Б.БАДРАЛ



Америк дэлхийн №1 улсын хувьд улс орнуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүтэн байдал, Засгийн газруудын хууль ёсны зөвшөөрөгдсөн байдлын талаар онцгой байр суурьтай байх давуу эрхтэй.
Ялангуяа эрх баригчид нь Америкийн явуулж буй бодлогыг эсэргүүцдэг улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар бүр ч онцгой байр суурьтай болж, өөрийн эрх ашгийг хамгаалах тууштай арга хэмжээг явуулж чаддаг улс. Өөрсдийг нь дэмжихгүй байгаа улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудыг дарангуйлагч, ардчилсан бус зарчмаар сонгогдсон гэж буруутган сөрөг хүчнийг нь дэмжээд, дуулгавартай шинэ Засгийн газар бий болгодог.



Серби



Социалист систем нуран унахыг дагаад Холбооны Бүгд найрамдах Югослав улс ч олон хэсэг болон задарсан. Энэ явцад үүссэн Серби улсын удирдлага Америкийн зөвлөгөөг дагахыг хүсээгүй.
Иймд АНУ, НАТО нь Сербийн эрх баригчдыг дуулгавартай болгохын тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр, зөвшөөрөл авалгүйгээр бөмбөгдсөн төдийгүй Сербийн Косово мужийг бүрэн мэдэлдээ оруулж шинэ тусгаар улс байгуулсан.
Улмаар Сербид анхны өнгөт хувьсгал гарган өөрийн хүмүүсийн засгийн эрхэнд гаргаж Милошевичийг түлхэн унагасан төдийгүй түүнийг Югославыг задран унасны дараагаар үүссэн иргэний дайнд хүнлэг үзлийн эсрэг гэмт хэрэг хийсэн цэргийн гэмт хэрэгтэн гэж буруутган баривчилж Гаага дахь олон улсын шүүхээр шүүсэн. Шинээр гарч ирсэн Засгийн газар Ерөнхийдөө Америк ба Европын холбоог дэмжсэн бодлого явуулж байгаа ч зарим зүйл дээр Оросыг дэмжиж байгаад их дургүйцдэг. Жишээлбэл, Серби дэх Америкийн Элчин сайд байсан Кирби нь 2014 онд Сербийг фашист Германаас чөлөөлсөн ойн арга хэмжээнд Путиныг урьсанд ихэд уурлан “Та нар Хятадтай, Оростой, АНУ-тай ч найрсаг харилцаатай байж болно. Харин хятадууд хаашаа ч дайраагүй бол оросууд дайрсан. Үүнийг бодолцох хэрэгтэй. Тэгээд ч Путин ирэх үгүй нь тодорхойгүй, ирлээ ч тэр хүн яах гэж ирэх болж байна? Белградыг чөлөөлснийг тэмдэглэх гэж ирэх үү? Тэгж яривал Улаан армийн нэг хэсэг болж байсан Украйны гуравдугаар арми Белградыг чөлөөлсөн юм” гээд Путинийг биш Украйны Ерөнхийлөгчийг урих ёстой гэж байв. Ингээд зогссонгүй Кирби нь Сербийн эрх баригчид ардчилсан бодлого явуулж байгаагаа нотлон ижил хүйстнүүдийн жагсаал явуулах ёстой, түүнд нь өөрөө заавал оролцоно гэж мэдэгдэж байсан хүн.



Украйн



Украйны Ерөнхийлөгч Януковичийг Оросын талыг баримталсан бодлого явуулж эхлэхэд “Майдан” нэртэй төрийн эргэлт гаргаж Петр Порошенко гэсэн дуулгавартай Ерөнхийлөгчөөр сольсон. “Майдан”-ы үеэр Украйнд суугаа АНУ-ын Элчин сайд Жеффри Пайет, Америкийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд, Сенатын гишүүн Маккейн, Мёрфи нар Засгийн газрыг эсэргүүцэгчидтэй ил цагаан уулзан дэмжлэг илэрхийлж, жагсаалыг тарааж болохгүй тухай Януковичид анхааруулга өгч дарамталж байсан. Өөрөөр хэлбэл, тусгаар улсын дотоод хэрэгт ил цагаан хөндлөнгөөс оролцсон хэрэг. Хэрэв Орос эсвэл Хятадын Элчин сайд нар өөр ямар нэг улсад болж байгаа жагсаал цуглаанд энэ мэт ил тод оролцож, аль нэг талыг нь дэмжсэн бол дэлхийн нийтээр хатуу шүүмжилж, эсэргүүцэл илэрхийлэх байв. Харин АНУ дэлхийн №1 улс болохоор өөдөөс нь ган хийх ганц ч улс гараагүй.



