studyamerica

Америк, Америк, Америк… Би анх Америкт одоогоос яг 6 жилийн өмнө ирж байсан л даа. Дунд нь ирж буцан бас тийм ч урт хугацааг өнгөрүүлээгүй ч маш олон зүйл болж өнгөрчээ. Анх ирээд л сувдан цагаан онгоцноос буугаад л, 90:60:90-тэй өндөр гуалиг кинон дээрээс л хардаг гоё эгч надад “Welcome to America” гэж хэлээд л, онгоцноос шатаар буулаа, шууд шинэ оны спорт машин намайг ирж аваад л… Ооё за тийм худалч, тэ? Хахаx. Худлаа, худлаа. 6 жилийн өмнө юун тийм юм байхав. Жоохон бор охин ёстой л нөгөө үзсэн хэдэн киногоороо, үгийг нь цээжилсэн хэдэн дуугаараа Америкыг баримжаалаад л ирсэн дээ. Гэхдээ л нээрээ ямар ч хүн шинэ газарт очихдоо өөрийнхөө төсөөлөлд тэр газраа сэтгэлдээ дүрсэлж буулгаад очдог шүү дээ, тийм ээ? Энэ нийтлэлээрээ та нартайгаа Америкт ирж сурахад өөрт сонирхолтой санагдсан зүйлсээсээ болон Ахлах сургуульд сурах болон Их сургуульд суралцахын ялгаатай талуудаас хуваалцъя гэж хүссэн юм аа.

1. Ахлах сургуулийн амьдрал.

tumblr_m71six7QcM1r5zfbb

Их сургуульд эндхийн хүүхдүүд хичээлдээ маш их цагыг зарцуулдаг бол ахлах сургуульд хичээлээс илүү сургууль дээрхи спортын арга хэмжээнүүд, урлагын club-ууд, дугуйлангууд гэх мэтчилэн олон тал дээр өөрийгөө хөгжүүлэхэд илүү их цагыг зарцуулдаг юм шиг санагдсан. Энэ нь магадгүй ахлах сургууль төгсөгчидөөс спортод чадвартай хүүхдүүдэд их, дээд сургуулиуд их хэмжээний тэтгэлэгүүдийг олгодогтой холбоотой байх л даа. Ахлах сургуульд дунджаар 14-18 насны хүүхдүүд сурдаг. Хууль ёсны дагуу насанд хүрээгүй, хараахан бие хүн болж төлөвшиж амжаагүй өсвөр насныхан байдаг учраас сургууль дээрхи амьдрал Монголтой харьцуулахад харьцангуй задгай байдаг юм шиг санагдсан. Задгай гэдгээрээ би яг юуг хэлэх гээд байна вэ гэхлээр Монголд 10 жилдээ огт харж, сонсож байгаагүй маш олон зүйлсийг энд ирээд би харсан юм… Өсвөр насны жирэмслэлт, хүүхдээ тэврэн хичээлдээ суух насанд хүрээгүй ээжүүд, хууль бусаар элдэв бусын зүйлс худалдаалдаг насанд хүрээгүй хүүхдүүд, сурагчтайгаа нэр холбогдож хуулийн арга хэмжээ авхуулсан багш, сургууль дээрхи хүчирхийлэл гэх мэт… Америк улсыг эрх чөлөөний орон гэлцдэг шүү дээ. Эрх чөлөө, чөлөөтэй харилцаа гэдэг зүйл хүмүүст олон талаар сайнаар нөлөөлж, амьдралыг хөнгөвчилж болох ч, нөгөө талаараа төлөвшиж амжаагүй нэгэнд эргээд энэ нь сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг юм байна аа гэдэгийг би ойлгож авсан юм.

