Хүмүүсийн нийгмийн амьдралыг хэрхэн зохион байгуулагдаж буй арга барилаар нь либерализм, социализм, коммунизм, консерватив гэж ялгаж салгаж нэрлэдэг. Нийгэм тогтож бүрэлдэхэд гурван чухал зүйл шийдвэрлэх үүрэгтэй гэдэг. Эдгээрийн тэнцүү харьцааг л эрхийн хувьд баталгаажуулах нь төрийн даалгавар. Эдгээр гурван зүйл нь дараах:

•моралийн дүрмүүд

•интелигэнци давхарга

•эд хөрөнгө

Сайн ба мууг ялгасан моралийн буюу ёс суртахууны дүрмүүдийг нийгэм хэрхэн ялгах чадвартай, интелигэнци давхарга хэр их чөлөөтэй ажиллах хангамжтай бас нийгмийн эд хөрөнгө нь бэхжиж чадсан тийм л нийгмийг орчин үед хамгийн зөв нийгэм гэх болжээ. Дээрхи гурван нийгмийн шийдвэрлэх зүйлүүдийг тэнцүүхэн хөгжүүлж бас дэмжиж чадсан нөхцөлд улс орон тогтвортой оршин тогтнох боломжтой. Энэ гурвын жингийн харьцаа алдагдвал улс орны хөгжил сааталд ордог.

Моралын дүрмүүд нь хүний сэтгэлийг эмчилдэг, интелигэнци давхарга нь хүмүүсийн оюуныг цэнэглэдэг харин нийгмийн эд хөрөнгө ард олны амьжиргааг сайжруулдаг.

Социализмын цаг үед Монголын бүх иргэд ямар нэг хэмжээгээр соёлын амьдралд оролцож хүүхэд залуучууд сонгодог урлагийн төрлүүдийг сурдаг байсан. Урлагийг үнэлж эсвэл цэгнэхийн хүмүүжил орчин үед нийгмийн тавцангаас арчигдсан гэмээр. Инээдэг л урлаг ихэссэн. Хүний инээд ихэдвэл шууд уйлалт болдог гэсэн зүйр үгс бий.

Комед нь нийгмийн амьдралыг хошигнож бас шоглож дүрслэдэг бол трагед нь хүний нийгмийг дэндүү гашуунаар дүрслэдэг. Театрын комедийг харж буй хүн инээж байснаа уйлдаг харин трагедийг харж буй хүн уйлж байснаа үзэн яддаг.

Социализмын үед сонгодог урлагууд ба ном зохиолууд олноор орчуулагдан гарч хэдийгээр чадсан ч гэсэн орчин үед маргааш нь гэхэд л мартагдчихдаг CD, видеоны бас DVD-ийн ертөнц үнэхээр л урлагийг орложээ. Ардчиллын шинэ цаг үе ирсэнээр амьдралын кризүүд зэрэгцэн ирж соёл ба урлагийн тайзууд нийгмийн амьдралд гарсан тэсрэлтүүдийг боловсруулж иргэдэд түргэн хүргэх тэр чадвар бас бололцоо дутагдсан гэж дүгнэмээр. Орчин үеийн цоо шинэ гарч ирсэн амьдралын комедтой бас трагедтай драмуудыг дүрслээгүй.

Хэдийгээр драмын театр байгаа ч гэсэн. Тайзны урлагийн чадвар устаж харин телевизийн рекламны урлаг илүү их үйлчлэлтэй болжээ.

Телевизийн рекламууд дандаа л амжилтыг сурталчилж, баян тарган амьдралыг гайхуулж сайхан амьдрал гэж үүнийг л хэлдэг гэж хаа ч байхгүй диваажин маягийн амьдралыг сурталчлах болжээ. Рекламууд нь зөвхөн бараа сурталчлах биш ингэж л амьдаараа ч гэсэн бүдүүлэг тулгалтуудаар дүүрч хүмүүст сэтгэлийн хортой үйлчлэлүүдийг цочоож наргиан цэнгээн ба жаргалыг шинээр тодорхойлж амьдралын жинхэнэ үнэ цэнийг үндсээр нь гутаасан. Телевизийн рекламууд нь банк, мөнгө, зээл гэх мэтчилэн хүн бүр баяжих боломжтой дараа нь бол худалдаж авах хэрэгтэй гэх мэтийн рекламууд цацаж бараг л баталгаажуулдаг. Гэтэл төр хүн бүрийг адилхан боломжуудаар буюу бололцоонуудаар хангасан билүү?

Телевизийн рекламууд нэг үгээр хэлэхэд нийгмийн амьдралыг хэтрүүлэн дандаа л сайхан зүстэй, сайхан зантай бас үргэлж л хүрсэн бүр биелдэг тарган чинээлэг бөгөөд хөнгөн хялбархан амьдралыг сурталчилж зөвхөн хүүхэд залуучуудын тархи толгойд биш бас насанд хүрэгчдэд муугаар нөлөөлдөг.

