Өөрсдөө хувьсгал хийж эхлүүлсэн ардчиллын хорин гурван жилийн түүхэнд хоёр дахь удаагаа парламентад олонхи болсон АН-ынхан яагаад л байна даа. Ардчилал гэсэн энэхүү үнэт зүйлээр намаа нэрлэсэн ч үйл ажил нь даанач үнэт зүйлээсээ хол зөрнө.

Сөрөг хүчнийхээ үгийг сонсдоггүй юмаа гэхэд бүүр ард түмнийхээ үгийг ч үл тоож, бараг л дуугүй бидний хэлснийг хий гэх аятай юм ярьж байна. Хаа сайгүй төрийн хүнд суртал хэвээр, авлигал хээл хахуул байдгаараа л байна. Ажлаа хийхгүй харин өрсөлдөгчөө нухчин дарах маягаар ажил хийж байна. Социализмыг л муулаад байвал ардчилал байгуулагдчих юм шиг муйхарлаж ирсэн АН өнөөдөр өмнөх засгийн газар, МАН-ыгаа л муулаад байвал зорилго нь биелэх мэт аашилж байна.

Үнэхээр хулгай хийсэн бол шүүхээр шийтгээд ялыг нь эдлүүлэх ёстой атал идсэн ууссаныг нь зарлаад л орхино. АТГ, Шүүх, Цагдаа яаж ажиллаад байгааг ойлгох юм даана ч алга. Бүгд л сөрөг хүчнээ харлуулах ажлыг хийхэд оролцож байна. Өөрөөр хэлбэл төрийн машин ажлаа хийхийн оронд зөвхөн АН-ын хар пиарыг хийж байна.

АН-ын өнөөдрийн үйл ажлыг харахад "Та нар /МАН/ хангалттай идээ биз дээ одоо бид нарын ээлж, битгий олон юм яриад. Их юм хуцаад байх юм бол шоронд ч хатаачихна шүү" гэж л харагдаж байна. Товчхондоо хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо оржээ.

Ийм маягаар ч улс орныг хөгжүүлдэггүй байх аа. Бүх юм салан задгай, замбараагүй байна. Зөвхөн л дэл сул юм байвал идчих гэсэн хүмүүс хаа сайгүй өлөв дөлөв гэцгээнэ.

Энд АН дургүй дээ эсвэл МАН-ыг өмөөрөх гэж бичээгүй. АН-ыг арай ч ингэж дампуурсан нөхдүүд гэж бодсонгүй. МАН-аасаа ялгагдах юм ерөөсөө алга. Ардчилал гэж худал орилсоор байгаад л хорин гурван жилийг элээсэн шүү дээ.

Одоо АН-ын байгаа байдлыг хар даа. Хууль бусаар суулгасан Өвөрхангайн хоёрыг нь буцааж татах болохоор Увсын хоёрыг чинь татчихна хэмээн хууль байтугай ард түмний сонголтыг уландаа гишгэж байна. Ард түмний сонголтыг уландаа гишгээд, суудлаар наймаа хийдэг ийм намыг ардчилсан гэж нэрлэх үү. Коммунист гэх МАН-тай яг адилхан нэг тэрэгний хоёр дугуй. Ёстой дүр эсгэсэн ардчилагчид.

Өнгөрсөн 2012 оны сонгууль тэр чигээрээ будлиантай болсон. Яагаад???? Санал тоолох машинаар бүгдийг тооцоолоод гаргачихсан. Тэнд хүмүүсийн санал бус машины дүн чухал үүрэг гүйцэтгэсэн. Дараагийн сонгуульд ч энэ машинаа ашиглана. Тэгээд энэ дампуу нөхдүүд дахиад гараад хулгайгаа үргэлжлүүлнэ.

АН-ыг хараад үнэхээр гутарч байна. Арай ийм луйварчид гэж санасангүй.