Боловсрол олгох тал дээрээ Америк ахлах сургуулиуд дэлхийд 36-д жагсдаг. Монгол сургуулиудтай харьцуулахад эндхийн 1 давуу тал нь улсын сургууль ч, хувийн сургууль ч аль аль нь сурагчидаа техник технологи, ном сурах бичигээр нь маш сайн хангаж өгдөг. Монголд хувийн сургуулиуд болон улсын сургуулиудын хооронд боловсролын чанар тал дээр биш ч сурагчиддаа бүрдүүлж өгдөг суралцах орчины тал дээр маш их ялгаа харагддаг шүү дээ. Мөн Америк багш нар хүүхэд бүртэйгээ 1 бүрчлэн тулж харьцаж, хичээлээс гадуур үнэгүй давтлага авах боломжыг олгодог. Бас нэгэн факт нэмж хэлэхэд ахлах сургуульд дүнгээ гаргах, хичээлүүдээ pass-лахад их сургуулийг бодоход харьцангуй амархан байдаг. Тиймдээ ч олон улсын судалгаагаар Америкт ахлах сургууль төгсөгчдөөс 4 хүүхэд тутмын 1 нь л их сургуульд орохдоо Англи хэлний, Математикын, Шинжлэх ухааны болон унших чадвараараа стандартаар заасан шаардлагыг хангадаг гэсэн байдаг. Тиймээс ахлах сургуульд байх явцдаа мэргэжлээ сонгон, эртнээс орох их сургуулиа судалж, түүнийхээ дагуу илүү цагаар давтлага зөвөлгөө авж өөрийгөө бэлдэх нь их чухал санагдсан.

Орчин бүрдүүлэлтийн хувьд эндхийн сургуулиуд маш сайн зохион байгуулалтай байж чаддаг. Манай сургууль campus-тай сургууль байсан л даа. Би чинь өмнө нь тийм campus энэ тэр харж байгаагүй болохоор их ч гайхсан, их ч төөрсөн хаха. Монгол шиг сургууль гэж 1 том байшин л байдаг гэсэн ойлголттой ирээд энэ олон байшингын яг аль нь манай сургууль юм бол оо гэж бодож будилж явсаар эхний хэд хоног бол учраа ололгүй эхний цагтаа хоцорсоор байгаад таарсан даа, хаха. (За одоо ингээд далийгаад амьдралаа яриад явчихна нөгөөх чинь хаха) Сургуулийн campus дээр өөрийгөө хөгжүүлэх бүхий л боломжыг олгосон байдаг. Сургуулийн сэтгэл судлаач, эмч сурагчиддаа хэзээд үүд хаалгаа нээлттэй байлгадагаас гадна Gym, бүжгийн өрөө, хөгжмийн өрөө, хоолны маш өргөн сонголттой сургуулийн цайны газар, маш цэгцтэй хуваарилсан машины зогсоолууд… гээд л тухтай суралцах нөхцөл байдлыг их сайн хангаж өгсөн байдаг. Би сургуулийнхаа театр-д шалгуулж хичээлийнхээ хажуугаар жүжиглэдэг байсан л даа. Мөн хажуугаар нь ашгын бус сайн дурын үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг сурагчдын club-д байдаг байсан. Тэндээс л одоог хүртэл ахлах сургуулиас холбоотой байдаг найзуудаа олж, эргээд харахад дэндүү сайхан дурсамжуудыг бүтээсэн юм. Тиймээс сонирхлынхоо дагуу ямар нэгэн student club-д орвол өөрийгөө илүү их нээж, цагыг ч үр дүнтэй өнгөрөөж чадах юм шиг санагдсан шүү.

Төгсөлт. Магадгүй сургууль болгон өөр байх л даа. Манай сургуулийн хувьд төгсөлтийн арга хэмжээ нийт 3 хэсгээс бүрддэг:

  • Төгсөх ангийнхны зугаалга.

grad Төгсөлтийн хамгийн эхний арга хэмжээ бол зугаалга. Сургууль, сургуулиасаа хамаараад аялах газраа сонгон очдог. Манай сургуулийн хувьд намайг төгссөн жил төгсөлтөө Disneyland дээр очиж тэмдэглэсэн. Зөвхөн тэр л өдөр Disneyland Grad Night буюу хот хотоос ирсэн төгсөж байгаа сурагчидад зориулан шөнийн 12-оос өглөөг хүртэл онгойдог юм билээ. Бас л сонин байгаа биз?

  • Төгсөлтийн үдэшлэг.

tumblr_o5jyjjZWMf1sxvde6o1_r1_500 Ёслолын хувцас өмсөн эмэгтэй нь гартаа, эрэгтэй нь энгэртээ цэцэг зүүж хос, хосоороо очих уламжлалтай төгсөлтийн үдэшлэг эндхийнхний хувьд маш их ач холбогдол өгдөг амьдралынх нь томоохон үйл явдлуудын 1 юм байна лээ шүү.

