Altandosh Erdenee's photo.

Америкт Монголчууд маань голдуу эмгэн өвгөн асрах, мөн том оврын машин , такси барих, хумсны салонд ажиллах, дэлгүүр цэвэрлэх, хүүхэд асрах, барилгын ажил, ресторанд зөөгч, аяга угаагч, хоол хүргэгч, хими цэвэрлэгээ гэх мэтийн ажил хийдэг байсан бол сүүлийн үед Монголчууд өөрсдөө янз бүрийн бизнес эрхэлдэг болсон юм.

Өнөөдөр Чикаго хотод хувиараа эмнэлэг ажилуулж буй нэг бус эмч нар, хоолны газар ажилуулж буй хүмүүс, хумсны салон, барилгын үйлчилгээ, том оврын машинаар бараа зөөж буй, шалны, дээврийн, үсчин, оёдлын, массажны газар ажилуулж буй олон олон Монголчууд бий болсоор байгаа бөгөөд тэр хэмжээгээрээ Монголчууддаа ажил олгож буй нь үнэхээр сайшаалтай юм.

Монголчууд өмнө нь голдуу Польш, Солонгосчуудын дор ажилладаг байсан бөгөөд ихэнх Солонгосчууд хумсны салон, хоолны газар ажилуулах агаад Монголчуудыг аль болох бага цалингаар ажилуулдаг. Польшууд дийлэнхдээ хүн асардаг ажил олгох бизнесийг атгасан шахуу байх агаад Монголчууд бас л тэдэнд бага цалингаар аль болох хамгийн хэцүү ажлыг нь нугалж өгдөг гүргэр чадвартай ажиллах хүч болдог юм. Ер нь анзаарч байхад Манай Монголчууд ямар ч ажлыг маш хурдан хугацаанд сурдаг бөгөөд, хэл ус сурахдаа ч тэр ялангуяа Солонгосуудаас хавьгүй илүү.

Анзаараад байхад Солонгосууд ямаан омог ихтэй, ер нь овоо дээрэлхүү зантай байх шиг санагддаг. Өнөөдөр Солонгосчууд Америкт өөрийн гэсэн том сүлжээ дэлгүүр, банк гэх мэтийг хэдийн босгосон бөгөөд Солонгосчууд манай Монголчуудыг бодохноо хүүхдүүдийнхээ боловсролд маш их анхаардаг.

Солонгосчуудын буянаар Монголчууд бид хамгийн гайгүй гэсэн сургуулийг мэдэж авч, хүүхдүүдээ сургах. Учир нь Монгол хүн хамгийн сайн гэсэн бүгдийг мэдэж байх аваас бие биендээ хэлж өгнөө гонжийнжоо.Болж л өгвөл ганцаараа л мундаг байх сонирхол ихтэй хүмүүс бололтой Монголчууд бидний дийлэнх нь. Тэр ч бүү хэл өчнөөн жил найзалсан найзууд бие биендээ ногоон карт авах гэж хөөцөлдөж буйгаа ч үл хэлэх. Дараа нь түүнийг нь мэдсэн найз нь гайхан гомдож уйлж байхыг сонсож л байлаа.

Манайхан дэлгүүр болон энд тэнд таарвал дуугарнаа гонж. Нүдийг нь хариулан мэндлэх гээд ядчихна. Эс бөгөөс Монгол хүн үү, сайн байна уу гэж асуувал улайн цайм халтар мултар аялга муутай англи хэлээр хоорондоо яриад нүүр буруулан арилаад өгөх нь элбэг таарах. Америк гараа л бол хэл сурчихна гэж бодож байгаа бол түүн шиг эндүүрэл байхгүй. 10 жил болсон ч хийж буй ажлаасаа шалтгаалаад иймхэн тиймхэн хар ярианы хэлээс хэтрэхгүй байх нь хэвийн үзэгдэл.

Америкт байгаа Монголчууд өнөөдөр шашин шүтлэгээрээ хүртэл хэд хэд хуваагдсан нь нууц биш. Бурхны уламжлалт буддын шашин буюу Ажаа гэгээнээ дагагсад, хажуу хавирганд нь баригдчихсан амархан баяжихыг хүсэгчид буюу Шүгдэнг дагагсад, Исүсийн хоёр гурван сүмд хуваагдагсад гээд л. Мөн бөө мөргөлийн төвийнхөн гэх мэтээр сайхаан бүлэг бүлэг, хэсэг хэсгээрээ хуваагдаастай.Тэгээд бас болоогүй ээ, фракц шахуу болчихсон.Тэр фракцын харьяалалтай биш л бол та ямар нэгэн зүйл зохиох аваас түүнд чинь ирж оролцох хүн байхгүй шахуу.

