Бид хэдэн хэмжээст ертөнцөд амьдардаг вэ? Гурав уу? Эсвэл үгүй юу? Ихэнх хүний хувьд бидний нэрлэдгээр эхний гурван хэмжээс тун ойлгомжтой зүйл. Харин зарим нэг нь л дөрөв дэх хэмжээс бол цаг хугацаа гэдгийг мэддэг.

Нэг талаас бид дөрвөн хэмжээст буюу эхний гурван хэмжээс дээр цаг хугацааны нэг зүгт хөдөлсөн хэмжээст ертөнцөд амьдарч байгаа боловч өөрсдийгөө дөрвөн хэмжээст ертөнцөд оршдог гэж тайлбарлаж болохгүй юм.

Дөнгөж эхний дөрөв дээрээ ингэж будилж байгаа хүн төрөлхтөн цааших хэмжээсүүдийг ойлгоно гэдэг нь дөнгөж төрөөд ярьж сурахтай ижил хүнд даалгавар ажээ. Гэсэн хэдий ч бусдынх нь тухай бага зэрэг ярилцъя. Супер утаслагийн онол гэж бий.

Энэхүү онол ёсоор орчлон ертөнц хамгийн багадаа 10 хэмжээст оршдог гэжээ. Харин бозоны утасны онолоор бүр 26 хэмжээст оршдог гэж ч үздэг. Аль нь ч байсан бидний ихэнх нь үүнийг мэдэхгүй, ойлгохгүй. Тэгэхээр Phys.org сайт дээрх сонирхолтой мэдээллийг хялбарчлан, дүрсэлснийг танд хүргэе.

Эхний хэмжээс: Урт

Ертөнцийн хамгийн эхний хэмжээс нь урт бөгөөд х тэнхлэг дээрх шулуун шугамнаас өөр юу ч байхгүй.

Хоёр дахь хэмжээс: Өндөр

Ү тэнхлэг нэмэгдэж, х тэнхлэгтэй огтлолцсоны ачаар гурвалжин, дөрвөлжин зэрэг дүрсийг бүтээх боломж бүрдлээ.

Гурав дахь хэмжээс: Өргөн

Z тэнхлэг буюу өргөн нэмэгдсэнээр бидний хамгийн сайн мэдэх “бодит”/бодит гэдэг нь парадокс учир хашилтад хийв/ ертөнц буй болно. Дүрсээр тайлбарлавал энд шоо, пирамид, бөмбөрцөг мэтийн дүрс бий. Хүн төрөлхтөн буюу бидэнтэй ижил хөгжилтэй амьд биетийн ажиглаж, ойлгож чадах бодит зүйлс энэ гурав дахь хэмжээст хүрээд зогсдог. Үүнээс цаашхи бүхий л хэмжээс онол төдий гэж ойлгох нь бидний амьдралыг арай хөнгөвчилнө.

Дөрөв дэх хэмжээс: Цаг хугацаа

Бидний мэдэхгүй, ойлгохгүй, бас мэддэг, ойлгодог энэ хэмжээс тун ярвигтай. Ер нь бол дөрөв дэх хэмжээст орж ирэхэд цаг хугацааг гурван хэмжээст биет эзлэн авсан мэтээр ойлгодог бөгөөд үүнийгээ Тессеракт гэж нэрлэдэг.

Тав дахь хэмжээс: Боломжит ертөнцүүд

Зэргэлдээ ертөнц гэж нэрлэвэл танд илүү ойлгомжтой байх болов уу. Энэ тохиолдолд бидний мэдэх ертөнцөөс үл ялиг ялгаатай дэлхий оршин байна гэсэн үг бөгөөд магадгүй та тэр ертөнцөд арай тарган байж болох юм.

Зургаа дахь хэмжээс: Эхлэлийн цэг нь ижил, бүх боломжит ертөнцүүд

Бүгд нэг гараанаас эхлэн хөгжсөн, бүх л боломжит зэргэлдээ ертөнцүүд энэ хэмжээст оршино гэж үздэг. Тодруулбал манайхтай яг адил Их Тэсрэлтийн нөлөөнөөс үүссэн асар олон зэргэлдээ ертөнц бий гэсэн үг.

Долоо дахь хэмжээс: Эхлэлийн цэг нь өөр, боломжит ертөнцүүд

Боломжит бүх л зэргэлдээ ертөнцүүд оршин байх бөгөөд нэг ялгаа нь өөр өөр эхлэлтэй байх аж.

Найм дахь хэмжээс: Өөр өөр эхлэлтэй, өөр өөр үргэлжлэлтэй, боломжит ертөнцүүд

Улам л хачин болоод байна уу? Өмнөх хэмжээсүүдэд зэргэлдээ ертөнц бүрт таны хувилбар байсан бол энэ хэмжээст орж ирэхэд байхгүй байх магадлалтай, та бүр юу ч байж болно. Үлэг гүрвэлүүд устаагүй ч байх вий.

Ес дэх хэмжээс: Бүх боломжит ертөнц, ямар ч эхлэлтэй байж болох бөгөөд физикийн хууль зөрүүтэй

Есөн хэмжээст оршин байгаа ертөнцүүд боломжит бүхий л эхлэлтэй байж болох бөгөөд физикийн хууль өөр өөрөөр үйлчилдэг байна гэж үздэг.

Арав дахь хэмжээс: Хязгааргүй боломж

Товчхондоо та Супер баатар ч байж болно, хаа нэгтээ.

Эх сурвалж: ultraculture.org