь харуулна  аа. Монгол хүний сэтгэлгээний онцлог бас үүнд нөлөөлж байгаа. Манайхан чинь нэг зүйлийг хийхдээ сэтгэлээсээ хийх гээд байдаг.  Энэ нь их төвөгтэй. Өөрийгөө ч  бусдыг ч зовоогоод байдаг хүмүүс.

- Сэтгэлээрээ ажилласан гэж буруутгах аргагүй. Гэхдээ өнөөдөр монгол хүний үнэлэмж гэж байхгүй болсон байна?
- Аргагүй шүү дээ. Бид нэгнээ гомдоогоод уурыг нь хүргээд, ичээчихсэн. Аав нарыг нь ажилгүй болгож ичээсэн.  Аж үйлдвэрийн комбинатаа устгана гэдэг чинь эрчүүдийг ажилгүй болгосонтой адил.  Нөгөө сайхан сайхан инженер техникийн  ажилтан, ажилчид хаана явна аа.Эрчүүд ажлаа хийгээд онгироод явж байх ёстой байсан. Гэтэл зөвхөн эмэгтэйчүүдэд ажил үлдээгээд бидэнд юу  ч үлдээгээгүй. Айлын нөхрүүд өнөөдөр гэрийнхээ жолооч хийгээд, зах орж бараа таваар зөөхөөс хэтрэхгүй болов. Нэр хүндтэй явах, өөрийгөө гайхуулах ажил эрчүүдэд байхгүй, намайг хараач гэх ажил нь УИХ-ын гишүүн болох.

- Та өөрийгөө намайг хараач гэдэггүй гэж үү?
- Намайг хараач гэхээр телевизүүд намайг авдаггүй юм. ( инээв)

- Та бид багагүй улс төр ярилаа. Одоо эдийн засгийн сэдвийг хөндвөл ямар вэ?
- Уг нь  улс төр гэхээсээ илүү эдийн засгийн асуудлыг илүү ярих хэрэгтэй байсан юм.  Эдийн засгийн таван жилийн төлөвлөгөө их үсрэлтийн бодлого хэрэгтэй. Том зүтгүүр хийж хурдан хугацаанд хөгжилд хүрэх. 2015-2020 оны хугацаанд азийн орнууд таван жилийн төлөвлөгөө хийчихэж. Гэтэл манайх байхгүй. Бид ямар ч утгагүй  өөрөөсөө дэндүү том гүрэн АНУ-ыг дуурайгаад юу хожив. Ядаж ойролцоо зүйлээ дуурайх хэрэгтэй. Энэ банк, санхүүгийн байгууллагаа эдийн засаг гэж андуураад байна. Эдийн засаг биш юм аа. Манай ихэнх том компаниуд гадаадын компанийн албан ёсны гэрээт байгууллагууд. Компаниуд өөрсдөө наймаачид.

- Ямар гарц байна?
- Нэг сайхан Пактай болмоор байна. Би Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг. Хэрэгтэй, хэрэггүй намуудыг улс төрийнх нь хувьд шийдчих хэрэгтэй. Өөрсдөө л хийчих шаардлагатай зүйлүүд их байна даа.

В.Сарантуяа