За ямартай ч үүргэвчээ үүрээд л аз жаргал, бөөн мөнгө олохоор хүсэж мөрөөдөж буй улсуудад хэлэхэд олсон мөнгө чинь яг л элсэнд ус хийх шиг алга болдог юм даа. Байрны мөнгө, машин, даатгалын, утасны, дэлгүүрийн зээлийн карт төлөх гэх мэтээр долоо долоо хоногоор төлөх ёстой төлбөрүүд инээгээд отож байх. Идэх, өмсөх, гэнэтийн эрсдэлийг үл тооцоод шүү дээ.

За тэгээд эхний үедээ үргэлж Монголоороо бодож, сэтгэж, гомдож, гутарч шантрах энэ бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээ бас давхар байх ёстойгоо бүү мартаарай даа. Америкт сайхан зүйл их бий, түүнийг олж авахад сургуульд, тэр тусмаа сургууль шиг сургуульд сурч, хэлтэй, бичиг баримтай албан ёсны зөвшөөрөлтэй амьдрах аваас Америкт аз жаргал, мөнгө хайж ирсэн хүсэл мөрөөдлөө биелүүлж болох орчин нөхцөл боломж бий. Гэхдээ бидний хичнээнд нь тэр сургууль шиг сургуульдаа сурч чадах боломжийн хэл, мөнгө байдаг билээ дээ?!?

Жилдээ ганц болдог шинэ жилийн баяраа ч хэд хэд хуваагдаж тэмдэглэх, таксины шинэ жил л гэнэ, Батаагийн, Доржийн, Дондогийн шинэ жилийн арга хэмжээ гээд л, энэ олон замын алинаар нь явах вэ гэдэг дуу аятай л. За Монголчууд ямар нэгэн арга хэмжээ зохиовол заавал тэр өдөр нь алба юм шиг өөр нэг нь давхацуулна. Монголоос нэг тоглолт ирэхгүй байж байж арай гэж нэг тоглолт ирвэл яг тэр өдөр бас нэгнийг авчирсан байх жишээтэй.

Солонгосоор бол аягүй аягүй гээд байдаг билүү дээ. Аягүй аягүй хүмүүс шүү дээ бид чинь. Тэр аягүйнүүд нь хүний газар, гүний хошуунд янзтай тодорноо.
Мөн Америкт ах дүү чинь л байхгүй юм бол чамд барагтай туслах хүн байхгүй ээ. Тиймээс ирэх гэж яарч буй та эрсдэлээ маш сайн бодож ирэх хэрэгтэй юм. Гэхдээ дахин хэлэхэд Америк үнэхээр үлгэрийн диваажин биш шүү. Америк бол аялаад буцахад сайхан ороон, харин ажилаад харлаад үлдэх гэж буй бол?!? Үүрэх ачаагаа анхнаасаа даах сэтгэлийн бэлтгэл маш их хэрэгтэй дээ.

Хатуухан хэлэхэд чамд өөрийнхөө ажлыг алдаад туслаад гүйх хэн ч үгүй. Тэгэх боломж ч байхгүй байдаг юм .

Тиймээс чи бусдад гомдох ч шаардлагагүй.

Америкт ажилгүй суух өдрийнхөө тоогоор өр төлбөрөө төлж чадахгүй овоордог юм шүү дээ. Үүнийг бичигч бивээр ч Америкт ирсэн Монголчуудын хийдэг ажлын хэцүүг нь биш, дандаа сайхныг нь найзуудаасаа утсаар сонсож байсны "буянаар" Америк диваажин хэмээн итгэж зорьж ирэн даруй 9 жилийг үдэх гэж байгаа бөлгөө.За тэгээд үүнийг уншигч та ах дүү, найз нөхдөө Америк явчихаад намайг харж үзэхгүй мөнгө доллар явуулахгүй байна гэж гомдсоор, эсвэл бага мөнгө өглөө гэж гомдоллосоор байгаа бол больчих хэрэгтэй. Өөрөөсөө харамлан байж танд илүүчилж байгаа нь тэр. Америк амаргүй диваажин даа.

Гэхдээ тэр бүгдийн ард гарч чадаад инээмсэглэн суух юугаар ч сольшгүй гайхалтай мэдрэмж.

Хулганайн Тэргэл Чикаго хот /Хэвлүүлэхээр зэхэж буй номын хэсгээс/