Сири



АНУ нь Сирийн хууль ёсны Засгийн газар, Ерөнхийлөгчийг нь дарангуйлагч, ардчилсан биш гээд хүлээн зөвшөөрдөггүй. Иймд өөрсдөө зэвсэг мөнгөөр санхүүжүүлж байгаад “Сирийн арчдилсан сөрөг хүчин” гэгчийг бий болгож тэднээ дэмждэг. Гэхдээ Сирийн ардчилсан сөрөг хүчин нь эв нэгдэлгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газар, төвлөрсөн удирдлага гэхээр зүйлгүй. Албан ёсныхыг нь зөвшөөрдөггүй, албан бус нь байхгүй тул америкчууд өөрийн холбоотнуудын хамтаар Сири дэх “Лалын улс” болон бусад бүлэглэлийг бөмбөгдөхдөө хэнээс ч зөвшөөрөл авдаггүй, хэрэгтэй гэж үзсэн үедээ дурын объектоо бөмбөгддөг. Оросууд байгаа болохоор Сирийн Засгийн газар, Ерөнхийлөгчийн ордон зэргийг шууд бөмбөгдөж, пуужингаар харваж зүрхлэхгүй байгаа.



Одоо “Лалын улс” алан хядах бүлэглэлийн нийслэл гэгддэг Сирийн Ракка хотыг эзлэх ажиллагааг эхлүүлэх гэж байна. Энэ ажиллагааг ардчилсан сөрөг хүчний 30 мянган зэвсэгт дайчин явуулна, тэднийг Америк ба түүний холбоотнууд агаараас дэмжихээр болсон. Агаараас цохилт өгөөд зогсохгүй зөвлөхүүд ба тусгай хүчний ангиудаа явуулан тулаанд шууд оролцож эхэлсэн тухай мэдээ ирж байна. Тэд мэдээж Сирийн Засгийн газраас ямар ч зөвшөөрөл аваагүй, авахыг ч хүсээгүй. Иймд Сирийн Засгийн газар Раккаг явуулах гэж байгаа ажиллагааг тусгаар тогтнол, газар нутгийнх нь бүрэн бүтэн байдалд заналхийлсэн үйлдэл гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.Сирийн парламентын гишүүн Жамаль Рабиа “Сирийн удирдлагаас зөвшөөрөл аваагүй, манай армийн үйл ажиллагааны хүрээнээс гарсан цэргийн бүх ажиллагаа нь хууль бус” гэжээ. Гэвч үүнийг америкчууд тоох нь юу л бол.



Ирак



“Лалын улс”-ын алан хядагчдын эзлэн авсан Иракийн Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа ид явагдаж байна. Энэ ажиллагаанд АНУ ба Их Британи, Францын байлдааны онцгоц, тусгай хүчний дайчид Иракийн арми ба курдуудын өөрийгөө хамгаалах хүчнийг дэмжин оролцож буй. Энд гэхдээ байдал Сирийнхээс огт өөр. Америк ба түүний холбоотнуудын дэмжлэгийг авч буй Иракийн энэ Засгийн газар нь 2003 онд Саддам Хуссейнийг түлхэн унагах цэргийн ажиллагааны дараа гарч ирсэн, америкчуудын шууд оролцоо, дэмжлэгтэйгээр бүрэлдсэн. Тиймээс зарим нэг үйлдлийг эс тооцвол үндсэндээ Америкийн талд, Америкийг дэмжсэн бодлого явуулдаг. Гэхдээ Мосулыг чөлөөлөх ажиллагаанд Туркийн арми оролцохтой холбоотой нэлээд ээдрээ үүссэн. Иракийн удирдлага туркчуудыг албан ёсоор зөвшөөрөл авалгүй энэ тулаанд оролцвол хил зөрчсөн, тусгаар тогтнолд нь халдсан гэж үзнэ гэсэн. “Лалын улс”-ын эсрэг явуулж байгаа Америкийн ажиллагаанд Турк чухал байр суурьтай. Иймд Ирак, Турк хоёрыг эвлэрүүлэх хэрэг гарсан нь мэдээж.



