Таван жилийн өмнөх “Арабын хавар” хэмээх Ойрхи Дорнод, Хойт Африкийн орнуудыг бужигнуулсан үйл явдлын төгсгөл ойртжээ. Барууныхны дэмжлэгтэйгээр Тунист эхэлсэн уг үйл явдал олон мянган хүний амь насыг авч, хэдэн арван сая хүмүүсийг зовлон зүдгүүрт унагаж, эцэст нь анх эхлэлийг нь тавьсан хүмүүсээ болон ивээн тэтгэгч, далдуур дэмжигчиддээ асар их хор хохирол учруулсаар төгсгөл рүүгээ ойртож байна.

Тунис, Египет, Ливи гээд үргэлжилсэн уг үйл явдалд хамгийн удаан тэссэн Сирийн Асад л байв. Байв гэхийн учир нь эдүгээ Асад эх орноосоо дүрвэх гэж буйтай холбоотой юм.

Маумар Каддафи хэмээх хурандаагийн үед хангалуун чинээлэг амьдарч байсан Ливид эдүгээ гуйланчлал, зэвсэгт мөргөлдөөн, Европ руу дүрвэх зорилготой Хойд Африк, Ойрхи Дорнодынхон дүүрчээ.

Каддафи Ливигээр оролдох юм бол Европ эвгүйднэ гэдгийг цагтаа анхааруулж байсан гэдэг. Гэвч тэд тоолгүй түүнийг түлхэн унагалцсаныхаа горыг өнөөдөр амсаж байна. Европ тив тэр дундаа бусад улс орнуудын хувь заяаг шийдэлцэх дуртай Герман зэрэг орнуудад эдүгээ лал шашинт дүрвэгсэд дүүрч, тэдгээр нь тухайн улсын уугуул хүн амтай мөргөлдөөд эхэлчихлээ.

Энэ бүхэн эцэстээ ингэж дуусна гэж тэдний удирдагчид бодоогүй бол Каддафигаас эхлээд олон хүн сануулж байсан нь нэгэнт тодорхой юм.

Сирид гэхэд Асадын дэглэм ноёрхож байхад тэнд бусад лалын улс орнуудын дүрвэгсэд хэлэн зуун мянга, саяараа орж хуарагнадаг байсан цаг бий. Тэгвэл Сирийг бужигнуулсны эцэст эдүгээ лалын шашинт улс орнуудын дүрвэгсэд бүгд голдуу Европыг зүглэж байгаа хэрэг.

Мөн Асадыг хүчгүйдүүлсний улмаас “Исламын улс” мэтийн дэлхийг айлгасан бүлэглэл гарч ирж, хүмүүн бусын хэрэг үйлдэж байгаа нь ч нууц биш. Энэ бүхний цаана өөрсдийгөө дэлхийн эзэн, үгүй юмаа гэхэд дэлхийд дэг журам тогтоогч гэж боддог АНУ, түүний холбоотнууд барууныхан л байх шиг.

Тэдний “дэг журам” тогтоосон бүхэнд хүчирхийлэл хэдэн арван жилээр үргэлжилж, хүний амь нас хорхой шавьжныхаас ялгаагүй болдог нь нэгэнт тогтсон ёс мэт болжээ.

Ийнхүү Арабын зарим орнууд ахиж хэзээ өндийх нь тодорхойгүй боллоо.

М.Баяр

gereg.mn