Орчин үед залуучууд үргэлж л үлгэрийн мэт гэнэн баян чинээлэг тоолж баршгүй мөнгөжихийг хүсэн мөрөөдөх нь телевизийн ертөнцтэй л хамаатай. Тэд бэлэнчилж, үнийг нь аль хэдийн төлчихсөн бэлэн амьдралыг тэр дор нь нэхэж бас хүсэж мөрөөдөж эхэлдэг.

Ингэж бэлэнчлэх нь залуусыг үнэхээрийн амьдралаас холдуулж фантааз буюу хийсвэр болгодог. Фантаазлах гэдэг ухамсарт байдлаас хэт хөндийрүүлж хүн бол байгалийн бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг дарагдуулдаг. Залуучууд хурдан л хүсдэг зөвхөн хүссэн л сэтгэлийн цуглуулга болдог гэмээр. Коммунизмд хүн бүр хүссэнээрээ хүртэнэ гэдгийн л үлгэр дахин давтагдах мэт. Залуучуудын амьдралд баттай орших ойлголтууд бол хугацаа ба ороны бодитой ойлголтууд.

Юуны түрүүнд дараах гурван зүйлийг анхаарах нь зөв:

•өнгөрсөн цаг

•одоо цаг

•ирээдүй цаг

Хүүхэд цаг бол өнгөрсөн тиймээс залуу насаа мэдэрч амьдрах чухал. Залуу насны дараа идэр нас ирнэ тэр үед залуу насаа орхиж ухамсарлах нь тустай. Идэр насны дараа тэтгэврийн нас түүний дараа хөгшин нас ирнэ шүү дээ гэдгийг тооцоолж төсөөлж л явах залуучуудад хамгаас илүү шаардлагатай. Залуучууд аль болох улс орныхоо географын байрлал, агаарын онцлог, газрын хөрсний өгөөж гэх мэт өгөгдөлүүд өнгөрсөн цагт ямар байсныг сурч ойлгох нь ээж аав мөн эмээ өвөөнүүдийнхээ юу хийж бүтээж чадсаныг ойлгоход тустай.

Өнгөрсөнөөс л одоо цаг үүсэлтэй тиймээс өнөөдөр Монголын амьдралд бие даан үнэлэлт дүгнэлт хийж сурах нь залуучуудад нүдээ нээж бодит байдлыг танихад шийдвэрлэх үүрэгтэй. Хүн ардын тооны их бага мөн улс орны худалдааны бараануудын чанар ба өөрсдөө эх орондоо үйлдвэрлэдэг бараануудын талаар нухацтай мэдлэг авсан цагт л улс орон хэрхэн хөгжих боломжтой вэ гэдгийг залуучууд ухамсарлаж чадна. Орчин үед хүмүүсийн хатуу ойлгох зүйл бол хүн бүр хугацаатай амьдралтай тэгхээр цагаа зөв зохицуулж залуу нас, идэр нас ба хөгшин насыг аль болох цаг тухайд нь мэдэрч бас эдэлж сурах.

Ингэж чадвал задгай амьдралаас хөндийрүүлж дэгтэй амьдралд ойртуулах ач холбогдолтой. Хугацааны болон амьдралын дэглэмүүд нь хоорондоо авцалдах нь хүний ухамсарт үйл ажиллагааны үр дүн.

Залуучуудын амьдралын нэг үнэтэй асуудал бол өөрийнхөө ирээдүйн ертөнцөө төсөөлж чадах тэр чадвар. Хувийн амьдралаа төсөөлөх төсөөлөл нь заавал хоосон фантааз байж боломгүй. Хэрвээ хэт мөрөөдөж, юм бүрийг л шүтэж мөн хаа холын хэнийг ч хамаагүй биширч байх нь юмны цаад учрыг нь бодоогүй бас ойлгоогүйн илрэл. Мэдлэг боловсролтой хүн шүтдэггүй бас биширдэггүй харин зөвшөөрдөг. Зөвшөөрөл нь нэг үгээр хэлбэл зөвшил ба энэ бол зөв бурууг нь тунгаах л гэсэн ойлголт.

Залуучуудын орчин үед сурах сургамж бол телевиз, интернэтийн дэлгэцийн ертөнцөөсөө салж нийгмийн бодит амьдралтай танилцаж сайтай ба муутай, жаргалтай ба зовлонтой бас хөгжилтэй ба уйтгартай ертөнцийг ойлгож бас бие даасан дүгнэлт хийж чадахад л хэргийн учир оршино.

Ингэж ухамсартай байхын тулд зөвхөн мэдлэг биш бас эрдэм чухал бөгөөд шийдвэрлэх үүрэгтэй.