-НИСДЭГ ТЭРЭГ УНАГАЖ ЗУГААЦСАН ЗАХИРЛУУДЫН НЭРИЙГ ЗАРЛАЖ БАЙНА-

“Ми-8” дөрөв дэх удаагаа уналаа. Мэргэжлийн хэлээр бол үүнийг осол биш уналт гэж үздэг гэнэ. Гэхдээ “Ми-8” нисдэг тэрэг ямар үнэтэй билээ гээд бодсон ч тэр энэ бол “жижиг” хэрэг биш гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. “Ми-8” уначихаад байхад Онцгой байдлынхныг дуудаагүй нь энэ хэрэг нэлээд нөлөө бүхий хүмүүсийн “зугаа, цэнгэл” байсныг илтгэж буй. Тэр тусмаа улс төр, бизнесийн хүрээний шинэ содон бүх­нийг хамгийн түрүүнд сонсчихдог хэсгийнхэн “амаа үдүүлчихэж”. Тэгэхээр хэн, хэн байв гэдэг нь улам сонир­хол­той болж байна. Уг нисдэг тэрэгт 10 хүн бай­сан. Түүнээс гурав нь экипажийн бүрэлдэхүүнийх. Ха­рин үлдсэн долоо нь хэн байв.

Үүнд “АПУ” компанийн дэд захирал Л.Батжав, “Голомт” банкны дэд захирал Г.Ганхуяг, “Үүд трэйд”-ийн н.Бат-Орших, “Oversee” компанийн захирал н.Алтан-Очир, “DF” ХХК-ийн захирал Б.Баяр, “Харш констракшн”-ийн захирал н.Батболд нараас гадна нэг хүүхэд хамт явсан байгаа юм. Азаар тэдний биеийн байдал сайн байгаа гэнэ. Со­нирхолтой нь “Ми-8” нис­дэг тэрэг унасан ч эрхэм хүндэт анчид Өндөр эрэгт хүрчихсэн тулаа агнаж буй гэх мэдээллийг өчигдөр оройн 16.00 цагийн байдлаар аваад байна. Тэгэхээр “Хүний амь үрэгдээгүй л бол осол гэж үзэхгүй” гэх хүйтэн хариулттай өнцөг нэг мэт санагдах аж.

Нэмж хэлэхэд “АПУ” ком­панийн дэд захирал Л.Батжав цагдаагийн дээгүүр албаныхантай ан хийж яваад осолдон азаар хөнгөн гэм­тэл авчээ” гэсэн мэдээлэл 2008 оны гуравдугаар сард хэвлэлд нийтлэгдсэн нь архивт бай­даг. Мөн энэ оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн баавгай агнаж буй зураг нийтлэгдэхэд “нүүрийг нь нуусан” нэгэн эрхэм хэн байсан нь анхаарал татсан. Гэтэл тэр нь мөнөөх л “АПУ”-ийн дэд захирал, Монголын архитекторуудын холбооны ерөнхийлөгч, анчин Л.Батжав байсан нь фэйсбүүкээр цацагдаж илчлэгдсэн. Тэгэхээр түүний хувьд энэ бол шинэ зүйл биш байх нь. Ха­рин “Голомт” банкны дэд захирлын тухайд тус банкны хувьцаа эзэмшигчид удирд­лагуудтайгаа толхилцсон тухай эсэргүүцлээ хэвлэлээр зарласан, зарим захирал нь “МИАТ”-ийн мөнгө угаасан гэх хэрэгт нэр холбогдож байгаа гэхчлэн нэлээд бар­цадтай байгаа билээ.

Дашрамд тодруулахад “Ми-8” нисдэг тэрэг нь дэлхийн хэм­жээнд аваар осол, аврах ажиллагаа, ан гөрөө гээд бараг бүх зориулалтаар ашиглаж болохуйц хамгийн тохиромжтой “унаа” гэд­гийг мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Энэ “унааг жолоодогчид”-ын хувьд цаг агаарын ямар ч нөхцөлд хаашаа ч нисэхээс үл айх зоригтой, чадвартай. Нөгөөтэйгүүр уг нисдэг тэргийг хөлслөхөд үлэмж хэмжээний мөнгө өгдөг учраас муу нэр дуулах нь ч цөөнгүй байдаг аж.

Ан ав, аялал зугаалгын маршрутынх нь хувьд тэднийг Минжийн хангайг зорьж зэрлэг гахай, баавгай, хандгай агнахаар явсан гэж хардаж байгаа. Гэвч түүний наана тул ихтэйгээрээ алдартай Өндөр эрэг гэдэг газарт очсон гэдэг нь үнэний ортой байж мэдэх юм. Мөн зорчигчдын дунд гаднын зочид байсан байж болзошгүй гэцгээж буй ч одоогоор батлагдаагүй байгааг дурьдах нь зүйтэй болов уу.

Анхаарал татсан бас нэг мэдээлэл гэвэл ИНЕГ-аас “буулт хийхийн өмнөхөн салхины нөлөөнд орж хүчтэй газардсанаас даах сэнс хугарсан” гэсэн тайлбар өгсөн юм билээ. Гэтэл Мөнгөнморьт дахь холбогдох албаны хүмүүсийн цагдаагийн зарим албаныханд албан бусаар өгсөн мэдээллээс үзэхэд нисдэг тэргийг гэмтээхээр хэмжээний салхи болоогүй гэсэн нь анхаарал татаж байна.

Энд “Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү”, ер нь яаж амрах нь бусдад хамаагүй гээд өнгөрч боломжгүй нэг асуудал бий. Энэ нь хөрөнгөтнүүдийн зэрлэг цэнгээн, амралтын балмад хэлбэр ийнхүү нисгэгчдийн амь насыг эрсдэлд учруулаад зогсохгүй төрийн өмчийг үрэн таран хийсээр байгаа нь харамсалтай. Одоо бүр сүүлдээ хүүхэд хүртэл оролцуулдаг болсон байна. Энд хүүхдийн нэрийг дурьдалгүй орхилоо. Уг нь бид улам олон хөрөнгөтөнтэй болохын төлөө хөгжлийн тухай ярьж яваа нь үнэн. Гэтэл “үнэг” агнаж яваад нисдэг тэрэг унагаасан “Симба” буюу УИХ-ын гишүүн асан Ц.Батаагийн хэргийг залгамжлан ийм нэгэн осол /уналт гэж ярих ёстой юм гэсэн шүү/ хэн нэгний амь нас, эрүүл мэндэд аюул учруулаагүй ч олон нийтийг түгшээгээд авлаа. Гэхдээ Ц.Батаагийн нисдэг тэргээр үнэг хөөсөн хэрэг маш амархан олон нийтийн сонорт хүрсэн бол энэ удаад дээрх явдлыг онцгой нууцалж байгаа юм. Ямартай ч амралт, цэнгээний энэ хэлбэр тийм ч зөв харагдахгүй байгаа учир олдсон мэдээллийг ийн хүргэв.

У.Оргилмаа

УЛС ТӨРИЙН ТОЙМ