Ийм ч болохоор Обамагийн захиргаанд өндөр алба хашдаг хүн сэтгүүлчидтэй уулзахдаа “Бид Иракийн тусгаар тогтнол ба газар нутгийн бүрэн бүтэн байдалд тун нухацтай хандаж байгаа нь илэрхий болохоор манай эвслийн гишүүн улс бүр Иракийн Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр тэнд байрлаж, бүх л шилжилт хөдөлгөөнийг Иракийн Засгийн газартай зөвшилж байгаа” гэж мэдэгджээ. Мөн Мосул хотыг чөлөөлсний дараагаар иргэдэд зайлшгүй шаардлагатай зүйлсээр тусламж үзүүлэх, цаашид шинэ ажлын байр бий болгох зэргээр туслахад бэлэн гэдгээ ч мэдэгдсэн байна.



Ливи



Ливид 2011 онд АНУ ба НАТО нь босогчдыг дэмжиж байлдааны онгоц, хуурай замын тусгай хүчин оролцсон ажиллагаа явуулаад Каддафийг түлхэн унагасан. Гэвч дарангуйлагчийг түлхэн унагалаа гээд Ливид цэнгэлийн манлайд хүрсэнгүй, эрх мэдэл, газрын тосны орд газруудын төлөөх тэмцэл эхэлсэн нь иргэний дайнд хүргэсэн. Дайны явцад нэг нэгнээ үгүйсгэсэн олон Засгийн газар энд тэнд байгуулагдан Ливи гэдэг улс нэрнээс цаашгүй болж хувирсан юм. Гэхдээ Америк болон Европын холбооны дэмжлэгтэйгээр Ливийн сөргөлдөгч талууд 2016 оны гуравдугаар сард Үндэсний эвлэрлийн нэртэй шинэ Засгийн газар байгуулж, түүнийг нь дэлхийн нийт хүлээн зөвшөөрсөн. Шинэ Засгийн газар байгуулагдсан даруйдаа Францын тусгай хүчнийг албан ёсны зөвшөөрөлгүйгээр Ливийн нутаг дээр байрлан, байлдааны ажиллагаа явуулж байна гэж эсэргүүцэл илэрхийлсэн байдаг. Гэхдээ энэ Засгийн газар нь нийслэл Триполи, түүний ойролцоох нутгийг л хянадаг, нөлөө хүчээр ядмаг. Бусад мужуудад янз бүрийн цэргийн эрхтэнүүд ба “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой алан хядагчдын хяналтад байдаг. АНУ, Франц гэх мэт улсуудын дэмжлэггүйгээр тогтоож дийлэхгүй.



Энэ оны наймдугаар сараас эхлээд Үндэсний эвлэрлийн Засгийн газар нь улс орноо ахин нэгтгэх, бүх л газар хяналтаа тогтоох ажиллагаа эхлүүлсэн. Ингэхдээ Үндэсний эвлэрлийн Засгийн газар нь АНУ ба бусад улсад хандан эсрэг талын хүчнийг бөмбөгдөх хүсэлтийг албан ёсоор гаргасан юм. Энэ хүсэлтийн дагуу америкчууд наймдугаар сараас хойш агаараас 350 гаруй удаа пуужин, бөмбөгөөр цохилт өгсөн. Аравдугаар сарын сүлээс эхлэн Америк тэргүүтэй эвслийнхэн агаараас цохилт өгөхөө зогсоосон ч Ливийн Засгийн газар хүсэлт гаргавал ахиж цохилт өгөхөд бэлэн тухайгаа мэдэгдсэн. Пентагоны төлөөлөгч “Хэрэв агаараас нэмлэт цохилт өгөх шаардлагатай бол бид гүйцэтгэхэд бэлэн” гэжээ.
Ливийн Засгийн газрыг дэмждэг зэвсэгт бүлэглэлүүд Сирт хотыг “Лалын улс”-аас чөлөөлөхөөр гурван сарын турш байлдаж байгаа ч бодит амжилтад хүрч чадахгүй л байгаа юм.

Цаашид яах бол?



Америкийн Ерөнхий­лөгчийн сонгуульд Клинтоныг ялна гэдэг дээр дийлэнх судлаач санал нийлж буй. Клинтон үнэхээр ялбал тусгаар улсуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, өөрт дуулгавартай хүмүүсийг төрийн эрхэнд гаргадаг энэхүү уламжлал өөрчлөгдөх эсэхийг харин хэн ч хэлж чадахгүй байна. Шинэ Ерөнхийлөгч Венесуэль, Беларусь, Казахстан, Туркменистан, Узбекистан, Иран гэх мэт дуулгаваргүй, дарангуйлагчид удирддаг гэгддэг улстай ямаршуу байдлаар харилцахыг тодорхойлох хэрэг гарна.



Эх сурвалж: www.assa.mn