Манай улсад Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал сайхан болж өнгөрлөө. Эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, жагсаалтай, өлгөлөнгийн мэдээтэй Монгол минь гадныхнаас нүүрээ нуусангүй. Байдгаараа л угтаж байгаагаараа дайлж мордууллаа. Хурлаар ардчилалыг бэхжүүлэх, баталгаажуулах туршлага сорилтын асуудлаар олон талаас ярьсан нь сайн хэрэг. Гэхдээ хорин хэдэн жилийн өмнө ардчиллын жагсаалд оролцож явснаа нийтийн эрх ашгаас илүү үзэж, дээгүүр тавьдаг ардчилагчдын үйлдэлүүд ардчилалдаа хамгийн том эрсдэл болж байгааг ярилцcангүй.

Дүр эсгэсэн ардчилагч, дүрдээ хувирсан ардчиллын партизануудын ардчиллаар түрий барьж түрэмгийлэх гэсэн харилцаа нийгэмд дарамт үүсгэх боллоо. “Би өлсөөгүй бол, би тэмцээгүй бол, би жагсаагүй бол, би ардчилсан хувьсгалыг хийгээгүй бол чиний өнөөдрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх байхгүй байсан” гэж бүтэн хорь гаруй жил гал саран тамгатай мориноосоо буухгүй дарцаглаж явна. Бид тэдний энэ гавьяаг бодоод цаг ямагт дуугаа хурааж явах ёстой юм байна л даа.

Насаараа тэд бидний өмнө гавьяа байгуулсан юм шиг хандах. Эсвэл насаараа гавьяагаа үнэлүүлэх гээд ч байх шиг. Монголын ард түмэн насаараа ардчилагчдын өмнө өртэй болчихсон ч юм шиг. Нийгмийн ийм харилцаа хорь гаруй жилийн турш амь бөхтэй оршиж байна. Бас ардчилал авчирсан нэрээр давуу эрх эдлэх гэж зүтгэх. Энэ давуу эрхээ үр хүүхэддээ өвлүүлж үлдээх үү? Үр хойчис нь бас бид ардчилагчдын хүүхдүүд. Миний аав та нарын дуугарах эрхийг авчирч өгсөн гээд бүхний урдуур дайрах гэж зүтгэх үү?

Ардчиллын нэрээр эзэрхийлдэг, ардчиллын нэрээр албан тушаал хашдаг, ардчиллын нэрээр хувийн эрх ашиг сонирхолоо хамгаалдаг, ардчиллыг авлигал, хээл хахууль гэсэн гоё үгээр чимж ард түмнийг төөрөгдүүлдэг, ардчилал нэрээр төрийн албыг төрлийн алба болгодог, ардчилал гэдэг үгээр ард түмнийг хуурдаг “бид ардчилагчид” гэсэн нийгмийн шинэ давхаргыг бий болгож чадлаа. Өөрсдийн бий болгосон ардчиллын зарчимаа өөрсдөө ингэж гажуудуулж байна.

харж байна

Ардчиллын дайсан бол шударга бус явдал, авлигал хээл хахууль, дарангуйлал, хяналтгүй эрх мэдэл. Бас ардчиллыг өмчилдөг хэсэг бүлэг хүмүүс ч ардчиллын дайсан мөн. Ийм үзэл санаа дэлхий дахинд байдаг учир ардчиллыг хэн нэгэнд, хэсэг бүлэг этгээдүүдэд өмчлүүлэхийг зөвшөөрдөггүй. Хаана ардчиллыг өмчилж байна. Тэнд ардчилал алдагдаж байдаг. Хаана ардчиллыг хувьчилж байна, тэнд ардчиллын зарчим алга болж байдаг. Тийм учраас л ардчиллын өлгий нутаг Америк хэзээ ч ардчиллаа өмчилдөгүй. Ардчилал, эрх чөлөөг дэлхийн өнцөг булан бүрт хүргэх гэж хичээж байна. Ардчиллыг Америкийн биш хүн төрлөхтний баялаг, ололт амжилт гэж зарладаг. Харин манайхан өмчилдөг. Ард түмнийхээ дундуур ардчилагчид, ардчилагчид биш гэсэн нүдэнд үл харагдах хөшгийг татдаг. Уг нь манайх ардчилсан Үндсэн хуультай, ард иргэд нь ардчиллыг эрхэмлэдэг, улс төрийн бүх нам нь ардчилсан үзэл баримтлалтай. Ийм байтал бид ардчилсан бусад нь ардчилсан биш гэсэн хандлага харилцааг эрхэмлэх нь шударга биш байна. “Хүний юм хүнд наалдахгүй” гэж нэг үг бий. Ардчиллыг өмчилөөд байгаа цагт ардчилал ард түмэнд наалдахгүй. Ардчиллын үр шимийг ард нийтээрээ тэгш шударга хүртэхгүй. Ардчиллыг гартаа атгах зэвсэг, өмнөө барих бамбай, нүүрэндаа барих маск гэж ойлгоод байгаа цагт энэ улсад ардчилал хөгжихгүй. Ардчилал иргэн бүрт боломжийг нээж өгдөг болохоос би боломжийг чинь нээж өгсөн шүү гэж цаг ямагт эелдэгээр дарамтлаад байхын нэр биш.