  • Төгссөн гэрчилгээгээ гардаж авах ёслол.

o-HIGH-SCHOOL-GRADUATION-facebook.jpg Бас нэгэн юм сонирхуулж хэлэхэд Монголтой харьцуулахад ахлах сургуульд элсэн орсон хэрнээ яг дипломаа гардаж аван төгсдөг сурагчид харьцангуй бага байдаг. Жишээ нь энэ жилийн тоон үзүүлэлтээс харахад 2004 онтой харьцуулахад Ахлах сургуулийн төгсөх буюу 12-р ангид элсэн орж байгаа сурагчид эхний жилийн элсэгчдийн тоон үзүүлэлтээс 60 хувиар буусан гэж заасан байна. Ингээд харахад маш олон хүүхдүүд сургуулиа төгсөж чадалгүй дундаас нь орхих хандлагатай байдаг.

Ямартай ч ахлах сургуулийн төгсөх ангид сурсанаар олон зүйлийг сурж, олон ч дурсамжуудыг бүтээж өөрт туршлага хуримтлуулж чадсаан. Гэхдээ нөгөө талаараа энд бас нэг тиймэрхүү санагдсан зүйл нь гэвэл Монгол шиг 10 жилийн анги хамт олон гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь ахлах сургуулиасаа эхлээд л яг л их сургуулийн систем шиг сурагчид нь сонгосон хичээлүүдээсээ хамаараад анги, анги дамжиж хичээлдээ суудаг. Тиймээс 10 жилийн турш 1 ангид хамтдаа сууж, А үсэг, 1-ийн тоогоор эхлэх дурсамж хичээлдээ хамтдаа орж, Ангиараа гар гараасаа бариад хонхны дуугаа дуулдаг Монголын маань 10 жилийн төгсөлт сэтгэлд хамгийн ойр, сайхан санагддаг шүү.

2. Их сургуулийн амьдрал.

SONY DSC

Юуны түрүүнд надад хамгийн их сонирхолтой санагдсан зүйл гэвэл энд маш олон оюутнууд их сургуульд элсэн орохдоо мэргэжлээ хараахан сонгож, шийдвэрээ бүрэн гаргаагүй байдаг. Эндхийн их сургуулиуд болон коллежуудын эхний 2 жилдээ олгодог ерөнхий боловсрол нь ерөнхийдөө 1 системтэй байдаг учраас тэдгээр оюутнууд 2-р курсынхээ сүүл үеээс мэргэжлээ сонгох юм уу солих хандлагатай байдаг.

Энд ирээд хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол ахлах сургуультай харьцуулахад их сургуульд Ази оюутнууд маш их суралцдаг юм байна лээ. Энэ жилийн нийт Америк дахь гадаад оюутны элсэлтийн 57%-г Ази оюутнууд эзэлж байна. Ахлах сургуульд байхад бол Монгол улсыг мэдэхгүй, Монгол хүнтэй уулзаж үзээгүй, “Чи Монголд хичээл рүүгээ морь унаж явдаг уу?”, “Танай гэрт чинь зурагт байдаг уу?” гэх мэт асуултуудыг асуудаг сурагчид их таардаг байсан. Харин их сургуульд ороход Монголчуудын талаар мэддэг хүмүүс харьцангуй их, Монгол оюутнууд маань ч орсон сургуульдаа нэр хүнд сайтай байдгийг олж мэдээд их баярласан шүү.

