Ардчилал, хүний эрх нэрийн дор улс орны аюулгүй байдлыг бусниулах давалгаа бол “Арабын хавар” хувьсгалт тэмцэл юм. Ингэж тодорхойлохын учир нь хувьсгалт тэмцлийн давалгаанд нөмрөгдсөн улс орнууд дарангуйлагчдынхаа үеийнхээс хэд дахин аймшигтай эмх замбараагүй байдалд оров.

Тунисаас эхэлсэн энэхүү тэмцэл Египет, Ливи гэх мэт арабын улсуудын дарангуйлагчдыг түлхэн унагааж, сайн сайхан ирээдүйг авчирна гэсэн хөдөлгөөнийхний итгэл үнэмшил, ард иргэдийн хүсэл зоригийг биелүүлж чадсангүй.

Египет, Ливид одоо шашны болоод үндэстэн, овог аймгуудын хооронд зэвсэгт тэмцэл өрнөж байна. Дэлхийн аялал жуулчлалын “төв” гэгддэг Египет улсад гадаадын жуулчдын тоо Хосни Мубаракийн үеийнхээс даруй 67.5 хувиар буурсан. Харин Ливид Муаммар Каддафийн үеийн нийгмийн халамжийн тогтолцоо бүрэн нурж, нефть, хийн нөөцүүдийг нь Европын томоохон компаниуд эзлэн авав. Одоо ливид 5 хүн тутмын 4 нь ажилгүй. Энэ бол хамгийн наад захын хэдхэн баримт.

Эмх замбараагүй, иргэн бүр зэвсэгтэй гудамжаар алхсан, дээрэм тонуул хэвийн үзэгдэл болсон, цагдаа цэргийн хяналт суларсан, бүлэглэлүүдийн тэмцэл явагдсан, иргэд нь дүрвэсэн, аж үйлдвэрлэл зогсож, хоол хүнс, барааны дутагдалд орсон “Арабын хавар”-ын улс орнуудад хүний эрх яриад ч хэрэггүй боллоо.

Сирийн Кобани хотоос Грекийг зорьсон дүрвэгчдийн завь осолдсоны улмаас Аяна Курди хүүгийн цогцос Туркийн эрэгт гарч ирсэн дүр зураг дэлхий нийтийг цочирдуулж, Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асад, сөрөг хүчний зэвсэгт дайчид, сөрөг хүчнийг дэмждэг АНУ, Европын орнуудыг хүнд байдалд оруулав.

Барууны томоохон хэвлэлүүд хүүгийн үхлийн тухай бичихдээ Сирийн өнөөгийн төр засгийн удирдлагуудыг буруутгах үндэслэлээ болгож “иргэний дайны хор уршиг” гэж бичиж, сөрөг хүчнийг мөнгө, зэвсгээр хангасан АНУ, Европын холбоог асуудалд хутгахыг оролдсонгүй. Энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тархи угаах ажиллагаа юм.

Барууныхан Сирийг Ливи шиг агаараас бөмбөгдөж эзлэн авч чадахгүй байгаагийн гол саад нь ОХУ, БНХАУ. Тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд эсэргүүцлээ илэрхийлж, хэрэв агаарын ажиллагаа явуулахыг завдвал Газрын дундад тэнгисийн зүүн эрэгт дайн болно гэж шууд бус утгаар анхааруулсан юм. Тиймээс Башар Аль-Асад Орос, Хятадын дэмжлэгтэйгээр барууны дэмжлэгтэй босогчидтойгоо тэмцэлдсээр дөрвөн жил болж байна.

Хэрэв Башар Аль-Асад 2011 оны хавар эсэргүүцлийн хөдөлгөөн эхлэх үед сөрөг хүчинтэйгээ ярилцаж тохиролцсон бол, барууны улс орнууд сөрөг хүчнийг нь мөнгө, зэвсгээр хангаагүй бол, сөрөг хүчин нь улс орныхоо тогтвортой байдал, эв нэгдлийг эрхэмлэсэн бол үзэсгэлэнт Дамаск хотын гудамжинд Аяна шиг хөвгүүд тоглон наадах байлаа. Түүнд тохиолдсон эмгэнэлт явдал ардчилал, хүний эрхийн төлөө уриатай “Арабын хувьсгал”-ын ирээдүйг харуулсан мэт...

Д.Түвшинтөр http://time.mn/