Шинэ он дөхөхөөр со­нин хэвлэл, банк, яам, тамгын газар гээд бүгд л өнгөрч байгаа оны шилд­гүүдийг тод­руул­даг бичигдээгүй хууль­тай. Оны шилдэг улс­төрчөөс эхлээд оны шил­дэг тамирчин, үйлчлэгч гэх мэт олон арван жагсаалт гардаг. Энэ уламжлалын дагуу Швейцарийн “UBS” банк, олон улсын дүн шин­жилгээний “Wealth-X” компани хамтран 2013 онд хамгийн өндөр орлоготой ажилласан тэрбумтнуудын жагсаалтыг гаргасан байна. 

Жагсаалтын нэгдүгээрт, Америкийн хөрөнгө оруулагч Уоррен Баффет оржээ. “Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын холдингийн тэргүүн Уоррен Баффет энэ жил 12,7 тэрбум ам.долларын орлоготой ажилласан гээд та төсөөлөөд үзээрэй. Манай улсын жилийн төсөв хэд билээ. Гэтэл ганц хүн ийм хэмжээний орлоготой ажиллана гэдэг яаж ч бодсон магтууштай хэрэг.

Энэ жил 82 нас хүрсэн Баффетийн хөрөнгийг оны эхээр мэргэжилтнүүд 46.4 тэрбум ам.доллар гэж тодорхойлж байсан. Жилийн дотор өндөр ашигтай ажилласан болохоор түүний хөрөнгө арванхоёрдугаар сарын эхээр 59.1 тэрбум ам.доллар болсон аж. Ер нь, Баффет ямар компанид, хэдийд хөрөнгө оруулалт хийх вэ, хэдийд болих, хэдийд зарах, хэдийд худалдан авах тухай онцгой мэдрэмжтэй гэдгээрээ алдар­тай нэгэн. Тиймдээ ч түү­нийг төрсөн мужийнх нь нэрээр “Омахагийн далдыг харагч” гэж хочилдог. Баф­фет хэдийгээр энэ жил ухаан санаанд багтамгүй их орлоготой ажилласан ч хөрөнгийн нийт хэмжээгээрээ Билл Гейтсийн дараа орсныг хэлэх хэрэгтэй. 

“Microsoft” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Билл Гейтс энэ жил 11,5 тэрбум ам.долларын орлоготой ажил­лаж, хоёрдугаар бай­ранд орсон хэдий ч нийт хөрөнгийн хэмжээ нь 72.6 тэрбум ам.доллар гэдгээрээ дэлхийн хамгийн баян хүнээр тодорчээ. 
Хамгийн өндөр орлоготой ажилласан тэрбумаар тоо­логдох хөрөнгөтэй хүмүүсийн дотроос, саятнууд биш тэр­бумтан гэдгийг дахин он­цолъё, жагсаалтын гурав­дугаарт нь 11.4 тэрбум ам.дол­ларын орлогоор мө­рийтэй тог­лоомын бизнесийн магнат гэгд­дэг Шелдон Аделсон оржээ. 

Дөрөвдүгээрт нь, дэлхийн жижиглэн худалдааны хамгийн том онлайн дэлгүүр гэгддэг “Amazon”-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жефф Бэзос оржээ. 
“Facеbook”-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг 10.5 тэрбум ам.долларын орлого олсон гэдгээрээ тавдугаарт орсон байна. 
“Google” интернэт хайлтын системийг үүсгэн байгуулагч Сергей Брин, Ларри Пейж 2013 онд тус бүр 9.3 тэрбум ам.доллараар баяжсан гэдгээрээ жагсаалтын удаах байрт орсон байна.

Цаашилбал, энэ жагсаал­тад Японы үүрэн телефоны хамгийн том операторын нэг “Softbank” компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Масайоши Сон нь 10.3 тэрбум ам.доллар, манай урд хөршид мөрийтэй тоглоомын бизнес эрхэлдэг Луи Че Ву 8.3 тэрбум ам.долларын орлоготойгоор орсон байна.
Жагсаалтын хамгийн сүүлд нь хөрөнгөө 7.2 тэрбум ам.доллараар баяжуулсан Америкийн хөрөнгө оруулагч Карл Айкан оржээ. 
Дашрамд сонирхуулахад, энэ жил дэлхийд 2170 тэрбум хүн тэрбум ам.дол­лараас давсан хөрөнгөтэй гэж бүртгэгджээ. Эдгээр хүний нийт хөрөнгийн хэмжээ нь 6.5 их наяд ам.доллар.

Уншигч та эндээс нэг зүйлийг анхаарсан байх. Хам­гийн их орлоготой ажилласан хүмүүсийн дийлэнх нь америкчууд байна. 
Зах зээлийн хөрөнгөжилт буюу үнэт цаас эзэмшсэн байдлаараа энэ оны дэлхийн хамгийн шилдэг банкуудыг тодруулахад дөрөв нь Хятад, тав нь Америкийнх байна.

