Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон “Бид Европын холбооноос гарч магадгүй” гэх утгатай зүйл ярьжээ. Тэр ч байтугай үүнтэй холбогдуулан бүх нийтийн санал асуулга явуулах бололтой. Д.Кэмероны энэхүү мэдэгдлийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дар­гын Европ, ЕвроАзи хариуцсан туслах Филип Гордон “Ийм асуудлаар бүх нийтийн санал асуулга явуу­лах хэрэггүй. Их Британи улс Европын холбооны нэг хэсэг нь байх нь чухал ач холбогдолтой” хэмээн сөр­гөөжээ.

Английн бизнесмэнүүдын дунд явуулсан судал­гаагаар тэдний 85 хувь нь үүнийг эсэргүүцсэн байна. Хэрэв Их Британи улс Ев­ропын холбооны гишүүн байхаа боливол энэ нь тэдний бизнест сөргөөр нөлөөлнө хэмээн тэд үзжээ. Үүнтэй зэрэгцээд бизнесмэнүүдийн төлөөлөл болсон хэд хэдэн хүн Д.Кэмеронд хандаж захидал бичсэн байна. Европ хэмээх нэгдмэл нэг зах зээл байгаа цагт өөрсдийгөө илүү сайн ажиллаж чадна хэмээн уг захидалд дурьджээ. Гэхдээ Д.Кэмерон ойрын үед Европын холбооноос гарах тухай яриагүй юм. Харин хэрэв тэр дахин сонгогдож чадах юм бол 2017 оны эцсээр иргэдийнхээ дунд бүх нийтийн санал асуулга явуулж, энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэжээ. “Ford”, “BMW”-ийн удирдлагууд “Үүнээс болж Их Британийн эдийн засаг сүйрнэ” хэмээн анхааруулсан байдаг. Тэр ч байтугай нэгэн судалгаагаар жижиг дунд бизнес эрхлэгч англичуудын 40 хувь нь Европын холбооны гарах саналыг дэмжжээ. Харин 45 хувь нь “Үүнээс болж эдийн засаг хямарна” хэмээн болгоомжилж байгаагаа хэлсэн байна.

Европын холбооны орнуудаас Герман, Английн эдийн засаг хамгийн тогтвортой байдаг. Энэ утгаараа өнгөрсөн жилүүдэд бүс нутгийн орнуудыг хямралаас гаргах аливаа шийдвэрийн санхүүжилтын нэлээд хувийг энэ хоёр орон гаргаж байсан юм. Германы Канцлер Ангела Меркелийн хувьд үүнээс хэзээ ч татгалзаж, эсэргүүцэж байсангүй. Тэгээд ч түүний энэ шийдвэрийг ард түмэн нь дэмжиж байсны баталгаа болж өнгөрсөн сард болж өнгөрсөн Германы парламентын сонгуулийн үеэр А.Меркелийн тэргүүлдэг Христийн ардчилсан нам хамгийн олон санал авсан билээ. Харин англичуудын хувьд тийм биш. Санхүүгийн хямралын жилүүдэд Германы талын шаардсаны дагуу Европын холбооны гишүүн орнууд шинэ эвсэл байгуулахаар болж байв. Тэгээд уг эвсэлд багтсан орнууд санхүүгийн хатуу сахилга баттай байхыг шаардаж байлаа.

