Эрх баригчдын нүдээр харахад монголчуудын амьдрал саак байна. Гурил, будаа, мах, сүүний үнэ өссөн ч иргэд түүртээгүй, ам.долларын ханш 1780 төгрөгт хүрч бизнес эрхлэгчид алдагдал хүлээсэн ч хэзээ нэгэн цагт шархаа нөхнө. Орон сууцны үнэ 1 м2 нь дунджаар 2 сая төгрөгийн үнэтэй болсонд иргэд бухимдах хэрэггүй. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилгоор гаргаагүй учраас дуугай л сууцгааж байх ёстой.
“Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-т нефтийн компаниуд хамрагдаж, ам.долларын зөрүүнээс алдагдал хүлээсэн нь өөрсдийнх нь л буруу. Яах гэж хөтөлбөрт хамрагдахаа хүлээн зөвшөөрсөн юм. Хөтөлбөрт хамрагдаагүй бол нефтийн бүтээгдэхүүнээ хилээр оруулж ирсэн хойноо хэдэн ч төгрөг нэмээд зарж болох л байсан.
Ер нь тэгээд цөөнхүүд анхнаасаа цаг хугацаандаа бүлгээ байгуулаад Шинэчлэлийн Засгийн газрыг эмхлэх үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.Батбаярыг, Сангийн сайдаар Ч.Улааныг томилуулахгүй гээд эсэргүүцээд суух нь яасан юм. Буруу харж уйлж, зөв харж инээж суугаад л сайдаар томилчихоод одоо огцруулна гэж юу ярина вэ гэх утгатай зүйлийг эрх баригчид өчигдрийн турш “дуулав”. Зүйрлэвэл, “Энэ хүүхнүүд үү” уран сайхны кинонд гардаг шиг “Думаагийн хоолой хүүгийн минь хоолойтой яасан сайхан нийлж байна вэ” гэдэг шиг л УИХ дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийнхний хоолой үнэхээр сайхан хоршлоо.
Огцрох мэдэгдэл авчихаад байгаа сайдуудын үг нь хүртэл нийлж байна гэдэг янзтай. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 50 хувиар буурсан нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын буруу бодлогоос болоогүй, 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө 1000 гаруй лицензийг цуцалсантай холбоотой юм байна, Сангийн сайд ийм тайлбар хийлээ. 2013 оны төсөв 1.5 их наядаар тасарсанд Сангийн сайд Ч.Улаан буруугүй, хамтарсан Засгийн газрыг удирдаж байсан Сү.Батболдын үед тавигдсан өрөөс үүдэлтэй, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ийн хамгаалалт хийв. Ер нь бол Н.Алтанхуягийн танхим өмнөх Засгийн газрын үед тавигдсан Оюутолгой ХХК-иас авсан 250 сая ам.долларын урьдчилгаа буюу зээл, Хятадын “Чалько” компаниас авсан 350 сая ам.долларын зээл, “Эрдэнэт” үйлдвэрээс авсан зээл зэргийг төлнө гэж бодлогоо төлөвлөн явснаас энэ оны төсвийг 1.5 их наядаар тасалчихсан. Ядахад, Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлсэн үгэндээ хүрч “Оюутолгой” ХХК-иас рояльтын татвараар 300 гаруй тэрбум төгрөг оруулж ирнэ гэж амласандаа хүрээгүй болохоор төсвийн татварын орлого тасрахгүй яах юм. Харин ч туршлагатай Сангийн сайдтай тулдаа Монголын эдийн засаг элгээрээ хэвтчихээгүй, бас бөөлдөг сайдтайнхаа хүчинд олон улсын хөрөнгийн зах зээлээс 1.