Их сургуулийн амьдрал ерөнхийдөө их завгүй өрнөдөг юм шиг санагддаг. Учир нь бүгд нас бие гүйцэж үүрэг хариуцлагаа ухамсарласан хүмүүс учраас сурахын хажуугаар ажил хийх, тэтгэлэгүүдэд хамрагдах, спортын бэлтгэлээ хийх, ажлын байран дээр дадлага хийх гэх мэтчилэн маш олон хариуцлагатай нүүр тулдаг учраас дор дороо маш завгүй амьдардаг. Америк оюутнуудаас сурах зүйл маш их. Хэдийгээр залхуувтар байрын, бүдүүлэг, хойлогдуу хүмүүс юм шиг хэрнээ 1 маш том авууштай тал нь тэд хийх ёстой зүйлээ яг л цагт нь заавал хийдэг. Бүр цаанаасаа суучихсан ухамсар нь гэх үү дээ. Ямар ч зүйлд очихдоо цагаа яг таг барьдагаас гадна миний дээр дурьдсан шиг сургуулийнхаа спортын багт тоглож, тэтгэлэгт хамрагддаг оюутнууд их мундаг санагддаг. Учир нь ихэнхи тамирчин оюутнууд өглөө эрт 6-аас босож багтайгаа бэлтгэлээ хийн, дараа нь хичээлдээ сууж, хичээлийнхээ дараа ажлаа хийнэ, мөн хажуугаар нь өөр хотууд руу тэмцээнд явна. Би чинь л ганц өдөр өглөө 6-аас ажилдаа яван хичээл, ажил гэж явсаар орой 9 хавьцаа ирдэг өдрөө хэцүүг нь гайхаад л, даалгавараа хийх цагаа хойшлуулаад л хэвтчихдэг хүн шүү дээ.(Учиргүй facebook дээрээ feeling tired энэ тэр гэж бичиж баашлаад л хахаха) Гэхдээ тэр бүх зүйлийг зохицуулан, амжуулдаг тэр оюутнуудыг хараад өөрөөсөө ичиж, илүү их хичээх болсон шүү. Энд ирээд өөрийгөө дүгнэж харахад хамгийн их анзаарагдсан зүйл бол Монголд байхаасаа л өөртөө ажлыг хойш нь тавих, аливаа юмыг хийхдээ зааврынх нь дагуу биш амар, хялбар аргаар хийхийг илүүд үздэг маш муухай ухамсарыг суулгасан гэдгээ анзаарсан. Америкчууд яаж ч залхуурсан яг л хийх ёстой зүйлсээ хийж, сэтгэх ёстой хүрээндээ сэтгэж чаддаг хүмүүс. Тиймээс тэр тал дээр тэднээс суралцсаар л явна даа.

cropped-tumblr_n9ahchdgzg1sl4sdoo1_500.jpg

Хичээлийн тухайд их сургуульд интернэт томоохон орон зайг эзэлдэг. Учир нь гэрийн даалгаврууд, бие даалтууд, явцын шалгалтууд гээд бүхий л зүйлсийг интернэтээр холбогдон хийдэг. Тэгэхээр Америкт сурахыг хүсэж байгаа оюутнууд компютер дээр ажиллах анхан шатны зүйлсээ мэддэг байх хэрэгтэйгээс гадна бичих чадварыг сайн хөгжүүлсэн байх хэрэгтэй санагдсан. Учир нь ихэнхи гэрийн даалгаварууд стандартыг хангасан бичигэн бие даалт хийхээр ирдэг. Гэрийн даалгавар, бие даалтуудаа цаг, цагт нь хийж гүйцэтгээд явж байхад Америкт сурах нь бусад оронтой харьцуулахад бас тийм ч хэцүү биш шүү.

Коллежийн амьдралын бас нэгэн томоохон хэсэг нь сургуулийн дотуур байранд амьдрах юм. Дотуур байранд амьдрах эсэх нь тухайн оюутны сонголт байдаг ч нийт сурагчдын 60-аас илүү хувь нь дотуур байрандаа байрлаж амьдрахыг илүүд үздэг. Дотуур байрандаа байрлаж, сургуулийн цайны газартаа хоолоо идэж, номын сандаа хичээлээ хийж,хааяа л 1 хотын төв хэсэг рүүгээ орж гадуур гарах нь Америкт сурдаг энгийн оюутны амьдралын нэгэн жишээ юм.

Магадгүй маш олон зүйл орхисон ч энд хүргээд дуусгъя даа. Арай л урт болчих шиг боллоо. Асууж, лавлах, санал болгох зүйлс байвал доор комментоор хуваалцахаа битгий мартаарай! Уншсанд баярлалаа, жоохон ч гэсэн сонирхолтой байж чадсан гэж найдаж байна. Өглөө эрт хичээлтэй би ч ингээд унтъя даа. Түр баяртай!

https://hakuthemongolian.wordpress.com