Гэвч Их Британи энэхүү эвсэлд багтахаас татгалзсан. Тус улсын эрх баригчид хямарсан орнуудын өмнөөс хариуцлага хүлээхээс эмээж байв. Европын холбоо Олон улсын валютын сангаас 150 тэрбум еврогийн бонд гаргуулах үед үүнийг нь мөн л Их Британи эсэргүүцэж байлаа.
Их Британи Европын холбооноос ийнхүү гарахыг оролдож байгаа нь анхны тохиолдол биш. Тус улс Европын холбоонд 1973 онд элсэн орсон. Гэвч төд удалгүй 1975 онд бүх нийтийн санал асуулга явуулж, гишүүн орны статусаа хадгалж үлдэхээр болсон юм. Харин хожим нь 2010 онд энэ асуудал дахин сөхөгджээ. Ингээд 2012 оны арваннэгдүгээр сард сөрөг хүчнийхэн нь албан бусаар санал асуулга явуулсан байна. Түүнд оролцсон хүмүүсийн 56 хувь нь Их Британийг Европын холбооноос гарах нь зүйтэй гэж үзсэн бол ердөө 30 хувь нь үлдэх хэрэгтэй гэсэн аж. Үүнтэй зэрэгцээд Английн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр санал асуулгад оролцогчдын олонхийн байр суурийг дэмжсэн мэдээлэл гарсаар байлаа. Эцэст нь энэ оны нэгдүгээр сард Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон дараагийн сонгуулиар Консерватив нам ялалт байгуулбал энэ асуудлын хүрээнд бүх нийтийн санал асуулга явуулна хэмээн мэдэгдсэн юм. Харин саяхан тэрбээр үүнийгээ нотолж, телевизийн ярилцлагад оролцох үедээ дахин дурьдсан байна.
Дэвид Кэмерон анх энэ тухай ярьсны дараахад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүн рүү утас цохисон. Тэгээд “Хүчирхэг Европын холбоонд Их Британи хэмээх хүчирхэг байгааг нь бид үнэлдэг” хэмээн ярьсан байдаг. Гэвч хариуд нь Д.Кэмерон “Европ мөхөх аюул байна. Англичууд тэр төгсгөл рүү биш, харин өөр зүг рүү нь явах болно” гэсэн юм.

Англичуудын энэхүү байр суурийн дараа БРИКС-ийн орнуудын зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Харин Германы Батлан хамгаалахын сайд “Европын холбооны гишүүн байхаа боливол Их Британийн НАТО дахь нөлөө буурна” гэжээ. Францын Ерөнхийлөгч Француас Олланд Европын парламентын хурал дээр илтгэл тавих үеэрээ “Европын холбооны гишүүнээс татгалзъя гэсэн ямар ч хувилбар байхгүй” гэсэн. Япончууд Их Британийг Европын холбоонд үлдээсэй гэж хүсч байгаа илэрхийлсэн бол Австралийн Гадаад хэргийн сайд Их Британийн эрх баригчдад бичсэн захидалдаа тэднийг гишүүн орны статусаа хадгалж үлдээч гэж гуйсан байдаг.

Их Британи Европын холбооноос гарвал эдийн засагт нь ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг хамгийн сонирхолтой асуулт. Энэ тохиолдол хэдийгээр тэд гишүүн орон биш болсон ч Европын эдийн засгийн бүс, Европын чөлөөт худалдааны бүс нутагт харьяалагдсан хэвээр байна. Тэр ч байтугай Европын холбооны хууль дүрмийг үргэлжлүүлэн сахиж мөрдсөөр байх юм. Гэхдээ Европын холбооны эрх баригчид Их Британийн хууль дүрмэнд нөлөөлөх боломжгүй болно. Түүнээс гадна Европын эдийн засгийн бүсэд үлдсэн ч гэсэн хөдөө аж ахуй, загас агнуур, нэгдсэн гадаад бодлого болон аюулгүй бодлого, нэгдсэн худалдааны бодлого, шууд болон шууд бус татвар зэрэг олон салбарт бие даасан бодлого явуулах шаардлагатай болох юм. Одоогийн байдлаар ийм статустай байгаа нь Норвеги, Исланд, Лихтенштейн аж. Түүнчлэн англичууд Европын холбооны бусад оронд чөлөөтэй зорчиж, нутгийн иргэдтэй нь адил төлбөр төлөн боловсрол эзэмших эрх нь үгүй болно.

Европын Комиссын мэдээлснээр бол Европын холбооны зах зээл нэгдмэл байгаагийн ачаар Их Британийн эдийн засагт 30-90 тэрбум фунт стерлингийн ашиг авчирсан аж. Үүнтэй холбогдуулан Европын худалдааны коммиссар Карел де Гачт “BBC”-д өгсөн ярилцлагадаа “Европ бол үнэгүй үдийн хоол биш” гэсэн юм. Европын холбооны гишүүн орон байх нь Их Британид ч бас ашигтай гэсэн санаа. Харин зарим шинжээчийн үзэж байгаагаар бол англичууд Европын холбооноос гарсныхаа дараа Хамтын нөхөрлөлийн орнуудын чөлөөт худалдааны бүсэд нэгдэн орвол илүү ашигтай аж.

Т.Элиса
Улс төрийн тойм сонин