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц “Чингис бонд”-ыг босгож чадсан. Хэрвээ дээрх бондыг босгоогүй бол эдийн засаг өнгөрсөн оны сүүлээр л элгээрээ хэвтэх байж. Цөөнхүүд “Бондын хүүд өдөрт 280 сая төгрөг буюу жилд 300 цэцэрлэг 100 дунд сургууль барих хэмжээний мөнгийг төлж сууна” гэж цаг ямагт шүүмжилдэг. Уг нь бол тэгж сүржигнэх шаардлагагүй. Ердөө энэ зун, намрын сард Улаанбаатар хотын хэмжээнд 20 шахам уулзварыг өргөтгөж, 1800 км авто зам шинээр барьж, төмөр замын далангийн ажлыг эхлүүлчихсэн байхад бондын хүүнд дээрх хэмжээний мөнгө төлөх бол юу ч биш гэж байгаа. Ард түмэн бүгдээрээ удахгүй баян болохоор хүүг нь түүртэх юмгүй төлнө. Тэгээд ч зээлийг цаг хугацаандаа төлөхгүй бол өр болдог болохоос цагаасаа түрүүлж өрөнд тооцогдож бичигдэхгүй. Ирээдүйгээ өөдрөгөөр харах нь чухал. Сайн явах санааных гэж Эдийн засгийн хөгжлийн сайд үргэлж сануулдаг, өчигдөр ч бас хэлсэн. Итгэл л мөн чухал. Ирэх оноос амьдрал улам саак болно. Учир нь нутаг буцсан хөрөнгө оруулагчид ирэх чигтэй байна. Тэр болтол харин татварын орлогыг бүрдүүлэхийн тулд дотоод дахь бизнес эрхлэгчдийнхээ толгой дээгүүр “сэлэм” эргүүлэхээс аргагүй. Жаахан л тэсэх хэрэгтэй.
Цөөнхүүд бас эрх баригчдыг эрдэс баялгийн үнийг буулгаснаас болж, татварын орлого бүрдүүлэлтэд сөрөг үр дагавар дагууллаа гэж буруутгадаг. Гэвч анх Тавантолгойн нүүрсийг нэг тонныг нь 74 ам.доллараар худалдахаар “Чалько” компанитай гэрээ байгуулсан нь хэн билээ дээ, өмнөх Засгийн газар. Монгол Улсын нүүрсийг ийм хямд үнээр Хятадын зах зээлд нийлүүлэх нь маш буруу байсан тул Шинэчлэлийн Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н захирал Я.Батсуурьд үүрэг өгснөөр Хятадын талтай өнгөрсөн өвөл, хаврын турш хэлэлцээрт оруулсан. Даанч үнийг өсгөх тухай саналыг урд хөрш хүлээж аваагүй учраас одоо Тавантолгойн нүүрсийг нэг тонныг нь 42 ам.доллараар үнэлж өгч байна. Хачирхалтай нь, одоогийн үнэлгээ өмнөхөөс илүү ашигтай юм гэсэн шүү. Засаг солигдохоор тооны хувь хэмжээ хүртэл урвуугаараа эргээд 74 ам.доллараас 42 ам.доллар нь ашигтай сайн гэрээ болчих юм даа.
Гэхдээ л сөрөг хүчин тэвчээр заагаад энэ бүхнийг сөрж суух биш олонхитой хамтраад ажиллах ёстой. Тийм болохоор иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтож, бизнес эрхлэгчид хаалгаа барьсан ч сайд нарыг огцруулах тухай ярих биш “Амьдрал саак байна” гэж дуулах нь ирээдүйтэй гэсэн.
Ард түмэн ч бас шүдээ зуугаад тэсч амьдрах ёстой. Хэтэвчиндээ мөнгөгүй болсон ч “Эрх чөлөө надад байна, Амьдрал саак байна даа” гээд дуулах ёстой болж байна. Ийм Засагтайгаас хойш яах билээ. Чадал хүрдэг бол унагамаар. Даанч чадахгүй хойно. Гэхдээ хамгийн гоё нь би залуу байна даа.
Г.ДАРЬ http://politics.news.mn/content/165474.shtml