Хэдхэн хоногийн өмнө “Форбс” сэтгүүлээс энэ жил хамгийн их орлоготой ажилласан эмэгтэй дуучдын жагсаалтыг гаргахад мөн л Америкийн дуучид хамгийн их орлоготой болж таарсан. Нэгдүгээрт, орсон дуучин Мадонна гэхэд л энэ жил 125 сая ам.долларын орлоготойгоор дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын төдийгүй, хамгийн их орлоготой оддын жагсаалтыг тэргүүлсэн юм. Энэ хоёр жагсаалтад орсон хүмүүсийн дийлэнх нь Америк.
Дэлхийн хамгийн их орлоготой кино, тоглоом, компаниуд аль улсынх болох нь ойлгомжтой гэж болно. 

Америкийн энэ олон од орлогынхоо дийлэнх хэсгийг эх нутгаасаа олдог. Америкчууд хамгийн баян болохоор хамгийн их диск худалдан авдаг, концерт ба шинэ киноны тасалбарыг гар таталгүй худалдан авч үздэг болж таарч байгаа билээ. Тиймдээ ч Америк олон жилийн турш тэрбумтан, саятныхаа тоогоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. 

Зарим судлаач, шинжээч юу ч гэж ярилаа гээд Америкийг энэ оны дэлхийн хамгийн баян, хамгийн нөлөөтэй орон гэж нэрлэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.
Экс тагнуулч Эдвард Сноуденийг орогнол хайх үед Америк ямар их нөлөөтэй улс болох нь хамгийн тод харагдсан. Зэр зэвсэг, арми, технологи ба эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд №1 улс болох Америк эдийн засгийн хориг арга хэмжээ авна шүү гэж сүрдүүлэхэд л бүгд бууж өгсөн. Ассанжид орогнол үзүүлсэн Эквадор, Америкт харшилтай Венесуэль, Никарагуа, Боливи улсын Ерөнхийлөгч хүртэл Америкийн авч болзошгүй хориг арга хэмжээнээс айгаад Сноуденийг орогнуулахаас татгалзсан. Боливийн Ерөнхийлөгчийн онгоцыг нь нэгжиж Америк дэлхий даяар сүр хүчээ харуулсан. 

Америк дэлхийн хамгийн хүчирхэг нь юм бол дараа нь хэн орж байна гэдэг сонирхолтой байх нь мэдээж. Манай урд хөрш яаж ч бодсон хоёрдугаарт орж ирлээ гэвэл маргах хүн гарахгүй. Дээр дурдсанчлан дэлхийн хамгийн баян 10 банкийг тодруулахад манай урд хөршийн дөрвөн банк орсон байна гэдэг чухал. Хэдхэн жилийн дараа дэлхийн хамгийн том зах зээл тэд болно. Армийн албан хаагчдын тоогоор тэргүүлдэг. Дээр нь энэ жилээс өөрийн гэсэн нисэх онгоц тээгчтэй болсон. Нисэх онгоц тээгч дээрээ хөөрөх чадвартай сөнөөгч онгоц үйлдвэрлэдэг болсон. Сар руу хиймэл дагуул хөөргөн сарнаа явагчийг амжилттай газардуулан шинжилгээний ажил явуулж байна. Зэс, алт, мөнгө, төмрийн хүдэр, нүүрс гээд чухал ач холбогдолтой бүх л түүхий эдийн үнэ манай урд хөршийн эдийн засгаас шууд хамааралтай. 

Харин гуравдугаарт нь манай хойд хөрш зүй ёсоор орох биз. Газрын тосны олборлолтоороо Саудын Арабыг даван гарч дэлхийд №1 болсон, шатдаг хийгээр Катарын дараа №2 болсон. Титан болон газрын ховор элементийн олборлолтоор удахгүй дэлхийд №1 болох хөтөлбөр хэрэгжүүлж буй. Олон улсын улс төрийн тавцан дээр Сирийн эсрэг зэвсэг хэрэглэхийг болиулж чадсан. Америкчуудаас айлгүйгээр Сноуденд орогнох зөвшөөрөл өгсөн, удахгүй цөмийн пуужин харвах төмөр замын цогцолбор ашиглалтад оруулах замаар Америкчуудын Европт байрлуулж эхлээд байгаа цөмийн зэвсгийн цохилтоос сэргийлэх системийн эсрэг арга хэмжээ авахаар болсноо албан ёсоор зарласан. 

Энэ мэт манай хоёр хөрш яах аргагүй л дэлхийн эдийн засаг ба улс төрд Америкийн дараа орох том нөлөө үзүүлж байгаа. Харин ийм хоёр лут орны дунд орсон манайх шиг жижиг улсын ирээдүй ямар байх вэ гэдэг нь та бидний саналаа өгч сонгодог төрийн удирдлагын явуулж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс шууд хамаарах нь гарцаагүй.

Ерөнхийдөө, нэг нь дэлхийн хамгийн том газар нутагтай, дэлхийг шууд сөнөөх чадвартай цөмийн зэвсэгтэй орон, нөгөөх нь дэлхийн хамгийн олон хүн амтай улс гэсэн хоёр үзүүлэлт байхад л хангалттай.
Эх сурвалж: www.assa.mn