Ардчилал бол ардчилагчид гэж дүрдээ итгэсэн хэсэг бүлэг хүмүүсийн тусгай эрх биш. Ижил тэгш байх зарчмын асуудал. Ардчилал бас ардчиллыг авчирсан хүнээ жаргаахад зориулагдаагүй. Ийм үзэл санааг ардчиллын зарим партизанууд хүлээн зөвшөөрдөггүй нь ардчилсан үзэл санааг түгэн дэлгэрэх, бүх нийтийнх болгохгүй байх саад тотгорыг бүрдүүлж байна.

Манай улсад айлчлаад буцсан Нобелийн шагналт Ан Сан Су Чийн “Дүр эсгэсэн ардчилал нь дарангуйллаас ч халгаатай гэж би зарим үед боддог. Учир нь хий хоосон дүр эсгэсэн ардчилал нийгмийн доголдлыг засч залруулахгүй байх шалтаг болдог” гэж хэлсэн үг олон хүний амны зугаа боллоо. Яагаад энэ үгийг хүн бүр иш татаад байна вэ гэвэл ийм бодит байдал манай улсад байгаа учраас л тэр. Хэрэв ийм бодит байдал байгаагүй бол хүн болгон ингэж онцлохгүй. Хорь гаруй жил хорионд байсан гэх энэ хатагтайн хэлсэн үг хорь гаруй настай манай ардчилалд зориулагдсан юм шиг сайхан таарч байна. Түүний ойлголтоор аваад үзвэл өнөөгийн дүр эсгэсэн ардчилал дарангуйлалаас ч илүү халгаатай байдлыг үүсгэлээ. “Бид ардчилагчид” гэсэн бамбай, бахархалтай хүмүүсийн ардчилалыг өмчлөн эзэрхийлэх гэсэн хандлага олон зүйлийг засч залруулахгүй байх шалтгаан болж байна.

“Бүх амьтад тэгш эрхтэй боловч зарим амьтад илүү эрхтэй” гэдэг шиг “бүх хүн тэгш эрхтэй боловч ардчилагчид арай илүү тэгш эрхтэй” гэсэн ойлголт бий болгочихоод, ийм дүрд тоглоод байгаа нь ард түмэнд таалагдахгүй байна. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд зарим ардчилагчид ийм л дүрийг бүтээсэн, цаашдаа ч ийм л байх ёстой мэт хандах нь ардчиллын нэг гажуудал юм. Ардчилалаар ингэж түрээ барьж түрэмгийлдэг байдал улам газар аваад байвал ямар сонголт үлдэх вэ? Ардчиллын нэр барьж завшигчдаас яаж салах ёстой вэ? Бусад орон яаж салсан бэ? Хариулт нь маш энгийн аж. Ардчилагчид гэж цээжээ дэлддэг хүмүүсийг улс төрөөс зайлуулсны дараа л ардчилал жинхэнэ утгаараа хөгжинө. Дүр эсгэсэн ардчилалаасаа, дүрдээ итгэсэн ардчилагчидаасаа салахгүй бол хөгждөггүй жишиг олон оронд байна.
Эх сурвалж: www.24tsag.mn